Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0772/З |
Дугаар | 221/МА2022/0247 |
Огноо | 2022-04-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2022/0247
Б.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд В.Д
Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: В.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш
Гуравдагч этгээд В.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 128/2020/0772/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С нь Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сын Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/849 дүгээр захирамжийн В.Дд холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс энэ хугацаа эхлэн тоологдохыг дурдаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/849 дүгээр захирамжийн В.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд В.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Сын оршин суугаа газраа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул В.Дгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож, Дд холбогдох хэсгийг захиргааны байгуулагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 дугаар сарын хугацаагаар түтгэлзүүлсүгэй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
3.2. Тэгвэл нэхэмжлэгч миний өмчлөх эрхийг гэрчилгээ яах болж байна. Ийм ойлгомжгүй шийдвэр гаргаж иргэн миний хууль ёсоор газар эзэмших эрхийг шууд зөрчиж байна гэж үзэж гомдол гаргалаа. Өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Миний бие Ваанчиг овогтой Д Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжний 43 тоотод байх 437 м.кв газартай хашаанд амьдардаг. Тухайн газартаа амьдраад 20-иод жил болж байгаа бөгөөд ном журмынхан, хуулийн дагуу тус газар миний нэр дээр өмчлөгч нь мөн гээд бүхий л гэрчилгээ зөвшөөрөл нь хуулийн дагуу гарсан байдаг.
3.3. Гэтэл хүний газар дээр амьдарч байсан Б.С гэгч миний газар та нар хууль бусаар авсан гэж манай гэрчилгээг зөвшөөрлийг шүүхэд өгч хүчингүй болгож намайг болон манай ар гэрийг маш ихээр хохироож байна. Миний аав болох Ваанчигтай наймаа хийхээр тодорхой мөнгөн дүнгээр тохиролцсон та нар мөнгө өгөөгүй учраас миний газар гэдэг үндэслэлээр шүүхэд Б.С нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл тухайн газар миний нэр дээр байхад мөн надтай ямар нэгэн тийм наймаа хийх талаар ярилцаагүй байж зохиомол байдал үүсгэж миний эзэмшлийн газрыг булааж шүүхээс эзэмших гэрчилгээг хүчингүй болгож байгаан өөрөө хууль зөрчсөн үйлдэл.
3.4. Өөрөөр хэлбэл тухайн газар үнэхээр иргэн Б.Сын газар байсан юм бол, өөрийн газраа эзэмших талаар ямар нэгэн бичиг баримт байх ёстой баймаар, мөн ядахдаа өөрийн болгож авах хүсэлтийг холбогдох газарт нь хүргүүлж, бүртгүүлж өөрийн газар гэдгээ нотлох оролдлого ч хийгээгүй хүнд шүүх дүүргийн газрын болон холбогдох байгууллагуудын буруутай зөвшөөрөл байсан гээд цуцалж байгаа нь хууль бус. Иргэн В.Д миний бие шүүх болон төрийн захиргааны эдгээр байгууллагуудын болон худлаа зохиомол байдлыг бий болгож төрийн нэрийг барьж дээрэмдэж байгаа иргэн Б.С нарын золиос болж байна.
3.5. Миний бие тухайн газарт 10 жил амьдарч байгаас гадна 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр А/123 дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн засаг даргын захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж дараа нь мөн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Б.С миний газар гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хойд урд 2 газар гээд яриад байх юм. Б.С газрын гэрчилгээ гаргуулж чадахгүй байгаа бол хойд хашааны эзэмшилдээ гаргуулах гэж хөөцөлдөөд газрынхаа өмчлөлийг авч чадаагүй маргааныг дуусахаар энэ гэрчилгээгээ авахаар хүлээж байгаа. Манай эгч газаргүй үлдэж хохироход хүргэсэн шийдвэр гарсан байгаад гомдолтой байна.
3.6. Б.С миний газар гээд яриад байгаа нь үндэслэлгүй. Эхлээд би худалдаж авах гэж яриад манай аавтай, мөнгөө өгөөгүй. Сүүлдээ миний газар гэж байгаа нь ямар үндэслэлтэй болоод захиргааны анхан шатны шүүх шийдвэрлэсэнийг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьсан. шийдвэр гарсан гэж ойлгож байна.
3.7. Газрын тухай хуулийнд хүчин төгөлдөр гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалт байна. Б.С хүчин төгөлдөр гэрчилгээгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
3.8. Мөн газрын алба ямар хууль зүйн үндэслэлтэй тухайн газрыг миний өмчлөлд шилжүүлсэн нь тодорхой байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байгаа учир давж заалдах гомдол гаргалаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд В.Дгийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэнсэн өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжаар иргэн В.Дд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 43 тоотод байрлах 437 м.кв газрыг амины зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000741205 дугаар гэрчилгээ олгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/849 дүгээр захирамжаар уг газрыг В.Дд өмчлүүлж шийдвэрлэсэн байна.
2.2. Гэтэл нэхэмжлэгч Б.С нь Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 21 дугаар гудамжны 43 тоотод 2010 оноос хойш амьдран суусан ба харин гуравдагч этгээд В.Д нь тус гудамжний 44 тоотод оршин суудаг бөгөөд анх В.Д Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу түүнд Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 21 дугаар гудамжны 43 тоотод байршилтай 18636311471160 нэгж талбар бүхий 437 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Харин одоо гуравдагч этгээдийн амьдран сууж буй 44 тоотод байршилтай 416 м.кв газарт хэн нэгний эзэмшил үүсээгүй бөгөөд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн амьдран сууж буй газартай 336 м.кв талбайгаар давхцалтай болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/742 дугаар албан бичиг, түүний хавсралт, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогджээ.
Ийнхүү нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсэг нь нэгэнт Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар тушаалаар хүчингүй болсон тул хууль бус байсан болохыг тогтоох, мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх “...захиргааны байгууллага нь энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн 2010 оноос хойш амьдарч байгаа газартай давхцуулан, 2018 онд гуравдагч этгээд В.Дд газар эзэмшүүлж, нэхэмжлэгчийн оршин суугаа газраа эзэмших эрхийг зөрчсөн...” гэж дүгнэн маргаан бүхий актын холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-д “.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:” гээд 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.2.2-т “шинээр газар эзэмшүүлэх тохиолдолд тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж байгаа эсэхийг шалгах”, 6.2.1-д “Өргөдөлд дурдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх” гэж тус тус зохицуулснаар нэг талаас газар эзэмших эрх хүссэн иргэн хүсэлтдээ бодит нөхцлийг харуулсан тойм зураг, тайлбарыг өгөх бөгөөд харин захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх хүсэлтийг бодит нөхцөл байдлыг тодруулан шалгах үүднээс тухайн газарт биечлэн шалгаж, уг газар өөр этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эсэх болон хил заагийг урьдчилсан байдлаар тогтоосны үндсэн дээр шийдвэрлэхээр байна.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар гуравдагч этгээд В.Д хариуцагч Сонгинохайрхан дүүгийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ дутуу биелүүлсний улмаас нэхэмжлэгч Б.С өөрийн амьдран сууж буй газарт эзэмших эрх олж авах боломжгүй, эрхийн зөрчил бий болгосон байх тул тус актыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хэдийгээр гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нь хуульд заасан газар эзэмших эрх олж аваагүй байхад ийнхүү нэхэмжлэл гарган маргах эрхгүй, анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн хэмээн маргаж байх боловч хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1156 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.С нь 43 тоотод 2010 оноос хойш амьдарч байгаа талаар тодорхойлсон, Газар зохион байгуулалт, геодиези зураг зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/742 албан бичгээр ирүүлсэн агаар сансрын зурагт 2010-2019 онд маргаан бүхий 43 болон 44 тоот хаягт иргэд тусдаа оршин сууж байсан зэргээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч Б.С маргаан бүхий газар дээрээ амьдарч эхэлсэн болох нь нотлогдож байх тул тухайн газрыг гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг бүрэн тодруулах ёстой байжээ.
Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргана.
Гэтэл энэ тохиолдолд нэгэнт Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсгийн үндэслэл болсон буюу газар эзэмших эрх олж авсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсэг хууль бус байсан болох нь тогтоогдсон, маргаан бүхий газрын өмчлөлд шилжүүлэх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” учир хууль ёсны гэж үзэх боломжгүй болох нь илэрхий байхад шүүхийн судлан шинжлэн судлах цар хэмжээнээс хэтэрсэн хэмээн дүгнэсэн нь алдаатай болжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актыг дахин судалж шинжлэхдээ гуравдагч этгээд В.Дгийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 43 тоотод байрлах 437 м.кв газрыг өмчлөх хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд шүүх маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлж, олгосон нь хууль зүйн зөрчилтэй хэмээн дүгнэсэн атлаа өмчлүүлэх шийдвэрийг дахин хянан шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин гуравдагч этгээдийн хувьд хуульд заасан шаардлагыг хангуулан өөрийн амьдарч буй газрын хил, заагийг зааглан тогтоож, бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулахгүйгээр газар эзэмших, өмчлөх эрх олж авах нээлттэй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сын Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Дд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/849 дүгээр захирамжийн В.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд В.Дгээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА