| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2017/00447/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 096.1., 099.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 37
|
|
Прокурор Н.Цогтбаяр
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Н.Энхжаргал
Нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Цогтбаярын эсэргүүцлийг үндэслэн, Д.Б, Х.А нарт холбогдох 201603000519 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Орон сууцны 4г тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овгийн Д-ийн Б /
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагчийн 72-800 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, В овгийн Х-ын А
Д.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Орон сууцны 4г тоотод өөрийн нөхөр Х.Аыг бусадтай хардан маргалдаж, улмаар Х.Аын хэвлийн тус газар нь ир үзүүртэй зүйлээр хатгаж, хүнд гэмтэл санаатай учруулсан,
Х.А нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Орон сууцны 4г тоотод өөрийн эхнэр Д.Бийг бусадтай хардан маргалдаж, улмаар Д.Бийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар, Х.Ат холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул цагаатгаж; Шүүгдэгч Х.Аыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж; Шүүгдэгч Х.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож; Шүүгдэгч Х.А нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж; Шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож; Шүүгдэгч Д.Б, Х.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй болохыг дурдаж; Шүүгдэгч Д.Бийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Х.Аын биед хүнд гэмтэл учирсан хэргийг тусгаарлан Архангай аймгийн Прокурорын газарт буцааж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоолны төмөр халбага 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг, хутга 1 ширхэг, цаас зүсэгч 1 ширхэг, ишгүй хутга 1 ширхэг, хайч 1 ширхэг, заазуур 1 ширхэг, подволк 1 ширхэг, нимгэн цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж; Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдолд:
“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ны 112 тоот шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Х.Аын өмгөөлөгч Н.Энхжаргал миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: Миний үйлчлүүлэгч Х.А нь 2016 оны 11-р сарын 16-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Орон сууцны 4-г тоотод өөрийн эхнэр Д.Бтэй маргалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодолдсоны улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байдаг ба Х.А дээрх гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 сарын 16-нд дууссан байдаг ба 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6-н сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасныг үндэслэн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасныг үндэслэн түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэж мөн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2017.10.04-ны 112 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:
“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Х.А нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Орон сууцны 4г тоотод өөрийн эхнэр Д.Бийг бусадтай хардан маргалдаж, улмаар Д.Бийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн прокурорын газраас Х.Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 19 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Х.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байгаа боловч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, шүүгдэгч Х.Аын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Архангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, Х.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тохиолдолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхээр баримталсан атлаа түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Х.Аыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Ат холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, үндэслэлгүй шийдвэр болжээ.
Иймд Х.А нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж түүнд ашигтай хуулийг сонгож хэрэглэх заалтыг баримтлаад, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны болон давж заалдах шатны шийдвэр байгаа. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх ёстой. Шийтгэх тогтоолын зохих хэсэгт нь өөрчлөлт оруулж, хүчингүй болгож өгнө үү гэж эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Д.Бт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Х.Ат холбогдох хэсгийг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Аын үйлдлийг 2002 оны эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчлэн, мөн эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б, Х.А нарт холбогдох хэрэгт бичсэн прокурор Н.Цогтбаярын эсэргүүцэл, гаргасан шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Н.Энхжаргалын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэл, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгч Д.Бийг цагаатгаж шийдвэрлэсэн, шүүгдэгч Х.Аын үйлдэл нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ат холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Х.Аыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байгаа боловч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй гэж дүгнэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Х.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэжээ.
Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч Х.Ат холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасны дагуу шүүгдэгч Х.Аын гэмт үйлдэл төгссөнөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иймээс шүүгдэгч Х.Аын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг бүхэлд нь хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын
3 дах заалтын шүүгдэгч Х.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэснийг, шүүгдэгч Х.Аыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,
4 дэх заалтын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар шүүгдэгч Х.Аыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,
тогтоолын 2, 5, 6 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож;
7 дах заалтад Д.Б гэсний дараа Х.А нарт гэж нэмж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.