Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0426

 

2020 оны 06 сарын 17 өдөр Дугаар 128/ШШ2020/0426 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК /

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,

Гуравдагч этгээд: Э.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Э.Г-д Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Барилгын ажлын *******дугаар зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.У, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХХК нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х махны бөөний худалдааны төвийг ажиллуулж байгаа бөгөөд манай худалдааны төвөөр Улаанбаатар хотын хоолны газрууд болон иргэд үйлчлүүлдэг учир хүнсний болон эрүүл ахуйн тусгай стандартыг хангаж ажиллахыг шаарддаг онцгой обьект юм. Гэтэл манай худалдааны төвийн хашаан дотор иргэн Э.Г барилгын ажил эхлүүлсэн учир бидний зүгээс хүнсний худалдааны төвийн үйл ажиллагааны эрүүл ахуйн аюулгүй байдал болон нийт үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс барилга барих зөвшөөрөл, холбогдох зураг төсөл, бичиг баримтыг үзүүлэхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Бидний олж мэдсэнээр авто машины засвар үйлчилгээ эрхлэх зориулалтаар барилга байгууламж барьж байгаа гэх бөгөөд ямар нэгэн зураг төсөл хийгдээгүй, мэргэжлийн байгууллагаар хянуулж зохих зөвшөөрлүүдийг аваагүй байна. Бидний зүгээс Мэргэжлийн хяналтын газарт дээрх барилгын ажлыг шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд Мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь ирж шалгаад Барилгын ажлыг зогсоох тухай 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-096/356 тоот улсын байцаагчийн акт гаргаж, үйл ажиллагааг нь зогсоосон болно. Энэхүү улсын байцаагчийн актаар Э.Г авто гражийн барилгын суурийн ажил гүйцэтгэхдээ батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалтуудыг тус тус зөрчсөнийг тогтоосон. Гэтэл иргэн Э.Г Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Барилга ажлыг зогсоох тухай 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-093/356 тоот актыг биелүүлэхгүй зөрчиж, зохих зөвшөөрөл авахгүйгээр байцаагчийн тавьсан лацыг эвдэж хүчээр дураараа авирлан барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Иймд Х ХХК-ийн зүгээс иргэн Э.Г нь барилгын зураг төсөл болон тусгай зөвшөөрөл авалгүйгээр дураараа авто машины засвар үйлчилгээний эориулалтаар барилга барьж, хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, Барилгын тухай хуулийн 11.1.3⁴, 37.1.3, 40.2, 40.1.16 заалтууд мөн газрыг зориулалтын бусаар ашиглаж, Газрын тухай хуулийн 35.1.1⁵, Газрын тухай хуулийн 40.1.2⁶ заалтуудыг тус тус зөрчсөн тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгуулахаар гомдол гаргасан болно.

Газар эзэмшигч Э.Г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болон 40 дүгээр зүйлийн 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд; байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 40.1⁷ болон 57.3 дахь заалтуудын дагуу дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөхийг мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ хууль ёсны үүргээ биелүүлэхгүй хууль зөрчиж байна. Иргэн Э.Г өөрийн эзэмшлийн газраа хууль болон гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу ашиглах эрхтэй бөгөөд хууль бусаар ашиглавал газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хуульчилсан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг зөрчсөн тухайд; Иргэн Э.Г-д хөрш Х ХХК-иас удаа дараа зохих зөвшөөрөлтэйгээр барилгын ажил хийхийг шаардсан /баримтыг хавсаргав/, мөн Дүүргийн газрын алба болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан ёсны шаардлагуудыг /баримтыг хавсаргав/ үл хэрэгсэн, хүчээр дураараа авирлан зохих зөвшөөрөлгүйгээр байцаагчийн тавьсан лацыг эвдэн авто машины үйлчилгээний зориулалтаар барилга байгууламж барьж, өөрийн газар эзэмших эрхээ хууль бусаар ашиглан дараах хууль болон гэрээний заалтуудыг удаа дараа буюу ноцтойгоор зөрчиж байна. Үүнд: 1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т газрыг ур ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхийбайгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 2. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.2-т Өөрийн эзэмшил газар дээр барилгын өргөтгөл, шинэтгэлийг зохих зөвшөөрлийн дагуу хийх, 4.8-д Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан 3.2 дугаар заалтад дурдагдсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх гэж заасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг зөрчсөн тухайд; Иргэн Э.Г-ын эзэмшил газар Х хүнсний захын хашаан дотор байралдаг бөгөөд яг зэрэгцээ хажууд нь махны бөөний худалдаа ил талбайд явагддаг болно. Иймд тус газарт авто машины үйлчилгээ эрхлэх зориулалтаар барилга барих нь тус захаар үйлчлүүлдэг иргэдийн хүнсний аюулгүй байдалд шууд сөргөөр нөдөөлөх нь нотлох шаардлагагүй бодит үнэн юм. Улаанбаатар хотын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах болон ямар ба эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь Хүнсний тухай хуулийн 6.5⁸-д заасны дагуу Засаг даргын үүрэг гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна.

Нэхэмжлэгчийн хууль эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд; Иргэн Э.Г-ьн барилгын зураг зөвшөөрөлгүй барьж буй барилгын суурь нь Хучит шонхор ХХК-ийн худалдааны төвийн барилгатай залгаа ухагдаж тус барилгын суурь нь ил гарч нурах аюултай байдал үүссэн, мөн цонх болон хаалгыг нь таглаж барилгаа барьж байгаа /фото зургийг нь хавсаргав/ тул Х  ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, болон өмчөө аливаа халдлагаас хамгаалах эрх /Иргэний хууль101.1/ болон газраа зориулалтын дагуу ашиглах эрхэнд /ГТХ 35.1.1/ халдаж байна. Хүнсний худалдааны зах дотор авто машины үйлчилгээний барилга барьж иргэдийн хүнсний аюулгүй байдалд эрсдэл учруулж Х  ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Иймд Хүнсний бүгээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугар зүйлийн 5.1.2⁹ дагуу Х ХХК нь хүнсний аюулгүй байдлыг хариуцах эрх, үүрэгтэй хүнсний бөөний худалдаа эрхлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардлага тавих эрхтэй байна.

Иргэн Э.Г нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон 40.1.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт болон бусад нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 сарын 22 өдрийн А\22 тоот захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК -ийн өмгөөлөгч П.О 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Нэг. Иргэн Э.Г-д Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын ******* дугаар зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх дараах бодит болон хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох хэмээн заасан байх бөгөөд маргаж буй захиргааны акт болох Барилгын ажлын ******* дугаар зөвшөөрлийн гэрчилгээ-ний хүчинтэй байх хугацаа 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна. Нэхэмжлэгчийн хувьд хууль зөрчсөн барилгын ажлыг зогсоож эрх ашгаа хамгаалах шаардлага байсаар байна.

Иргэн Э.Г-д Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын 00******* дугаар зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/00 тоот захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах гэж өөрчилж байна.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Ч.А нар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А\22 тоот захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг нь хүчингүйд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А\726 тоот захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг нь хүчингүйд тооцуулах гэж тодруулж байна.

Учир нь анх нэхэмжлэл гаргахад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А\22 тоот захирамж хүчин төгөлдөр байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрхээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А\726 тоот захирамжаар баталгаажуулж өөрчилсөн улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А\22 тоот захирамж нь хүчингүй болсон байна. Анх хүчингүй болгуулахаар маргаж байсан захиргааны акт одоо нэгэнт хүчингүй болсон хэдий ч тухайн захиргааны актыг бүхэлд нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А\726 тоот захирамжаар баталгаажуулсан байх ба иргэн Э.Г маргаан бүхий газрыг эзэмшсэн хэвээр байна. Иймд хариуцагч нь Нийслэлийн Засаг дарга болж өөрчлөгдөж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Ч.А, өмгөөлөгч П.О нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А\22 тоот захирамжийн иргэн Э.Г-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу татгалзсан болохоо шүүхэд албан ёсоор бичгээр мэдэгдэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн бусад үлдсэн шаардлагаа дэмжиж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн буюу батлагдсан зураг төслийн дагуу барилга баригдаагүй, галын норм дүрмийг зөрчсөн гэсэн 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Барилгын норм дүрмийг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан галын байцаагчийн 3 дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тухайлбал Х төвийн цайны газар, ажилчдын хувцасны үйлчилгээний газраас Э.Г-ын барьж байгаа барилга нь 50 см зайтай баригдсан, цонх хаалгыг нь хаасан байдаг. 1998 онд Х худалдааны төв нь захын хашаан дотор байдаг бүх үл хөдлөх хөрөнгийн нэр дээр гэрчилгээ авсан бөгөөд Харандаа нэртэй үнэлгээний байгууллагаар 418,000,000 төгрөгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хавтаст хэрэгт авагдсан. Тухайн үед барилгыг обьектоор нь авдаггүй буюу үнэлгээгээр нь авдаг байсан. Хариуцагч талаас барилгын өргөтгөл хийсэн гэж маргадаг. Барилгын ард байрлах өргөтгөлийг шинээр нэмж бариагүй, хуучин байсан барилга юм. 2008 онд гуравдагч этгээд маргаан бүхий барилгыг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан байдаг. Үүнээс үзэхэд маргаан бүхий барилгын хэмжээ нь өнөөдрийн байсан хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгэгдсэн.

Нэхэмжлэгч нь анх ямар нэгэн зураг төсөлгүй барилга барьж байгаа талаарх гомдлыг Нийслэлийн газрын албанд хандаж гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газраас тухайн газарт хяналт шалгалт хийгээд барилгын зураг төсөл, зөвшөөрөлгүй барилга барьсан үндэслэлээр барилга угсралтын ажлыг зогсоох шийдвэр гаргасан бөгөөд тухайн үед ямар нэгэн зураг төсөлгүй барилгын суурийг барьсан байсан.

Мөн хариуцагч талаас цонх, хаалгыг шинжээчийн дүгнэлт гарсны дараа хийсэн гэж маргадаг боловч уг барилга нь 5 дугаар сард цонх хаалгатай байсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. 8 дугаар сард мөн үйл ажиллагааг зогсоох прокурорын дүгнэлт гарсан бөгөөд 9 дүгээр сард Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулахын тулд Э.Г нь манай зурагт галын аюулгүй байдлын дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. Үүнээс үзэхэд барилгын суурь цутгаж эхэлснээс 3 сарын дараа зураг хийж, мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулсан бөгөөд дахин хүсэлт гаргаж, Дүүргийн галын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлтээр галын аюулгүй байдлын шаардлагыг хангах хэрэгтэй ... шаардлагыг хангасны дараа зургийн төлөвлөгөө батлагдана гэдгийг тодорхойлсон. Мөн 10 дугаар сард дүүргийн Онцгой байдлын газрын галын байцаагч Б.Мягмаржав ирж шалгасан бөгөөд дүгнэлтдээ хоорондоо 50 см-ийн зайтай учраас галын аюулгүй байдлын журмын 1 дүгээр хавсралтыг зөрчсөн гэсэн байдаг. Э.Г нь уг галын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргасны дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас комисс томилогдон ирж шалгаад Монгол Улсын холбогдох хууль, журам, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл гал түймрийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байна гэсэн үндэслэлээр Дүүргийн галын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн нь гурав дахь удаагийн галын байцаагчийн дүгнэлт юм.

Дахин гуравдагч этгээдийн хүсэлтээр шинжээч томилсноор барилгын галын аюулгүй байдлын норм, дүрмийг зөрчсөн нь тогтоогдож байна гэсэн дүгнэлт гарсан. Тухайн газар дээр нь хэмжилт хийхэд 223 м.кв талбайтай байгаа нь Архитектур төлөвлөлтийн даалгавраар зөвшөөрсөн хэмжээнээс 25 м.кв илүү талбайд барилга барьсан байна. Өөрөөр хэлбэл зургийн дагуу барилга баригдаагүй гэсэн дүгнэлт гарсан. Улмаар гурван удаагийн галын байцаагчийн дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр норм дүрэм зөрчсөн, мөн зургийн дагуу барилга баригдаагүй гэдэг нь хэмжилтээр нотлогдож байна.

Иймд Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газраас байнга үзлэг шалгалт ирдэг бөгөөд миний бие хамт байсан. Манай бүх обьектууд орох, гарах гэсэн 2 хаалгатай байдаг. Онцгой байдал тохиолдсон үед гарах ёстой тусгай стандартаар хийгдсэн хаалга байдаг. Үзлэг шалгалт хийх үед Э.Г, Н.О гэсэн хүмүүс байсан бөгөөд хаалга, цонхтой байх гэсэн шаардлагыг мэдэж байсан гэв.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Г нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х  худалдааны төвийн хойд талд өөрийн өмчлөлийн Дэнжийн мянга /15120/ Самбалхүндэвийн зам, гудамжны 54 дугаартай хаягт байрших Ү-2202023693 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай, уурын зуухны зориулалттай 115,24 м.кв хэмжээтэй барилгыг буулган 409 м.кв эзэмшлийн газартаа 2 давхар 17.0x12.0 метрийн хэмжээтэй барилга барих хүсэлтийг тус газарт гаргасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, цутгамал төмөр бетон хийцтэй зоорьтой, 2 давхар 17x12 метрийн хэмжээтэй барилга байхаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

Иргэн Э.Г нь өгөгдсөн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу М ХХК-иар барилгын загвар зургийг боловсруулж, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус газраар баталгаажуулан авсан байна. Тус байгууллага нь барилга байгууламжийг төлөвлөхдөө хот байгуулалтын мэдээллийн санд түшиглэн барилга байгууламжийг телөвлөн, Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг.

Х ХХК -ийн Шонхор худалдааны төвийн хашаан доторх 51 дугаартай барилга нь 2016 оны 5 дугаар сард хуучин барилгаа буулгаж, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор барьж дууссан барилга ба уг барилга дээрээ манай газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эх загвар зураггүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр хуучин сууринаас хэмжээг томруулан барьсан болно.

Архитектур төлөвлөлтийн даалгавар нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа талаар:

Иргэн Э.Г-ын барилга нь эзэмшил газрын 49.8%-д төлөвлөсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна. гэсэн заалтыг хангасан байна.

Иргэн Э.Г-дын барилгын хувьд Х ХХК -ийн барилгын хойд тапд байршилтай, урд ханандаа цонхгүй бөгөөд гал тэсвэржилтийн II дугаар зэрэгтэй төлөвлөгдсөн байна. Х ХХК -ийн 52 дугаартай барилга нь хойд талдаа 3 хүртэлх давхар нь цонхгүй болно. Иймд төлөвлөгдсөн барилга болон 52 дугаартай барилгын хооронд галын норм тооцохгүй юм. Бусад ханаараа галын норм хангаж байгаа болно. Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 317/2017 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 186/2017 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Э.Г-ын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараагаар сунгах боломжтой байгаа тул хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Х ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Г-ын барилга нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, цутгамал төмөр бетон хийцтэй, зоорьтой, 2 давхар барилга бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Уг батлагдсан даалгаврын дагуу М ХХК-иар 9 дүгээр сарын 05-ны өдөр загвар зургаа баталгаажуулсан. Барилга хөгжлийн төвийн 9 дүгээр сарын 14-ний өдрийн 317/2017 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр тухайн барилга нь баталгаажиж гарсан учраас манай байгууллагад барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 68/171 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 2.6.2-т зөвшөөрөл олгоход бүрдүүлэх бичиг баримтын бүрдлийн жагсаалт байдаг бөгөөд бичиг баримтын бүрдлийг үзэхэд шаардлага хангагдсан учраас зөвшөөрөл олгосон. Засгийн газрын тогтоолоор зөвхөн бичиг баримтын бүрдлийг хангасан тохиолдолд зөвшөөрөл олгосон байдаг учраас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Барилгын тухай хуульд нийцсэн. Барилгын суурийн ажлыг холбогдох зөвшөөрөлгүй хийсэн асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж шалгаад барилгын ажлыг зогсоосны дараа магадлалын ерөнхий дүгнэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар, маргаан бүхий барилгын холбогдох баримт материалыг хянаж үзээд барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжтой гэсэн экспертийн дүгнэлт гарсан учраас холбогдох зөвшөөрлийг олгосон.

Нэхэмжлэлийн шаардлагад магадлан ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага байхгүй учраас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хууль ёсных гэдэг нь харагдаж байна. Э.Г-ын барилга нь эзэмшил газрын 49.8 хувьд төлөвлөсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна, 12.6.3 дахь хэсэгт төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч талаас барилгын норм дүрмийг зөрчсөн гэж маргаж байгаа бөгөөд барилгын зааг хэмжээг тооцох норм дүрэмд төв барилгын сууриас суурийн хоорондох зай хэмжээг тооцно. Өргөтгөлөөс зай хэмжээг тооцохгүй гэдэг. 52 дугаар байрнаас Э.Г-ын барилга хүртэл 6 метрээс дээш хэмжээтэй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Тус барилга нь 52 дугаар байртай хиллэж байгаа хэсгээр цонхгүй, цонхгүй талуудыг 20 хүртэлх хувь бууруулах буюу 4,8 метр хүртэл ойртуулж төлөвлөж болох тухай заалтыг хангаж байгаа. Мөн 3 талаараа орц, гарц нь нээлттэй учраас галын машин хангалттай хэмжээнд орж гарах боломжтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч галын байцаагчийн шаардлагаар хойд талдаа цонх, хаалга гаргасан гэж тайлбарлаж байх боловч ертөнцийн зүгээр баруун талд хаалга гаргахад ямар нэгэн асуудалгүй. Иймд холбогдох хууль тогтоомж, барилгын норм дүрэм, журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын *******дугаар зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын *******дугаар зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байсан.

Тус шүүхийн шүүгчийн захирамжаар уг маргаан бүхий акт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *******дугаар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг актын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон гэж буруу ойлгон тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

Уг маргаан бүхий акт нь хүчингүй болсон акт биш бөгөөд, эрх бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан, эрх зүйн үйлчлэл нь түр зогссон акт болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А\22 дугаар захирамжийн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А\22 дугаар захирамжаар Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 409 м кв газар эзэмших эрх олгосон бегөөд, уг газар нь бусдын эзэмшил гззартай ямар нэгэн давхцалгүй болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Хүчин шонхор ХХК нь 17530 м.кв газар эзэмших

эрхтэй гэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд, уг Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт одоогийн нэхэмжлэлийн шаардлага болох Э.Г-ын эзэмшил 167 м.кв газартай холбоотой асуудал яригдаж, шийдвэрлэгдсэн. Уг хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0596 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 621 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/916 дугаар захирамжаар Х ХХК-д эзэмшүүлсэн 15945 м.кв газар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А\22 дугаар захирамжийн Э.Г-д эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газрууд нь хоорондоо ямар нэгэн давхцалгүй бөгөөд, нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А\22 дугаар захирамжийн Э.Г-д холбогдох хэсэгт нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий барилга нь 1970-аад оны үед байсан уурын зуухыг нурааж суурин дээр нь босгосон барилга юм. Тухайн үед зөвхөн Х ХХК газар эзэмшиж, барилга барьсан байдаг. Эдгээр барилгууд нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, батлагдсан зураг төсөлгүй, улсын бүртгэлийн цахим бүртгэлд байхгүй гэсэн албан бичиг ирсэн бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь харагдаж байна. Х ХХК нь хуучин байсан уурын зуухтай ойрхон барилга барьсан бөгөөд Э.Г газар дээр барилга барья, уурын зуухыг буулгая гэхэд зөвшөөрөл олгож, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 тоот албан бичгээр бүх ажилчдаа амраасан. Уурын зуухыг нурааж дууссаны дараа хаалга цонх гаргасан байж галын аюулгүй байдал ярьж эхэлсэн. Сүүлд нэхэмжлэгч тал өөрөө галын аюулгүй байдал зөрчиж барилга барьсан, ямар нэгэн зураг төсөлгүй, Барилгын тухай хууль, норм дүрмийг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч галын аюулгүй байдлын 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан гэж тайлбарлаж байгаа боловч 2 дүгнэлт гарсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 111/122 тоот дүгнэлт нь хэт нэг талыг барьсан учраас үүний дараа Нийслэлийн онцгой байдлын газрын комиссын дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрын галын шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосон. Энэ дүгнэлтээр Х ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй, зөвшөөрөлгүй барилга барьж, үйл ажиллагаа явуулж байна, мөн барилгын зургийг Нийслэлийн онцгой байдлын газраар хянуулаагүй, галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслөөр барилга байгууламж бариагүй зэрэг маш олон норм дүрэм зөрчиж, барилга барьсан гэдэг нь харагдаж байна. Одоог хүртэл зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй, цахимд бүртгэгдээгүй барилга дээр үйл ажиллагаа явуулсан атал нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах тухай заасан байдаг. Мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрхээ сэргээхтэй холбоотой харилцааг захиргааны шүүх шийдвэрлэх тухай заасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг харахад захиргааны байгууллагын ямар хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна.

Мөн Э.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 3 дугаар сарын 02-ны Х ХХК -ийн 49, 50, 51, 52 дугаартай барилгуудын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй эсэх, Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2600 дугаартай захирамжаар шүүх хүсэлтийг хангасны дагуу 52 дугаартай үл хөдлөх хөрөнгө буюу Э.Г-ын барилгатай залгаа байдаг барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн цахим санд бүртгэлгүй гэсэн лавлагаа ирсэн.

Мөн хамгийн сүүлийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/59 тоот галын улсын байцаагчийн дүгнэлтээр энэ обьект нь Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй гэдэг нь нотлогдож байна. 1998 оны зураг одоогийн нөхцөл байдал өөр бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэх үндэслэл харагдахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь анх тус шүүхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Иргэн Э.Г-д Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлвөлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 00******* дугаар гэрчилгээгхууль бус байсан болохыг тогтоолгох гэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг нь хүчингүйд тооцуулах гэж тодорхойлон маргасан, нэхэмжлэгч нь уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг нь хүчингүйд тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн тул татгалзсан хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х ХХК нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Иргэн Э.Г-д Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлвөлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 00******* дугаар гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох-оор маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон.. ... Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм / БНбД 30.01.04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасан Барилга хоорондын гал тусгаарлах зай хэмжээ 8 метр байх , мөн дүрмийн 2.11-д заасан 2-3 давхар барилгын тууш талуудын хоорондын зай 15 метрээс бага байна гэснийг тус тус зөрчсөн..., Галын улсын байцаагчийн 3 удаагийн дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр ... барилга хоорондын гал тусгаарлах зай хэмжээг ... зөрчсөн нь нотлогдсон. Газар дээр нь хэмжилт хийхэд Э.Г-ын барилга нь 223 м,кв талбайтай байгаа нь Архитектур төлөвлөлтийн даалгавраар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 25 м.кв илүү талбайд барилга барьсан. ... Батлагдсан зураг, төслийн дагуу барилга, байгууламж баригдаагүй. ... Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал аваагүй ... гэж, хариуцагч нь ... иргэн Э.Г-ын барилга нь эзэмшил газрын 49,8 хувьд нь төлөвлөгдсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг хангасан. ... Э.Г-ын барилгын хувьд Х ХХК-ийн барилгын хойд талд байршилтай, урд ханандаа цонхгүй бөгөөд гал тэсвэржилтийн II дугаар зэрэгтэй төлөвлөгдсөн. Х ХХК-ийн 52 дугаартай барилга нь хойд талдаа 3 хүртэлх давхар нь цонхгүй болно. Иймд төлөвлөгдсөн барилга болон 52 дугаартай барилгын хооронд галын норм тооцохгүй юм. Бусад ханаараа галын норм хангаж байгаа... Барилгын ажлын зөвшөөрлийг олгоход бүрдүүлэх бичиг баримтын бүрдлийг хангасан байсан.... Магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн ... Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон ... Барилгын тухай хууль болон барилгын норм, дүрмийг зөрчөөгүй, хууль тогтоомжтой нийцсэн шийдвэр гаргасан ... гэж тодорхойлон маргажээ.

Маргаан бүхий Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 00******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр [1] иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн мянгад байршилтай өөрийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай 409 м.кв газарт 17,0 х 12,0 метр хэмжээтэй, цутгамал төмөр бетон үндсэн хийц бүхий 2 давхар, дунд төвөгшилтэй барилга байгууламжийг М ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу Т ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр барилгын ажлын зөвшөөрлийг 2018 оны 6 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаагаар олгожээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл / цаашид барилгын ажлын зөвшөөрөл гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлэх-ээр, 5 дугаар зүйлийн 5.2-д Барилгын үйл ажиллагаанд ... барилгын норм, дүрмийг заавал мөрдөх-өөр, 18 дугаар зүйлийн 18.1-д барилгын үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх-ээр, 26 дугаар зүйлийн 26.1.1-д барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барихад барилгын ажлын зөвшөөрөл олгох-оор, 28 дугаар зүйлийн 28.1-д ... барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулах-аар, 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан ... баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгох-оор, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 2.6.2-т баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн ) -д нийцээгүй бол зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах-аар тус тус заажээ. Дээрх хууль тогтоомжийн заалтаас үзэхэд барилгын үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу олгогдсон барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд барилгын норм, дүрмийг хангаагүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжаар [2] Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 409 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дээрх эзэмшил газартаа зоорьтой, 2 давхар үйлчилгээний барилга барих хүсэлт[3] гаргасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дээрх асуудал хэлэлцэгдэж, Э.Г-ын барилга барих хүсэлт дэмжигдсэн[4], улмаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор буюу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Г-д цутгамал, төмөр бетон хийц бүхий 2 давхар / 1 давхар зоорьтой / 18.0х11.0 метр, консольгүй, тагтгүй, довжоо 1,8 метрээс илүүгүй барилгыг 198,0 м.кв талбайд барих Архитектур төлөвлөлтийн даалгаврыг [5] баталсан , өгөгдсөн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу М  ХХК нь иргэн Э.Г-ын үйлчилгээний барилгын эскиз зургийг боловсруулж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар баталгаажуулсан, дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийг үндэслэж,Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр0000735/186/2017 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл[6] олгосон, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 02-03/2884 дүгээр албан бичгийн [7]дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05/3453 дугаар албан бичгээр [8] Э.Г-ын 2019 оны 00******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05/3591 дугаар албан бичгээр[9] Э.Г-ын Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сэргээсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажил явагдаж, зоорь бүхий барилгын суурь цутгасан, зүүн хагаст 1-2 давхарын төмөр карказ босгосон, иргэн Э.Г-ын 223 м.кв талбайтай барилгын суурь нь нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгаас урд талаараа 0,45 метр, зүүн талаараа 2,8 метр зайтай байрлаж байгаа, Э.Г нь Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгажих талбайнаас хэмжээнээс 25 м.кв талбайгаар илүү хэмжээгээр барилга барьсан болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт[10] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар барилгын үйл ажиллагаа гэж барилга, байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэх үе шат бүхий ажиллагаа бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар барилгын үйл ажиллагааг барилгын норм, дүрмээр зохицуулах ёстой.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь гуравдагч этгээдийн барихаар төлөвлөсөн барилга нь барилгын норм, дүрмийг хангаагүй, тодруулбал барилгын норм, дүрэмд тавигдах шаардлагыг зөрчсөн байхад Барилгын тухай хууль болон барилгын норм, дүрмийн шаардлагыг хангуулахгүйгээр Барилгын ажлын зөвшөөрлийг олгосон нь хууль бус болжээ.

Учир нь Барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч Л.Тэгшбаяр нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар олгосон 408,8 м.кв газарт баригдах барилгын ажлын зурагт хяналт хийсэн байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Барилгын зураг төсөлд хяналт хийсэн 10/636 дугаар дүгнэлтэд [11] ... Барилга баригдах байршилд барилга хоорондын гал эсэргүүцэх зай хэмжээг / БНбД 30-01-04 /-ийн Заавал биелүүлэх 4 дүгээр хавсралтын дагуу хийж гүйцэтгүүлэхээр даалгасан, дээрх шаардлагыг хангаснаар тус ажлын зураг нь галын ауюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа болно гэж дүгнэсэн байтал галын аюулгүй байдлын талаар өгсөн дээрх шаардлагыг биелүүлээгүй байхад 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Барилгын хөгжлийн төвийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын 617/2017 дугаартай ерөнхий дүгнэлт гарсан, уг дүгнэлтээр тухайн зураг төсөл нь Нийслэлийн онцгой байдлын газрын Барилгын зураг, төсөлд хяналт хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/636 дугаартай дүгнэлтээр хянагдсан гэж үзсэн, түүнчлэн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Мягмаржавын 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 119/122 дуаар дүгнэлтэд [12] ... Э.Г-ын үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа барилга нь Х ХХК-ийн 6х19 хэмжээтэй барилга байгууламжаас 50 см байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм / БНбД 30.01.04/-д заасан ... барилгын гал тэсвэршилтийн II зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 8 метр байна гэснийг зөрчсөн, ... иргэн Э.Г-ын барилга нь Монгол Улсын хууль тогтоомж, норм дүрмийг зөрчсөн гэж , Нийслэлийн 0нцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч С.Э-ын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/59 дугаар дүгнэлтэд ... иргэн Э.Г-ын баригдаж буй үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, байгууламж нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм / БНбД 30.01.04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт Галын аюулаас хамгаалах шаардлага 1 дүгээр хүснэгтэд заасан барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг ... зөрчсөн, ... болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гал түймэр гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэлтэй гэж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Н/135 дугаар дүгнэлтэд [13] ... иргэн Э.Г-ын барьсан 223 м.кв барилга нь Х ХХК-ийн барилгаас урд талаараа 0,45 метр, зүүн талаараа 2,8 метр зайтай байрлаж байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм / БНбД 30.01.04/-д заасан Галын аюулаас хамгаалах шаардлага-д барилгын галд тэсвэржилтийн I, II дугаар зэрэглэлтэй барилгын хоорондын зай нь хамгийн багадаа 6 метр байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж тус тус тодорхойлон зааснаас үзэхэд гуравдагч этгээд Э.Г-ын барихаар төлөвлөж буй үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга нь Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Барилгын үйл ажиллагаанд ... барилгын норм, дүрмийг заавал мөрдөнө, 11 дүгээр зүйлийн 11.1.2-д Барилгын үйл ажиллагаанд галын аюулгүй байдлыг хангах, ... зарчмыг баримтлана , 12 дугаар зүйлийн 12.1.1-д барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаас олгосон ... зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, техникийн нөхцөл нь инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, 14.1.1-д барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан байх, 14.1.2-д барилга, байгууламж нь барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх гэж тус тус заасныг болон Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм / БНбД 30.01.04/-д заасан галын аюулаас хамгаалах болон барилга хоорондын зай хэмжээг тогтоосон шаардлагыг тус тус зөрчжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... төлөвлөгдсөн барилга болон 52 дугаартай барилгын хооронд галын норм тооцохгүй ... Барилгын тухай хууль болон барилгын норм, дүрмийг зөрчөөгүй ... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга, байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, текникийн шийдлийн талаар дүгнэлт гаргах-аар заажээ. Гэтэл Барилгын хөгжлийн төв нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах иргэн Э.Г-ын Үйлчилгээний барилгын ажлын зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргахдаа тухайн зураг төсөлд галын аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй байхад тухайн зураг төсөл нь ... Нийслэлийн онцгой байдлын газрын ... 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/636 дугаар дүгнэлтээр хянагдсан гэж үзсэн байх бөгөөд ийнхүү үзсэнийг тухайн барилгын зураг төсөл нь галын аюулгүй байдлын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолсон гэж үзэх хууль зүйн боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 317/2017 дугаартай дүгнэлтийг үндэслэн Барилгын ажлын зөвшөөрлийг олгосон тул хууль ёсны ... гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг, дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглатад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно, 4.2.2-д гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барихад / амины орон сууцнаас бусад барилгын хувьд/, 4.3.2-д гэр хороолллын нэгж талбарт байгаа эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс гэж журамласан, гуравдагч этгээд Э. Г нь өөрийн эзэмшил газартаа барилга барихдаа хөрш залгаа газрын өмчлөгч болох Х  ХХК-иас зөвшөөрөл авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ гуравдагч этгээд нь энэхүү үйл баримтыг үгүйсгэж чадахгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Хойд талдаа 3 хүртэлх давхар нь цонхгүй болно. Иймд төлөвлөгдсөн барилга болон Х ХХК-ийн 52 дугаартай барилын хооронд галын норм ... тооцохгүй гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан галын улсын байцаагч нарын болон шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд гуравдагч этгээд Э.Г-ын барихаар төлөвлөгдсөн барилга нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлээр тодорхойлогдсон барилга, байгууламжид тавих шаардлагыг хангаагүй, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2 дахь заалтаар тодорхойлогдсон барилгын норм, дүрмийг мөрдөөгүй, 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтаар тодорхойлогдсон галын аюулгүй байдлыг хангах, галын аюулаас хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах нөхцөлийг зураг төсөлд тусгах зарчмыг зөрчсөн байхад хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь гуравдагч этгээдэд Барилгын ажлын зөвшөөрлийн 00******* дугаар гэрчилгээг олгосон нь хууль бус байх бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1,14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Э.Г-д Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлвөлөгөөний газрын орлогч дарга Ш.У-гийн олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 00******* дугаар гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг нь хүчингүйд тооцуулах нэхэмжлэлээс татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан Х ХХК-иаснэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 144, 176 дүгээр хуудсанд

[2] 4 дүгээр хавтаст хэргийн 217-218 дугаар хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэрийн 185-188 дугаар хуудсанд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудсанд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудсанд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар хуудсанд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар хуудсанд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар хуудсанд

[10] 4 дүгээр хавтаст хэргийн 102-110 дугаар хуудсанд

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудсанд

[12] 2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд

[13] 4 дүгээр хавтаст хэргийн 102-105 дугаар хуудсанд