Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 242

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил

Шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б т холбогдох  эрүүгийн 2014003100264 дугаартай хэргийг 2020 оны  07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №219 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №169 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №84 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1,  261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт Т.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Т.Б  нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 6-16 тоотод байх Б.Т ийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж гэрийн цагаан бүрээс, гялгар цаас зэргийг хулгайлан авч бусдад 84.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

             Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

           Шүүгдэгч Т.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн

          ...2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Т  ахтай тааралдсан чинь гэр буулгаад янзлаад өгөөрэй гэж байсан. Би Б.Т  ахын гэрт очсон гэр буулгаад янзална гэхээр нь ирсэн чинь  гэр нь цоожтой Б.Т  ах гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би цоожийг нь гараараа татсан чинь шууд онгойсон тэгээд ороод гэрээс нь цагаан бүрээс, гялгар цаас хоёулаа уутанд байхаар нь би авч гараад айлын хашаанд нуугаад айл руу явсан. Тэгээд нэг айлд очоод байж байхад Б.Т  ах ганцаараа ирээд бүрээсээ авъя гэхээр нь би мэдэхгүй би яаж мэддэг юм гэсэн чинь яваад өгсөн... Хаалгыг нь эвдээгүй цоожийг нь бол эвдсэн зүгээр гараараа татсан чинь л цоож нь онгойсон.” гэх мэдүүлэг / хх-ийн 43/,

 

Хохирогч Б.Т ийн мөрдөн байцаалтад өгсөн

 ... би найзынхаа гэрт очиж хоноод өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  08 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрээс гэрийн цагаан бүрээс, 7 метр гялгар цаас алга болсон байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрийнхээ цагаан бүрээс, гялгар цаас хоёрыг 84.000 төгрөгөөр авсан. Цагаан бүрээс нь 65.000 төгрөг, гялгар цаасыг нь 19.000 төгрөгөөр авсан. Миний гар хөл муу болохоор Т.Б оос тэр өдөр нь хамт гэр янзлаад өгөөрэй гэж гуйж байсан. Намайг гэрийн бүрээс, гялгар цаас авсан гэдгийг мэдэж байгаа тэгээд хулгай хийсэн байх. Хар өнгийн хужаа цоож байсан. Юмаар эвдээд гэрт орсон байсан. Өөр зүйл алдагдаагүй, миний бүрээс, гялгар цаас хоёрыг өгсөн. Одоо ямар нэг гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 18-19/,

                    

            Гэрч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн

             ...Манай гэрт Б.Т  ах орж ирээд Т.Б  манай гэрийн хаалгыг эвдээд ороод гэрээс цагаан бүрээс аваад танай арын хашаанд байдаг айлын машин дотор хийсэн байна гэж хэлж байсан. Дараа нь хүмүүсээс сонсоход Т.Б  нь Б.Т  ах намайг цагдаад өгчихлөө гэж ярьсан гэж хэлсэн. Харин тэр арын хашаанд би цагаан бүрээс аваачиж тавьсан гэх айлын хүнийг нь Тайван гэдэг. Тайван ахын хашаан дотор л авсан зүйлээ аваачиж тавьсан гэж байсан. Хулгай хийж авсан зүйлээ аваачиж тавихад нь Тайван ах гэртээ байгаагүй гэсэн. Өөр айлаас хулгай хийж байсан эсэхийг нь би мэдэхгүй сайн байна... гэх мэдүүлэг / 25- 26/

                    

            Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаартай ..хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 84.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 37/

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 1-2/, гэмт хэргийн  талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 11/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 12-16/, шүүгдэгч Т.Б ийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 45/, шүүгдэгч Т.Б ийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 46/, шүүгдэгч Т.Б ийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 47/, Сүхбаатар дүүргийн 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 49-52/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 54-56/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 57-60/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

 

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар  бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

 

Шүүгдэгч Т.Б  нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 6-16 тоотод байх Б.Т ийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж гэрийн цагаан бүрээс, гялгар цаас зэргийг хулгайлан авч бусдад 84.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  

         Шүүгдэгч Т.Б ийн..Б.Т  ахын гэрт  ороод гэрээс нь цагаан бүрээс, гялгар цаас хоёулаа уутанд байхаар нь би авч гараад айлын хашаанд нуугаад айл руу явсан... Хаалгыг нь эвдээгүй цоожийг нь бол эвдсэн зүгээр гараараа татсан чинь л цоож нь онгойсон.” гэх мэдүүлэг / хх-ийн 43/,

Хохирогч Б.Т ийн ...гэрийн бүрээс, гялгар цаас хоёрыг өгсөн. Өөр зүйл алдагдаагүй, ...хар өнгийн хужаа цоож байсан, юмаар эвдээд гэрт орсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 18-19/,

               Гэрч Г.Ганбаатарын...манай гэрт Түвдэндорж ах орж ирээд Батзориг манай гэрийн хаалгыг эвдээд ороод гэрээс цагаан бүрээс аваад танай арын хашаанд байдаг айлын машин дотор хийсэн байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг/25- 26/

              Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаартай... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 84.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 37/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б  нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 6-16 тоотод байх Б.Т ийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж гэрийн цагаан бүрээс, гялгар цаас зэргийг хулгайлсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгчийн үйлдэл тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэргийн хохирогч  алдагдсан эд зүйл болох нийт  84.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч  Т.Б  нь  бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон  хэргийн үйл баримт зэрэгт маргаагүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Б  нь хохирогч Б.Т ид хулгайд алдагдсан гэрийн цагаан бүрээс, гялгар цаас зэргийг буцааж өгсөн / хх-ийн 18-19/,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан,  хохирогч Б.Т  нь нэхэмжлэх зүйлгүй  талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Б  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн, шүүгдэгч Т.Б  нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Б  нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Б ийг хүн байгга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Б т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Т.Б ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Б т тухайн зүйл ангид заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн доод хэмжээгээр ял оногдуулж,  шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б  нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг ялтаны эдлэх ялд оруулан тооцов.

 

           Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус  дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Т.Б  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Б ийг  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Т.Б т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Б ийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 4 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Т.Б  нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.