Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 962

 

   2020           08            28                                           2020/ШЦТ/962     

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

            улсын яллагч Ц.Ариунтуяа,

            иргэдийн төлөөлөгч С.Хонгорзул,

            шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн  дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл ганцаараа суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б Г овогт Ц Д ()

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Д.Б өмөөрлөө” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Б.Бгазар унагааж байгаад толгой болон хөл рүү нь хөлөөрөө өшиглөж дэвсэж зодож цохин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, онц харгис хэрцгийгээр олон тооны гэмтэл буюу “гавлын зүүн зулай, чамархайн цөмөрсөн, баруун зулай руу үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн өвдөгний тойг ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, нүүр, баруун шуу, хэвлийд зулгаралт” бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан,

-мөн 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “би та нарын уух юмыг бэлдэж байна” гэх шалтгааны улмаас Д.Бийн толгой руу нь архины шилээр цохиж, хөлөөрөө өшиглөж түүнийг зодож “зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан 0.5-1.5 см зузаан, тархины оройгоос суурийг хамарсан хурц субдураль цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи дарагдал, тархи доргилт" бүхий гэмтэл учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр нэг цаг хугацаанд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр хүний машиныг янзалж байгаад ойрхон болохоор нь хохирогчийн гэрт очсон. Мөнгөгүй байсан тул архи авч очоогүй. Хохирогчийг архины шилээр цохисон зүйл байхгүй. Бтэй маргалдсан, мөн Бийн биед гэмтэл учруулаагүй...” гэв.  

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө О /О.О/, Б /Д.Б/, Д /Ц.Д/ бид нар хүнсний дэлгүүрийн тэнд 2 шил архи хувааж уугаад манай гэрт бид нар очсон. Дахин 2 шил архи хувааж уусан. Тэгээд цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн гэмтэл согог судлалын төвд ухаангүй сэрсэн...Намайг хамт архи ууж байсан Д /Д/ зодож, цохисон. Би толгойны хагалгаанд орж хөлөө гипсдүүлсэн. Миний бие муу байгаа, байнга эмнэлгийн хяналтад байгаа...Одоогоор эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг гарсан цаашдаа хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)

           

2. Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө О, Б, Д бид хамтаар гадуур явж сав, лааз түүж тушаачхаад “Өрнөх” хүнсний дэлгүүрээс 0.75 грамм архи аваад бид хэд “Өрнөх” хүнсний дэлгүүрийн тэнд хувааж ууж дуусчхаад Д ганцаараа өөр тииш явлаа гээд яваад өгөхөөр нь О, Б бид гурав Бийн гэр рүү явах замдаа дэлгүүрээс 1 шил 0.5 литр “Сүлд” нэртэй архи аваад очсон. Тэгээд бид гурав нөгөө архиа хувааж ууж дуусчхаад унтаад өгсөн. Тухайн үед архи уучихсан, Б бид хоёр тасарчхсан унтаж байсан. Өглөө боссон чинь толгой өвдөөд байна гэсэн чинь О шөнө Д ирээд Б та хоёрыг зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн. Бийн нүүр хавдчихсан. Миний толгой өвдөөд байсан. Б бие өвдөөд байна гэхээр нь О бид хоёр шил лааз авдаг С эгч дээр очоод Бийн бие муу байна гээд хэлсэн чинь түргэн дуудаж өгөөд үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. Би өөрийгөө нээх тоогоогүй зүгээр болох байх гээд бодоод яваад байсан. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр О бид хоёр гадуур явж байгаад гэнэт ухаан алдаад унаад өгсөн. Тэгээд О С эгчид хэлээд түргэн дуудаж үзүүлээд гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ байж байсан чинь дахиад ухаан алдахаар нь манай дүү Ц түргэн дуудаж үзүүлсэн чинь тархиндаа гэмтэлтэй байна гээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан...Хамт байсан О хэлэхдээ Д шөнө согтуу орж ирээд Б та хоёрыг зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн...Д урьд өмнө бид хоёрыг цохиж зодож байсан гэхдээ ингэж хэвтэрт ортол зодож байгаагүй. Нэг л удаа цохиж зодож байсан...Одоогоор эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг гарсан цаашдаа хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна...би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дугаар хуудас),

 

            3. Гэрч Т.Зын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

             “...манай эмнэлэгт 18 цаг дөнгөж өнгөрч байхад Б гэх 50 орчим насны хүн бусдад зодуулсан гэх дуудлагыг 103-т өгсний дагуу наашаа авчирсан. Дээрх хүнийг КТГ-д харахад тархины зүүн чамархайн яс /гавал/ цөмөрсөн хугаралтай тархинд цус хуралттай оноштойгоор тархины хүнд гэмтэл авсан байсан. Дээрх хүн ойлгомжгүй зүйл ярьж, хаана зодуулж гэмтэл авсан талаар ямар нэг зүйл ярихгүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

            4. Гэрч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

             “...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 12-13 цагийн үед манай түүхий эд авдаг цэг дээр Б, О хоёр ирсэн. Тэр хоёрын нүүр хавдсан байсан. Юу болсон талаар асуусан чинь Д зодсон гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр 30-40 минутын дараа буцаж ирээд түргэн дуудаад өг гэхээр нь хаягийг нь мэддэг болохоор хаягаар нь 16-17 цагийн үед 103-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

           

            5. Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

             “...2019 оын 04 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Б, Б, Д бид дөрөв шил лааз түүх гээд гадуур яваад цуглуулсан шил лаазаа 9 цагийн үед түүхий эд авдаг С гэдэг хүнд авчирч өгсөн. Тэгээд тушаасан мөнгөөр нь бид дөрөв “Өрнөх” хүнсний дэлгүүрээс 0.75 граммын “Шим” нэртэй архи нэгийг худалдаж аваад “Өрнөх” хүнсний дэлгүүрийн хажууд хувааж уусан. Д би айлд юм хийж өгөх ёстой гээд ганцаараа яваад өгсөн. Тэгээд Б, Б бид гурав шил лааз түүж байгаад С эгчид тушаачхаад замаараа дэлгүүр ороод хоолны хүнс аваад Бийн гэрт 18 цаг өнгөрч байхад очиж хоол хийж идчихээд унтаад өгсөн. Унтаж байхад гаднаас Д хоёр шил архи баричихсан орж ирээд бид гурав нөгөө авчирсан архинаас нь цуг хуваалцаж уугаад дуусаж байхад Д “би та нарын уух юмыг бэлдэж байна” гээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь “бид нар бас олохоороо хамт ууж идээд л явдаг биз дээ” гэж Б хэлсэн. Тэгсэн Д уурлаад газар байсан архины шилээр орон дээр хэвтэж байсан Бийн толгой руу цохиод авсан. Б салгах гэсэн чинь Бийг газар унагааж байгаад толгой болон хөл рүү нь хөлөөрөө өшиглөөд дэвсээд байсан. Мөн Бийг орон дээрээс буулгаж байгаад бас толгой руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Д зодчихоод яваад өгсөн. Маргааш өглөө нь бид хэд сэрээд ирсэн чинь Б, Б хоёрын нүүр нь хавдаж цус гарчихсан байсан. Тэгээд Б бие нь муудаад бие өвдөөд байна гэхээр нь би түүхий эд авдаг С эгч дээр Бийн бие нь муу байна гэсэн чинь түргэн дуудаад үзүүлсэн чинь шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б бид хоёр гадуур гарч лааз түүж байгаад гэнэт ухаан алдаад унаад өгсөн. Тэгэхээр нь би С эгчид хэлээд түргэн дуудаж үзүүлээд тариа хийж өгөөд явсан. С эгч наадахаа гэрт нь аваачиж амраа гэхээр нь гэрт оруулсан чинь дүү нь байсан. Дүүд нь хүлээлгэж өгчхөөд гараад явсан...Д архи уухаар их тавьтаргүй байнга агсам тавиад байдаг...Намайг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

6. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ:

 “...Д “би та нарын уух юмыг бэлдэж байна” гээд агсам тавиад байсан тэгэхээр нь “бид нар бас олохоороо хамт ууж идээд л явдаг биз дээ” гэж Б хэлсэн. Тэгсэн Д уурлаад газар байсан архины шилээр орон дээр хэвтэж байсан. Бийн толгой руу цохиод авсан Б салгах гэсэн чинь Бийг газар унагааж байгаад толгой болон хөл рүү нь хөлөөрөө өшиглөөд дэвсээд байсан....Б гэрийн хойд талд байрлах орон дээр хэвтэж байсан чинь Д газар байсан архины шилээр толгой руу нь цохисон...толгой руу бас өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас),

 

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5147 дугаар:

1. “Б.Бийн биед гавлын зүүн зулай, чамархайн цөмөрсөн, баруун зулайруу ургэлжилсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн өвдөгний тойг ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, нүүр, баруун шуу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5523 дугаар:  

1. “Д.Бийн биед зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан 0.5-1.5 см зузаан, тархины оройгоос суурийг хамарсан хурц субдураль цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи дарагдал, тархи доргилт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаа /2019.04.21/-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),

 

9. Шүүгдэгч Ц.Д хувийн байдал тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), цагдаагийн байгууллагын асап сангийн шүүлт (хавтаст хэргийн 81-89 дүгээр хуудас), Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Д.Б нарын биед халдаж, онц харгис хэрцгийгээр олон тооны шарх гэмтэл учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

            - хохирогч Б.Бийн мэдүүлэг  (хх-17),  хохирогч Д.Бийн мэдүүлэг (хх-117), гэрч О.Оийн мэдүүлэг (хх-22-23, 121-122), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5147, 5523 дугаар дүгнэлтүүд (хх-27,124-125) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Д нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хувийн таарамжгүй сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Б,  Д.Б нарын эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр халдаж хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Тодруулбал, хууль тогтоогчийн “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэх хүндрүүлэх шинж нь хууль зүйн хувьд хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулах, хохирогчийг өвтгөн шаналгах, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгох зэргийг ойлгох ба хохирогч Б.Бийн биед “гавлын зүүн зулай, чамархайн цөмөрсөн, баруун зулайруу ургэлжилсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн өвдөгний тойг ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, нүүр, баруун шуу, хэвлийд зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5147 дугаар  дүгнэлтээр,

Хохирогч Д.Бийн биед “зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан 0.5-1.5 см зузаан, тархины оройгоос суурийг хамарсан хурц субдураль цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи дарагдал, тархи доргилт” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл бүхий хууль ёсны болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлүүдийг нэг цаг хугацаанд, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэн шүүгдэгч Д тус зүйл, хэсгийг журамласан нь хууль зөрчөөгүй байна.

Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, Д.Б нараас хохирол, хор уршигт тус бүр 1.000.000 төгрөг нэхэмжлэх боловч тухайн хохирол, хор уршгийн талаар баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Харин хохирогч Б.Б, Д.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар “хөнгөн ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 Шүүх шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс (хх-154) 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 120 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 120 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Ц.Д эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн оот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Д иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.