Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Нын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар

Нэхэмжлэгч: Э.Н

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай Сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, Баян-Уул сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0052/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Н нь Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай Сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, Баян-Уул сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г, 25 дугаар зүйлийн 25.4, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Энхбатын Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Э.Нт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 4,859,470 /дөрвөн сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхээс хэрэгт хууль зүйн ач холбогдол бүхий байдлыг буруу тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Анхан шатны шүүх дараах үндэслэлээр тус тус дүгнэлт хийсэн Үүнд:

3.3. Маргаан бүхий тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байгаа тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг тусгаарлаж, хариуцагч Баян Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр баталсан гэж дүгнэжээ.

3.3.1. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа маргаан бүхий тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоол бүрэн биелэгдсэний дараа хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан.

3.3.2. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д "Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтооx;" захиргааны актын үйлчлэл дуусгавар болох нөхцлүүдийг тодорхойлж, шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг тодорхойлсон байхад хэргийг тусгаарласан нь хууль зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлж, дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн эсэх нь ойлгомжгүй.

3.4.Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг даргыг огцруулахаар санал уламжлах талаарх ажиллагаагаа дээр дурдсанаар хууль бус, зохих журмын дагуу явагдаагүй гэж үзэж хүчингүй болгосон тул Засаг даргын захирамжийг хуульд нийцнэ гэж дүгнэх үндэслэлгүй гэжээ.

3.4.1. Захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байх ёстой. Мөн Сумын Засаг даргыг огцруулах захирамжийг баталсан захиргааны байгууллага буюу Захиргааны ерөнхий хуулийн 92-96 дугаар зүйлд эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл гомдол гаргах болон шийдвэрлэх журмыг тогтоосон.

3.4.2. Баян-Уул сумын Засаг даргаас Б.Б чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоолоор чөлөөлөх санал, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрээ хариуцагчид ирүүлээгүй.

3.4.3. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 32.3 дахь хэсэгт хариуцагч аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг чөлөөлөх, томилох, захирамж шийдвэрээ өөрчлөх, буюу хүчингүй болгох бүрэн эрхтэй байтал Засаг даргыг огцруулах, чөлөөлөх хууль зүйн боломжгүй талаар дүгнэлт хийсэн нь Засаг даргын бүрэн эрхийг үгүйсгэсэн.

Иймд хэрэгт хууль зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

2.1. Хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.7 болон тус аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Э.Ныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

2.2. Харин Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор “...аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/937 албан бичгээр ирүүлсэн саналыг ... хэлэлцэж ... Э.Ныг огцруулсугай.” гэж шийдвэрлэсэн бөгөөд тухайн аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/937 албан бичгээр Засаг даргыг огцруулах санал хүргүүлсэн хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” 32.4-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө.” гэж зааснаар аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах хүсэлтэй бол саналаа зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх бөгөөд саналд үндэслэн шийдвэр гаргана.

2.4. Хэдийгээр хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргаас дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж маргаан бүхий актыг гаргасан боловч захирамжийн үндэслэл болсон Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг, мөн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд мөн 32 дугаар тогтоолоор Баян-Уул сумын Засаг даргаар томилогдсон Б.Бийг Засаг даргаас чөлөөлөх саналыг аймгийн Засаг даргад уламжилсан байна.

2.5. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрээ хариуцагчид ирүүлээгүй” хэмээн тайлбарлаж байх ба анхан шатны шүүх шууд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргыг огцруулах шийдвэрээ хүчингүй болгосон буюу санал гаргаагүй гэж үзэхээр байхад аймгийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд дангаар шийдвэр гаргасан нь буруу гэх утгаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

2.6. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар захиргааны хэргийн шүүх маргааны нөхцөл байдлыг тодруулах, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байтал уг маргааныг хянан шийдвэрлэхдээ Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон, мөн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн эсэх талаарх нотлох баримтыг цуглуулж, хэрэв хүргүүлсэн бол хариуцагчаас ямар шийдвэр гаргасан талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулсны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх ёстой байжээ.

3. Ийнхүү дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцааж, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУнГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА