Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 887

 

Г.Борын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00482 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Борын нэхэмжлэлтэй

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох      

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Бор  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчгөөлөгч Б.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Бор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.Борооос 93 236 000 төгрөгийг гаргуулж “Улаан загалмай” ХЗХ-ны хохирогч нарт олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.Бор миний эхнэр, хүүхдүүдтэйгээ хамтран өмчилдөг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шаардсан. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 4 өрөө орон сууцыг 129 600 000 төгрөгөөр үнэлүүлж, түүний 70 хувиар тооцон 90 720 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон гэж 3/3862 тоот албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч орон сууцны хамтран өмчлөгчдөөс үнийн санал авалгүйгээр үнэлгээ тогтоохдоо зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 14 дүгээр байр 1990 онд баригдан ашиглалтад орсон, өвөлдөө маш дулаахан хотын А зэрэглэлийн бүсэд багтдаг. Тус 14 дүгээр байранд 3 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр худалдан борлуулж байсан, байршил талбайн хувьд гологдохгүй айн материалаар барьсан орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор надаас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр нь дахин цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэгт үүсгэгдэн одоо болтол шалгагдаж байгаа. Мөн анха намайг “Улаанзагалмай” ХЗХ-д хуурамч бичиг баримт бүрдүүлэн гишүүнээр элсүүлж оруулсан баримт гарч ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.Борын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцыг  шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлж 93 326 000 төгрөгийг гаргуулж хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн. Тус хадгаламж зээлийн хоршооны төлбөрт Г.Борын  өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/0225, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3/3518 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарыг үнийн санал өгөх тухай хугацаатай мэдэгдлийг өгсөн. Тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.2.4-т  заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилоход 129 600 000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.2.2, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Бороос төгрөгийг 93 236 000 төгрөгийг гаргуулж, “Улаан загалмай” хоршооны хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 19722 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нь Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлага гаргасан. Энэ үндэслэлээ тайлбарлаж эрүүгийн хэргээс холбогдох нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ миний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлэх гэснийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх гэж ташаа тодорхойлж, нотлох баримтууд гаргуулах хүсэлтийг хангалгүй шийдсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх нь үндсэн нэхэмжлэлээс гадна миний эрх ашипг хамгийн гол нөлөөлөх асуудал юм.

Анх 242 шийтгэх тогтоолоор тогтоогдсон 93 сая төгрөгт хохирол нь 9 сая төгрөгөөр тооцогдсон н.Оюунтуяа гэх иргэн дахин цагдаагийн байгууллаад гомдол гаргаж надад эрүүгийн хэрэг үүсгэн одоог хүртэл шалгагдаж байгаа. Мөн "Улаан загалмай" ХЗХ-ны Г.Борыг гишүүнээр элсүүлэх тухай хуурамчаар үйлдсэн нотлох баримт гарч ирсэн. Үүнийг холбогдох байгууллагаар шалгуулж тогтоолгох шаардлагатай. Би энэ талаар нотлох баримтуудаа эрүүгийн хэргээс хуулбарлаж шүүх хурал дээр гаргаж энэ талаарх тайлбараа гаргасан. Гэтэл энэ талаар шүүх ямар нэг үндэслэл дүгнэлт өгөөгүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан. 2-т улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээж авсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Бор нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолын дагуу төлбөр төлөгч Г.Бор нь “Улаанзагалмай” ХЗХ-ны хохирогч нарт төлөх 93 236 000 төгрөгийг сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 168 тоот орон сууцыг битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /15-27/

Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар төлбөр төлөгч Г.Бор, хамтран өмчлөгч З.Минжмаа, Б.Мягмарсүрэн, Б.Баттогтох нарт санал авах талаар мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилжээ. /хх-29, 30, 32-34,37-38-46/

Шинжээч дээрх хөрөнгийн үнэлгээг хийж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 129 600 000 төгрөг болохыг тогтоож, тайланг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ирүүлснийг тус алба төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт мэдэгдсэн болох нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3/3862 тоот албан бичиг, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, баталгаат шуудангаар хүргүүлсэн баримтаар тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. /хх-49-51/

Нөгөө талаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг, үнэ тогтоох эрх бүхий үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар зохицуулсан бөгөөд энэ нь тухайн хөрөнгийг шууд худалдах үнэ бус, харин энэ үнээс дээшээ санал гаргах гэсэн агуулгатай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.Бор нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх шаардлагын хүрээнд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаа гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба гэж тэмдэглэгдсэн байна.

Харин шүүх шийдвэрийнхээ үндэслэх болон тогтоох хэсэгт  хэргийн хариуцагчийг “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд” гэж бичиж техникийн алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс  залруулах боломжтой.

Нэхэмжлэгч нь уг хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэж гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2016/06571 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй  байна. /хх-81-83/

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасныг  анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэж маргасан. Уг хүсэлтийг шүүх иргэний хэрэг үүсгэх ажиллагааг явуулахдаа шийдвэрлээгүй нь буруу боловч шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд” гэснийг “Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                     ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА