| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 181/2016/1038/и |
| Дугаар | 9 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 9
ХХХХ-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01038 дугаар шийдвэртэй, ХХХХ-ийн нэхэмжлэлтэй, ХХХХ-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 572 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2011 онд ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХ тоот хашаа байшин, газар, гаражийг ХХХХ болон түүний ээж, аавтай тохирч 65 000 000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан бөгөөд гэрээний төлбөрийг төлүүлэх зорилгоор нөхөр ХХХХ Эрэл банкнаас 20 000 000 төгрөгийн зээлийг авч, 5 000 000 төгрөгийг бид байрны урьдчилгаа гэж аваад, 15 000 000 төгрөгийг ХХХХийн ээж ХХХХ-т өгсөн. Эднийд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан тул зээл авч өгсөн ба уг мөнгийг өсгөснөөр байрны үнийг төлөх байсан.
Бид 5 000 000 төгрөг авч 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байрандаа оруулсан боловч хариуцагч талаас өөр мөнгө өгөөгүй. Эрэл банкнаас нөхөр ХХХХы нэрээр авсан зээлийг ХХХХ хуваарийн дагуу төлж барагдуулсан. 2012 онд байранд гал гарч 2 давхар нь шатсан. Үүнээс болж манайд 10 000 000 гаруй төгрөгийн хохирол учирсан бөгөөд эднийх байр авах хэвээр байсан тул дахин Хас банкнаас зээл хөөцөлдөж, бид өөрсдийн цахилгаан бараа, машин зэргээ барьцаалж нөхөр ХХХХ 29 000 000 төгрөгийн зээл авч ХХХХийн ээжид өгсөн бөгөөд уг мөнгөнөөс бидэнд 2 800 000 төгрөг өгч, үлдсэнийг гутал хийдэг ажилдаа зарцуулж олсон мөнгөөрөө банкны зээлийг төлж, ашгаараа байшингийн үнийг төлөх байсан.
Гэтэл байшингаа авах нь битгий хэл Хас банкны зээлийг бага багаар төлж байснаа ч больж, банк биднээс зээлээ төлөхийг шаардсан тул 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн хугацаа дуусч, үлдэгдэл 2 300 000 төгрөг болсныг бид хүүгийн хамт 3 512 697 төгрөгийг төлж зээл хаасан учир ХХХХээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Бид ХХХХ ахтай ярьж тохироод байшинг нь 65 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон ба Эрэл банкнаас 20 000 000 төгрөгийг зээлж, бид уг мөнгөний 5 000 000 төгрөгийг түүнд өгч, үлдэх 15 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө гэж авсан. Бид байшингийн үнэ төлөхийн тулд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан учир зээл авахуулсан. Энэ зээлийг ХХХХы өмнөөс 2012 оны намар гэхэд Эрэл банкинд төлж дууссан. Дахин 2012 оны намар 29 000 000 төгрөгийн зээлийг ХХХХ ахаар Хас банкнаас авахуулж, түүнээс 2 800 000 төгрөгийг өгч, үлдэх мөнгийг эргэлтийн хөрөнгө болгож авсан.
Бид зээлийг бага багаар төлж байтал аав маань нас барж, бидний бүх төлөвлөгөө нурсан. Ингээд байшин авах мөнгө хуримтлуулж чадаагүй бөгөөд Хас банкинд 2 300 000 төгрөгийн зээл төлөөгүй үлдсэн нь үнэн. Бид байшингаа буцааж өгсөн бөгөөд ХХХХ, ХХХХ нарт 5 000 000 төгрөгөөс эхлээд 2011 оны 11 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сар болтол сар бүр 400 000 төгрөг төлж нийт 16 700 000 төгрөг өгсөн учир нэмж мөнгө төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Хэрэв шүүх төл гэвэл би төлнө гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан ХХХХээс 3 572 000 төгрөг гаргуулах тухай ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 815 дугаар шүүгчийн захирамжаар зөвхөн ХХХХ-т холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой гэсэн учраас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд нөхөр ХХХХ зээлдэгчээр, би хамтран үүрэг гүйцэтгэгчээр, байр худалдан авсан тухай 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнүүдэд мөн би хамтран худалдах эрхтэйгээр гарын үсэг зурсан.
Гэтэл анхан шатны шүүх намайг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Банкны зээл болон байр худалдан авах гэрээнд хамтран зээлдэгч болон худалдагчаар оролцсон, зээлийн үлдэгдэл 3 572 000 төгрөгийг зээлдэгчийн хувьд нөхөр ХХХХ төлсөн, хамтран зээлдэгчийн хувьд би энэ мөнгийг ХХХХээс нэхэмжлэх эрхтэй.
Шүүх хуралдаанд яригдсан ХХХХийн надад сар болгон 400 000 төгрөг өгсөн гэж худлаа ярьсан. Ээж ХХХХнь бидэнд хүчингүй болсон гэрчилгээ өгсөн тухай шийдвэрт тусгаагүй байсан. Мөн шүүхэд өгсөн материалаас Хас банкны зээлийн гэрээний эх хувь байхгүй болсон байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг зээлийн үлдэгдэл буюу бидний төлсөн мөнгийг ХХХХээс гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ХХХХ нь зээлийн гэрээний үүрэгт төлсөн 3 572 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх 2011 оны 11 дүгээр сарын 15, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ХХХХХ, ХХХХ, ХХХХ болон ХХХХ, ХХХХ нарын хооронд байгуулсан “Байр худалдсан тухай гэрээ”-ээр нэхэмжлэгч ХХХХ түүний нөхөр ХХХХ нар ХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХ тоот хашаа, байшинг ХХХХХ, ХХХХ нарт 65 000 000 төгрөгийн үнээр худалдах нөхцлийг тохирч, худалдагч нь Эрэл банкнаас 20 000 000 төгрөгийн зээл авч 15 000 000 төгрөгийг, Хас банкнаас 29 000 000 төгрөгийн зээл авч 26 200 000 төгрөгийг худалдан авагч талд шилжүүлсэн, эргэн төлөлтийг хуваарийн дагуу худалдан авагч нар төлж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан Байр худалдсан тухай гэрээ, Хас банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон тул шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
/хх 6-7, 32-р тал/
Харин нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-т мөнгийг шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдоогүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
Зохигчдын гэрээ байгуулсан нөхцөл байдал болон маргааны үйл баримтын талаар гаргаж буй тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нотлох баримтаар үнэлэгдэх учиртай.
Нэхэмжлэгч ХХХХ нь өөрийн нөхөр ХХХХы банктай байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, ХХХХ, ХХХХ нар нь эхнэр, нөхөр гэх үйл баримтын талаар маргаагүй учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар түүнийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ХХХХээс шаардах эрхтэй этгээд гэж үзнэ.
Хас банкнаас худалдагч тал болох ХХХХы нэрээр авсан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 2 300 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байсныг ХХХХ банкинд төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч ХХХХ маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүүд 1 272 000 төгрөгийг банкинд төлж хохирсон талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй тул хариуцагчийн тайлбараар тогтоогдсон 2 300 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иймд шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХээс зээлийн төлбөрт 2 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 272 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэсний дараа “...үлдээж, хариуцагч ХХХХээс улсын тэмдэгтийн хураамжид 51 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 102 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Т.ТУЯА