Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0586

 

“Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Х ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Э.Г-д Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангийн олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Барилгын ажлын 00735/186/2017 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр:

“Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э.Ганболдод Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангийн олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 0000735/186/2017 дугаар гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ш” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг нь хүчингүйд тооцуулах нэхэмжлэлээс татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсэгт “...Дээрх хууль тогтоомжийн заалтаас үзэхэд барилгын үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу олгогдсон барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд барилгын норм, дүрмийг хангаагүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах хуулийн зохицуулалттай байна” гэжээ.

Э.Г-ын барилгын хувьд эзэмшил газрын 49.8%-д төлөвлөсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг буюу эзэмшил газрынхаа 70%-аас бага талбайд төлөвлөгдсөн. “Х ш” ХХК-ийн барилгын хойд талд байршилтай, урд талаараа цонхгүй төлөвлөгдсөн. Гал тэсвэржилтийн II дугаар зэрэгтэй. Барилгын норм ба дүрэм зөрчөөгүй, эсрэгээрээ “Х ш” ХХК-ийн 52 дугаартай барилга нь холбогдох газраас барилгын аливаа зөвшөөрлийг авалгүй баригдсан нь галын норм дүрмийг тооцох боломжгүй талаар галын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 317/2017 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гарч баталгаажсан. Энэ нь холбогдох барилгын зургийн экспертүүд тухайн барилгын ажлын зурагт дүгнэлт хийгээд холбогдох норм дүрмийг хангасан барилгажих боломжтой хэмээн үзэж магадлалын ерөнхий дүгнэлт гаргаж, ажлын зураг төслийг баталгаажуулсан.

Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүрэг”-ийг зааж өгсөн бөгөөд 10.1.4-т “хот суурины нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх” гэж заасан.

“Х ш” ХХК-ийн хувьд барилга байгууламжаа зөвшөөрлийн үндсэн дээр бариагүй, нөхөн бүртгүүлээгүй хууль тогтоомж зөрчиж барьсан барилга тул хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлээгүй болно. Э.Г-ын барилгын хувьд “Х ш” ХХК-ийн барилгатай холбогдуулан зай хэмжээ тооцох боломжгүй юм. Үүнийг галын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон болно.

Иймд үндэслэл хэсэгт дурдсан “...барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах хуулийн зохицуулалттай байна...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар “барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэх үе шатны бүхий ажиллагаа бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар барилгын үйл ажиллагааг барилгын норм, дүрмээр зохицуулах ёстой.

Гэтэл “...хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь гуравдагч этгээдийн барихаар төлөвлөсөн барилга нь барилгын норм, дүрмийг хангаагүй, тодруулбал барилгын норм, дүрэмд тавигдах шаардлагыг зөрчсөн байхад Барилгын тухай хууль болон норм, дүрмийн шаардлагыг хангуулахгүйгээр барилгын ажлын зөвшөөрлийг олгосон нь хууль бус болжээ” гээд “...Э.Г-н баригдаж байгаа барилга нь “Х ш” ХХК-ийн 6x19 хэмжээтэй барилга байгууламжаас 50 см байгаа нь...” гээд холбогдох норм дүрмийг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 186/2017 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г хууль бус байсныг тогтоолгох гэж тодорхойлсон бөгөөд дээрх үндэслэсэн хэсгүүд нь маргаан бүхий акт олгогдсоны дараах үйл ажиллагааг дурдсан байна.

Учир нь Э.Г барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах үед Засгийн газрын 2017 оны 68, 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох” дүрэмд заасан бичиг баримтын бүрдлийг хангуулсан байсан. Мөн барилгын хөгжлийн төвөөр ажлын зураг төсөлд магадлал хийлгэсэн байсан болно. Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу тухайн барилга байгууламж холбогдох норм, дүрмийг хангасан тул ажлын зураг төслийг магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байсан. Иймд дээр дурдсан үндэслэл нь хуулийг буруу тайлбарлаж, дүгнэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус байсныг тогтоолгох гэж тодорхойлсон тул тухайн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж заасан хэм хэмжээ шинжийг агуулсан байхыг шаардах байсан бөгөөд тухайн тохиолдолд эдгээр шинж агуулагдаагүй байсан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь Д.Г нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Барилгын ажлын 007/186/2017 дугаар зөвшөөрлийн гэрчилгээг авахдаа Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж заасны дагуу өмчлөлийн газрынхаа 70 хувиас хэтрэхгүй буюу 49.8%-д нь барилга барихаар төлөвлөсөн бөгөөд, барилгын ажлын зураг төслийг Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэмд заасны дагуу авсан.

Харин нэхэмжлэгч “Х ш” ХХК нь 52 дугаар бүхий барилгадаа огт зөвшөөрөл аваагүй, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасан шаардлага хангаагүй буюу огт зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлгүй барьсан барилга юм.

Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хууль зүйн тайлбар гаргасан байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд, ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй орхисон нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан байна гэж үзэж байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг өөрчлөн хариуцагчийг сольж, Нийслэлийн Засаг дарга болгосон бөгөөд, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Гэтэл шүүгч шийдвэртээ Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагынхаа “Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох” хэсгээс татгалзсан болохыг баталж шийдвэрлэсэн боловч, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснийг тодорхойгүй орхигдуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 212.1.1-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч, гуравдагч этгээд талаас тус тус давж заалдах гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

1.Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээд Э.Ганболдод олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 0000735/186/2017 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дуусгавар болохоор байсан, гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 681 дүгээр захирамжаар актын биелэлтийг ийнхүү дуусгавар болохоос өмнө түдгэлзүүлсэн байх тул гэрчилгээний хүчинтэй хугацааг дууссан гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчээс “гэрчилгээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газар нь хил залгаа буюу газрын ямар нэгэн давхцалгүй, энэ тохиолдолд Э.Г-ын хууль ёсоор эзэмшиж буй газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон одоогийн маргаан бүхий актыг шүүхээс хэрхэн шийдвэрлэхээс хамаарч нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байх тул хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Бодит байдалд барилга хоорондын зай 0.5-2.8 метр байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас томилогдсон шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Н/135 дугаар дүгнэлт, шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдсон боловч энэ нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгын норм, дүрэмд нийцсэн эсэх, ялангуяа галын аюулгүй байдлыг хангасан эсэхээс илүүтэй барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.3.2-т гэр хорооллын газар дахь нэгж талбайд барилга байгууламж барихад тухайн эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авна” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Х ш” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 08/2778 дугаар албан бичигт “…Э.Ганболдын үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга барих асуудлыг мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн талаар, цаашид дээрх журамд заасан саналыг ирүүлснээр дэмжих боломжтой болохоо…” илэрхийлж байсан атлаа үүнээс нэг сарын дараа “Х ш” ХХК-иас огт санал авалгүйгээр гуравдагч этгээдэд барилгын ажлын зөвшөөрөл олгогдсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 9 дүгээр 27-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 02-03/2884 дугаар албан бичгээр тогтоогджээ.

Харин нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн барьж буй барилгыг “авто машины засвар үйлчилгээ эрхлэх зориулалттай” гэж маргах боловч маргаан бүхий акт төдийгүй хэрэгт авагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай болон магадлалын ерөнхий дүгнэлт, барилгын ажлын зураг зэрэг тухайн баригдах барилгатай холбоотой бүхий л баримтад зориулалтыг “үйлчилгээний” гэж тодорхойлсон байгаагаас үзэхэд нэхэмжлэлийн нэг үндэслэл болсон мах, хүнсний худалдаатай зэрэгцүүлэн автомашин засварын газар барьж буй нь хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.  

Мөн газрын ямар нэгэн давхцалгүй тул нэхэмжлэлийн бас нэг үндэслэл болсон цайны газар, ажилчдын хувцас солих өрөөний “аваар”-ын гэх хаалгыг хааж барилга барьсан гэх тайлбар нь хэргийн шийдэлд харгалзан үзэх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий газарт өмнө байсан уурын зуухыг 2017 оны 4 дүгээр сард нурааж байх үед одоогийн хаалга, цонх гаргасан 52 дугаар барилгын хойд тал битүү буюу ямар ч хаалга, цонхгүй байсан болох нь 4-р хх-ийн 136, 137 дахь талд авагдсан фото зургаар батлагдаж байгаагаас гадна бодит байдалд хаалга, цонхыг дотор талаас нь хувцасны шүүгээгээр бүхэлд нь хаасан байдалтай байгаа нь 5-р хх-ийн 8-90 дахь талд авагдсан фото зургаар; цаашид хаалгыг ашиглах тохиолдолд гуравдагч этгээдийн эзэмшил газраар зайлшгүй дайрахаар байгаа нь газрын байршлын кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2450 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын давхцлын талаарх зурган мэдээллээр тус тус тогтоогдож байна. 

Иймд гуравдагч этгээдийн тухайд өөрийн өмчлөлийн хуучин уурын зуухны зориулалттай байсан барилгыг буулгаж, эзэмшил бүхий 409 м.кв газартаа үйлчилгээний барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, батлагдсан барилгын эх загвар зургийн дагуу зохих зөвшөөрлүүд олгогдсон байгаа энэ тохиолдолд зөвхөн галын улсын байцаагчдын удаа дараагийн дүгнэлт болон барилга хоорондын зай нь барилгын норм, дүрэмд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх байдлаар маргааныг шийдвэрлэх нь хангалтгүй.    

Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 198 м.кв гэсэн байхад барилгын ажлын зөвшөөрөлд 17.0х12.0м буюу нийт 204 м.кв болгон нэмэгдүүлсэн шалтгааныг, мөн зөрүү 6 м.кв нь барилгын аль талд гарч байгаа болохыг дахин захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан “…нэхэмжлэгчээс 52 дугаар барилгыг барихдаа архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан эх загвар зураггүй, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр хуучин барилгыг буулган, суурийн хэмжээг томруулан барьсан, мөн уг барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй…” зэрэг тайлбараар хил залгаа газар эзэмшигч болох “Х ш” ХХК-ийг “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж үзэхгүй.

Шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын гаргасан “Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгаас 52 дугаартай барилга тус компанийн өмчлөлд хамааралтай үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэхийг тодруулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ч, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй, гэвч энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

2.“Х ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Ч.А, өмгөөлөгч П.О нар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаар захирамжийн тус тус Э.Ганболдод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргахаас өмнө буюу мөн оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох шаардлагаа Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах байдлаар тодруулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар энэ тохиолдлыг “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн”-д хамааруулан үзэж, нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг дүүргийн Засаг даргад бус харин Нийслэлийн Засаг даргад хамаарах нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан батлах нь зүйтэй.

Түүнчлэн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн иргэн Э.Г-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах гомдлыг хэрэгсэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийг хүчингүй болгосон захиргааны акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий “Х ш” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг “…уг захирамжаар иргэн Э.Г-д газар эзэмшүүлсэн нь тус компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй…” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 5031 дүгээр захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 7 дугаар 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Э.Г-д олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 0000735/186/2017 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтын “…Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн…” гэснийг “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаар захирамжийн” гэж, 3 дахь заалтын “…үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН