Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Х”ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0584/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 47.1 дүгээр зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 40 үгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”Хорол-Индего” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын ”Х”  ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалдорж анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заасан байдаг.

3.2. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувьд 2013 онд байгуулсан 2011/116 дугаар гурвалсан гэрээгээр 1 жилд газрын төлбөрт 5.940.000 төгрөг төлөхөөр заасан бөгөөд тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн сүүлийн төлбөрөөр нийт 20.714.500 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байдаг. Үүнийг Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгийн хавсралтын 49-д нэхэмжлэгч компанийг 2015 оноос хойш газрын төлбөр төлөөгүй гэдгийг маш тодорхой бичсэн.

3.3. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувьд 2011 онд авсан газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш газрын төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Гэтэл хууль дүрэм журамд заасан хугацаанд гурвалсан гэрээг байгуулалгүй явсаар 2013 онд байгуулсан хэдий ч газрын төлбөрийн тухай хууль болон газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж хариуцагч байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан.

3.4. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусахаар байгаа бөгөөд газрын төлбөрт 5 жилийн хугацаанд 2011/116 дугаар бүхий гэрээнд заасан дүнгээр нийт 29.700.000 төгрөг төлөх ёстой. Мөн 2017 он болон 2018 оны эхний улирлын газрын төлбөрийг төлөх ёстой. Тухайн дүн нь 2017 оны жилийн бүтэн төлбөр 5.940.000 төгрөг, 2018 оны эхний улирлын 1.485.000 төгрөг нийт 7.425.000 төгрөг болж байна. Үүнээс харвал нэхэмжлэгч нь 2011-2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал гарах хүртэл хугацаанд газрын төлбөрт нийт 37.125.000 төгрөг төлөх ёстой байсан.

3.5. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2011-2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 3 жилийн хугацаанд 20.714.500 төгрөг төлсөн.

3.6. Гэрээний дүнгээр төлөх ёстой дүнгээс 16.410.500 төгрөгийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, дутуу төлсөн байна.

3.7. Гэтэл анхан шатны шүүх газрын төлбөрийг бүрэн төлсөн мэтээр дүгнэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлийг зөрчсөн байхад нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд,

3.8.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан. Үүнээс харвал нэхэмжлэгч нь 2013 онд байгуулсан гурвалсан гэрээнээс хойш 2018 оныг хүртэл тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй болох нь нотлогдож байна.Үүнд:

3.8.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд “2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ‘”Хорол”-ийн төсөлд 2010/В211 дугаар бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт”, 2012 онд уг төслийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”, мөн онд “Байгаль хамгаалах төлөвлөгөө-Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр”” гэжээ. Эдгээр баримтууд нь нэгдүгээрт 2013 оны гурвалсан гэрээг байгуулагдахаас өмнө хийгдсэн ажил, хоёрдугаарт 2010 оны үйл баримт нь цаашлаад тушаал гарч газар ашиглах эрх олгохоос өмнөх асуудлыг шүүх дүгнэсэн.

3.8.3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд “2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Худаг гаргах зөвшөөрөл”, 2019 онд “Инженер-геологийн судалгааны дүгнэлт” зэргийг гаргуулснаас гадна одоогийн байдлаар тухайн газар дээр хашаа татсан, өндөр хүчдэлийн шугам татаж суурилуулсан, худаг гаргасан” гэжээ. Эдгээр баримтууд нь нэгдүгээрт 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А/121 дүгээр тушаал гарснаас хойш хийгдсэн асуудал, хоёрдугаарт газраа хашаалсныг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. 2008 оны дээд шүүхийн тайлбарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг маш тодорхой тайлбарласан байхад шүүх холбогдолгүй үйл баримтыг үндэслэсэн.

3.9. Тухайн үйл баримтуудыг нэгтгээд дүгнэвэл нэхэмжлэгч “Х” ХХК нь 2013 онд байгуулсан гурвалсан гэрээнд заасан зориулалтын дагуу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал гарах хүртэл 5 жилийн хугацаанд тухайн газраа ашиглаагүй болох нь нотлогдож байна.

3.10. Хариуцагч захиргааны байгууллага хууль зүйн үндэслэлтэй бодит нөхцөл байдлыг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

3.11. Мөн Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө 2018 оны 01 дугаар сарын 02-ны, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан үндэслэлээр хуульд нийцүүлэн гурван ч удаа зарлалыг нийтэлсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс холбогдох тайлбар баримтыг хариуцагч захиргааны байгууллагад ирүүлээгүйд хариуцлага үүрэг хүлээх шаардлагагүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тайлбарлан маргажээ.

3.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;” гэж тодруулжээ.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тухайн тушаал нь илт хууль бус захиргааны акт мөн эсэхийг тогтооход шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдах бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

3.4. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/121 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн санал,  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтад “Х” ХХК багтжээ.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол тухайн захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газарт иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй тул захиргааны байгууллагыг нэхэмжлэгчийн “эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй.

3.6. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон бөгөөд баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу илэрхий алдаатай, мөн бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж ойлгох бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус тушаал гаргасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

3.7. Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй, тайлбар авах боломж олгоогүй” гэх үндэслэл нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах болохоос илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй.

3.8.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Тайны аманд 1.05 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2011/111 дугаар гэрчилгээг 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5 жилийн хугацаатай олгосон байна. Улмаар 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2011/116 дугаар гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан  нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3.9. Тус компанийн хувьд 2011 онд газар ашиглах гэрчилгээг авснаас хойш 3 сарын дотор гэрээ байгуулахаар эрх бүхий этгээдэд хандаагүй, харин 2 жилийн дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2011/16 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан нь Байгаль орчны сайдын 2001 оны 2018 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “... гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасантай нийцээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгохоос дүгнэвэл нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа явуулаагүй байна.

3.10. Уг маргааны хувьд “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулснаас маргаан бүхий актыг гаргах хүртэлх цаг хугацааг тооцвол гурвалсан гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн бүтэн 4 жил 6 сарын хугацаа өнгөрсөн,  “Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж зааснаас үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.

3.11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хорол”-ийн төсөлд 2010/В211 дугаар бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, 2012 онд уг төслийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”, мөн онд “Байгаль хамгаалах төлөвлөгөө-Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр” боловсруулсан байх боловч энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан маргаан бүхий акт гарах үндэслэл болсон хуанлийн 2 жилийн хугацаанаас өмнөх үйл баримт, мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Худаг гаргах зөвшөөрөл”, 2019 онд “Инженер-геологийн судалгааны дүгнэлт” зэргийг гаргуулсан гэх үйл баримт нь маргаан бүхий акт гарснаас хойших хугацаанд хамаарч байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зааснаар зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байна.

4. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар “Х” ХХК нь хуульд зааснаар газар ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдохгүй, өөрөөр хэлбэл газрын төлбөрт 65.340.000 төгрөг бүрэн төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

4.1. Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж тус тус заасан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр нэр бүхий 79 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгуулахаар санал ирүүлсэн жагсаалт, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/2057 дугаар албан бичгийн хавсралтаар  “Х”ХХК-ийг гэрээний дагуу газрын төлбөрийн орлогын тоот дансанд газрын төлбөрийг 2015 оноос хойш  төлөөгүй” гэсэн байна.

4.2. Гэтэл нэхэмжлэгчээс газар ашиглах эрх авснаас хойш болон гурвалсан гэрээ байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс маргаан бүхий  акт гарсан буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй буюу 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.485.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10.279.500 төгрөг төлсөн, газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2014 оны 2 дугаар сар хүртэл 6.435.000 төгрөг төлсөн гэх баримт ирүүлсэн байхад газрын төлбөрийн итгэлцүүрт өөрчлөлт орсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн 2015 оноос хойш газрын төлбөр төлөөгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй.

4.3. Өөрөөр хэлбэл, тус компаниас “... 2017  оноос хойш газрын төлбөрийн итгэлцүүр хүчингүй болсон, газрын төлбөр гэнэт өндөр үнэтэй болж байна, шүүхэд хандана гэж байсан учир 2015 оноос хойших газрын төлбөрийг төлөөгүй” гэж тайлбарлах боловч 2011/116 дугаартай гэрээнд заасан хэмжээний дагуу газрын төлбөрийг 2015 оноос хойш ч төлөөгүй, мөн уг газар нь гэрчилгээ авснаас хойш нэхэмжлэгч компанийн эзэмшил, ашиглалтад байсан, нэхэмжлэгч тухайн газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан, хариуцагчаас энэ эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй байх тул 2015 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байх тул уг шийдвэрийг илт хууль бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

5. Мөн анхан шатны шүүх маргаан бүхий актыг нэхэмжлэгчид хүргүүлсэн буюу сонсох ажиллагааны талаар дүгнэлт өгсөн бөгөөд шийдвэрийн тэрхүү хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүйг тэмдэглэв.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн тул газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон” гэх гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х”ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ