Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 551

 

 

 

 

 

 

 

   2020         08           21                                       2020/ШЦТ/551

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/,

хохирогч Б.О,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

__________ овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010009030644 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, _______ овогт Г-ын Э нь ____ оны __ дугаар сарын __-ны өдөр ___________________ төрсөн, __ настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ________ дүүргийн __ дүгээр хороо, _______ дүгээр гудамжны ___ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ________ дүүргийн __ дугаар хороо, ___________хороолол, ___дугаар байрны ___ тоотод оршин суудаг. /РД:__________/.

            Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга

Шүүгдэгч Г.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийгөө хошууч цолтой мөрдөн байцаагч гэж итгүүлэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.О-ын эзэмшлийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөрийн нэр дээр _________ улсын дугаартай болгон шилжүүлэн авч, төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр уг тээврийн хэрэгслийг "Автопрайм" ХХК-нд 4.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж Б.О-т төлбөр төлөхгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б.О тээврийн хэрэгслээ худалдахаар Улаанбаатар хотод ирсэн байна гэж ярьсан. Маргааш нь би Б.О-тай уулзаад өөрийнхөө автомашиныг зарсан учир өөр автомашин авах гэж байгаа талаараа хэлсэн. ...3 дугаар сарын 11-ний өдөр би Б.О-рын автомашиныг авахаар тохиролцоод “Мишээл” экспогийн нотариатын газар гэрээ хийсэн. ...3 дугаар сарын 20-ний өдөр би найз Г-д машин авсан мөнгөний асуудлыг шийдээд өгөөч гэж хэлсэн....санхүүжилт орохгүй байсан учир Б.О-т хүлээж байгаач гэж хэлсэн. Би Г найзаасаа өдөр болгон мөнгө нэхсэн боловч санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн тул түлш авъя гээд хамтдаа түлш аваад худалдсан. Зарим газрууд нь түлш авчихаад мөнгөө өгөхгүй байсан тул Б.О-ыг машинаа өөрийнхөө нэр дээр буцаагаад шилжүүлээд авч бай гэж хэлэхэд мөнгөө авна гэсэн. Тэгэхээр нь мөнгийг чинь өгнө цагдаагийн байгууллагаар яваад хэрэггүй найз Г-с мөнгө аваад өгнө гэж хэлсэн. Б.О, Г-тэй уулзаад гэрээ байгуулсан байсан. ...-Г-ээс мөнгө орж ирэхгүй байсан учир Б.О-ын мөнгийг өгч чадаагүй гэв.

 

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Г.Э-тай 2017 онд Өмнөговь аймагт байхад манай найз цагдаа гэж Г.Э-ын найз надтай танилцуулсан. Түүнээс хойш би Г.Э-тай холбоотой байсан. Би 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Harrier маркийн 2 машинаа худалдан борлуулахаар Улаанбаатар хотод ирсэн. Би 3 дугаар сарын 20-ны өдөр зээл төлөх ёстой болоод байна гээд Г.Э-тай 3 дугаар сарын 10-ны өдөр утсаар ярьж маргааш нь уулзсан. Г.Э миний “Crown” маркийн тээврийн хэрэгслийг авахаар тохирч 3 дугаар сарын 20-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийн мөнгийг өгөхөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Дараа нь би утсаар яриад мөнгөө нэхэхэд цагдаагийн хуралтай байна гээд ярьдаггүй байсан. Мөнгөө өгөхгүй байхаар нь худлаа яриад байхаар нь 4 дүгээр сард хотод ирж уулзаад гэрт нь очиход 5 жилийн өмнө эхнэрээсээ салсан, 4 хүүхэдтэй. Хүүхдүүд байхгүй байна гэж хэлж байсан. Би мөнгөгүй болоод аргаа бараад буцсан. Г.Э-ын Цагдаагийн хувцастай авахуулсан зураг нь одоо хүртэл миний гар утсан дээр байгаа. Г.Э-тай утсаар ярьж мөнгөө нэхэхээр Авлигатай тэмцэх газар хуралтай байна гэх мэтчилэн дандаа худал хэлээд надтай ярьдаггүй байсан гэв.

 

Эрүүгийн 2010009030644 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1.Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Г.Э өөрийгөө хошууч цолтой мөрдөн байцаагч хийдэг ээлжийн амралтаа аваад хажуугаар нь хулгайчийн араас явж байна гэж анх танилцсан. ...хааяа мессэнжэрээр орж Video call хийхэд цагдаа хувцастай хошууч цолтой байдаг байсан. 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирээд ...байж байтал Г.Э надтай утсаар холбогдсон. Би хоёр автомашин зарах гэж байгаа гэдгээ хэлсэн. ...Г.Э-тай “Мишээл” экспо дээр уулзахад өөрийнхөө автомашиныг зарсан учир автомашин авах гэж байгаа чиний машиныг үзье гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний кроун машиныг 17.500.000 төгрөгөөр авахаар тохиролцож гэрээ байгуулсан. ...мөнгийг нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны дотор өгнө гэж хэлсэн. ...би машинаа үлдээгээд явсан. ...Миний автомашин одоо "Автопрайм" ББСБ-нд барьцаанд байгаа гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс шүүлгэж мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

2.Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Г овогтой Э нь худалдах, худалдан авах гэрээтэй _______ улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн машиныг жолоодож ирсэн. Ингээд ____ ӨМҮ дугаар нь автотээврийн үндэсний төвд хураагдаж хүчингүй болоод оронд нь ________ улсын дугаартай болж өөрчлөгдөн манай салбар дээр 4.500.000 төгрөгний барьцаанд тавигдсан. Уг автомашиныг барьцаалж зээл авсан үеэс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Г.Э нь өнөөдрийн байдлаар 5.032.650 төгрөгийн өртэй. барьцаанд тавьсан автомашиныг Г.Э өөрөө унаад явж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

3.Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

О нь 2 машин зарах гэж ирсэн гэсэн. Маргааш нь бид хоёр Хан-Уул дүүргийн Мишээл экспо дээр О бид хоёр уулзсан. Миний бие 4065 ӨМҮ улсын дугаартай машиныг авах болж тохиролцоод тус машин дээр худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны дотор ...гүүрний ажлын мөнгө орж ирэхээр төлнө гэж тохиролцоод хэлцэл байгуулсан юм. О-ын мөнгийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй. ...О-ын машин Зайсанд Г гэх хүний грашид байгаа. Би машиныг Сайн ломбардад 4.5 сая төгрөгөөр тавьсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

 

4."Автопрайм" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ /хх33-37 дугаар хуудас/,

5.2020 оны 03 дугаар сарын 11-ний тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, 4065 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

6.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх19 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх23 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 52 дугаартай цагаатгах тогтооол /хавтаст хэргийн 41-43 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

          1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийгөө хошууч цолтой мөрдөн байцаагч гэж итгүүлэн иргэн Б.О-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, "Автопрайм" ХХК-нд зээлийн барьцаанд тавьж, Б.О-рт төлбөр төлөхгүй залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатараас “...Г.Э-ын үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Гэрээний улмаас үүссэн хохирол уу, гэмт хэргийн улмаас үүссэн хохирол уу гэдгийг тогтоох ёстой. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.Э-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийгөө хошууч цолтой мөрдөн байцаагч гэж итгүүлэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.О-ын эзэмшлийн 40-65 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөрийн нэр дээр 94-41 УВА улсын дугаартай болгон шилжүүлэн авч, төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр уг тээврийн хэрэгслийг "Автопрайм" ХХК-нд 4.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж Б.О-д төлбөр төлөхгүй залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Г.Э өөрийгөө хошууч цолтой мөрдөн байцаагч…гэж анх танилцсан. ...2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний кроун машиныг 17.500.000 төгрөгөөр авахаар тохиролцож гэрээ байгуулсан. ...мөнгийг нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны дотор өгнө гэж хэлсэн. ...би машинаа үлдээгээд явсан. ...Миний автомашин одоо "Автопрайм" ББСБ-нд барьцаанд байгаа гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс шүүлгэж мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

-Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Э нь худалдах, худалдан авах гэрээтэй 40-65 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн машиныг жолоодож ирсэн. ...манай салбар дээр 4.500.000 төгрөгний барьцаанд тавигдсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний бие 4065 ӨМҮ улсын дугаартай машиныг авах болж тохиролцсон...  О-ын мөнгийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй. ...Би машиныг Сайн ломбардад 4.5 сая төгрөгөөр тавьсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/, Автопрайм" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ /хх33-37 дугаар хуудас/,2020 оны 03 дугаар сарын 11-ний тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ гэх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Харин шүүх дараах үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатарын дүгнэлт болох “...Г.Э-ын үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, гэрээний эрх зүйн харилцаа эсэхийг тогтоогоогүй...” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. Үүнд:

Хууль зүйн хувьд “Залилах” гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талыг хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан, үүнийгээ гэрээний нөгөө тал урьдчилан мэдсэн, хохирогч нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг.

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг тул бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Э нь иргэн Б.О-ыг таньдаг урьдын харилцааг ашиглан, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан гэж ойлгуулан худал хэлж, удахгүй төлбөрийг нь төлнө гэж хуурч, буцааж өгөх санаа зорилгогүйгээр автомашиныг нь худалдах, худалдах авах гэрээ гэх баримтыг үйлдэн гэрээгээр халхавчлан автомашиныг шилжүүлэн авч, улмаар шилжүүлэн авсан автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж эд хөрөнгийг нь залилан мэхлэж авсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

            Иймд шүүгдэгч Г.Э-ын үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шууд санаатай, шунахайн сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Г.Э нь Б.О-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.О-ын 17.500.000 төгрөгийн автомашиныг шилжүүлэн авч залилан хохирол учруулсан.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасаны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хуульд зааснаар хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авч, энэ хугацаанд шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.О-ын 40-65 ӨМҮ дугаартай буюу 9441 УАВ улсын дугаартай болж өөрчлөгдсөн Toyota Crown маркийн автомашиныг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатараас “...Г.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эрхийн доголдолгүй бүрэн бүтэн автомашиныг хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан, хувийн байдлын тухайд 3-12 насны 4 хүүхэдтэй, өөрөө ажил хийж амьдарлаа авч явдаг зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзаж, түүнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Э нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн сангийн мэдээлэлд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад 2009 онд гэмт хэрэгт холбогдож байсан байх ба шүүхээс хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байх тул ял шийтгэлгүй гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “... гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

            Шүүхээс шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолтой байна гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд дээрх зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх дүгнэв.

            Тус хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ________ овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасах “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ________ овогт Г-ын Э-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хохирогч Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.О-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН