Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0005

 

 

Д.Тт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/0358/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий  шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Д.О,

Шүүгдэгч: Д.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Содномдорж, Б.Амаржаргал,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолтой Д.Тт холбогдох 1738003490134 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн  2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Буурал овогт Дын Т, 1996 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: МФ96010834/.

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Аыг баруун гараараа нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Дын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дын Тт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Таас 200.100 /хоёр зуун мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аод олгож, хохирогч нь бусад хохирлоо иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдаж, Эрүүгийн 1738003490134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж давж заалдах гомдолдоо: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дугаар заалтын 3.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл хохирогч М.А мэдүүлэг өгөхдөө өөр өөр зүйлүүдийг ярьдаг.  Тэрээр хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас, 11-14 дүгээр хуудсанд мэдүүлэхдээ “... Тэгээд би гарсан чинь зоогийн газарт орж ирсэн 4 залуу гадаа зогсож байснаа Д.Т гэж залуу ганц юм уучихъя пизда минь гээд зүүн нүд рүү гараараа гал манартал цохисон.” гэж мэдүүлдэг боловч А гэдэг нэрийг багш нар надад хэлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа нь ойлгомжгүй. Мөн А “... намайг зүүн нүд рүү цохисны дараа тийрч, өшиглөж, чулуутай газар хувцаснаас зуурч чирч хувцас урсан.” гэж мэдүүлдэг боловч 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сумын эмчийн тодорхойлолтон дээр А хэлэхдээ “... би нэг цохиулснаас болж юу ч санахгүй байна.” гэж мэдүүлсэн. “Би цохиулсандаа зүгээр байж чадаагүй, шороо цацсан нь үнэн...” гэж мэдүүлж байгаа нь хохирогч хэрэг учралын талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадаагүй байхад анхан шатны шүүх үнэлсэнд гомдолтой байна.

Гэрч Зундуй мэдүүлэхдээ “...Одонжаргал багш тэр үед гарч ирээд та нар яагаад байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь А багш газраас шороо аваад цацаад байсан тэгээд л Т бариад авсан юм.” гэсэн байна. Т цохисон гэх үйлдэл байхгүй байдаг. Анхан шатны шүүх Зундуйгийн өгсөн мэдүүлгээр Т Ариуболдыг зодсон гэж үзсэнд гомдолтой байна.

Гэрч Ренчиндорж мэдүүлэхдээ “...Би халамцуу байсан ба А гаднаас орж ирээд 4 залуу зодлоо.” гэж орж ирсэн. Гэвч тэрээр 2 дахь удаагаа байцаалт өгөхдөө “Би машин дээр очоод хаалгыг нь онгойлгоход А сууж байсан. Би машинд нь орж суугаад харахад Аын зүүн нүд нь хөхөрсөн харагдаж байсан” гэж өөр өөрөөр мэдүүлээд байгааг анхан шатны шүүх үнэлсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.4-т зааснаар Ренчиндорж худал мэдүүлэг өгөөд байхад шүүх түүнд эрүүгийн хариуцлага тооцоогүй. Мөн хэрэг гардаг өдөр А Ренчиндорж хоёр хоорондоо зодолдоод байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Гэрч Одонжаргал мэдүүлэхдээ “...Намайг гараад дэлгүүр ороод ирсэн чинь А 4 залуутай зодолдоод дуусч байсан. Намайг очоод харахад Аын нэг нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн. Би Т, А хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгахад Алимаа багш байсан.” “...А намайг дэлгүүрээс гараад ирэхэд Т намайг зодлоо гэж хэлж байсан юм. ...” гэж зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгааг шүүх нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна.

... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7-д Хэргийн бодит байдлыг тогтоох, 1.15.2-т сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх, 16.2-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг хянан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Тын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо: ...Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-12-12-ны өдрийн 541 дугаартай захирамжаар яллагдагч Д.Т нь хохирогч Аыг зодож хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөр, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэж үзэн прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-р, 17.2-р, 17.3-р, 17.4-р зүйлд заасныг тус тус зөрчсөн. Мөн хуулийн 17.4-р зүйлийн 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэгийг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж заасан байхад энэ хуулийг хэрэглээгүй. Шүүгдэгч Т нь Аын биед хохирол гэмтэл учруулаагүй би зодоогүй, гэм буруугүй, үнэн зөгийг олж тогтоож өгөөч гэж удаа дараагийн мэдүүлгүүдээрээ мэдүүлдэг. Хохирогчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээс үзэхэд ч гэсэн Т надаас огт уучлалт гуйгаагүй, хохирол төлөөгүй гэж мэдүүлсэн байдаг.

...Шүүгдэгч Тын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10-т заасан үндэслэлээр хэрэг болсон тухайн цаг хугацаанд хамт байсан бүх хүмүүстэй нүүрэлдэж мэдүүлэг өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч мөрдөгчийн зүгээс зөвхөн яллагдагчийг хохирогчтой нүүрэлдүүлэн мэдүүлэг авч яагаад бусад гэрчүүдтэй нүүрэлдүүлэх боломжгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн талаараа тодорхойлоогүй нь ойлгомжгүй байдалд хүргэсэн. Харин хохирогч бол тухайн хэрэг болсон өдөр архи хэтрүүлэн хэрэглэсэн, орчны нөхцөл байдлыг ойлгож, зөв тодорхойлох чадваргүй байсан, юу болсон, хэн өөрийг нь цохисон талаар мэдээгүй, дараа нь хүмүүсээс сураглаж байж өөрийг нь хэн цохисон талаар олж мэдсэн гэдэг.

Мөн яллагдагч Тын хүсэлтэд хохирогчтой нүүрэлдэх хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байхад хохирогчтой нүүрэлдүүлэхээр хүсэлтийг хангасан байдаг. Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй. Шүүгдэгчийн гэм буруутай байдлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо ноцтой зөрүүтэй байхад болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчээс мэдүүлэг аваагүй хэргийг шийдвэрлэсэн.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Тыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Аын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь хэрэг гарсан тухайн хугацаатай давхцаж гэрч Ч.Ренчиндорж хохирогч М.А нарын хооронд таарамжгүй харьцаа үүсч Ч.Ренчиндорж нь М.Аыг алгадсан, зодсон, нүүр лүү нь өшиглөсөн, дэвссэн талаар яллагдагч, хохирогчийг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, гэрч Т.Зундуй, Н.Отгонбаяр нарын мэдүүлэг /хх-ийн 16, 26-р хуудас/, Д.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/ зэрэгт тус тус дурдагдсан байна. Мөн хэрэг болоход хамт байсан гэрч н.Энхбаяраас хэргийн талаар мэдүүлэг аваагүй байна. Дээрх байдлуудыг дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан нотолбол зохих асуудал болон гэмт хэргийг хэн үйлдэж, хохирогч М.Аын биед гэмтэл учруулсныг тогтоох нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5, 1.6 дахь заалттай нийцнэ.

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.27-ны өдрийн 647 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...М.Аын биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, эрүү чихний ар хэсэг баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. Хохирогчийн биед хэд, хэдэн тооны гэмтэл учирсан талаар дүгнэлтэд тусгасан атлаа эдгээр гэмтлүүдийн аль гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ямар заалтаар хөнгөн гэмтэлд хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтэд тодорхой заагаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2017.11.30-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдоржоос “...шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоолгох, хэргийн газарт үзлэг хийлгэх, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаалт авахуулах...” зэрэг хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийг дахин явуулж, дээр дурдсан байдлуудыг нэмж тодруулан шүүгдэгч Д.Тын үйлдэл Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаад бодитой хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1-1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Тт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ