Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Т.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

шүүгдэгч А.Пагамдулам, түүний өмгөөлөгч А.Туул,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Гэрэлт-Од, шүүгдэгч А.Пагамдулам, түүний өмгөөлөгч А.Туул, Б.Батнаран нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт холбогдох эрүүгийн 201301023416 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Тайжууд овогт Төрбатын Гэрэлт-Од, 1976 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бариач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ОЕ76032201/,

2. Мэтэв овогт Агвааны Пагамдулам, 1966 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч, ня-бо мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хорооллын 6 дугаар байрны 45 тоотод оршин суух,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 659/а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ШВ66122361/,

 

Т.Гэрэлт-Од нь А.Пагамдуламтай бүлэглэн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Японы хөрөнгө оруулалттай Сүндэрмаа төрийн бус байгууллагын хэрэгцээнд худалдан авч байгаа мэтээр төөрөгдүүлэн иргэн С.Цэрэн-Очироос “Lexus LX570” загварын, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлийг А.Пагамдуламын эзэмшилд шилжүүлэн авч, 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2013 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг хуурч, өөрсдийгөө Улсын Их хурлын гишүүн Баянсэлэнгийн туслахууд, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын захирал, менежер гэх мэтээр танилцуулж хорихоос суллагдсан эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд олон тооны монгол гэр худалдаж авах шаардлагатай байна, мөнгө нь бэлэн гэх зэргээр төөрөгдүүлэн Т.Төмөр-Очирын 42.250.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг их бүрэн монгол гэр, 3 ширхэг гэрийн мод, Х.Эрхэмбаярын 20.850.000 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг монгол гэрийн зөөлөн эдлэлийг залилан авсан,

Т.Гэрэлт-Од нь дангаараа 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цэцэрлэгийн барилга буулгах 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлын тендер авч өгнө гэж хуурч Н.Зоригтбаатарт 60.0 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах “Да хүрээ” зах дээр автомашин худалдаалдаг А.Лувсансамбууг хуурч, өөрийн эрхэлдэг Фермерийн аж ахуйд хэрэглэх автомашины хэрэгцээ гараад байна, төслийн мөнгө орж ирэхээр 14 хоногийн дотор мөнгийг нь өгье, тэр үед дахиад танаас 2-3 машин худалдаж авна гэх зэргээр төөрөгдүүлэн 13.000.000 төгрөгийн үнэ бүхий “Toyota ipsum” загварын улсын дугаар аваагүй автомашиныг залилан авсан,

А.Пагамдулам Т.Гэрэлт-Одтой бүлэглэн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Японы хөрөнгө оруулалттай Сүндэрмаа төрийн бус байгууллагын хэрэгцээнд худалдан авч байгаа мэтээр төөрөгдүүлэн иргэн С.Цэрэн-Очироос “Lexus LX570” загварын, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлийг А.Пагамдуламын эзэмшилд шилжүүлэн авч, 140.000.000 төгрөгийн буюу иххэмжээний хохирол учруулсан,

2013 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг хуурч, өөрсдийгөө Улсын Их хурлын гишүүн Баянсэлэнгийн туслахууд, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын захирал, менежер гэх мэтээр танилцуулж хорихоос суллагдсан эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд олон тооны монгол гэр худалдаж авах шаардлагатай байна, мөнгө нь бэлэн гэх зэргээр төөрөгдүүлэн Т.Төмөр- Очирын 42.250.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг их бүрэн монгол гэр, 3 ширхэг гэрийн мод, Х.Эрхэмбаярын 20.850.000 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг монгол гэрийн зөөлөн эдлэлийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Гэрэлт-Одын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, А.Пагамдуламын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайжууд овогт Төрбатын Гэрэлт-Одыг зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн, Мэтэв овогт Агвааны Пагамдуламыг зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Пагамдуламыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар А.Пагамдуламыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Гэрэлт-Одыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Гэрэлт-одыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Т.Гэрэлт-Одыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Т.Гэрэлт-Одыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Гэрэлт-Одод оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар, А.Пагамдуламд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Гэрэлт-Одын цагдан хоригдсон 205 хоногийг, А.Пагамдуламын цагдан хоригдсон 193 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу эд мөрийн баримт устгах комисст эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сүндэрмаа төрийн бус байгууллагын гэрчилгээ, тамга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Гэрэлт-Од гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би тухайн үед бусдыг хохироож, залилан мэхлэх  санаа байгаагүй. Амьдралын түвшин доогуур иргэдээ гэртэй, ажлын байртай болгож амьдралд нь жаахан ч гэсэн тус нэмэр болох гэсэн зорилготой байсан. Би хохирол төлбөрийг барагдуулсан бөгөөд төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл анги бүрээр ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд хэргийг нэтгэн миний амьдралд өсвөр насны хүү, нялх балчир 3 настай хүүхдүүдийн минь амьдрал маш хүнд үлдсэн. Хоёр хүүхдүүдийг минь асран хамгаалах харж хандах хүнгүй, амьдрал хүнд байгааг минь харгалзан үзэж надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч А.Пагамдулам гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмших байна. Хохирлыг прокурорын шатанд төлж дууссан. Би батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдоогүй. Миний бие 2013 онд өвдөж нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж шинжилгээнд хамрагдаж өвчний онош тогтоодсон. Сахарын 2 дугаар үеийн өвчин, бамбай булчирхайн 2 дугаар үе, зүрх, судасны өвчтэй. Миний сахарын өвчний хүндэрлүүд болон үе үе баруун нүдний хараанд, хөл, гарын мэдээ сулрах, үе мөчний өвчин, үенүүд сайртах, толгой тархиар хатгаж, нүдний хараа муудсан. Зүрх тогтмол өвдөж эмчийн хяналтад орсон. Бамбай булчирхайн өвчний улмаас зүрх өвдөж мэс засалд орох эмчийн дүгнэлт гарсан. Миний бие цус багадалтад орж байнга эмч нарын заавраар эмчилгээ, эм хэрэглэдэг. ...миний биеийн байдал тааруу 3 удаа мэс засалд орсон. Дээрх өвчний улмаас биед зовууртай, даралт ихсэж багасна, маш их хүндрэлтэй байдаг. Бамбай булчирхайн мэс засалд орох эмчийн онош гарсан. ...би холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Дахин гэмт хэрэгт холбогдож болохгүй гэдгээ ухамсарлаж байна. Мөн эрүүл мэндийн байдал тааруу. Батлан даалтад байхдаа гэмт хэрэгт дахин холбогдоогүй, миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг дахин хянаж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэжээ. 

Шүүгдэгч А.Пагамдуламын өмгөөлөгч А.Туул, Б.Батнаран нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Бидний үйлчлүүлэгч А.Пагамдулам нь энэхүү гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа бүх хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн мөнгийг бүрэн барагдуулсан, мөн дахин гэмт хэрэгт холбогдож байгаагүй болно. А.Пагамдулам нь Цагдан хоригдох 461 дүгээр хорих ангид хоригдож байх хугацаандаа биеийн байдал муу бамбай болон даралт, зүрх судас , эмэгтэйчүүд гэх мэт маш олон суурь өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Бамбай болон зүрхний хагалгаанд зайлшгүй орох өвчний заалттай зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан өвчтөний гар карт болон эмч нарын зөвлөгөөний шийдвэр 1 дүгээр төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Сонгдо эмнэлгийн онош дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. А.Пагамдулам нь биеийн байдал тааруу маш олон суурь өвчтэй онош тогтоогдсон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа биеийн байдал тааруу шалтгааныг нь харгалзан үзэж нийгэмээс тусгаарлахгүйгээр торгуулийн арга хэмжээ оноож өгнө үү. Үр хүүхдүүд болон ах дүү нар нь ээж болон эгчийнхээ торгуулийн арга хэмжээний мөнгийг төлөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлж байгаа...” гэжээ.

Шүүгдэгч Т.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч А.Пагамдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч А.Пагамдуламын өмгөөлөгч А.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Пагамдулам нь энэхүү гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа бүх хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн мөнгийг бүрэн барагдуулсан, мөн дахин гэмт хэрэгт холбогдож байгаагүй болно. А.Пагамдулам нь Цагдан хоригдох 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа биеийн байдал муу бамбай болон даралт, зүрх судас, эмэгтэйчүүд гэх мэт маш олон суурь өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Бамбай болон зүрхний хагалгаанд зайлшгүй орох өвчний заалттай зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан өвчтний гар карт болон эмч нарын зөвлөгөөний шийдвэр, 1 дүгээр төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Сонгдо эмнэлгийн онош дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. А.Пагамдулам нь биеийн байдал тааруу маш олон суурь өвчтэй онош тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Биеийн байдал тааруу шалтгааныг нь харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн арга хэмжээ оноож өгнө үү. Үр хүүхдүүд болон ах дүү нар нь ээж болон эгчийнхээ торгуулийн арга хэмжээний мөнгийг төлөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлж байгаа...” гэв.

Шүүгдэгч Т.Гэрэлт-Одын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Гэрэлт-Одын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар гээд 2 удаа ял оногдуулсан нь ойлгомжгүй. Т.Гэрэлт-Одын 4 удаагийн үйлдлийн 3 үйлдэл нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн өмнө үйлдэгдсэн учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1.3 дахь хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хаагдсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь их хэмжээний хохирол учирсан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. Лувсансамбуугаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13.000.000 “Toyota Ipsum” загварын автомашин аваад, төлбөрийг нь шүүх хуралдааны шатанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн. Хохирол төлбөргүй. Одоо 280 хоног цагдан хоригдож байгаа. Ял шийтгэлийг тохируулж, гаргаж өгнө үү. “Дахин ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдохгүй” гэж мэдүүлсэн...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нар нь бүлэглэн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Японы хөрөнгө оруулалттай Сүндэрмаа төрийн бус байгууллагын хэрэгцээнд худалдан авч байгаа мэтээр төөрөгдүүлэн иргэн С.Цэрэн-Очироос “Lexus LX570” загварын, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлийг А.Пагамдуламын эзэмшилд шилжүүлэн авч, 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

2013 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг хуурч, өөрсдийгөө Улсын Их хурлын гишүүн Баянсэлэнгийн туслахууд, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын захирал, менежер гэх мэтээр танилцуулж хорихоос суллагдсан эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд олон тооны монгол гэр худалдаж авах шаардлагатай байна, мөнгө нь бэлэн гэх зэргээр төөрөгдүүлэн Т.Төмөр-Очирын 42.250.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг их бүрэн монгол гэр, 3 ширхэг гэрийн мод, Х.Эрхэмбаярын 20.850.000 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг монгол гэрийн зөөлөн эдлэлийг залилан авсан,

 

Т.Гэрэлт-Од нь дангаараа 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цэцэрлэгийн барилга буулгах 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлын тендер авч өгнө гэж хуурч Н.Зоригтбаатарт 60.0 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах “Да хүрээ” зах дээр автомашин худалдаалдаг А.Лувсансамбууг хуурч, өөрийн эрхэлдэг Фермерийн аж ахуйд хэрэглэх автомашины хэрэгцээ гараад байна, төслийн мөнгө орж ирэхээр 14 хоногийн дотор мөнгийг нь өгье, тэр үед дахиад танаас 2-3 машин худалдаж авна гэх зэргээр төөрөгдүүлэн 13.000.000 төгрөгийн үнэ бүхий “Toyota ipsum” загварын улсын дугаар аваагүй автомашиныг залилан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Төмөр-Очирын: “...Гэрэлт-Од, Пагамдулам гэх 2 эмэгтэй ирж уулзаад “бид нар Улсын Их Хурлын гишүүн Баянсэлэнгийн туслахууд нь байна одоо Өршөөлийн хуулиар хорихоос ялтнууд суллагдана. Тэгэхээр тэр хүмүүст гэр олгох төслийг хэрэгжүүлэхээр манай компани ажиллаж байгаа танай гэр олон ширхэг байвал худалдаж авья” гэсэн. Би зарж байгаа агуулахад байсан гэрүүдийг үзүүлэхэд “танайх овоо нөөцтэй юм байна ер нь бол бид нар 400 гэр худалдаж авна, эхний ээлжинд 100 гэр авна” гэсэн. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тэр хоёр эмэгтэй дахиад ирэхээр нь Нарантуул захын урд талд байдаг цайны газарт ороод нийт 100 гэрийг нэгийг нь 1.6 сая төгрөгөөр өгөхөөр болоод худалдах, худалдан авах гэрээг хоорондоо байгуулсан. Тэр хоёр эмэгтэйгийн Пагамдулам нь “Сүндэрмаа” төрийн бус байгууллагын тэргүүн, менежер нь Гэрэлт-Од гэж байсан. Гэрээ хийхдээ “та нарт урьдчилгаа мөнгө болон барьцаа хөрөнгө байна уу” гэхэд “урьдчилгаа мөнгө байхгүй, танай гэрийг манай баталгаат агуулахад хадгална оффис маань Чингис зочид буудлын 3 давхар 302 тоотод байдаг юм, тэгэхээр баталгаатай гэсэн үг та нар санаа зоволтгүй” гэж хэлсэн. ...2013 оны 11 дүгээр сарын 1-ний өглөө утсаар ярихад “дахиад 25 ширхэг гэр 11.00 цагт аваад ир, мөнгө чинь бэлэн болчихлоо гэсэн. Тэгэхээр нь мөнгөө авч байж өгье гэж бодоод 11.00 цагт залгахад “15.00 цагт боллоо, мөнгө 15.00 цагт найдвартай орж ирнэ 25 гэрээ ачаад хүргэж бай” гэсэн. Тэгээд 15.00 цагт ярихад Гэрэлт-Од нь хүрээд ирсэн ба “мөнгө ороод ирчихсэн” гэхээр нь гэрийг нь ачаад 10 дугаар хороолол руу Гэрэлт-Одыг дагуулаад явсан. 10 дугаар хороололд яваад очиход нөгөө агуулахад хураасан 25 гэр байхгүй болчихсон байсан. Яагаад гэр алга болчихвоо гээд асуугаад зогсож байтал хажуу талаас Нарантуул зах дээр гэр зардаг Туяа, Мижид гэх хүмүүс хүрч ирээд бид нар энд гэр зарж байна гэхээр нь худалдаж авах гэж ирсэн гэж хэлсэн. Тэгтэл танай гэр юм байна гэхээр нь би Гэрэлт-Од, Пагамдулам нар надад худлаа ярьж миний гэрийг аваад цааш нь хүмүүст зарсан юм байна гэдгийг мэдсэн...” /1-р хх-ийн 135-139/,

 

иргэний нэхэмжлэгч Ш.Насанжаргалын: “...Надад Жаргал гэдэг манай эхнэрийн талийгаач эгчтэй сууж байсан хүн ирээд “гэр авах уу” гэж асуухаар нь би таньдаг болохоор гайгүй байх гэж бодоод авчихсан юм. Би Жаргалаас нийт 6 ширхэг 3 ширхэг дан бүрээстэй 3 ширхэг нь давхар бүрээстэй ...шалтай 4 ханатай шинэ монгол гэрийг нэгийг нь 650.000 төгрөгөөр бодож аваад хамт ажилладаг Энхбаатарт дан бүрээстэй шалтай 3 ширхэг гэрийг нь нэгийг нь 550.000 төгрөгөөр бодож өгсөн юм. Жаргал надад “манай эгч хүмүүнлэгийн байгууллагын дарга байгаа юм тэр тусламжийн гэр аваад унааны мөнгөгүй болоод цөөхөн хэдэн гэрийг нь зарах гэж байхаар нь би зарж өгч байгаа юм” гэж хэлсэн...” /1-р хх-ийн 140/,

хохирогч Х.Эрхэмбаярын: “...Нарантуул зах дээр ажилладаг борлуулагч Хишигбаяр дээр Гэрэлт-Од гэх эмэгтэй ирж уулзаад “манайх төрийн бус байгууллага байгаа юм дүүргүүдэд цаашид хүмүүст үнэгүй олгох гэр зардаг юм, 500 гэрийн захиалга байгаа танайхаас гэр худалдаж авья” гэж хэлсэн байсан. Манай эхнэр тэр эмэгтэйгийн хэлснээр Чингис зочид буудлын 3 дугаар давхарт байрлах оффист нь очиж уулзахад төрийн бус байгууллагын захирал гэх эмэгтэй манайх 500 гэрийн захиалгатай байгаа гээд баахан бичиг баримт үзүүлсэн гэсэн. Тэгснээ “танайхаас худалдаж авахаар боллоо гэхдээ авахаасаа өмнө шалгаж үзнэ, та нар гэрээ сайн дэлгэрэнгүй бэлдээд байж бай” гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэр өдрийнхөө маргааш нь билүү нөгөөдөр нь манай эхнэр лүү дахин залгаад “манай байгууллагад шалгалт ирэх гээд байна яаралтай 30 гэр ачиж авч ирээд манай агуулахад буулгачих” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь бид нар тэр хүмүүсийг үнэхээр төрийн бус байгууллагын хүмүүс юм байна мөн үнэхээр 500 гэр худалдаж авах юм байна гэж итгээд 30 гэрийг ачаад тэр хүмүүсийн хэлснээр 3 дугаар эмнэлгийн урд талд байрлаж байсан агуулахад аваачиж хүлээлгэж өгсөн. Тэгээд өмнөх өдөр нь аваачиж өгөхөд шөнө нь зарж байна гэхээр нь ямар нэг байдлаар ноотой байж таарна гэж бодоод тэр хүмүүст “цааш нь битгий зарж борлуулаарай” гэж хэлсэн. Тэгээд сураглаад байсан чинь тэр хоёр эмэгтэй мөн Нарантуул зах дээр байдаг хүмүүсээс гэр худалдаж аваад өөр хүмүүст зарчихсан байсан...”/1-р хх-ийн 141-142/,

хохирогч Ю.Туяагийн: “...нөгөө эмэгтэй рүү залгаад “дандаа гэрийн дан эсгийнүүд байна давхар биш юм байна чи үүнийгээ ирж үз” гэхэд ирсэнээ “танд итгэж байна харах шаардлагагүй би танд маргааш дахиад 30 дан буюу 15 давхар гэрийн эсгий өгье та надад наад мөнгөө өгчих” гэхээр нь би Загдаагаас авсан байсан 9.0 сая төгрөгийг тэр 2 эмэгтэйд өгчихсөн. Би нийт тэр 2 эмэгтэйд 16.0 сая төгрөг өгөөд явуулсан ба маргааш нь 15 гэрийн эсгий авахаар болсон. Би тэр хоёрт 500.000 төгрөг өгөх дутуу үлдсэн. Тэгтэл нөгөө 2 эмэгтэй над руу ярихгүй байхаар нь утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл эргэж залгаад “бид нар хуралтай байна таны эсгий өнөөдөр ирэхгүй та маргааш авчих нэг бол өнөөдөр надаас 25 ширхэг гэр худалдаад ав” гэсэн. Тэр үед л би тэр хоёр эмэгтэйг худлаа ярьж хүмүүсээс гэр худалдаж аваад гэрээ буцааж бид нарт зарж байсныг мэдсэн...” /1-р хх-ийн 143-144/,

хохирогч С.Цэрэн-Очирын: “...Пагамдулам, Гэрэлт-Од болон Гэрэлт-Одын нөхөр, хуулийн зөвлөх гэсэн нэрийг нь мэдэхгүй нэг эрэгтэй хүмүүс ирээд машин худалдаж авах гэсэн юм бид нар өөрсдийнхөө компанид авах гэж байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд би Гэрэлт-Од, Пагамдулам хоёрт машинаа 93.000 америк доллараар буюу тухайн үеийн ханшаар бодоход 135.000.000 төгрөгөөр тооцож өгөхөөр болсон. Тэгээд Гэрэлт-Од, Пагамдулам хоёртой хамт нотариат ороод 7 хоногийн дотор машины мөнгө төлөхөөр тохирч гэрээ хийгээд 2013 оны 7 дугаар сарын 31-ний өглөө машины нэрийг нь Пагамдуламын нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед Пагамдулам, Гэрэлт-Од хоёр надад манайх Япон улсын хөрөнгө оруулалттай “Сүндэрмаа” гэсэн нэртэй төрийн бус байгууллага байгаа юм Япончууд нэр дээрээ шилжүүлсний дараа мөнгө өгнө гэдэг юм гэж хэлэхээр нь би үнэмшээд машинаа нэр дээр нь шилжүүлсэн юм...” /1-р хх-ийн 157-160/,

иргэний нэхэмжлэгч Ж.Болормаагийн: “....Лхагважав уг машиныг 80.000 америк доллар буюу монгол мөнгөөр тооцоход 127.600.000 төгрөгөөр зарна гэсэн. Надад тухайн үед 50.000.000 төгрөг бэлнээр байсан үүнийг өгөөд үлдэгдлийг нь дараа өгий гэхэд зөвшөөрөөгүй. Тэгээд намайг гуйгаад байсан чинь нотариат орж гэрээ хийсэн. Тухайн үед машины бичиг баримт Лхагважавын нэр дээр байсан. Ингээд нотариат орж гэрээ хийчихээд би машинаа аваад явсан. 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гэрээнд заасан хугацаандаа би үлдэгдэл 77.600.000 төгрөгийг өгөөд тооцоо дууссан. 2013 оны 11 дүгээр сард би машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Тэгээд машинаа унаж байтал цагдаагаас дуудаад машиныг хурааж авсан...” /1-р хх-ийн 165-167/,

хохирогч Н.Зоригтбаатарын: “...Мөнгө өгөх болсон шалтгаан гэвэл Цэцэрлэгийн барилга буулгах тендер авч өгнө 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй юм гэж хэлсэн бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ард байрладаг цэцэрлэгийг буулгана гэж намайг дагуулж очиход цэцэрлэгийн гадна талаар хашаа барьчихсан, буулгахад бэлэн болчихсон байдалтай харагдаж байсан юм. Тэгээд танай компанид ашигтай учраас та мөнгөө өгөөд тендер ав гэж хэлсэн учраас л мөнгөө итгэж найдаад өгсөн...” /6-р хх-ийн 58-59/,

хохирогч А.Лувсансамбуугийн: “...Пүрэвжал гэх таньдаг залуу ирээд “таньтай уулзах хэрэг байна манай эхнэрийн эгч Гэрэлт-Од цуг яваа юм гурвуулаа уулзаж яриа байна” гээд машин руу намайг дагуулаад явсан. Машинд суугаад Пүрэвжал, Гэрэлт-Од гэх хүмүүс уулзахад Гэрэлт-Од надад “машин хэрэгтэй байгаа юм. Би Партизаны сангийн аж ахуйд Фермерийн ажил бүтэх гэж байгаа төслийн мөнгө нь одоо удахгүй бүтнэ, та надад машин зээлээр өгчихвөл таниас дахиад 2-3 машин авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за машинаа үзчих” гэхэд жаахан явж байснаа ирээд “миний мөнгө 21 хоног биш 14 хоногийн дараа бүтэхээр боллоо” гэсэн. Тэгээд машинаа үзээд надад байсан “Toyota Ipsum” загварын 2006 оны мөнгөлөг өнгөтэй гаалийн бичигтэй машиныг Гэрэлт-Од үзээд 13.0 сая төгрөгөөр авахаар болоод нотариатаар орж Гэрэлт-Одтой гэрээ хийгээд уг машиныг өөрийнхөө нэр дээр дугаар авч өгөх гэтэл Пүрэвжал та “Гэрэлт-Од эгчийн нэр дээр өгчих” гээд гуйгаад байхаар нь би Гэрэлт-Одын нэр дээр шилжүүлээд нотариатаар баталгаажуулаад өгсөн...” /6-р хх-ийн 224-226/,

гэрч Г.Бат-Эрдэнийн: “...Гэрэлт-Од надад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Цагдаагийн Ерөнхий газрын ард талын одоо хэддүгээр цэцэрлэг гэж байсныг нь санахгүй байна “нэг цэцэрлэгийг нураах ажлын тендер байна таньд энэ ажлыг авах компани байна уу” гэхээр нь би өөрийн хуурай дүү болох Барсболдод Гэрэлт-Одын хэлсэн зүйлийг дамжуулсан. Тэгсэн чинь Барсболд Гэрэлт-Одтой уулзаад тэр нураалтын ажлых нь талаар сонирохсон юм байна лээ. Ямар ч байсан миний мэдэхээр 2 өдөр л цугтаа яваад байсан. Тэгэхээр нь би энэ ажил нь юу болж байгаа талаар Барсбаатараас асуусан чинь Барсбаатар надад “би энэ ажлын тендерт нь орж чадаагүй харин өөрийн танил Зоригтбаатар гэх хүнд энэ ажлын талаар хэлсэн чинь өөрөө оролцъё гээд Гэрэлт-Одтой зөвшилцөөд хийхээр болж байгаа юм шиг байна лээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гэрэлт-Одтой холбогдоод ахдаа мөнгө байвал түр зээлээч мөнгөний хэрэг гараад байна гэсэн чинь Гэрэлт-Од “та маргааш хүрээд ирээрэй би Зоригтбаатар ахаас нураалтын тендерийн ажлын урьдчилгаа мөнгө авах ёстой” гэж хэлсэн. Зоригтбаатар Гэрэлт-Одод нураалтын ажлын тендерт өөрийн компаниа оролцуулж өглөө гээд урьдчилгаа мөнгөндөө 60 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан өгч байсан...” /6-р хх-ийн 62-63/,

гэрч Б.Барсболдын: “...Гэрэлт-Од надад “нураалтын тендерийн ажил яг одоо бэлэн байна баталгаа мөнгөө байршуулаад цэцэрлэг нураачих компани хэрэгтэй байна” гэсэн. 600.000 сая төгрөгийн төсөвтэй нураалтын ажил учир урьдчилгаа 10 хувийн мөнгийг баталгаа болгож байршуулаад энэ ажлыг хийчих компани хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад компани бол байхгүй, харин миний танил Зоригтбаатар ах барилгын компанитай тэднийх бол нурааж магадгүй гэж” хэлээд Зоригтбаатар ахад Гэрэлт-Одын хэлснийг дамжуулахад Зоригтбаатар ах зөвшөөрөөд уулзаад үзье гэж хэлсэн. Тэгээд бид 3 хамтдаа Зоригтбаатар ахын ажлын оффисын байранд нь уулзалдахад Т.Гэрэлт-Од нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гаргасан нураалтын ажлын жагсаалт нэртэй 1 ширхэг хуудас барьчихсан ирсэн. Тэр хуудсыг Зоригтбаатар ахад танилцуулаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Цагдаагийн Ерөнхий газрын ард талын хуучин цэцэрлэгийн барилгыг нураах ажил байна энэ ажил нь 600.000 сая төгрөгийн төсөвтэй гэж хэлэхэд Зоригтбаатар ах тэр цэцэрлэгийг нь очиж үзье хаана байрлалтай цэцэрлэг юм бэ гэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид 3 хамтдаа тэр цэцэрлэг дээр нь очиход хаалгаа барьчихсан үйл ажиллагаа нь зогсчихсон тийм цэцэрлэг байсан. Би Гэрэлт-Од Зоригтбаатар хоёрыг хооронд нь уулзуулж л өгсөн түүнээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Дараа нь нөгөө ажлыг хийхээр болсон одоо мөнгөө өгч байна гээд Гэрэлт-Одод Зоригтбаатар ах 60 сая төгрөг өгч байсныг би мэднэ...” /6-р хх-ийн 60-61/,

гэрч Т.Мишигдоржийн: “...Пагамдуламыг Японы хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагагад ажилладаг гэж байсан ба энэ байгууллагын шугамаар үйл ажиллагаа явуулж байгаа гээд Гэрэлт-Одтой хамт ажиллаж эхлэсэн. Тэрнээс хойш ер нь байнга шахуу хамт яваад байдаг болсон. 2013 оны 8 дугаар сарын дунд үеэр Пагамдулам, Гэрэлт-Од хоёр “Lexus 570” загварын машин авна” гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад “Японы хөрөнгө оруулагч нар ирэх гэж байгаа. Тэгэхээр байгууллагын машин унаа гэж зүйл байх ёстой 570 авчихвал тэр хүмүүст үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг харагдана” гэж байсан. Тэгээд Циркийн хойд талын автомашин зардаг зогсоолд байсан “Lexus 570” загварын машиныг худалдаж авахаар болоод Цэрэн-Очир, Баяраа гэх хүмүүстэй уулзаад байсан. Тэр хүмүүстэй уулзахдаа “хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг нь өгнө” гэж хэлээд машиныг нь нэр дээрээ шилжүүлж авсан ба машин худалдан авах гэрээг их дэлгүүрийн ойролцоо байрлах нотариатын газарт хийсэн. Тэгээд машиныг шууд Циркийн хойд талд байсан зогсоол дээрээс хүлээж аваад гражид байрлуулсан. Тэрнээс хойш “хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна” гэж байснаа нэг өдөр машинаа ломбардад тавьж байна гэсэн сураг гарч байсан...” /1-р хх-ийн 174-175/,

гэрч Ц.Баяраагийн: “...Пагамдулам, Гэрэлт-Од гэдэг хоёр хүн манай аав руу залгаад “машинийг чинь авах гэсэн юм хүрээд ир” гэхээр нь аав, манай эхнэр Гэрэлчимэг, ээж Дуламжав бид нар хамт очсон. Тэгтэл Пагамдулам, Гэрэлт-Од болон Гэрэлт-Одын нөхөр нь болон тэдний төрийн бус байгууллагын хуулийн зөвлөх гээд нэг ахын хамт ирээд машин үзэж байгаад Пагамдулам, Гэрэлт-Одын нөхөр хоёр машинд орж суутал Гэрэлт-Од хуулийн зөвлөх хоёрт нь би “манайх энэ машинаа 93.000 америк доллараар зарах гэж байгаа юм” гэж хэлтэл Гэрэлт-Од, хуулийн зөвлөх хоёр нь “танай машиныг чинь худалдаж авья” гэж хэлтэл машин дотроос Пагамдулам, Гэрэлт-Одын нөхөр хоёр гарч ирээд мөн адил “сайхан машин байна худалдаж авья” гэж хэлсэн. Тэгээд бид нарт Гэрэлт-Од, Пагамдулам хоёр “манайх Япончуудтай хамтарч ажилладаг төрийн бус байгууллага байгаа юм манай хөрөнгө оруулагч Япончууд удахгүй ирнэ, тэдэнд “Lexus 570” загварын автомашин хэрэгтэй байгаа юм манай байгууллага нь шоронд орсон хүмүүст гэр өгч ажлын байраар хангадаг юм” гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 179-181/,

гэрч З.Баянсэлэнгийн: “...Уулзалтын үед хорихын захиргаанаас суллагдсаны дараа нийгмийн асуудал хэцүү байдаг гэж байсан. Мөн дараа нь над руу хорихоос суллагдсан хүмүүсээс болон хоригдож байгаа хүмүүсээс уулзах хүсэлт их ирж байсан. Хүсэлтийн гол санаа нь суллагдаад нийгэмд гарахад ажил олддоггүй ад шоо үзүүлдэг гэх мэтчилэн санал хүсэлтүүд ирж байсан. Тэгээд би хүсэлтийн дагуу хорихоос суллагдсан хэдэн эмэгтэй байдаг тэдгээр эмэгтэйчүүд юу хийж байгаа талаар мэдэх зорилгоор ЗГ-ын ордны зааланд уулзалт зохиоход 10-20 орчим хүмүүс ирээд тэнд ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүсийн хажууд санал бодлоо хэлж байсан юм. Тухайн уулзалтад ирсэн хүмүүс ихэнх нь оёдолын мэргэжилтэй байсан болохоор би тэд нарт “ та нар дундаа төрийн бус байгууллага байгуулж түүндээ нэгдээд тодорхой зохион байгуулалтад орж ажиллавал илүү ашигтай” гэж санал тавьсан. Түүнээс би хамтран ажиллана гэж хэлээгүй. Би тэд нарт “төрийн бус байгууллага байгуулаад дүрмээ зохиож ажилла тэгвэл би оёдлын машин өгч болно” гэж л хэлсэн...” /3-р хх-ийн 80-83/ гэх мэдүүлгүүд,

“Toyota Ipsum” загварын автомашин үнэлсэн үнэлгээ, гаалийн мэдүүлэг /6-р хх-ийн 207-212/, автомашин хүлээлцсэн баримт /7-р хх-ийн 217-218/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 79, 80-81/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 83/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 86/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 87, 98/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 88-92/, агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 110-120/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 121-122, 124-126/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1-р хх-ийн 1-р хх-ийн 93-96, 127-130/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /1-р хх-ийн 134/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт холбогдох хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмээнд тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хууль буцаан хэрэглэх талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгаарлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэднийг зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарын үйлдэл тус бүрээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзнэ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнтэй нийцэхгүй.

Анхан шатны шүүх үүнийг зөвтгөлгүй шүүгдэгч Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр хорих ял оногдуулж, тэднийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, улмаар мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна. Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаг учиртай.

Иймээс шүүгдэгч Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ...хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх оногдуулсан хорих ялыг хүндрүүлэх эрхтэй хэдий ч шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох тул шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, А.Пагамдуламын эрүүл мэндийн байдал, шүүгдэгч Т.Гэрэл-Од бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт оногдуулсан ялын хэмжээнд хорих ял оногдуулав.

Үүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ Т.Гэрэлт-Од, А.Пагамдулам нарыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх шинж болох бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зөв дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ орхигдуулсан, эд мөрийн баримт Сүндэрмаа төрийн бус байгууллагын гэрчилгээ, тамга, тэмдэгийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр заасныг эрх бүхий байгууллагат шилжүүлэхээр зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Гэрэлт-Одын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, анги бүрээр ял оногдуулсан нь миний эрх зүйн байлдыг дордуулж байна...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.Пагамдулам, Т.Гэрэлт-Од нарын “...хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...”, өмгөөлөгч А.Туул, Б.Батнаран нарын “...торгох ял оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: