Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 572

 

 

 

 

   

 

 

 

    2020          09           03                                   2020/ШЦТ/572

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,     

улсын яллагч Б.Одонтуяа,      

шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ө овогт Н-ийн  Ө холбогдох эрүүгийн 2010000000477 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дунд болосролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-....... хамт Баянгол дүүргийн 02 дугаар хороо, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.Ө овогт Н-ийн  Ө /РД:........................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Н.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Их Монгол Плаза төвийн гадна зогсоолд байсан иргэн С-ийн  Алтон рөүд маркийн солонгос улсад үйлдвэрлэгдсэн унадаг дугуйг хулгайлж 807.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Их Монгол Плаза төвийн гадна зогсоолд байсан иргэн С-ийн  Алтон рөүд маркийн солонгос улсад үйлдвэрлэгдсэн унадаг дугуйг хулгайлж 807.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Н.С-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр би “Их Монгол плаза”-ын нэг давхрын кофе шопод ажилдаа ирээд уг төвийн гадаа өөрийн рөүд маркийн дугуйгаа зогсоолд тавиад ажлаа хийж байгаад 17 цагийн үед дээшээ 2 давхар руу кофе хүргэж өгөөд цонхоороо хартал зогсоолд байсан миний дугуй хулгайд алдагдсан байхыг мэдээд цагдаад мэдэгдсэн. Телекамерийн бичлэгээ үзтэл хар өнгийн саравчтай малгайтай ногоон өнгийн хүрэмтэй, хөх өнгийн жинсэн өмд 30-40 орчим насны эрэгтэй хүн Ривэр гарден хотхоны тал руугаа явсан бичлэг байсан. Тэгээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

3. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 40 минутад гэртээ байж байхад мөнгө нь Баялаг буузад ажиллаж байсан Өнөрөө гэх залуу нилээд их залгаад автал би ботаникийн энэ хавьд явж байна унадаг дугуй зарж байгаа юм гэхээр нь би ямар дугуй вэ чиний дугуй юм уу гэсэн миний дугуй гэсэн. Тэгтэл таксины жолоочтой яриад хамт манай тэндхийн дэлгүүр орж мөнгөө задлуулаад 5000 төгрөг өгч байсан. 100.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Дугуйг нь хараагүй хулгайн ширээ байсныг өглөө мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

4. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тэнцвэр эстимейт ХХК-ийн дүгнэлт /хх-208/

5. Шүүх эмгэг сэтгэц судлалын 557 дугаар дүгнэлт “...Н.Ө нь хэрэг хариуцах чадвартай  ...”/хх-53/

6. Шүүгдэгч Н.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед гэрээсээ гараад хүнээс тамхины мөнгө зээлэх вокзал руу явсан. Тэндээс харин хаана очсон талаараа мэддэхгүй байна. Нэг дэлгүүрийн гаднаас унадаг дугуй байхаар нь аваад явсан. Тэрийгээ хэнд хаана зарсан талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Н.Ө нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Их Монгол Плаза төвийн гадна зогсоолд байсан иргэн С-ийн  Алтон рөүд маркийн солонгос улсад үйлдвэрлэгдсэн унадаг дугуйг хулгайлж 807.500 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.Өын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

   Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.С-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-64/, түүний хувийн байдал /....25 настай, эрэгтэй, дунд болосролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Өыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Өад тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Өад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Н.Ө овогт Н-ийн  Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ө овогт Н-ийн  Ө хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өад тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

5. Шүүгдэгч Н.Өад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Н.Өад сануулсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

 10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

  

.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.БАТБОЛОР