Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 86

 

Я.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00805 дугаар шийдвэртэй, Я.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тэнгист холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.Мөнхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Я.Мөнхзаяа миний бие Б.Тэнгисийн хүсэлтээр 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 11 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд Б.Тэнгисээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар үндсэн зээл 11 000 000 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.5, зээлийн гэрээний 2.4-т зааснаар 2015 оны 7 дугаар сарын 08-аас 2016 оны 2 дугаар сарын 08 хүртэл 7 сарын хүү 7 700 000 төгрөг, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 222.6, зээлийн гэрээний 2.7-д зааснаар алданги 150 хоногоор тооцож 1 650 000 төгрөг, нийт 20 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь зээлийн гэрээг надтай байгуулж, 11 000 000 төгрөгийг надаас авсан атал Т.Дэлгэрсайханы мөнгө гэж ярьдаг, энэ бол тусдаа асуудал юм гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.Тэнгис би, нэхэмжлэгч Я.Мөнхзаяатай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч уг гэрээ бодитой хэрэгжээгүй, нэхэмжлэгч Мөнхзаяагаас 11 000 000 төгрөг аваагүй, дүр үзүүлсэн гэрээ тул бид  харилцан ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учраас уг гэрээтэй холбоотой бидний хооронд байгуулсан барьцааны гэрээ мөн хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид барьцаалах эрх үүсээгүй учир барьцааны гэрээ хэрэгжээгүй болно. Тэгэхдээ мөнгийг энэ хүнтэй хамт явж байсан Т.Дэлгэрсайхан гэж хүнээс авсан. Уг мөнгөнөөс 8 000 000 төгрөгийг төлсөн. Тэгэхгүй бол 3 000 000 төгрөгийн гэрээтэй авсан мөнгөнөөс 8 000 000 төгрөгийг өгнө гэж байхгүй.

Т.Дэлгэрсайханаас мөнгө авсан, Я.Мөнхзаяагаас мөнгө аваагүй. Тэгээд ч Я.Мөнхзаяагаас авсан гээд мөнгө өгчихвөл 11 000 000 төгрөг зээлсний төлөө 30 000 000 төгрөг төлөх болчихоод би хохирох гээд байгаа юм. Бид 3 эвлэрлийн гэрээ байгуулах талаар ярьсан. Я.Мөнхзаяа 10 000 000 төгрөгт эвлэрнэ гэчихээд маргааш нь 11 000 000 төгрөгөөр эвлэрье гэхээр нь за гэхэд дахин 12 000 000 төгрөг болоод, 13 000 000 төгрөг болж нэмэгдүүлээд байсан. Энэ хүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тохиолдолд Т.Дэлгэрсайхан мөн л шүүхэд нэхэмжлэл гаргавал би хохирно. Т.Дэлгэрсайхан 11 000 000 төгрөг авсан уу гэхэд хариулаагүй байдаг. Я.Мөнхзаяа 11 000 000 төгрөг авах ёстой гээд хоёр өөр мөнгө болгож нэхээд байгаа юм.

Я.Мөнхзаяа бол Т.Дэлгэрсайханы машиныг бариад л чимээгүй явж байдаг байсан харин шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл энэ мөнгө, зээл гэж ярьж байгаагүй. Т.Дэлгэрсайхан надтай саяхан ярьсан. Би тэгээд чамтай ярих уу Я.Мөнхзаяатай ярих уу, та хоёр хамт ирээд гурвуулаа сууж байгаад эвлэрлийн гэрээ байгуулах тухай хэлэхэд за гэж хэлсэн атлаа ирдэггүй байж шүүх дээр өөр зүйл хэлээд байдаг. Би одоо энэ хэрэгт ялагдлаа гэхэд Т.Дэлгэрсайхан дахин өөр нэхэмжлэл гаргаад ирнэ. Т.Дэлгэрсайхан, Я.Мөнхзаяа хоёр найзууд гэж байсан, одоо найзууд биш гээд байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Тэнгисээс 14 850 000 гаргуулж, нэхэмжлэгч Я.Мөнхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Хариуцагч өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Би 11 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Я.Мөнхзаяагаас биш, харин түүний найз Т.Дэлгэрсайханаас зээлж авсан, гэрч Ж.Нямсүрэн, Б.Өсөхбаяр, Т.Дэлгэрсайхан нарын мэдүүлгээр нотлогдож байгаагийн зэрэгцээ нотариатч Б.Батсүрэн шүүх хуралдаанд “... Мөнхзаяагийн дарамт, шахалтаас болж хуурамч тодорхойлолт бичиж өгсөн. ... Ажил тарах үед зээлийн гэрээ хийлгэнэ гэсэн, хүүхдээ авахаар гарсан хойгуур ... манай туслах үлдэж, гэрээг нь хийсэн. Өгсөн, авсан зүйлийг нь хараагүй” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч бид 2-ын хооронд мөнгө өгч, авалцсан гэх үйл баримт нотлодоогүй байхад анхан шатны шүүх “... гэрч Явгаан, Дамдиндорж нарт хууль сануулж, мэдүүлэг авсан тул гэрчийн мэдүүлгийг бодит байдлыг үнэн зөвөөр тогтоох боломжгүй гэж үзэх үндэслэлгүй юм” гэсэн тодорхой бус, ойлгомжгүй дүгнэлт өгч 2 гэрчийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай илт нийцээгүй гэж үзэж байна.

Гэрчид асуултыг хөтөлж тавьсан. Нэхэмжлэгч Г.Явгаан, А.Дамдиндорж нарт асуулт тавихдаа “2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би Тэнгист 11 000 000 төгрөг өгснийг харсан уу” гэж хуулиар хориглосон хөтлөх аргаар “Тийм” гэсэн хариулт авч, гэрчүүдийн мэдүүлгийн энэ хэсэг нотлох чадвараа алдсан. Түүнчлэн дээрх гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо илэрхий зөрүүтэй байгаа нь хэдийгээр тэдэнд хууль сануулсан боловч мэдүүлэг нь худал гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал гэрчүүд нотариатад хэн, хэнтэй хамт ирснээ зөрүүтэй ярьж байгаа, нотариатчийн өрөөнд зохигчид хаана сууж байсан талаар гэрч А.Дамдиндорж мэдүүлэхдээ зохигчдыг зэрэгцээд сууж байсан гэсэн бол, гэрч Г.Явгаан зохигчдыг өөд өөдөөсөө хараад сууж байсан гэх зэргээр зөрүүтэй мэдүүлсэн.

Шүүх шийдвэртээ “хариуцагч Б.Тэнгис 2 удаа зээлийн гэрээ байгуулж Т.Дэлгэрсайханаас 3 000 000 төгрөг, дараа нь 11 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг шилжүүлэн авч түүний хүүд 8 000 000 төгрөг төлсөн гэж маргасан бөгөөд ...Дэлгэрсайханд 8 000 000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй байна гэжээ. Би 2 удаа нийт 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Я.Мөнхзаяагийн найз Т.Дэлгэрсайханд 6 000 000 төгрөг, 200 000 төгрөг, 100 000 төгрөг, 600 000 төгрөг нийт 6 900 000 төгрөг, үлдэх 1 100 000 орчим төгрөгийг хэсэгчлэн төлсөн болох нь миний өөрийн тайлбар болон гэрч Т.Дэлгэрсайхан, Ж.Нямсүрэн, Б.Өсөхбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байхад шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг бодитой үнэлээгүй. Өөрөөр хэлбэл  хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тал бүрээс нь бүрэн харьцуулаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй нэг талаас нь үнэлээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий гараагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Я.Мөнхзаяа нь хариуцагч Б.Тэнгист холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 7 700 000 төгрөг, алданги 1 650 000 төгрөг, нийт 20 350 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ авагдсан бөгөөд үүгээр хариуцагч Б.Тэнгис нь нэхэмжлэгч Я.Мөнхзаяагаас 11 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 0.1 хувийн алданги төлөх нөхцлийг тохиролцсон байна. /хх-ийн 3-р тал/

Хариуцагч Б.Тэнгис уг гэрээг байгуулсан үйл баримтыг үгүйсгээгүй боловч гэрээний зүйл болох мөнгийг хүлээн аваагүй, харин найз Т.Дэлгэрсайханаас нь авч хүүгийн төлбөрт 8 000 000 төгрөг төлсөн гэх үндэслэл заан маргаж, түүнтэй байгуулсан 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. Гэвч тэрээр уг татгалзал буюу иргэн Т.Дэлгэрсайханаас 3 000 000 төгрөг зээлсэн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна. /хх-ийн 31-р тал /

Түүнчлэн зохигчид өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж харилцан тохиролцож байгуулсан хэлцлийн дагуу нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар шүүхээс хууль сануулж, гэрчээр асуугдсан Г.Ягвааны “Нотариатад Б.Тэнгис, мөн манай хүү байсан, ... ингээд баталгаатай боллоо гээд мөнгөө өгч байсан”, гэрч А.Дамдиндоржийн “Нотариатын үүдээр шагайхад Я.Мөнхзаяа, Б.Тэнгис нар сууж байсан ... Мөнгө тоолоод сууж байсан, хэдэн төгрөг байсныг мэдэхгүй ... Мөнгө тоолж өгч байхыг харсан” гэх мэдүүлгүүд агуулгын хувьд ижил байгааг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч Я.Мөнхзаяа нь 11 000 000 төгрөгийг хариуцагч Б.Тэнгист хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна. /хх-ийн 83-89-р тал/

 

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэл болно.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь зохигчдын тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, уг гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөрт 13 200 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги нэхэмжлэгчийн шаардсан 1 650 000 төгрөгөөс илүү байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүрээнд тооцож, нийт 14 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Т.ТУЯА