Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0821/З |
Дугаар | 221/МА2022/0277 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2022/0277
“ИБТ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д.Г
Гомдол гаргагч “ИБТ” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Г
Гомдлын шаардлага: “ИБТ ХХК нь тус шүүхэд хандан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Д.Г-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 128/2021/0821/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “ИБТ” ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Г-д холбогдуулан ““ИБТ” ХХК нь тус шүүхэд хандан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Д.Г-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр:
2.1. “...Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ИБТ ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Г-ийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Д.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1.1. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан, эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 78 тоот тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын 10 дугаарт "... Хүнсний нэрийн гол бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосугай." гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын хамтран баталсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/53 тоот удирдамжийн дагуу мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц хангамж, үнийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг Баянгол дүүрэгт байрлах “ИТ” ХХК-ийн Т хүнсний захын удирдлагад хүлээлгэн өгөх байсан атал захын эрүүл ахуйч Э.Б манай захирал Баянхонгор явсан тул надад хүлээлгэн өгч болно гэсний дагуу Э.Бд гардуулан өгсөн байдаг.
3.1.2. Албан шаардлагын хүрээнд хяналт шалгалт хийхэд үхрийн махыг урд өдөр нь 8500 төгрөгөөр худалдаалж байсан гэтэл хөл хорио тогтоосон өдөр үхрийн махыг 10500 төгрөгөөр худалдан борлуулж байсан зөрчил илэрсэн. Тус хүнсний захын эрүүл ахуйч Э.Бгаас тайлбар авахад манай зах үхрийн мах 10500 төгрөгөөр худалдаж байсан яг энэ үнээрээ зарагдаж байгаа гэв. Гэтэл хөл хорио тогтоохоос өмнөх өдрүүдэд үхрийн мах 8500 төгрөгөөр худалдаж байсныг махны лангуу түрээслэгч Ж.О тайлбар өгсөн ба үхрийн махны үнийг зах зээлийн дундаж ханшид нийцүүлэн хэрэглэгчийг боломжит үнэ бүхий махаар хангаж ажиллах талаар улсын байцаагч шаардлага тавихад үхрийн махны үнийг буулгах боломжгүй гэх тайлбар өгснийг тэмдэглэлээр баталгаажуулж, махны үнэ өсгөж худалдан борлуулсан худалдагчаас мэдүүлэг, зарлагын баримт зэргээр баталгаажуулсан.
3.1.3. Дээрх өдөр хөл хорио тогтоох шийдвэр гарсан үүнийг далимдуулан “ИТ” ХХК-ийн "Т” зах Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлээгүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчдийг хохироож байгаа үйлдэлд нь Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан.
3.2. Хариуцагчийн үйл ажиллагааны үндэслэлийн тухайд:
3.2.1. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр /Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үе/ гарсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэр уг тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлагыг “ИБТ" ХХК-ийн Т хүнсний захад хүргүүлж зөвлөмж, шаардлагыг урьдчилан танилцуулж сануулсан.
Тухайн өдөр "ИБТ” ХХК-ийн Т хүнсний захын менежерт хүлээлгэн өгсөн боловч тус компани нь онцгой цар тахлын үетэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргааны байгууллагаас хүргүүлсэн албан шаардлагыг хангаж ажиллаагүй удаа дараа махны үнийг хөөрөгдөж худалдаж иргэдийг хохироосон. Хүнсний захын эрүүл ахуйч Э.Б-аас танай байгууллагын эрх бүхий албан тушаалтны нэр, утасны дугаар, хууль ёсны төлөөлөгчийн нэр зэргийг шаардахад манай захирал байхгүй би төлөөлж тайлбар өгөх бүрэн эрхтэй гэсний дагуу холбогдогчоор татан мэдүүлэг, тайлбар авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж “ИБТ” ХХК-д шийтгэл оногдуулсан.
3.3. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хусэлтийн тухайд:
3.3.1. Гомдол гаргагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дэх хэсэгт “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Мөн энэ хуулийн 26.2 дэх хэсэгт “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж тус тус заасан
3.3.2. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/27 тоот албан бичигт “Манай компаниас энэхүү шийтгэлийн хуудсыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс мэдсэн болно” гэж дурджээ. Гэвч холбогдогч болох “ИБТ” ХХК-ийн эрүүл ахуйч Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудастай танилцсан болох нь зөрчлийн хэргийн 22 дахь талд авагдсан тус шийтгэлийн хуудас дээрх гарын үсэг бүхий тэмдэглэлээр нотлогдсон бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо хүлээн зөвшөөрдөг.
Мөн “ИБТ” ХХК-ийн эрүүл ахуйч Э.Б нь “захирал 3.П 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой тус компанид 20,000,000 төгрөгний торгууль оногдуулсан талаар мэдсэн бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт очиж уулз гэж намайг маргааш өдөр нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр явуулсан” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй буюу мэдсэн гэж үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.
Түүнчлэн гомдол гаргагч нь улсын байцаагчийн тус шийдвэрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Өрсөлдөөний тухай хуулийн 26.1.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1305 тоот албан бичгээр хариу өгсөн.
“ИБТ” ХХК-ийн үндсэн ажилтан эрүүл ахуйч мэргэжилтэй Э.Б нь шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж гардаж авсан, шийтгэлийн хуудас гарсан даруй гомдол гаргагчийн эрх бүхий албан тушаалтан болох захирал 3.П зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар гаргах, хүсэлт гаргах, гомдол гаргаж шийдвэрлүүлэх зэрэг эрх нь нээлттэй байсан бөгөөд уг эрхийнхээ дагуу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр "Гомдол гаргах тухай" 02/27 дугаартай албан бичгээр гомдол гаргасан нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
Иймд хуульд заасан эрхийг эдлүүлэх бүхий л боломжоор хангаж, хялбаршуулсан журмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Г-ийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан, эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын мөн оны 20 дугаартай тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдахаас сэргийлж хяналт тавих үүргийг олгосон тул иргэдээс ирүүлсэн махны үнэ өсгөж зарсан гэх гомдол мэдээллийн дагуу хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Т” хүнсний захад мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц хангамж, үнийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийжээ.
2.2. Уг шалгалтаар “ИБТ” ХХК-ийн “Т” хүнсний зах нь үхрийн махыг урд өдөр нь 8500 төгрөгөөр худалдаалж байсан ч хөл хорио тогтоосон өдөр үхрийн махыг 10500 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн бөгөөд үүнийг гомдол гаргагчаас эс зөвшөөрч маргаж байна.
2.3. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” гээд мөн зүйлийн 4.7 дахь заалтад “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
2.4. Энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагчаас иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу дээрх өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн буюу махны үнэ өсгөж зарсан хэмээх зөрчил илрүүлсэн байх боловч шийтгэл оногдуулах этгээдийг болон зөрчил гаргагч тухайн зөрчилд ямар үүрэг хариуцлага хүлээсэн болохыг бүрэн тодруулах нь зүйтэй байжээ.
2.5. Тодруулбал “Т” хүнсний захад махны лангуун дээр үхрийн махыг урд өдөр нь 8500 төгрөгөөр худалдаалж байсан атлаа хөл хорио тогтоосон өдөр үхрийн махыг 10500 төгрөгөөр худалдан борлуулж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд улсын байцаагчаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар шийтгэл оногдуулах этгээдийг зөв олж тодруулаагүй байна гэж үзлээ.
2.6. Учир нь гомдол гаргагч “ИБТ” ХХК-ийн “...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглээгүй, манай компани зөвхөн лангуу түрээслүүлдэг, өөрөө мах болон бусад бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэггүй, түрээслэгч нарын худалдаалж байгаа махны үнийг тогтоох, үнэд нөлөөлөх, үнийн талаар санал өгөх эрх хэмжээ тус компанид байхгүй ...” хэмээн тайлбарлаж байх ба нэгэнт гомдол гаргагч хуулийн этгээд нь тухайн захад зөвхөн лангуу түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг бол лангуу түрээслэгч нарын үнэ өсгөж мах худалдаалсан үйлдэлд нөлөөлөөгүй, нөлөөлөх боломжгүй гэх нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шууд зөрчил гаргасан хэмээн хариуцагчаас үзсэн нь буруу бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
2.7. Хэдийгээр хариуцагчаас давж заалдах гомдолдоо “Т” хүнсний захын эрүүл ахуйч Э.Б шалгалт хийх явцад манай зах үхрийн мах 10500 төгрөгөөр худалдаж байсан яг энэ үнээрээ зарагдаж байгаа хэмээн мэдүүлсэн гэж тайлбарлах боловч үүнийг ханш зориудаар өсгөсөн биш харин тухайн зах дээрх мах худалдах үнийг мэдээлсэн гэж үзэхээр байх тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
2.8. Мөн хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гээд мөн зүйлийн 1.2 дахь заалтад “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж зааснаар “ИБТ” ХХК-ийн аливаа төлөөлөх эрхтэй этгээдийг хянан шалгах ажиллагаанд оролцуулаагүй болох нь тогтоогдож байх ба анхан шатны шүүхийн “..., хууль ёсны төлөөлөгч биш этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, улмаар түүнд шийтгэлийн хуудсыг гардуулсан..” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.
2.9. Өөрөөр хэлбэл хуульд заасан шаардлагыг хангуулан хяналт шалгалт хийх үүргийг улсын байцаагч биелүүлэн ажиллах ёстой бөгөөд гомдол гаргагчийн төлөөлөх эрх бүхий этгээдийн хаяг, утас олох боломжгүй бөгөөд төлөөлөх эрхтэй хэмээн амаар тайлбарласан этгээдийг хянан шалгах ажиллагаанд оролцуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа болжээ.
2.10. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох гомдлын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай.
2.11. Хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн хэмээн тайлбарлаж байх боловч өмнө дүгнэсэнчлэн хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг зохих этгээдэд гардуулаагүй ба харин гомдол гаргагч “ИБТ” ХХК-ийн хувьд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1305 тоот албан бичгээр “ИБТ” ХХК-ийн гомдолд хариу өгсөн учир 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасанд анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байхгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА