Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

                                          О.С-д холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0141/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                             

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                      П.Шижиртуяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Э.Алтан-Уяа

           Хохирогчийн өмгөөлөгч                               Б.Минжүүрдорж

            Нарийн бичгийн дарга                                С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаар цагаатгах тогтоолтой О.С-д холбогдох 1715000580019 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн давж заалдах гомдол, прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Б овогт О-ийн С.

О.Сэргэлэн нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Устын ам” гэх нэртэй газарт УАЗ 390942-018 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан “хурдны хайрцагны араа хүндрэлтэй залгаддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож” яваад зам тээврийн осол гаргаж иргэн Л.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаар цагаатгах тогтоолоор:

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн 1715000580019 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч Б.Б-ийн нэхэмжилсэн 1.212.330 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж,

Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, О.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ  "…хүндрүүлэгч мултарсан тохиолдолд араандаа ордоггүй. Урьд тэр замаар 4-5 удаа ус ачаад явж байхад ийм асуудал гарч байгаагүй" гэж мэдүүлсэн, мөн гэрч Ж.Шижирбаатарын "...гэнэт машин унтрах шиг болоод ухраад явсан" гэх мэдүүлэг, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45 тоот дүгнэлтээр "жолооч О.С замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах заалт “жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 51 тоот дүгнэлтэд "араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явснаас уг осол тарсан байна” гэх дүгнэлтийг шүүх бодитой хэргийн нөхцөл байдалтай зөв уялдуулан дүгнэж үнэлээгүй учраас шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж 51 тоот дүгнэлтээр шүүгдэгч О.С-г машиныхаа ачааны нормыг хэтрүүлээгүй гэж дүгнэж гэм буруугүй үзсэнээс гадна тухайн машинд явсан гэрчүүдийг жолооч О.С уг машиныг зогсоох арга хэмжээ аваагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэдгийг гэрчилж нотлоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Гэрчүүд тухайн хэргийн талаарх (тухайн үед юу болсон) нөхцөл байдлыг гэрчлэх болохоос жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байсан эсэхийг гэрчилж нотлох боломжгүй.

          Шүүгдэгч О.С гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж үзэж байна.

Үүнд: а. Шүүгдэгч О.С "хүндрүүлэгч мултарсан тохиолдолд араандаа ордоггүй" гэж мэдүүлснээс харахад уг машинд эвдрэл гэмтэл үүссэн болох нь тодорхой байгаа төдийгүй "урьд нь тэр замаар 4-5 удаа ус ачаад явж байхад ийм асуудал гарч байгаагүй” гэж мэдүүлсэн нь тухайн нөхцөл байдалд машины араа залгагдаагүй болох нь осол гарах шалтгаан болсон байна. Шүүгдэгч О.С урьд 4-5 удаа ус ачаад яваад болоод байсан юм чинь тийм зүйл болохгүй гэж өөрийн машинд хөнгөмсгөөр найдсан, уг ослыг гаргасан тийм учраас уг хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн. Шүүгдэгч О.С нь машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, ямар ачаа ачиж яваа гэдгээ тооцоолох, уг аюулыг өөр аргаар зайлуулах боломжийг ашиглах зэрэг нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ аваагүй нь осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй.

б. Гэрчүүд “машины хүндрүүлэгч так гэж дугараад ухарсан машин унтрах шиг болоод ухраад явсан” гэж мэдүүлснээс дүгнэхэд уг осол машины эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус байснаас шууд хамааралтай энэ талаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн 51 тоот дүгнэлтэд тодорхой дурьдсан.

в. Шүүгдэгч О.С-ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршиг хоорондоо шалтгаантай холбоотой.

г. Шүүгдэгч О.С-г яллах нотлох баримтын нотолгооны чанар цагаатгах талын нотлох баримтын нотолгооны чанараас илт давуу байгааг шүүх харгалзан үзээгүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор П.Шижиртуяа эсэргүүцэлдээ: “... Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй . Шүүгдэгч О.С нь ... Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “тээврийн хэрэгсэлийг ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан “хурдны хайрцагны араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, иргэн Л.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан ... нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно ...

Шүүгч цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгож Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 51 тоот дүгнэлтийн хэсэг, шүүгдэгч О.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн хэсэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Э, Ж.Ш, Г.М нарын өгсөн мэдүүлгүүдээс эх сурвалж болгон дүгнэж бичсэн нь дээрхи хуулийн заалттай хэрхэн, ямар байдлаар уялдаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчжээ.

Прокуророос шүүгдэгч О.С-г Замын хөдөлгөөний дүрмийн  9.2 дахь хэсэг, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл 4.4-т заасан “хурдны хайрцагны араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл” жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгч цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Булган аймгийн Замын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №51 тоот дүгнэлтэд заасан ”...яллагдагч О.С-гийн осол болох үед унаж явсан ... улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэлд 4 том хүн сууж /жолоочоос гадна/ 500 литрийн савтай ус тээвэрлэж явсан нь хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтад нийцэж байна гэж дүгнэснээс үзэхэд уг зам тээврийн осол нь шүүгдэгч О.С-гийн буруутай үйлдлээс улбаалан гараагүй...” гэж дүгнэсэн нь прокурорын буруутгаагүй Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг үндэслэл болгож тогтоолд дурьдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгч цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “тухайн машинд сууж явсан гэрч нарын мэдүүлгийн хэсгээс дурьдаж, гэрч нар нь...” О.С-г автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэдгийг гэрчилж нотлоогүй” ... гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гаргасан жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.21, 9.1, 27.1 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Гэтэл шүүх дээрх байдлыг нотлох тусгай мэдлэггүй, нотлох үүрэггүй, осол болох үед машинд сууж явсан гэрч нарыг зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг нотолсон байх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Х.Н, Булган аймгийн Авто тээврийн төвийн хяналтын инженер, автын инженер Ч.Б, “Миний жолоо” авто сургуулийн захирал, механик инженер-багш, мэргэшсэн инженер Ш.Д нарын бүрэлдэхүүнтэй гаргасан ... дүгнэлтийн талаар болон цагаатгах тогтоолд улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар тус тус дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч О.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар: Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Л.Б нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн хамт оролцсон. Гэтэл шүүх хуралдаан даргалагч хохирогчийн өмгөөлөгчийг дүгнэлт хэлэх боломжоор хангаагүй бөгөөд энэ шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны явц байдлыг бэхжүүлэн авсан дуу дүрсний бичлэгээр нотлогдоно.  

Дээрхи байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлнэ”, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж шүүх хуралдаанд талууд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг алдагдуулсан гэж үзэж байна.

  Анхан шатны шүүхээс О.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2.2, 36.9 дүгээр зүйлийн 1.2, 2.1 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд О.С-д холбогдох Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... 165 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын яллагч эсэргүүцэл бичив ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа “... Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл :

Анхан шатны шүүх О.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3.д заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг бүрэн бодитойгоор хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт гаргах эрхийг хангаагүй /хх 141/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1.д  заасныг зөрчжээ.

            Түүнээс гадна анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.д заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон шинжээчийн 45, 51 дугаар дүгнэлтэд дурьдсан “...О.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.т заасан  жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн...” гэснийг  няцааж  үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна.

            Мөн  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  О.С-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, хэсгийг  баримтлаагүйгээс Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1, 39.6 дугаар зүйлийн 1.3.т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1.3., 39.6 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.С-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн давж заалдах гомдол, прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч О.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

 

              ШҮҮГЧИД                                                                Ц.ТУЯА       

     

                                                                                               С.УРАНЧИМЭГ