Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5670

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44Б дугаар байр, 46 тоотод оршин суух, Дэмбэрэл овогт Батхүүгийн Даваасүрэн /РД: ЦВ81090707/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 84 тоотод оршин суух, Сахлаг овогт Чулуунбаатарын Жавхлантөгс /РД: ХН81042912/-д холбогдох,

 

63 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 онд 15 настайдаа Ч.Жавхлантөгстэй танилцаж, 1998 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Ж.Хуланг төрүүлж, 1998 ноос 2008 он хүртэл 10 жил нэг гэр хамт амьдарч байсан. Ч.Жавхпантөгс нь удаа дараа “чи яах гэж амьд явж байгаа юм” гэх мэт хэл амаар доромжлох, гадуур хонох, архи дарс байнга уух, “чамтай би ядуу амьдарч байна, Хулан та 2-оос салвал би баян болно, баяжихын тулд та 2-оос саллаа” гэж, охиныг өсгөлцөж цэцэрлэгт, сургуульд зөөдөг өндөр настай аавыг байнга дарамталж гэрээсээ чирч гарган гадаа хонуулах гэх мэт ааш авир гаргадаг. Охинд их ширүүн ханддаг, том дугарч айлган сүрдүүлж, “төрөх ёсгүй хүүхэд байсан” гэх мэтчилэн харааж загнадаг байсанаас үндэслэн гэр бүл салсан. Төрсөн эгч Ч.Болоргэрэл нь “салчих эгч нь охинд чинь тусална” гэх мэтчилэн олон янзаар амлаж салгасан. Б.Даваасүрэн би 2008 оноос охиноо ганцаараа өрх толгойлон өсгөх гэж тэргэнцэр дээр суусан би маш олон бэрх замыг тууллаа. Ч.Жавхлантөгс нь хүүхдээсээ аль болох зугтан үүрэг хариуцлагаа умартан өөрийн жаргалыг хөөдөг байсан. Түүний төрсөн эгч Ч.Болоргэрэл нь “дүүгээс минь салаад өг, тэгвэл бид тусална, дэмжинэ ганц охиныг чинь газардуулахгүй” гэж байсан боловч хэлсэн үгэндээ огт хүрээгүй. Хэдий ийм байсан боловч би эцэг, үр ,ах, дүүгийн холбоог тасдахгүйн тулд хичээн аль болох уулзуулдаг байсан. Миний бие 2 настайдаа полимолит өвчнөөр өвдөн нуруу нугасны хүнд өвчтэйн улмаас тэргэнцэр дээр явдаг ба хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Сүүлийн 10-аад жил өөрийн охин Ж.Хулангийн хамт, өрх толгойлон, ахынхаа байранд охиноо эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд түрээслэн амьдарч байна. Энэ хугацаанд бид 2 халамжийн 48 500 төгрөг, хүүхдийн 20 000 төгрөгөөс өөр орлогогүй байсан. Өнөөдөр би хөгжлийн бэрхшээлтэй ч өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд өдөр шөнөгүй юм оёх, ТББ байгуулага, хувийн хэвшилийн байгууллагад цагийн болон гэрээт ажил хийж ирсэн. Энэ их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд би охиноо бусдаас дутуугүй хөгжүүлэхэд шаардлагтай төрөл бүрийн сургалтанд хамруулж ирсэн. Гадаад хэл, илтгэх урлаг, усан бассейн, хөгжим, биологи, ой тогтоолт гэх мэт олон төрлийн сургалтуудад тасралтгүй сургаж хөгжүүлж ирсэн. Охины сургалтын төлбөрийг би өөрийн санхүүгийн хэмнэлт, ажил хөдөлмөр эрхлэсэн байдал гэх мэт орлогоос төлж ирсэн. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу охин Ж.Хулан Анагаахын шинжлэх ухаан их сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг ба нэг жилийн сургалтын төлбөр нь 3 150 000 төгрөг тул 6 жилийн нийт сургалтын төлбөрт 18 900 000 төгрөг,  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу орон байртай болгоход шаардлагатай 45 000 000 төгрөг, нийт 63 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охиныхоо эцгийн хувьд өөрийн үүргээ ухамсарлан биелүүлж байсан бөгөөд одоо ч үүргээ биелүүлж байгаа. Би Б.Даваасүрэнтэй хамтран амьдрах хугацаанд аль болох сайн сайхан байлгах гэж хэнээс ч дутаахгүй, юугаар ч дутаалгүй амьдруулж байсан. Б.Даваасүрэн бид 2-ийн хувьд сэтгэл санаа нийлэхээ болж хамтран амьдрахаа больсон хэдий ч би явах үедээ охин болон Б.Даваасүрэнд төрсөн эгчийнхээ 1 өрөө байрыг авч өгч, Б.Даваасүрэнгийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Тэр үед Б.Даваасүрэн тус байрыг авч өгвөл би чамтай хүүхдийн тэтгэлэг болон өөр ямар нэг байдлаар мөнгө нэхэхгүй гэж хэлцэл хүртэл хийж өгч байсан. Хүүхэд одоо 18 насанд хүрсэн тул хүүхдийн сургалтын төлбөр болон орон байрны төлбөрийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь хариуцагч Ч.Жавхлантөгсөд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр болон орон байрны төлбөрт 84 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 63 900 000 төгрөг болгон багасгаж, шаардлагын үндэслэлээ “... охин Ж.Хулангийн Анагаахын шинжлэх ухаан их сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр 3 150 000 төгрөгийг 6 жилээр тооцон, нийт 18 900 000 төгрөг, орон байртай болгоход шаардлагатай 45 000 000 төгрөг, бүгд 63 900 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...охин Ж.Хулан 18 насанд хүрсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн, хариуцагч Ч.Жавхлантөгс нар гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 1998 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Жавхлантөгсийн Хулан төрсөн нь хавтаст хэрэгт авагдсан Ж.Хулангийн иргэний үнэмлэхийн хуулбар болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Талууд гэрлэлтээ бүртгүүлснээс үл хамааран Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба мөн хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заажээ.

 

Ж.Хулан нь 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 18 насанд хүрсэн буюу Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж заасны дагуу эрх зүйн бүрэн чадамжтай болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн цаашид гарах сургалтын төлбөр болон орон байраар хангуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Ж.Хуланг 18 нас хүрэхээс өмнө буюу 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр түүний Анагаахын шинжлэх ухаан их сургуулийн нэг жилийн сургалтын төлбөрийн урьдчилгаанд 500 000 төгрөгийг төлсөн нь Хаан банкны орлогын мэдүүлэгээр нотлогдож  байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар уг зардлын тал хувь болох 250 000 төгрөгийг хариуцагч нь эцэгийн хувьд төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хүүхдийн боловсрол олгоход нэхэмжлэгчээс гарсан зардлын 50 хувь болох 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Жавхлантөгсөөс 250000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх 63 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 8 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН