Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

 

 

 

 2020           9            08                                   804

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: Н.М, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /0252/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2005 0165 51203 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт М.

 

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хууль сахиулагч, тус эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахмад Ж.Мө, эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Б, эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Цэрэннадимад  нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

улмаар 15 долоо хоногтой, жирэмсэн цагдаагийн ахмад Ж.Мөгийн хэвлийн тус газар гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь умайн булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.М мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр хоёр шил пиво уусан байсан бөгөөд гар утсаа цагдаад хураалгаад буцааж авах гэж цагдаатай марган, эрүүлжүүлэх байранд ирээд энэ асуудал үүссэн юм. Хохирогчоос өмгөөлөгчөөрөө дамжуулаад 2 удаа утсаар яриулж, уучлалт гуйсан. Мөн уучлалт гуйж мессеж бичсэн. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Өөрийгөө ийм асуудлад холбогдоно гэж бодоогүй. Би өөрийн түргэн уур аашнаасаа болж асуудал үүсгэсэн. Хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирол нэхэмжилвэл төлнө гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Мө мэдүүлэхдээ:

Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 30 минутанд ирж өмнөх ээлжнээс ажлаа хүлээж авсан. Тус өдрийн 23 цаг 30 минутанд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эргүүлийн алба хаагчид Н.М гэх эмэгтэйг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын өргөө” караокед танхайрч, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцсэн гэх зөрчлөөр эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Орж ирэхэд нь миний бие согтолтын зэргийг нь тогтоох зорилгоор ALCO TEST-6820 загварын хэмжих багаж ашиглан үлээлгэхэд ДР-1.59 хувийн согтолттой, даралтыг нь үзэхэд хэвийн байхаар нь биед нь шарх, сорви, ил харагдах гэмтэл байгаа эсэхийг шалгуулахаар дэд ахлагч Э.Б, дэд ахлагч Т.Ц нарын хамт хувцасны өрөөнд оруулж, хувцасыг нь тайлуулж үзлэг хийлгэхийг сануулахад хувцасаа тайлахгүй, чадахгүй цаад хоёр цагдаагаа дууд гэж шаардлага эсэргүүцэж, та нар өрөөнөөс зайл гэхээр нь та хууль ёсны шаардлагыг биелүүлнэ үү гэхэд тэнэгүүдээ цаад хоёрыгоо дууд гээд орилоод байхаар нь биед нь хүрэхэд чангаар орилож, та нарыг бүгдийг чинь ална, тэр тусмаа чамайг би ажилгүй болгоно, мал минь гээд дэд ахлагч Э.Б руу дайрч, хувцасыг нь тайлах гэтэл дэд ахлагч Т.Цын зүүн гарын сарвуун дээр хазаж, танхайрч эхэлсэн. Улмаар хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, цагдаагийн алба хаагчийн биед халдахаар нь бид нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, биеийн хүч ашиглан өчих мэх хэрэглэх гэж гарыг нь татахад гарнаас хазаж, өшиглөн дэд ахлагч Э.Бгийн хөлнөөс хэд хэдэн удаа хазахаар нь эрэгтэй цагдаа нарыг дуудаж, гарыг нь ард нь гаргаж хөдөлгөөнийг нь хязгаарласан. Тэгээд Н.Мын хувцасыг нь өмсүүлээд хувцасны өрөөнөөс гарах гэтэл та нар өөрсдөө зайл гээд миний хэвлийн тус газар атгасан гараараа хүчтэй цохисон. Миний бие 5 сартай жирэмсэн юм. Тэгээд бид нар авчирсан Чингэлтэй дүүргийн алба хаагчдаар гарыг нь ард нь өчүүлж, тусгаарлах өрөөнд оруулж, бугуйн гав нэг цаг хэрэглэсэн.

Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 64, 74-75 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Б мэдүүлэхдээ:

Би 2020 оны 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 30 минутанд ирж өмнөх ээлжнээс ажлаа хүлээж авсан. Тус өдрийн 23 цаг 30 минутанд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ш.Анхбаяр, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Золзаяа нар Н.М гэх эмэгтэйг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын өргөө” караокед танхайрч, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцсэн гэх зөрчлөөр эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Орж ирэхдээ авчирсан цагдаагийн алба хаагч нартайгаа хэрүүл маргаан үүсгэж, орилоод байхаар нь согтолтын зэргийг нь тогтоох зорилгоор хэмжих багаж ашиглан үлээлгэхэд ДР-1.59 хувийн согтолттой, даралтыг нь эмч Ж.Мө үзээд хэвийн байна гэхээр нь биед нь шарх, сорви, ил харагдах гэмтэл байгаа эсэхийг шалгахаар хувцасны өрөөнд оруулж, хувцасыг нь тайлуулж үзлэг хийх гэтэл тайлахгүй, чадахгүй, эрэгтэй цагдаа нараар биедээ үзлэг хийлгэнэ, та нар энэ өрөөнөөс зайл гэхээр нь та шаардлага биелүүлнэ үү гэхэд тэнэгүүдээ цаад хоёрыгоо дууд гээд орилоод байсан. Тэгэхэд нь шаардлага биелүүлж биедээ үзлэг хийлгэхгүй бол бид танд туслах уу гээд биед нь хүрэхэд та нарыг бүгдийг чинь ална, тэр тусмаа чамайг би ажилгүй болгоно мал минь гээд дэд ахлагч Т.Цын гарыг хазаж, танхайрч эхэлсэн. Улмаар хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй цагдаагийн алба хаагчийн биед халдахаар нь бид нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, биеийн хүч ашиглан өчих мэх хэрэглэх гэж гарыг нь татахад гарнаас хазаж, өшиглөн хүзүүн дээр нь дарчихаад байхад хөлнөөс хэд хэдэн удаа хазахаар нь эрэгтэй цагдаа нарыг дуудаж, дэмжлэг авсан. Тэгээд Н.Мын хувцасыг өмсүүлээд хувцасны өрөөнөөс гаргах гэтэл та нар өөрсдөө зайл гээд манай эмч, цагдаагийн ахмад Ж.Мөгийн хэвлийн тус газар нь цохисон. Эмч Ж.Мө 5 сартай жирэмсэн юм. Тэгээд бид нар авчирсан Чингэлтэй дүүргийн алба хаагчдаар гарыг нь ард нь өчүүлж, тусгаарлах өрөөнд оруулж, бугуйн гав нэг цаг хэрэглэсэн.

Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 68, 77-78 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Ц мэдүүлэхдээ:

Би 2020 оны 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 30 минутанд ирж өмнөх ээлжнээс ажлаа хүлээж авсан. Тус өдрийн 23 цаг 30 минутанд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эргүүлийн алба хаагч нар Н.М гэх эмэгтэйг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын өргөө” караокед танхайрч, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцсэн гэх зөрчлөөр эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Орж ирэхэд нь согтолтын зэргийг нь тогтоох зорилгоор хэмжих багаж ашиглан үлээлгэхэд ДР-1.59 хувийн согтолттой, даралтыг нь эмч Ж.Мө үзээд хэвийн байна гэхээр нь биед нь шарх, сорви, ил харагдах гэмтэл байгаа эсэхийг шалгахаар дэд ахлагч Э.Бгийн хамт хувцасны өрөөнд оруулж, хувцасыг нь тайлуулж үзлэг хийх гэтэл тайлахгүй, чадахгүй, эрэгтэй цагдаа нараар биедээ үзлэг хийлгэнэ, та нар энэ өрөөнөөс зайл гэхээр нь та шаардлага биелүүлнэ үү гэхэд тэнэгүүдээ цаад хоёрыгоо дууд гээд орилоод байсан. Тэгэхэд нь биед нь хүрэхэд та нарыг бүгдийг чинь ална, тэр тусмаа чамайг би ажилгүй болгоно мал минь гээд дэд ахлагч Э.Б руу дайрч, миний гарыг хазаж, танхайрч эхэлсэн. Улмаар хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй цагдаагийн алба хаагчийн биед халдахаар нь бид нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, биеийн хүч ашиглан өчих мэх хэрэглэх гэж гарыг нь татахад гарнаас хазаж, дэд ахлагч Э.Бгийн хөлнөөс хэд хэдэн удаа хазахаар нь эрэгтэй цагдаа нарыг дуудаж, гарыг нь ард нь өчүүлсэн. Тэгээд Н.Мын хувцасыг өмсүүлээд хувцасны өрөөнөөс гаргах гэтэл та нар өөрсдөө зайл гээд манай эмч, цагдаагийн ахмад Ж.Мөгийн хэвлийн тус газар нь цохисон. Эмч Ж.Мө 5 сартай жирэмсэн юм. Тэгээд бид нар авчирсан Чингэлтэй дүүргийн алба хаагчдаар гарыг нь ард нь өчүүлж, тусгаарлах өрөөнд оруулж, бугуйн гав нэг цаг хэрэглэсэн.

Гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 72, 80-81 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Ц.Нандинцэцэг мэдүүлэхдээ:

Жирэмсэн эмэгтэй хүний хэвлийн тус газарт гараараа юм уу бусад зүйлээр цохих үед умайн булчингийн чангарал гэмтэл үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 104 дүгээр хуудас)

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Ch07_20200418234500 гэсэн хаягтай бичлэгийг нээхэд баруун дээд буланд 18-04-2020 sat 23:45:03 гэсэн бичигтэй, зүүн доод буланд kor-4 гэсэн бичиг байна. Уг бичлэгийг тоглуулахад 23:47:05 цагт цагдаагийн хоёр эрэгтэй алба хаагч уг эмэгтэйн гарнаас татаад өрөөний үүдэнд ирж байгаа бичлэг байна. Бичлэгийг цааш тоглуулахад 23:48:15 цагт уг эмэгтэй эрүүлжүүлэх байрны өрөөнд оруулж ирэн сандал дээр цагдаагийн алба хаагч нар суулгаж, эмэгтэй цагдаагийн алба хаагч нар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав ашиглаж байна. Цагдаагийн албан хаагч нар нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглээд байрны өрөөнөөс 23:50:11 цагт гарч явах ба уг эмэгтэй сандал дээр сууж байна.

Ch02_20200418232859 гэсэн хаягтай бичлэгийг нээхэд баруун дээд буланд 18-04-2020 sat 23:28:59 гэсэн бичигтай, зүүн доод буланд camer-1 гэсэн бичиг байна. Уг бичлэгийг тоглуулахад 23:33:13 цагт эрүүлжүүлэх байрны эмэгтэй алба хаагч нар уг эмэгтэйг дагуулан хувцас солих өрөөнд орж ирж байна. Цааш бичлэгийг тоглуулахад цагдаагийн алба хаагч нар уг эмэгтэйд хууль ёсны шаардлага тавьж байгаа ба 23:36:42 цагт цагдаагийн алба хаагч нар албадлагын арга хэмжээ авч эхлэж байна. Бичлэгийг цааш тоглуулахад цагдаагийн алба хаагч нар албадлагын арга хэмжээ авч байгаад уг эмэгтэйг босгож суулгаад юм ярьж байх үед эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад Ж.Мөгийн гэдэс рүү уг эмэгтэй баруун гараараа нэг удаа цохиж байгаа нь 23:42:57 цагт гарч байна гэжээ. (хэргийн 15-18 дугаар хуудас)

 

Эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Цын энгэрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Уг бичлэгийн 16 цаг 43 минут 49 секундэд цагдаагийн дэд ахлагч Ц эмэгтэй дээр очин за гадуур хувцасаа тайлчих гэтэл уг эмэгтэй босон зүүн мөрөн дээгүүрээ үүрсэн цүнхээ тайлахад цагдаагийн дэд ахлагч Ц за цүнхээ тэр ширээн дээр тавьчих гэж хэлчээд зөрчил нь яасын гэж асуухад цагдаагийн ахлагч Б.Золзаяа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэж хариулахад уг эмэгтэй тавьсан шаардлага нь юу байсын, та нар хүнтэй яаж харьцсан юм П мээ ч гэх шиг хараалаар ярьж мариал, эмэгтэй хүн доромжлоол байсан гэж хэлээд гадуур хувцасаа тайлаад ширээний хажуу талын сандал дээр суутал цагдаагийн дэд ахлагч Б согтолтын зэрэг тогтоох драгер багаж гаргаж ирэн шаар үлээж байгаа юм шиг үлээгээрэй, гадуур хувцасаа /саарал өнгийн пиджак/ тайлаарай даралтыг чинь үзнэ гэтэл уг эмэгтэй гадуур хувцасаа тайлан баруун гараа өгч эмч, цагдаагийн ахмад Мөд даралтаа үзүүлж буй бичлэг байв. Уг эмэгтэйн эсрэг талд цагдаагийн ахлагч Б.Золзаяа суун тэмдэглэл хөтөлж согтолтын зэргийг асууж цагдаагийн дэд ахлагч Б хариулан драгерийн заалт 1.39 гэсэн заалтыг камерийн бичлэгт харуулж байв.

Бичлэгийн 16 цаг 45 минут 00 секундэд уг эмэгтэй цагдаагийн ахлагч Б.Золзаяа руу би угаасаа хариуцлагаа хүлээх гэж ирсэн чи харин намайг юу гэж хэллээ П мээ юу гэж ярьлаа мөн биздээ ахаа та хэлээч гэж ногоон масктай цагдаагийн ахмад эрэгтэйд хандан хэлж, та ахаа гэрчлээч гэтэл эмч, цагдаагийн ахмад Мө уг эмэгтэйд хандан чимээгүй байж байгаад даралтаа үзүүлчих гэж хэлэн даралтыг нь үзэж байтал цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц наашаа хараад шүдээ харуулчих гэтэл үзүүлэхгүй гэхэд ээмгээ тайлаад өгчих гэтэл уг эмэгтэй цагдаагийн ахлагч Б.Золзаяа руу хандан яасан чиний бах чинь ханаж байна уу, алга болох юм бол бид эд нараас биш чамаас нэхнэ шүү гэж хэлтэл цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц бид нар сейфинд хийгээд өглөө хүлээлгэж өгдөг гэтэл уг эмэгтэй чи өглөө юу болохыг мэддэг юм уу гэж хэлээд ээмгээ тайлж өгөөд бостол цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц за наашаа гэж хэлээд хувцас солих өрөө рүү дагуулан явж уг эмэгтэй аймар байна уу та нарт, эмэгтэй хүнийг гэж хэлэн араас нь орж буй бичлэг байв.

Бичлэгийн 16 цаг 46 минут 13 секундэд хувцас солих өрөөнд орж ирэн уг эмэгтэйд за гутлаа тайлчих энэ таавчигийг өмсчих гэхэд уг эмэгтэй гутлаа тайлаад та нарын юмыг өмсөхгүй гэж хэлэн хоёр гараа зөрүүлж хумин суган завсараа хийж зогсоход за левчикээ тайлчих чадахгүй гэхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц яагаад таны согтолтын зэрэг эрүүлжүүлэх хэмжээнд байна гэхэд уг эмэгтэй чадахгүй ээ гэж хэлэхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц, Б нар бид нар тайлаад өгье гэтэл ямар газраас яасан, ийсэн билээ тэрэн дээр нь гомдол гаргана гэж хэлэхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б за эмэгтэй шаардалага биелүүлдэггүй би үргэлжүүлье гэтэл цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц камер руу хар манайх бас дээрээ камертай гэтэл уг эмэгтэй би тэр хоёрын нүдэн дээр авмаар байна гэж хэлтэл цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц эрэгтэй хүний нүдэн дээр үү гэтэл уг эмэгтэй тийм гэхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б үгүй энэ чинь манай ажил гэж хэлээд баруун гарнаас нь барьтал та нар яагаад биед халдах ёстой юм би зөрчил гаргаагүй гэж уг эмэгтэй хэлтэл бид нар таньд хүрэх эрхтэй гэтэл тэгвэл иргэд гомдол гаргах эрхтэй гэж хэлэхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б гомдлоо гарга за юу гээд цамцанд хүртэл тайлахгүй гэхэд тэгвэл өөрөө тайлалдаа гэтэл тэр хоёрыг дууд намайг ийм байдалд хүргэсэн гэхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц тэр хоёр чинь хүссэн хүсээгүй мэдэж байгаа гээд өрөөний хаалгыг онгойлгон ийшээ эрэгтэй албан хаагч орж болдоггүй юм гэж эмч, цагдаагийн ахмад Мө хэлэхэд уг эмэгтэй дууд гэж хэлхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б та дууд мууд гээд захиргаадаад байх шаардлага байхгүй шүү за юу гэж хэлтэл уг эмэгтэй за юу энэ тэр гэж цагдаагийн албан хаагч энгийн иргэнтэй тэгж харьцаж болдог юмуу гэхэд эмч, цагдаагийн ахмад Мө чи шаардалага биелүүлэхгүй байна ш дээ гэхэд уг эмэгтэй би ерөөсөө айхгүй гэхэд эмч, цагдаагийн ахмад Мө бид нар ч айхгүй гэхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б за эмэгтэй хувцасаа тайл гэтэл уг эмэгтэй намайг нэрээр дууд гэж хэлтэл цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б бид нарт нэрээр чинь дуудах шаардлага байхгүй гэхэд уг эмэгтэй тэгвэл чадахгүй гэтэл эмч, цагдаагийн ахмад Мө шаардлага биелүүлэхгүй болхоор чинь бид нар чамд хүч хэрэглэнэ гэтэл уг эмэгтэй цагдаа нараа зүгээр бай тэд нарыгаа дууд гэтэл цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц тэд нар чинь эрэгтэй шдээ ... би өчнөөн удаа хэллээ шүү дээ энэ камер бичлэг хийгдэж байна бид нар өчнөөн хүнтэй байдаг байхгүй гээд нөгөө эмэгтэйн хувцасыг тайлах гээд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б за гадуур хувцасаа тайлчих гэтэл бичлэгийн 16 цаг 46 минут 13 секундэд уг эмэгтэй цагдаа, цагдаагийн дэд ахлагч Бгийн баруун гарнаас хазаж буй бичлэг байв.

Энэ үед цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц хүүеээ хазаж байна шдээ гээд эмч, цагдаагийн ахмад Мө, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б нарын хамт уг эмэгтэйн хувцасыг тайлж ингэтлээ согтож болохгүй шдээ гэхэд миний согтох хамаагүй миний юм ирсэн гэж хэлэн хувцасыг нь тайлж байтал эмч, цагдаагийн ахмад Мө ёо чи хазаад байна шдээ гэж хувцасыг тайлах гэж ноцолдож байгаад цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц, эмч, цагдаагийн ахмад Мө нар эрэгтэй цагдаа нарыг орж ирээд туслаач аймар арчаагүй хараал зогсоод байхын гэж хэлтэл бичлэгийн 16 цаг 51 минут 42 секундэд хоёр эрэгтэй цагдаа уг эмэгтэйн гарыг ард нь өчин дарж орж ирэн хэнийг хазаад байгаа гэтэл бүгдийг нь хазаж байна энэ хараа гээд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц зүүн гарын ар талын хэсэгт хазуулсан ормыг харуулж угаасаа та хоёрын хажууд нүцгэлнэ гээд байсан наадах чинь гэж хэлэхэд уг согтуу эмэгтэй ёо гэж орилтол эмч, цагдаагийн ахмад Мө эрэгтэй хүний хажууд тайлна гээ биздээ тэгээд тайлж байна гэтэл уг согтуу эмэгтэй та нарыг бүгдийг чинь ажилгүй болгоноо харж байгаарай за юу гэж хэлхэд цагдаа, цагдаагийн лэд ахлагч Ц ёо энэ одоо ямар аймар болчихвоо шууд хөхрчихлөө шдээ гэхэд эмч, цагдаагийн ахмад Мө, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б зүгээр аниагийн дүү сайн баримтжуул гэж хэлэн уг эмэгтэйн гарыг ар талд нь өчин доош харсан чигээр нь хувцасыг тайлах үед уг эмэгтэй аллаа гэж гэж орилох үед цагдаагийн ахлагч Б.Золзаяа орж ирэн  уг эмэгтэйг за босоод ир гэж хэлэн  босготол уг эмэгтэй өвдөг дээрээ сөхөрсөн байдалтай өндийгөөд цагдаа, цагдаагиин дэд ахлагч Б руу харан чи яаж байгаа юм гэх үед цагдаагийн ахлагч Б.Золзаяа руу харан зүгээр ахаа зүгээр тавиул гэхэд за хувцасаа өмс гэж хэлхэд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц чи энийг хар яаж байгаан гээд гараа үзүүлэхэд хохь чинь цагдаагийн ахлагч Б.Золзаяаг чи нааш ир дээ нааш ир гэж дуудан эд нарыг гаргачихвал би өөрөө хувцасаа өмсөнө гээд цагдаа Б, Ц нар луу харан яаж байгаан та нар гээд ийшээ гар гээд цагдаа Б, Ц нарт хэлхэд цагдаа Б өөрөө гар гэхэд бичлэгийн 16 цаг 55 минут 19 секундэд май гэж хэлэн баруун гарын дунд хурууг цагдаа Бгийн өөдөөс гаргахад цагдаа Б өөдөөс нь энэ бид нарын ажлын байр гэхэд уг эмэгтэй чиний ажлын байр байна уу та нар хүнтэй яаж харьцдагийн алив би та нарын бүгдэнгийн чинь одоо алив нөгөө унтраа мунтраана гэсэн үү гэхэд цагдаагийн ахлагч Б.Золзаяа чи шаардлага биелүүлэхгүй байна шдээ гэж хэлхэд уг эмэгтэй чи инээснээс болсон шдээ угаасаа гээд би хувцасаа өмсмөөр байна гэхэд цагдаагийн ахлагч Б.Золзаяа хурдал хөөе гэхэд эд нарыг гаргаачээ гэж орилон бүгдэнгий чинь ална шүү даварцан юмнууд юу вэ та нар гэж хэлэн цамцаа өмсөнгөө та нар зүгээр л гэснээ чи тэр тусмаа ажлаасаа гарна за малаа гэж цагдаа Б руу харан хэлж бичлэгийн 16 цаг 55 минут 48 секундэд зүүн талд нь зогсож байсан эмч, цагдаагийн ахмад Мөгийн хэвлийн тус газар руу баруун гараараа цохиход цагдаа Ц, Б нар хүүе чи жирэмсэн хүнийг гээд уг эмэгтэйн гарыг ард нь дархад цагдаагийн ахлагч Б.Золзаяа орж ирэн уг эмэгтэй хоёр суганаас татаж наашаа гараад ир гэхэд уг эмэгтэй тэгвэл би хувцасаа өмсмөөр байна та нар намайг эрхээр хангахгүй байна наад хүмүүс чинь намайг зодсон гэхэд цагдаагийн ахлагч Б.Золзаяа чи өөрөө хүн амьтан цохиж аваад байна шдээ гэхэд цагдаа Ц чи жирэмсэн хүний гэдэслүү цохичлоо гэхэд уг эмэгтэй та нар жирэмсэн хүнийг нийлж байгаад зодчихлоо мангаруудаа гэж хэлхэд бичлэг хийж байсан цагдаа Ц хувцас солих өрөөнөөс гарсанаар бичлэг дууссанаар үзлэгийг дуусгахаар тогтов гэжээ. (хэргийн 23-29 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4839 тоот дүгнэлтэд:

1. Э.Бгийн биед зүүн сарвуу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь тус бүр мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4840 тоот дүгнэлтэд:

1. Т.Цын биед зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 92 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4838 тоот дүгнэлтэд:

1. Ж.Мөгийн биед умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. 

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.5. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 98 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.М эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 126 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хууль сахиулагч, тус эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахмад Ж.Мө, эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Б, эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Ц нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

улмаар 15 долоо хоногтой, жирэмсэн, цагдаагийн ахмад Ж.Мөгийн хэвлийн тус газар гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь умайн булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Мө, Э.Б, Т.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4839, 4840, 4838 тоот дүгнэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Т.Ц, Э.Б нар хохирол нэхэмжлээгүй, хохирогч Ж.Мө нь өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримт гаргаагүй болно.

 

Хохирогч Ж.Мө нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Мыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн,

 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр торгох ялд нэмж, нэгтгэн Н.Мын эдлэх ялыг 3 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 600 000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Н.Мд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Хохирогч Ж.Мө нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН