Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

О.Ат холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Цогтгэрэл,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр О.Ат холбогдох эрүүгийн 1709000000129 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Ойдовын А, 1992 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 7 настай охин, дүүгийн хамт тоотод оршин суух,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 906 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: /,

О.А нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны хойд талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн Д.Дын эзэмшлийн 84-90 УНВ улсын дугаартай “Toyota Prius-30” загварын автомашины зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалж, дотроос нь “Тиссот” гэсэн бичигтэй бугуйн цаг 1 ширхэг, “Прада” маркийн жижиг гар цүнх 1 ширхэг, хар өнгийн савхин бээлий 1 хос, автомашины хос толь зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: О.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Ойдовын Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.А бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар О.Ат оногдуулсан 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, шүүгдэгч О.Ат оногдуулсан хорих ялыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Ат хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх, үндэслэл, журам”, 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан нь үүрэг болгосон ерөнхий заалт гэж ойлгохоор хуульчилсан бөгөөд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтууд байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг зохицуулан хуульчилсан бөгөөд 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд хорих ялыг оногдуулж тэнсэх тухай ойлголт байхгүй болно.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчлан заасан байна.

 

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Ат бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж 1 жилээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч О.Ат холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

                                                               ХЯНАВАЛ: 

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

О.А нь 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны хойд талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн Д.Дын эзэмшлийн 84-90 УНВ улсын дугаартай “Toyota Prius-30” загварын автомашины зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалж, дотроос нь “Тиссот” гэсэн бичигтэй бугуйн цаг 1 ширхэг, “Прада” маркийн жижиг гар цүнх 1 ширхэг, хар өнгийн савхин бээлий 1 хос, автомашины хос толь зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч О.Аын “...2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 04 цаг хүртэл гадуур явсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны арын зогсоол дээр мөнгөлөг “Toyota Prius 30” загварын автомашин байсан. Тэгээд би зүүн талын жижиг гурвалжин шилийг цохиж хагалаад дотор нь орж жижиг гар цүнх, түлхүүр, бугуйн цаг, савхин бээлий болон автомашины 2 ширхэг толийг дотор талаас нь тайлан авч явсан. Тэгээд Энхтайваны гүүр хүртэл яваад гүүрэн доор хулгайлсан эд зүйлүүдээ нуучихаад цаашаа хэсэг явж байгаад буцаж ирээд, эд зүйлүүдээ аваад Хөдөө аж ахуй руу явах гээд дөнгөж гараад иртэл явган цагдаа хүрч ирээд намайг шалгаад би баригдсан...” /хх-ийн 17-18/,

хохирогч Д.Дын “...Намайг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны 01 тоот гэртээ унтаж байхад цагдаагаас “таны машины 2 толь алдагдсан байна та машин дээрээ гараад ирэх үү” гэж 2017 оны 11 дүгээр сарын 6-ны шөнө 05 цаг 47 минутад залгасан юм. Тэгээд би гараад очтол зүүн урд талын жижиг гурвалжин шил хагарсан 2 толь алдагдсан байдалтай байсан. ...Машин дотор байсан гар цүнх, савхин бээлий, хар оосортой “Тиссот” брендийн бугуйн цаг зэрэг алдагдсан байсан. ...Хар гэртэй ажлын түлхүүр байхгүй байсан юм байна лээ. Гэрт байсныг нь би олохгүй болохоор автомашиндаа үлдээчихсэн байсан юм байна гэж андуурсан байсан. Түлхүүрээ гэрээсээ олчихсон. ...Автомашины жижиг гурвалжин шилийг үнэлүүлэхгүй...” /хх-ийн 8-9/,

гэрч У.Баярсайханы "...миний бие 2017 оны 11 дүгээр сарын 6-ны шөнө 03 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны арын зогсоол хэсгээр машины шил цохиж толь ихээр алдагддаг тул явган бууж эргүүлийн үүрэг гүйцэтгэн шалгалт хийж явахад 84-90 УНВ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Prius 30” загварын автомашины жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин шил хагарсан мөн 2 ширхэг толь нь алдагдсан байсан юм. Дөнгөж цас орж байсан болохоор тухайн автомашины хажууд гутлын шинэхэн мөр байсан ба уг мөр явсан зүгт шалгалт хийн мөрийг нь даган явж Энхтайваны гүүрний доод хэсэг хүртэл яваад мөр алга болсон юм. Тэр хавиар шалгалт хийж байтал сэжиг бүхий эрэгтэй хүн тортой ямар нэгэн зүйл барьчихсан гараад ирэхээр нь шалгатал торон дотор мөнгөлөг өнгийн “Toyota Prius 30” загварын автомашины 2 ширхэг толь болон хар өнгийн жижиг цүнх байсан. Тэгээд уг этгээдээс уг толь болон хар цүнхийг хаанаас авсан болохыг тодруулахад 28 дугаар байрны арын зогсоол буюу "Угтаал" хүнсний дэлгүүрийн урд талд зогсож байсан мөнгөлөг өнгийн “Toyota Prius 30” загварын автомашинаас авсан гэж хэлсэн...” /хх-ийн 11/,

гэрч Л.Эрбишийн “...2017 оны 11 дүгээр сарын 6-ны шөнө 05 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 28, 29 дүгээр байрны зүүн талд эргүүл хийж яваад ахлагч Баярсайхан 28 дугаар байрны хойд талын зогсоолд байрлуулсан автомашинуудыг шалгахаар буусан. Шалгаж байх үед нь “Toyota Prius 30” загварын автомашины зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалсан 2 толь нь байхгүй байна хажууханд нь шинэ гутлын мөр байна гэсээр машин дээрээ гүйн ирсэн. ...Баярсайхан залгаад Петровис шатахуун түгээх станцийн баруун талд Энхтайваны гүүрний баруун талд толь хулгайлсан этгээдийг барьчихсан байна гэж намайг дуудсан. Тэгээд яваад очтол жижиг үүргэвч шиг цүнхтэй, цэнхэр өнгийн торонд толь жижиг цүнх зэргийг хийгээд барьчихсан 25 орчим насны туранхай 175 см орчим өндөртэй, хар саравчтай малгайтай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай залуу байсан. ...Тэр торон дотор нь хос толь, савхин бээлий, жижиг гар цүнх, бугуйн цаг зэрэг байсан...” /хх-ийн 12/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5- 6/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх, прокуророос О.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүх, шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих  ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

 Учир нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай ойлголт, хэм хэмжээ тусгагдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;”  гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж маш тодорхой хуульчилсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн Арав дугаар бүлэгт зохицуулагдсан “тэнсэх” гэсэн ойлголттой адилтган төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд О.Аыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг    баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, анхан шатны шүүхээс хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ талаар прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: