Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5947

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрчний баруун бүс, /16-102/-22 тоот хаягт байрлах, “Ихбиндэр хайрхан” ХХК /РД: 2612259/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Хөтөл тэлмэн констракшн” ХХК /РД: 5716101/-д холбогдох,

 

325 392 851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ихбиндэр хайрхан” ХХК-ийн төлөөлөгч Д.Адъяахүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ихбиндэр хайрхан” ХХК нь “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2015/05 тоот “Худалдах. худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч тал болох манай компани РС /Пи Си/ төрлийн хүнд бетоны нэмэлтийг 1 тн-ыг хөнгөлөлттэй үнэ болох 2 752 860 төгрөгөөр худалдан авагч талын захиалгыг үндэслэн нийлүүлэх, “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь 15 хоног тутам тооцоо нийлж, төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь 2015 онд захиалга хийж, нийт 312 219 600 төгрөгийн бетоны нэмэлт бүтээгдэхүүн авсан. Худалдан авагч 2015 онд 13 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 124 390 000 төгрөгийг бартерын хэлбэрээр төлж, нийт 137 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2014 онд нийт 8 890 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны төлбөрийн үлдэгдэл 8 890 000 төгрөгийг хасч тооцсоноор 2015 оны худалдан авалтын төлбөрөөс 128 500 000 төгрөг төлөгдөж, нийт 183 719 600 төгрөг төлөгдөөгүй байгаа. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч төлбөрийг төлөөгүй. Гэрээний 3.4-д “Хэрэв Б тал гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж заасан ба алдангийн хэмжээ 2014 онд 5 824 000 төгрөг, 2015 онд 182 331 177 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын байдлаар 42 255 508 төгрөг, нийт 230 410 985 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүн болох 183 719 600 төгрөгийн 50 хувь болох 91 859 800 төгрөгийн алданги тооцож, үлдэгдэл төлбөр 183 719 600 төгрөг, алдангид 91 859 800 төгрөг, нийт 275 579 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ихбиндэр хайрхан” ХХК-ийн төлөөлөгч Д.Адъяахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг бараа нийлүүлснээс хойш 15 хоногийн дараа төлж байхаар харилцан тохиролцсон хэдий ч худалдан авагч нь гэрээгээр хүлээн үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй байсаар 183 719 600 төгрөгийн хуримтлал үүссэн. Төлбөрөө төлөхийг амаар болон бичгээр шаардахад төлбөрөө төлөх боломжит хугацаа олгохыг удаа дараа хүсч байсны дагуу манай компани хариуцагчид хангалттай хугацааг өнөөдрийг хүртэл олгосон боловч төлбөрийг төлөөгүй. Худалдан авагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь их хэмжээний худалдан авалт хийгээд төлбөрөө хугацаанд нь төлөлгүй хуримтлал үүсгэснээс болж манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, доголдоход хүрсэн ба бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд материалын дутагдалд орж, компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж ирсэн. Энэ үед хариуцагч нь төлбөрөө удахгүй төлнө гэж байсан тул яаралгай санхүүжилт олохын тулд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай ЗГ1470006915 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 183 334 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж авч, зээлийн гэрээний шимтгэлд 550 000 төгрөг, өнөөдрийг хүртэлх 9 сарын хугацааны зээлийн хүүгийп төлбөрт нийт 7 877 505 төгрөг, нийт 8 427 505 төгрөгийг төлөөд байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохиролоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу “Хөтөл тэлмэн констракш” ХХК-иас үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн хохиролд зээлийн гэрээний шимтгэлд төлсөн 550 000 төгрөг, өнөөдрийг хүртэлх 9 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 7 877 505 төгрөг, нийт 8 427 505 төгрөгийг 275 579 400 төгрөгийн хамт нийт 284 006 905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ихбиндэр хайрхан” ХХК-ийн төлөөлөгч Д.Адъяахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг бараа нийлүүлснээс хойш 15 хоногийн дараа төлж байхаар харилцан тохиролцсон хэдий ч худалдан авагч нь гэрээгээр хүлээн үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй байсаар 183 719 600 төгрөгийн хуримтлал үүссэн. Хариуцагч сүүлчийн төлбөр хийх өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөхгүй хохироож байна. Манай компани Бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, худалдан авагч нартаа нийлүүлдэг. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд, материал нь манай улсад байдаггүй бөгөөд БНСУ-ын “КМВ” ХХК-иас гэрээний дагуу ам.доллараар худалдан авдаг. Төлбөрийг Хас банкны сүлжээгээр дамжуулан шилжүүлэг хийх бүрт зохих хэмжээний ам.долларын шимтгэл төлөн худалдагч БНСУ-ын “КМВ” ХХК-ийн дансруу шилжүүлдэг. “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь төлбөрийн үүргээ хугацаанд гүйцэтгээгүйн улмаас манай компани маш их алдагдалд орж байгаагийн нэг нь өнөөдрийн ам.долларын өсөлт болоод байна.  Хариуцагчийн төлбөр гүйцэтгэх үеийн буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ам.долларын Монгол банкнаас зарласан ханш 1991.89 төгрөг байсан бол 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2 446.56 төгрөг болж 1 ам.доллар дээр 455 төгрөгийн зөрүү гарч байна. Ам.доллараар бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг худалдаж авдаг бидний хувьд хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шууд хамааралтай хохирол учраад байна. Хэрэв хариуцагч гэрээний үүргээ биелүүлэн төлбөрөө хугацаанд нь төлсөн бол тухайн үед 92 234 ам.доллар худалдан авч түүгээрээ түүхий эд худалдан авч, тэр хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ өсөх, ашиг нэмэгдэх байсан. Хэрэв хариуцагчийг өнөөдөр үүргээ гүйцэтгэн төлөх ёстой төлбөр буюу 183 719 600 төргөгийг төлсөн гэж үзэн өнөөдөрийн ханшаар ам.доллар худалдан авна гэж үзвэл 75 093.03 ам.доллар худалдан авч 17 141 ам.долларын алдагдал хүлээж, үүнээс үүдэлтэй түүхий эд худалдан авалтын хэмжээ багасаж түүгээр үйлдвэрлэн худалдаалах бүтээгдэхүүний хэмжээ буурч энэ хмжээгээр бодит хохиролууд учиран алдагдал хүлээгээд байна. Гэтэл хариуцагч үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд цаашид хэр хугацаагаар сунахыг тооцоолох боломжгүй байна. Учир нь энэ бүхэн зөвхөн хариуцагчаас шалтгаалж хугацаа алдаж байгаа. Гэвч бид энэ бүхнийг тооцолгүйгээр зөвхөн ханшын зөрүүнээс үүссэн хохиролыг хамгийн сүүлчийн худалдан авалтын хугацаанаас тооцон 17 141 ам.доллар буюу энэ өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохиролоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу үүргээ хугацаанд гүйцэтгээгүйн улмаас учирсан ханшийн зөрүүнд нийт 41 935 946 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-иас нийт 325 392 851 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2015/05 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г “Их Биндэр Хайрхан” ХХК-тай төлбөрийн нөхцлийг нь бартераар хийхээр тохиролцож байгуулсан. Уг гэрээний дагуу төлбөрөө хэвийн төлж барагдуулж байсан. 2015 онд 124 390 000 төгрөгийг бартерын хэлбэрээр төлж, мөн 13 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Гэтэл барилагын салбар хямралд орж зогсонг байдалтай болсоноор төлбөрөө төлөх боломжгүйд хүрсэн. Зуурмагын үйлдвэр нь өөрөө өвөл үйл ажилгаа явуулах боломжгүй онцлогтой тул жилийн тэн хагаст нь буюу 6 сар бүтээгдхүүн үйлдвэрлэлгүй сул зогсдог.  “Их Биндэр Хайрхан” ХХК-иас төлбөрөө төлөхийг шаардсан албан бичиг манайд ирүүлээгүй ба гэнэт шүүхэд өгчихсөн байсан. Шүүхэд байсан бүхийл хугацаанд эвлэрхийг бид санал болгон зуны турш зуурмаг юмуу байр авахыг хүсэж олон янзаар хувилбар өгч байсан. Эцэст нь эвлэрүүлэн зуучлагч дээр хүртэл төлбөрийг бэлэн мөнгөөр бус бартераар төлөх саналуудыг гаргасан ч манай байгууллагатай эвлэрхийг хүсээгүй. Манай байгууллагын хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний үлдэгдэл болох 183 719 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ч алданги 91 859 800 төгрөг, мөн нэхэмжлэгч банкнаас авсан зээлийн гэрээний хүүнд төлсөн төлбөр болон шимтгэлийн төлбөрт төлсөн нийт 8 427 505 төгрөг, түүнчлэн, ам.долларын ханшны зөрүүний 41 935 946 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь бидний төлөөгүй төлбөрөөс болж нэхэмжлэгч банкнаас зээл авсан, мөн бид төлбөрийг төлөөгүйгээс болж ам.долларын ханш өсөж нэхэмжлэгч хохирсон гэж үзэх боломжгүй. Харин алдангийн хувьд хэт өндөр байх тул шүүх алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ихбиндэр хайрхан” ХХК нь хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үлдэгдэл төлбөрт 183 719 600 төгрөг, алданги 91 859 800 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 50 363 451 төгрөг, бүгд 325 392 851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...алдангийн хэмжээг илт их, ...хохирол учирсан нь тогтоогдохгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Гэрээний үндсэн төлбөрт 183 719 600 төгрөг, алданги 91 859 800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 2015/05 дугаартай “худалдах, худалдан авах гэрээ”-ээр /цаашид “гэрээ” гэх/ худалдагч “Ихбиндэр хайрхан” ХХК нь худалдан авагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-д захиалгын дагуу ПиСи төрлийн бетон зуурмагийн нэмэлтийг 2 752 860 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор төлбөрийг барагдуулах, уг төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон худалдах-худалдан авах гэрээгээр нотлогдож байна. Түүнчлэн, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргаагүй байна.

 

Гэрээний агуулга, зүйл, нөхцөл, шинж, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиалгын дагуу биет байдлын доголдолгүй ПиСи төрлийн бетон зуурмагийн нэмэлтийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохиролцсон буюу гэрээний хавсралт 1-д заасан үнээр тооцон төлбөрийг төлж, барааг хүлээн авах үүрэг хүлээнэ. Уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэрээнд заасан бүтээгдэхүүний тоо, хэмжээ, чанарын талаар болон хүлээн авсан эсэхэд хариуцагч маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ...хөрөнгө, бараа бэлтгэн нийлүүлэх” гэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч гэрээний үндсэн төлбөрт 183 719 600 төгрөг төлөөгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан “тооцооны үлдэгдэлийн баталгаа”-аар нотлогдож байхаас гадна хариуцагч нь уг төлбөрийг үгүйсгэн маргаагүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлнө” гэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үүрэгт үлдэх төлбөр 183 719 600 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 3.4-т “Бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор төлбөрийг барагдуулна. Дээрх хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, талууд алдангийн талаар гэрээгээр тохиролцсон байна. Гэрээний 3.4-т зааснаар хариуцагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар гэрээний төлбөрт 183 719 600 төгрөгийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч нь алданги тооцох хугацаа болон хэмжээг 2014 онд 5 824 000 төгрөг, 2015 онд 182 331 177 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын байдлаар 42 255 508 төгрөг гэж тодорхойлсон боловч талуудын хооронд 2014 оноос 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, мөн алдангийн талаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна. Хэдийн тийм боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “алдангийн тооцоо” гэх баримтаар үлдэгдэл төлбөр болох 183 719 600 төгрөгийн алдангийн хэмжээ нь гэрээ байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын байдлаар нийт гүйцэтгээгүй үнийн дүн 183 719 600 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн байх тул нэхэмжлэгч нь 183 719 600 төгрөгийн 50 хувь болох 91 859 800 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...алдангийн хэмжээг илт их байна,...багасгаж өгнө үү” гэж тайлбар гаргасан бөгөөд хэргийн нөхцөл байдал болон үндсэн төлбөрийн үлдэгдэлийн хэмжээ зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алдангийн хэмжээ 91 859 800 төгрөгийг 50 000 000 төгрөг болгон багасгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

2. Хохиролд зээлийн гэрээний шимтгэлд төлсөн 550 000 төгрөг, 9 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 7 877 505 төгрөг, нийт 8 427 505 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хавтаст хэрэгт Хасбанк болон нэхэмжлэгч нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэх ЗГ1470006915 дугаартай зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдэгч буюу нэхэмжлэгч нь 183 334 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 20.4 хувийн хүүтэй Хасбанкнаас зээлсэн байна. Түүнчлэн, Хасбанкны дансны хуулгаар зээлдэгч “Ихбиндэр хайрхан” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн хүүнд нийт 7 887 505 төгрөг төлсөн баримт авагдсан байх бөгөөд харин зээлийн гэрээний шимтгэлд 550 000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч нь банктай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс банкны зээлийн хүүгийн төлбөрт болон зээлийн шимтгэлд төлсөн нийт 8 427 505 төгрөгийг гэрээний буюу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохиролд 8 427 505 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

3. Хохиролд ам.долларын ханшны зөрүү 41 935 946 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хавтаст хэрэгт Хасбанкны гадаад гуйвуулгын маягт болон Монголбанкны ам.доллар төгрөгтэй харьцах ханшны лавлагаа авагдсан байна. Гадаад гуйвуулгын маягтад бичигдсэн зүйлс нь гадаад хэлдээр бичигдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасантай нийцээгүй байна. Иймд дээрх баримтыг шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлэх боломжгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэлд дурдсан “...БНСУ-ын “КМВ” ХХК-иас гэрээний дагуу ам.доллараар худалдан авдаг” гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид ам.долларын ханшны зөрүүнээс 41 935 946 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохиролд 41 935 946 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 233 719 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91 673 251 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-иас 233 719 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ихбиндэр хайрхан” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91 673 251 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хяналан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 053 547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 326 548 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН