Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 47

 

Ц.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 831 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1406 дугаар магадлалтай, Ц.Л-д холбогдох 2005 01673 1248 дугаартай эрүүгийн хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.Л

Ц.Л  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Ц.Л-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндоржийн Лхагвад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “... шүүгдэгч Ц.Л д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах”, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй ...” гэсэн, “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ц.Л-д мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Л , түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын “... хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурдаж, шүүгдэгч Ц.Л  нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэлдээ “... Магадлалд “... хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтаас үзэхэд Ц.Л-г хохирогч Б.Э-н эзэмшлийн “Тоуоtа ргоbох” загварын 44-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь хохирогч Б.Э нь автомашинаа зогсоолд байрлуулан буухдаа тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын цонхоо онгорхой орхисон, шүүгдэгч нь уг тээврийн хэрэгсэлд орохдоо түлхүүр тааруулах, цоожийг эвдэх, цонхоор орох зэргээр хууль бус арга хэрэглээгүй бөгөөд хохирогч Б.Э , гэрч Э.Цэнгэл, Д.Яндаг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс уг нэвтрэлт хууль бус байсан гэж дүгнэх нотлох баримтын үндэслэл хангалтгүй байна ...” хэмээн Эрүүгийн хуулийг зүйл, заалтыг буруу тайрлаж хэрэглэжээ.

Учир нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч Б.Э  нь өөрийн эзэмшлийн 18-105 дурантай Никон Д90 маркийн зургийн аппаратыг 44-86 УНО улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт үлдээж, тухайн автомашиныг эд зүйлээ хадгалах агуулах сав, тусгайлан хамгаалсан байрны зориулалтаар түр ашигласан болох нь хохирогч Б.Э-н мэдүүлгээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг “тусгайлан хамгаалсан байр” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан заалтад хамааруулах нь үндэслэлтэй.

Хэдийгээр хохирогч Б.Э  нь өөрийн тээврийн хэрэгслийн цонхыг нээлттэй орхисон боловч түүний энэ үйлдэл нь хэн нэг этгээд уг тээврийн хэрэгсэлд орох зөвшөөрлийг олгосон явдал бус бөгөөд шүүгдэгч нь түлхүүр тааруулах, цоожийг эвдэх зэрэг үйлдэл хийгээгүй нь түүнийг хохирогчийн тээврийн хэрэгсэлд хууль ёсоор нэвтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ДШМ/1406 дугаартай маргадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Баянгол дүүргийн прокурорын газрын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилж өгсөн байгаа. “Агуулах сав” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин хамаарч байгаа. Тээврийн хэрэгсэлд хүн эд зүйлээ түр үлдээх болон хамгаалах, хадгалах зориулалтаар үлдээж, цоожилж явдаг. Хохирогчийн хувьд хэдийгээр машиныхаа цонхыг онгорхой орхиж явсан ч шүүгдэгч машины арын суудлын хаалгыг онгойлгон нэвтэрч эд зүйлсийг авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул уг магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Л-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “...хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Ц.Л-г 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны зогсоолд байрлуулсан хохирогч Б.Э-н эзэмшлийн 44-86 УНО улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч 18-105 дурантай “Никон Д90” загварын зургийн аппарат хулгайлж, түүнд 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Ц.Л-г мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн сэдэлт, хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжийг зөв тогтоон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэн, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хууль тогтоогч аутентик тайлбар хийж хуульчлахдаа “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байна.

Гэвч Ц.Л-н хувьд “Хулгайлах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж болох “хүч хэрэглэхгүйгээр” гэх шинж хангагдсан боловч хүндрүүлэх бүрэлдэхүүн болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан орчин нөхцлийн хувьд уг шинж хангагдаагүй байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч хохирогч Б.Э-н үнэ цэнэ бүхий эд зүйлээ түр хадгалах зориулалтаар зургийн аппаратыг өөрийн автомашиндаа үлдээхдээ машиныхаа цонхыг онгорхой орхиж явснаар шүүгдэгчийн хувьд уг онгорхой цонхоор гараа оруулан машины хаалгыг онгойлгож, автомашинаас зургийн аппарат авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1406 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН