Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00482

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

      Дугаар 181/ШШ2017/00482

               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол,  14 дүгээр байрны 168 тоотод оршин суух, хаягтай Мундаг овогтой Гүрсэдийн Бор/РД: ЧО55082011/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албад холбогдох

 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Бор, өмгөөлөгч Б.Пүрэвдорж  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Г.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Бор шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.Борооос 93,236,000 төгрөгийг гаргуулж Улаан загалмай хадгаламж зээлийн хоршооны хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.Бор миний эхнэр хүүхдүүдтэйгээ хамтран өмчилдөг улсын бүртгэлийн Ү-2204009860 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол,14 дүгээр байр 168 тоот орон сууцны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шаардах болсон.

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 4 өрөө орон сууцыг 129,600,000 төгрөгөөр үнэлүүлж, түүний 70 хувиар тооцон 90,720,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон гэж 3/3862 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэгч орон сууцны хамтран өмчлөгчдөөс үнийн санал  авалгүйгээр үнэлгээг тогтоолгохдоо орон сууцны зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнээр үнэлүүлсэн явдалд гомдолтой байна.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 14 дүгээр байр 1990 онд баригдан ашиглалтад орсон сууц өвөлдөө маш дулаахан хотын А зэрэглэлийн байршлын бүсэд багтдаг. Тус сууц нь нийт талбайгаараа 90 гаран метр талбайтай 14 дүгээр байранд 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан.Тиймээс байршил талбайн хувьд гологдохгүй маш сайн материалаар барьсан орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж байгаа нь бидний хөрөнгийг бусдад бэлэглэх шахуу өгөх гэж байгаа албадлага хийх эрхтэй төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 37 дугаар зүйлийн 37,3-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулж эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 93,230,000 төгрөгт төлбөр нь эргэн дахин цагдаагийн байгууллагад гомдол гаргаж  эрүүгийн хэрэг үүсгэгдсэн одоо болтол шалгагдаж байгаа.

Мөн анх намайг Улаанзагалмай ХЗХ-д хуурамч бичиг баримт бүрдүүлэн гишүүнээр элсүүлж оруулсан баримт гарч ирсэн энэ баримтыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.Борын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцыг  шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлж 93,326,000 төгрөгийг гаргуулж хоршоодын хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн.

Тус ХЗХ-ны төлбөрт хураагдсан Г.Борын  өмчлөлийн Ү-2204009860 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол,14 дүгээр байрны 168 тоот орон сууцанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 д заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/0225, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3/3518 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарыг үнийн санал өгөх тухай хугацаатай мэдэгдлийг өгсөн.

Тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.2.4 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03 тоот Шинжээч томилох тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилоход үнэлгээ 129,600,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Бор нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.Бороос 93,236,000 төгрөгийг гаргуулж хоршоодын хохирогчдод олгохоор шийдвэрлэж, тогтоох хэсгийн 12 дахь заалтад “Г.Борын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол,14-168 тоот орон сууц иргэний хариуцагч, шүүгдэгчдийн хувьд оногдох хөрөнгийг албадан гаргуулан төлбөрт тооцохоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоолын 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь баримтаар тогтоогдов. /х.х-ийн 15-27 дугаар талууд/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн 18дугаар хороо, 13 дугаар хороолол 18 дугаар байрны 168 тоот 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнийг төлбөрт тооцохоор төлбөр төлөгч, өмчлөгч нарт хугацаа зааж үнийн саналаа өгөх тухай хугацаа зааж  мэдэгдэж байсан нь  2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2/0726, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/0225, 2016 оны  4 дүгээр сарын 19-ний өдрийн 3/3518 мэдэгдлээр удаа дараа мэдэгдэж байсан  хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 28-41 дүгээр талууд/

Төлбөр төлөгч, өмчлөгч нар үнийн санал өгөөгүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр “ Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 18 дугаар байрны 168 тоот 4 өрөө  орон сууцны үнийг 129,600,000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Энэ хуулийн 33.1, 33.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгчийг татгалзан гаргах хүсэлтийг төлбөр төлөгч, төлбөр авагч, тэдний төлөөлөгч бичгээр гаргана” гэж заажээ.

Шинжээч томилох тогтоолыг төлбөр төлөгч, болон төлбөр авагч нарт хариуцагч шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр шинжээчийн татгалзан гаргах боломж бүрдэх ба энэ талаар маргаагүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулж Анхны албадан дуудлага худалдааны санал доод үнийг тогтоох  болсон тухай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгээгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна./хх-ийн 49-51 дүгээр талууд/

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолоор Г.Бороос 93,236,000 төгрөгийг Улаан загалмай хоршооны хохирогчдод олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлагатай нийцэж, шийтгэх тогтоолын дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад өмчлөгч нарын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 Иймд нэхэмжлэгч Г.Борын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.2.2, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Бороос төгрөгийг 93,236,000 төгрөгийг гаргуулж Улаан загалмай хоршооны хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг  хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 19722 дугаартай захирамж хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ