Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 00102

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ч.Жавхлантөгст холбогдох

 

Хүүхдийн сургалтын төлбөр, орон байрны мөнгө нийт 63 900 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Даваасүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Энхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баттогтох,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 онд 15 настайдаа Ч.Жавхлантөгстэй танилцаж, 1998 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Ж.Хуланг төрүүлж, 1998-2008 он хүртэл 10 жил нэг гэрт хамт амьдарч байсан. Ч.Жавхлантөгс нь удаа дараа “чи яах гэж амьд явж байгаа юм” гэх мэт хэл амаар доромжлох, гадуур хонох, архи дарс байнга уух, “чамтай би ядуу амьдарч байна, Хулан та 2-оос салвал би баян болно, баяжихын тулд та 2-оос саллаа” гэж, охиныг өсгөлцөж цэцэрлэгт, сургуульд зөөдөг өндөр настай аавыг байнга дарамталж гэрээсээ чирч гарган гадаа хонуулах гэх мэт ааш авир гаргадаг. Охинд их ширүүн ханддаг, том дугарч айлган сүрдүүлж, “төрөх ёсгүй хүүхэд байсан” гэх мэтчилэн харааж загнадаг байснаас үндэслэн гэр бүл салсан. Төрсөн эгч Ч.Болоргэрэл нь “салчих эгч нь охинд чинь тусална” гэх мэтчилэн олон янзаар амлаж салгасан. Б.Даваасүрэн би 2008 оноос охиноо ганцаараа өрх толгойлон өсгөх гэж тэргэнцэр дээр суусан би маш олон бэрх замыг тууллаа. Ч.Жавхлантөгс нь хүүхдээсээ аль болох зугтан үүрэг хариуцлагаа умартан өөрийн жаргалыг хөөдөг байсан. Түүний төрсөн эгч Ч.Болоргэрэл нь “дүүгээс минь салаад өг, тэгвэл бид тусална, дэмжинэ ганц охиныг чинь газардуулахгүй” гэж байсан боловч хэлсэн үгэндээ огт хүрээгүй. Хэдий ийм байсан боловч би эцэг, үр ,ах, дүүгийн холбоог тасдахгүйн тулд хичээн аль болох уулзуулдаг байсан. Миний бие 2 настайдаа полимолит өвчнөөр өвдөн нуруу нугасны хүнд өвчтэйн улмаас тэргэнцэр дээр явдаг ба хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Сүүлийн 10-аад жил өөрийн охин Ж.Хулангийн хамт, өрх толгойлон, ахынхаа байранд охиноо эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд түрээслэн амьдарч байна. Энэ хугацаанд бид 2 халамжийн 48 500 төгрөг, хүүхдийн 20 000 төгрөгөөс өөр орлогогүй байсан. Өнөөдөр би хөгжлийн бэрхшээлтэй ч өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд өдөр шөнөгүй юм оёх, ТББ байгуулага, хувийн хэвшилийн байгууллагад цагийн болон гэрээт ажил хийж ирсэн. Энэ их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд би охиноо бусдаас дутуугүй хөгжүүлэхэд шаардлагтай төрөл бүрийн сургалтанд хамруулж ирсэн. Гадаад хэл, илтгэх урлаг, усан бассейн, хөгжим, биологи, ой тогтоолт гэх мэт олон төрлийн сургалтуудад тасралтгүй сургаж хөгжүүлж ирсэн. Охины сургалтын төлбөрийг би өөрийн санхүүгийн хэмнэлт, ажил хөдөлмөр эрхлэсэн байдал гэх мэт орлогоос төлж ирсэн. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу охин Ж.Хулан Анагаахын шинжлэх ухаан их сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг ба нэг жилийн сургалтын төлбөр нь 3 150 000 төгрөг тул 6 жилийн нийт сургалтын төлбөрт 18 900 000 төгрөг,  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу орон байртай болгоход шаардлагатай 45 000 000 төгрөг нийт 63 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

           

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охиныхоо эцгийн хувьд өөрийн үүргээ ухамсарлан биелүүлж байсан бөгөөд одоо ч үүргээ биелүүлж байгаа. Би Б.Даваасүрэнтэй хамтран амьдрах хугацаанд аль болох сайн сайхан байлгах гэж хэнээс ч дутаахгүй, юугаар ч дутаалгүй амьдруулж байсан. Б.Даваасүрэн бид 2-ийн хувьд сэтгэл санаа нийлэхээ болж хамтран амьдрахаа больсон хэдий ч би явах үедээ охин болон Б.Даваасүрэнд төрсөн эгчийнхээ 1 өрөө байрыг авч өгч, Б.Даваасүрэнгийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Тэр үед Б.Даваасүрэн тус байрыг авч өгвөл би чамтай хүүхдийн тэтгэлэг болон өөр ямар нэг байдлаар мөнгө нэхэхгүй гэж хэлцэл хүртэл хийж өгч байсан. Хүүхэд одоо 18 насанд хүрсэн тул хүүхдийн сургалтын төлбөр болон орон байрны төлбөрийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

       Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Жавхлантөгсөөс 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх 63 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 8 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

                 Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэмэлт зардал гаргасан нь Ж.Хуланг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд сурдаг тодорхойлолт, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1 жилийн сургалтын төлбөрийг тодорхойлсон баримтаар нотлогдож байхад эдгээр баримтыг үнэлээгүй. Охин Ж.Хулан нь сургалтын төлбөрөө эцгээрээ төлүүлэх эрхтэй байхад шүүх Иргэний хуулийн 15.1-д зааснаар түүний эрхийг үгүйсгэсэнийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 18 нас хүрснээр хүүхдэд эрх зүйн чадамж үүсэж байгаа болохоос биш Ч.Жавхлантөгсийн хүүхэд гэдэг нь үгүйсгэгдэх үндэслэл биш юм. Эцэг хүүхдийн хоорондын харилцаа насан туршид юу ч салгах аргагүй үнэн зүйл бөгөөд хүүхэд 18 насанд хүрснээс эцэг эхдээ хамааралгүй болж, тэднээс хөндийрөх, эдийн засгийн хувьд бие даах талаарх асуудал эрх зүйн чадамжгүй болсон гэдэг үндэслэлээр шууд үүсэхгүй юм. Шүүхийн үзэж буйгаар хүүхэд 18 насанд хүрч эрх зүйн чадамжтай болсон бол эцэг эх нь сургалтын төлбөрийг нь төлөхгүй байж болохоор шийдвэрлэсэн . Гэтэл мэргэжил эзэмшээгүй, ажил хийдэггүй, өөрийн гэсэн орлогогүй 18 насанд дөнгөж хүрч буй, ээж нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан учраас сургалтын төлбөрийг нь төлөх чадваргүй байгаа Ж.Хуланд төрсөн эцгээс нь өөр сургалтын төлбөрийг төлөх хүн байхгүй. Төлүүлэх эрх нь хуульд заагдсан, байхад шүүхийн шийдвэр үндэслэгүй гарсан бөгөөд түүний Үндсэн хуульд заасан сурч боловсрох үндсэн эрх зөрчигдөхөд хүрч байна. Миний бие суумгай, тэргэнцэртэй, өөрийн гэсэн гэр орон байхгүй, эцэг өөр ахынх нь байранд ээж нь амьдардаг. Уг байранд ээжтэй хамт амьдардаг, охиныхоо сургалтын төлбөрийг олж төлөх боломжгүй байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй. Ч.Жавхлантөгсийн авч өгсөн гэх 1 өрөө байр нь хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг халуун хүйтэн, дулаанаар хангагдсан байр биш бөгөөд 5 сая төгрөгийн үнэтэй, Ч.Жавхлантөгсийн эгч Б.Даваасүрэнд бэлэглэсэн, одоо хүн амьдрах аргагүй, 1 давхар нийтийн байрын 18 м.кв өрөө юм. Уг нотлох баритмыг шүүх үнэлээгүй. Ач холбогдолтой гэж үзээгүй. Шүүхийн шийдвэр Монгол Улсын нэрийн өмнөөс гардаг учраас  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хуульд заасан. Гэтэл шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн хэлсэн тайлбар, хуулийн үндэслэл зэргийг огт дурдаагүй, нотлох баримтыг үнэлээгүй, хууль буруу хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Зохигчид давж заалдах шатны шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь орон сууцны төлбөрт 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ч.Жавхлантөгс нь охин Ж.Хулангийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1-6 дугаар дамжаа хүртэлх жил бүрийн сургалтын төлбөрийг хичээлийн жил бүрийн 8 дугаар сард багтаан төлж байхаар харилцан тохиролцов.  Дээрх буюу одоо суралцаж байгаа сургуулиас өөр сургуульд орсон тохиолдолд төлбөр төлөхгүй гэжээ.   

 

ХЯНАВАЛ:

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг батлан шийдвэрлэх боломжтой байна.

 

          Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь хүүхдийн сургалтын төлбөр, орон байрны мөнгө нийт 63 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Жавхлантөгс эс зөвшөөрч маргажээ.

 

 Анхан шатны шүүх хариуцагчаас 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Гэвч зохигчид харилцан тохиролцож, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан байна.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь орон байрны мөнгө 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ч.Жавхлантөгс нь охин Ж.Хулангийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1-6 дугаар дамжааны сургалтын төлбөрийг хичээлийн жил бүрийн 8 дугаар сард багтаан төлөх, дээрх сургуулиас өөр сургуульд орсон тохиолдолд төлбөр төлөхгүй нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

 Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05670 дугаар хүчингүй болгож, “Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь орон байрны мөнгө 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ч.Жавхлантөгс нь охин Ж.Хулангийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1-6 дугаар дамжааны сургалтын төлбөрийг хичээлийн жил бүрийн 8 дугаар сард багтаан төлөх, дээрх сургуулиас өөр сургуулийн  төлбөр төлөхгүй байх”-аар зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                        

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/27706 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                     ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                              

                                                                                                            Г.ДАВААДОРЖ