Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1169

 

 

 

 

  

 

    2020            9             10                                      2020/ДШМ/1169

 

 

М.Б холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/1596 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн М.Б-д холбогдох эрүүгийн 2008 0020 70922 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр АОС-ны 3 дугаар гудамжинд “Замаар удаан гарлаа” гэх шалтгаанаар иргэн Г.Н-ийн толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохин зодож “хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах мөрдөгчийн 2019 оны 5 дугаар сарын 01, 2019 оны 3 дугаар сарын 01, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолуудыг прокурор 2020 оны 2 дугаар сарын 03, 2020 оны 3 дугаар сарын 03, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр танилцаж баталсан. ...Гэрч Н.Ганбаяр, У.Одонтуяа нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. ...2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол хуулийн шаардлагыг хангахгүй. ...М.Б-ийг яллагдагчаар татаагүй байхдаа шинжээч томилох тогтоолд гарын үсэг зуруулсан. ...Хохирогч Г.Н нь М.Б уу аль эсхүл М.Б-ын үйлдлийн улмаас хохирол авсан эсэх нь эргэлзээтэй. ...Прокурорын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2008 0020 70922 дугаар бүхий яллагдагчаар татах тогтоолыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр М.Б танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байх боловч түүнээс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан. ...Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас нотлох баримтаар тооцогдох боломжгүй. ...Тус хэрэгт мөрдөгч “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” санал гаргаагүй байхад прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. ...Яллагдагчид хавтаст хэргийг танилцуулснаас хойш лавлагаа, тодорхойлолтуудыг яллагдагчаас гаргуулан авсан нь мөрдөн байцаалт дахин явуулсан мэтээр ойлгогдож байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоолыг прокурор хянаж танилцан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд мөрдөгч тогтоолынхоо огноог 2019 он гэж техникийн алдаа гарсныг прокурор зөвтгөн 2020 оны 2 дугаар сарын 03, 2020 оны 3 дугаар сарын 03, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр танилцаж баталсан, ...хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн У.Одонтуяа, Н.Ганбаяр нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой. ...Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын асуулт хэсэгт бичиг техникийн алдаа гаргасныг үгүйсгэхгүй боловч мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын утга хэсэгт хэргийн үйл баримтыг зөв бичсэн, мөн уг тогтоолын шинжээчээс асуух асуулт хэсэгт хохирогч Г.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эсэхийг буюу тусгай мэдлэгийн хүрээнд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газарт шинжээч томилж, үүний дагуу Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №1069 дугаартай дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “шинжилгээ хийлгэх журам”-ыг зөрчөөгүй, М.Б-ийг яллагдагчаар татсаны дараа гарын үсэг зуруулсан болно. ...Хохирогч Г.Н-ийн мэдүүлэгт “Б гэх залуу намайг зодсон цохьсон” гэж тогтвортой мэдүүлдэг ба өөр хэн нэгэн түүнийг цохьсон талаар огт мэдүүлдэггүй, харин 120.000 төгрөгийг М.Б-аас гаргуулж авсан гэж 2 дахь мэдүүлэгтээ мэдүүлсэн учир прокурорт хохирогч Г.Н нь өөрийн гараар хүсэлт бичиж өгөхдөө “би М.Б-оос 120.000 төгрөг хүлээн авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, шүүх хуралд өөрийн биеэр оролцоно” гэсэн хүсэлтийг прокурор шинээр шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн билээ. Иймээс хохирогч Г.Н-ийг М.Б нь хөнгөн хохирол учруулсан эсэхэд эргэлзэх үндэслэлгүй юм. ...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр прокурор Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх ба үүнийг мөрдөгч 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр танилцуулж мэдүүлэг авсан, мөн өдрөө танилцуулсан болох нь яллагдагчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймээс мөрдөгч 2020 оны 5 дугаар сарын 29 гэхийг 6 дугаар сарын 29 гэж бичиг техникийн зөрчил гаргасан гэж дүгнэхээр байна. ...Цагдаагийн байгууллагын асап сангаас яллагдагчийн биеийн байцаалтыг шүүж хэрэгт хавсаргасан ба ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд төрсөн он, сар, регистрийн дугаарыг зөв бичсэн, уг регистрийн дугаар давтагдах боломжгүй тул ялыг үндэслэлтэй шалгасан ба М.Б нь урьд шийтгэгдэж байгаагүй гэж тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан байна. ...Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ “өөрийн санаачилгаар хянаад” гэж тогтоолын тэргүүн хэсэгт дурдаж, ...Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон тогтоолоо үйлдсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан байх тул шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. ...Дээрх баримт бичиг гаргуулан авсан ажиллагаа нь мөрдөн байцаалтын явцад хийгдэх мэдүүлэг авах, үзлэг хийх, шинжилгээ хийлгэх гэх мэт тодорхой ажиллагаа биш бөгөөд яллагдагчийн хувийн байдлыг тогтоохтой холбоотой баримт бичгүүд тул эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй юм. Түүнчлэн дээрх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолсон. ...” гэжээ.

Прокурор Г.Яндаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх 8 үндэслэл бүхий заалтаар хэргийг буцаасан. Дээрх 8 үндэслэл бүхий заалтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй байх тул хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг биш, эсхүл шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдвол хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх бүрэн эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамжийн үндэслэлд заасан мөрдөн шалгах ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэв.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, үнэлсний үндсэн дээр тухайн үйл баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба анхан шатны шүүх талуудын хүсэлтээр хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “... шуурхай байх” зорилтод нийцнэ.

М.Б-д холбогдох хэргийн хэрэг бүртгэлт болон прокурорын хяналтын явцад хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах, гэрчээс мэдүүлэг авах зэрэг тодорхой ажиллагаануудыг “2019” онд явуулсан мэтээр огноог буруу бичсэн, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулаагүй, шинжээч томилсон тогтоолд хэргийн оролцогчийн нэрийг буруу бичсэн, хохирогчоос мэдүүлэг авахдаа яллагдагчийн нэрийг өөрөөр бичсэн, ял шалгах хуудаст регистрийн дугаарыг бичээгүй, мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаагүй байхад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зэрэг зөрчлүүдийг дурдаж, эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна гэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх тодорхой нөхцөл байдлуудыг заасан бөгөөд эдгээрт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан нөхцөл байдлууд тусгагдаагүй байх тул уг зөрчлүүдийг “ноцтой” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт нэгэнт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах, шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх, бусад нотлох баримттай харьцуулах замаар үнэлж дүгнэх зэрэг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан тул хуулийн заалтыг чанд мөрдөх замаар М.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль,энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан.

Энэхүү “Хууль ёсны зарчим” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч хэн ч бай Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөж, тэдгээрт бүрэн захирагдаж, нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангаснаар илрэх учиртай.

Харин прокурор нь цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны зарчимд захирагдан үйл ажиллагаандаа хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримталж мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн үйл ажиллагаанд зохих хяналт тавьж, зөрчил гаргахгүй байх, гаргасан зөрчил, хууль зөрчсөн ажиллагааг хяналтаараа илрүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах, мөрдөгчийг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах,  дахин зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллахыг энэхүү магадлалаар анхааруулах нь зүйтэй.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Б-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/1596 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Б-д холбогдох эрүүгийн 2008002070922 дугаартай хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ