Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 9, 11 дэх “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0363/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 9, 11 дэх “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.9, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан НЗД-ын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “М” ХХК-д холбогдох 9, 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Мандах анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. “М" ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 29.97 га талбайг, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20 га талбайг МV-015523, МV- 0117002 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхтэй болсон бөгөөд НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр манай компанийн газрын хэвлий ашиглах эрхийг хууль зөрчин, эрхээ хэтрүүлж дуусгавар болгон шийдвэрлэсэн.

3.2. НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь 3 хавсралтаар нийт 96 аж ахуй нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, дуусгавар болгосон захиргааны акт юм.

3.3. Энэхүү акттай маш олон аж ахуйн нэгжүүд шүүхийн журмаар маргалдаж дийлэнх хэсэг нь шүүхийн шатанд эвлэрч маргаанаа дуусгавар болгосон бөгөөд “М” ХХК эвлэрэх боломжгүй гэх аж ахуй нэгжүүдийн тоонд орж өнөөдрийг хүртэл маргаанаа үргэлжлүүлж байна.

3.4. Манай компани 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 29.97 га талбайг, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20 га талбайг М\/-015523, М\/-0117002 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхтэй болсон бөгөөд 2010 оны 02 сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлж, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл бүхий газраа тойруулан хашаа барьж, “Хайгуулын ажил хийлгэж нөөц тогтоолгох ажил гүйцэтгэх гэрээ”-г 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Жар” ХХК-тай, “Бог уул элс хайрганы орд ашиглах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ажлын гэрээ”-г 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Эзо” ХХК-тай, “Цахилгаан хангамжийн 6 кв-ын ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажлын гэрээ”-г 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Баян цэгц” ХХК-тай байгуулан тус тус ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 922/2012 дугаартай техникийн нөхцөлийг авч ажиллан цахилгаан хангамжийн 6 кв-ын 2,1 км ЦДАШ, 6/0,4кв чадалтай дэд станцын барилгыг 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ашиглалтад оруулах зөвшөөрлийг техникийн комиссоос авсан.

3.5. Хайгуулын ажил болон техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох байгууллагуудаар батлуулан, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон боловч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Усны тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 07 дугаартай тогтоол гаргаж, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн тул тодорхойгүй хугацаагаар олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

3.6. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгээр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолд заасан усан сан бүхий газарт танай байгууллагын тусгай зөвшөөрлөөр олгогдсон нэгж талбар давхцаж байгаа тул үйл ажиллагаа зогсоон нөхөн сэргээлт хийхийг мэдэгдсэн.

3.7. “М” ХХК-ийн хувьд олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх урьдчилсан бүх ажлаа гүйцэтгэсэн байсан боловч дээрх шалтгаанаас олборлолт хийж эхлээгүй тул нөхөн сэргээлт хийх шаардлагагүй байсан.

3.8. Усны тухай хууль болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар усан сан, гол мөрний урсац бүрэлдэх хэсгийн хамгаалалтын бүсийн хил, хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд аж ахуй нэгжийн эзэмшил, ашиглалтын газрын талбайтай давхацсан нөхцөлд газрыг чөлөөлүүлж, нөхөн олговор олгохоор заасан тул дээрх давхцал бүхий газрын хил хэмжээ тодорхой болж тогтоогдон, дүрэм журам нь батлагдан гарахыг хүлээж байсан.

3.9. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд “М” ХХК нарт олгосон /М\/-015523, М\/-0117002 дугаартай/ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах Ашигт малтмалын газарт холбогдох нэхэмжлэлийг “М” ХХК-аас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргаж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 151 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, манай эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгон эцэслэн шийдвэрлэсэн.

3.10. Дээрх бүх нөхцөл байдал манай компаниас үл хамааран үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон бөгөөд манай гадаадын хөрөнгө оруулагчийн уг төсөлд оруулах хөрөнгө оруулалт зогсож, эрчим хүч, харуул хамгаалалт, захиргааны болон урсгал зардал, зээл хүүгийн төлбөр, шүүх өмгөөллийн зардал, ашигт малтмалын хураамжууд зэрэг нийт 1.3 тэрбум төгрөгийн зардлууд гарч удаан хугацаанд зогссон үйл ажиллагааг цаашид сэргээн явуулахад хөрөнгө мөнгөний асуудал ч хүндэрсээр 2017 оноос алдагдалтай ажилласаар компани 2021 оны эцсийн санхүүгийн тайлангаар 187.2 сая төгрөгийн алдагдал хүлээн санхүүгийн бодит хохирол амсаад байна.

3.11. Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх үйл ажиллагаа явуулаагүй, газрын хэвлийг ашиглаж эхлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.12. Хан-Уул дүүргийн Засаг даргын албан бичиг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь үйл ажиллагааг зогсоон нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон агуулгатай байсан бөгөөд манай компани төсвийн байгууллагуудын гаргасан шийдвэрийг хүндэтгэн аливаа уйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байхад усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгээ хасуулаад үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан эрхээ эдлээгүй гэсэн агуулгаар анхан шатны шүүх хийсвэр дүгнэлт хийж байна.

3.13. Хан-Уул дүүргийн засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгч байгаа зааварчилгаа, албан бичиг нь хуучин хууль, дүрэм журам халагдаж, шинэ хууль, дүрэм, журам боловсрогдон батлагдах гэж байгаа тул үйл ажиллагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийн хүлээ гэсэн агуулгаар аж ахуй нэгжүүдэд хүрч байсан болно.

3.14. Мөн үүнтэй зэрэгцэн Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд Хан-Уул дүүргийн иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн үйл ажиллагааны улмаас тоосжилт үүсч сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ авто замын түгжрэл, эвдрэл үүсгэж байгаатай холбоотойгоор Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэлүүдийг хэрэгжүүлж байсантай холбоотой болно.

3.15. Манай компанийн зүгээс төрийн бүхий л байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэн ягштал биелүүлж, тэр битгий хэл 2017 оноос Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Хөшигтийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны замын трасс манай эзэмшлийн 6 га орчим газраар дайрч гарсан бөгөөд тухайн үед нь бид нийслэлийн холбогдох албадтай хамтран ажиллаж, өөрийн эзэмшиж буй трасст орсон газраа саадгүйгээр чөлөөлөн өгсөн ч өнөөдрийг хүртэл дээрх 6 га газрын нөхөн төлбөрийг нийслэлээс манайд олгоогүй хохироосоор байгаа билээ.

3.16. Ийнхүү нийслэл болон харьяа дүүргийн засаг захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг үг үсэгчлэн биелүүлж, үйл ажиллагаанд нь саад болохгүйгээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой байгаагаа илэрхийлсээр байхад, тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд гуравдагч этгээдэд газрын зориулалтыг өөрчлөн санаатайгаар давхардуулан газар олгосон үйл явдалд манай компани туйлын гомдолтой байгаа бөгөөд энэ хэрэг хэрхэн шийдэгдэхээс хамаарч нийслэл болон дүүргийн дараа дараагийн хууль зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах үйл ажиллагаа явагдах эсэх нь шийдэгдэх юм.

3.17. Нийслэлийн Байгаль орчны газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хамтран 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжаар хяналт шалгалт явуулж, Байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаартай нийт 96 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг НЗДд хүргүүлснээр 3 хоногийн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дээрх А/609 дүгээр захирамж гарсан байдаг.

3.18. Гэтэл энэхүү захирамжийг гарахаас өмнө хийгдсэн хяналт шалгалтад үйл ажиллагааг нь шалгаж байгаа компанийн төлөөлөгчийг оролцуулаагүй, холбогдох баримт материал, тайлбарыг огт аваагүй, акт танилцуулга үйлдээгүй байдаг бөгөөд тус захирамж гарах гэж байгааг бидэнд мэдэгдээгүй болно.

3.19. Улмаар шүүх хяналт шалгалт хийхээс өмнө, тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох аж ахуй нэгжүүдийн нэрс тодорхой болоогүй байхад буюу 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ulaanbaatar.mn цахим хуудсаар цуцлах үндэслэл бүрдсэн талаар сонсох ажиллагааны мэдэгдэл мэдээллийг байршуулсан нь хуульд нийцнэ хэмээн үзсэн мөн нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.

3.20. Дээрх асуудалтай холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 233 дугаар захирамжаар “...НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн...”М” ХХК...-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэсэн шударга шийдвэр гарсан байхад төр захиргааны байгууллагууд өөрсдийн алдаатай шийдвэрээ хаацайлж үлдэхийн тулд шүүхийн байгууллагаар олон дахин шийдвэр гаргуулж эргэж буцаалгасаар байгаад анх манай гаргасан нэхэмжлэлээс тэс ондоо асуудал болж хувиран Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ээлжит хурал нь бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.

3.21. Дээрх байдлаас үзвэл өнөөгийн нийгэм дэх төрийн байгууллагууд хоорондоо үгсэн хүслээ гүйцээхийн тулд шүүхэд хүртэл түүх зохион өгч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахаар улайрч байгууллага иргэдийг хохироосоор ирсний нэг илрэл гэдгийг шударга шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэл төгс байна.

Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлэн шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянаад өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдөр нийслэлийн албан ёсны цахим сайтад байршуулснаас үзэхэд хариуцагчаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3. Харин анхан шатны шүүх “нэхэмжлэгч “М” ХХК нь ... хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон, давхцалыг арилгаагүй нөхцөлд олборлолт явуулах нэгэнт боломжгүй байсан...” гэж дүгнэсэн атлаа тусгай зөвшөөрөл цуцлах санал болон мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоосон нөхцөл байдал нь бодитоор тогтоогдсон эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь маргаан бүхий захиргааны акттай хэрхэн уялдаж, түүний улмаас нэхэмжлэгчийн чухам ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэрхэн хөндөгдөж байгаад дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

4. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжаар холбогдох хууль тогтоомж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй үндэслэлээр “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших 29.97 гектар талбайтай МV-015523 дугаар, 20 гектар талбайтай МV-017002 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “бид хайгуулын ажлын гэрээ байгуулж шаардлагатай цахилгаан татах, хашаа хатгах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх гэрээ хийж нөөцийг тогтоолгох, нөөцийг бүртгэж хүлээж авах зэрэг үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болтол 1 тэрбум гаруй төгрөг зарцуулсан ... улмаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 194 дүгээр тогтоол үйлчлэлд хамаарсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ... мөн тусгай зөвшөөрөл бүхий газрыг давхардуулан “Мон” ХХК-д газар ашиглах эрх олгож, “М” ХХК-тай маргаж, шүүхээс “Мон” ХХК-д газар давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоосон үйл баримтуудын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэж, хариуцагчаас “М” ХХК нь эхний тусгай зөвшөөрлөө 2010 оны 02 дугаар сард, дараагийн тусгай зөвшөөрлөө 2011 оны 01 дүгээр сард авснаас хойш 3 жил үйл ажиллагаа явуулаагүй ... тиймээс Газрын хэвлий ашиглах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1-д заасан үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан” гэж тайлбарлан маргажээ.

6. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэхдээ Ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургийг 1, Энгийн цэгийн солбицлын жагсаалтыг 2, Ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн зургийг 3, Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 4, Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг 5, Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 6, Усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн зургийг 7 дугаар хавсралтуудаар тус тус тогтоосон бөгөөд “М” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-015523, MV-017002 дугаар тусгай зөвшөөрлүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 23.88 га, 4.17 га талбайгаар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 24.6 га, 5.8 га талбайгаар тус тус давхцалтай, мөн Улаанбаатар-Хөшигтийн хөндийн улсын чанартай хурдны замтай давхцалтай нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болохоор зохицуулсан. Гэтэл уг маргааны хувьд хариуцагч А/609 дүгээр захирамжийг гаргахдаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн удирдамжийн дагуу хийгдсэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2017/16 дугаар хяналт шалгалтын танилцуулгад дурдсанаар Ашигт малтмал, газрын тосны газарт гурваас дээш жил үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн байна.

8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “давхцалаа хасаад үйл ажиллагаа явуулахаар захиргааны байгууллагад хандаж байсан боловч шийдээгүй” гэж тайлбарласан, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/1848, 5/1836 дугаар албан бичгүүдээр “...усны сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, солбицолд өөрчлөлт оруулах өргөдлийг ирүүлнэ үү” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр “...хоёр лицензийн хавсралт дахь солбицолтой Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийн сан давхцаж байгаа эсэх  талаарх лавлагаа гаргаж өгнө үү” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан, мөн давхцаагүй талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гэсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас дүгнэн үзэхэд захиргааны байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж хариу өгөөгүй, уг асуудлыг шийдвэрлээгүй байна.

9. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч компани 2010, 2011 оноос тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн эсэх, бодит байдалд үйл ажиллагаа явуулаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх, усан сан бүхий газрын хилийн заагтай давхцалгүй талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байсан эсэх талаар нягталж, тогтоолгүйгээр, нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг үндэслэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

10. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчсөн, уг нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн талбайг буцаан авсантай холбоотой давхцаагүй талбайд үйл ажиллагаа явуулж болох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.

11. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан бөгөөд Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Аймаг, НЗД газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 7 дугаар зүйлийн 2-ийн 1/-д “нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээний дотор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах;”, 2/-т “нутаг дэвсгэртээ хийгдсэн геологийн судалгааны болон нутаг дэвсгэртээ оршиж байгаа ашигт малтмалын талаархи мэдээллийг зохих журмын дагуу холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авч танилцах;”, 3/-т “газрын хэвлийг ашиглах, хамгаалах ажилд хяналт шалгалт хийх;” 21 дүгээр зүйлд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөлүүдийг хуульчилсан байна.

13. Дээрх хуулийн заалтуудыг маргааны тохиолдолд холбогдуулан авч үзвэл хариуцагч нь нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож, тусгай зөвшөөрлийг цуцлахаар байх ч маргаан бүхий актыг гаргахдаа “М” ХХК нь газар ашиглах эрх авснаас хойш үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, усны сан бүхий газартай давхцалгүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлж байсан, Ашигт малтмал, газрын тосны газраас давхцалгүй хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн хариу албан бичиг өгч байсан зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж тогтоохоор байжээ.

16. Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцаж байгаа ч ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн давхцаагүй хэсгийг ашиглах боломжтой эсэх, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс давхцаагүй үлдсэн талбайд үйл ажиллагаа явуулахаар гаргаж байсан хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчийн ашиглаж байсан талбайд өөр этгээдэд газар олгосон талаарх асуудлуудыг шийдвэрлэж бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт явуулсны үндсэн дээр дахин шийдвэр гаргахаар байна.

17. Тиймээс хариуцагч дээр дурдсан зүйлүүдийг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий актыг дахин хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ийн 1, 2, 3, 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 9, 11 дэх хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд НЗД-ын захирамж буюу шинэ акт гаргаагүй бол уг захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

    

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ