Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01662

 

 “М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00795 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1365 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “М” ХХК

         Хариуцагч: “П” ХХК-д холбогдох        

         11,737,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016-02-26-ны өдөр 009-2316 дугаартай судалгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу П ХХК манай компанид бүтээгдэхүүний зах зээл, хэрэглэгчийн судалгааны ажил хийж өгөхөөр тохиролцсон. П ХХК-иас 2016-05-10-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу манай компани 2016-05- 12-ны өдрөөс 2016-06- 07-ны өдрийн хооронд 11,737,800 төгрөгийн үнэ бүхий 82.8 м.куб Евроблокыг хариуцагчид нийлүүлэх байдлаар гэрээний эхний 2 төлбөрийг Евроблокоор /бартераар/ төлсөн. П ХХК гэрээт ажлыг гүйцэтгэх явцад буюу эхний төлбөр төлөгдсөний дараагаар М ХХК-ийн саналыг авах, судалгааны хэрэглэгдэхүүнийг манай компанид урьдчилан танилцуулж, батлуулах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Гэвч энэхүү үүрэг болон гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэх, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.Иймд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2017-02- 21-ний өдөр 02/244 дугаар албан бичгээр хүргүүлж, Евроблокны төлбөр 11,737,800 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардсанч шилжүүлээгүй болно. Иймд  П ХХК-с 11,737,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: П ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үүргээ бүхэлд нь биелүүлсэн бөгөөд харин нэхэмжлэгч байгууллага гэрээ байгуулсан цагаас хойш үүргээ зөрчиж, харилцан тохиролцсон урьдчилгаа төлбөрөө өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй. 2016-02-26-ны өдрийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 21,5 сая төгрөг бөгөөд гэрээний 3.2.1-р гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор 15% буюу 3,225,000 төгрөгийг, 3.2.2-д гүйцэтгэгч судалгааны ажлын хэрэглэгдэхүүнийг захиалагч талд танилцуулан санал авсны дараа захиалагч   гэрээний үнийн 50% буюу 10,750,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч үүргээ зөрчиж  урьдчилгаа төлбөр болох нийт 13,975,000 төгрөгөөс 2,238,000 төгрөг төлөөгүй ч ажлын үр дүнг  шаардсан. П ХХК-с урьдчилгаа төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд судалгааны ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөө удаа дараа  мэдэгдэж байсан.  Ажлын төлбөрийг бэлнээр шилжүүлэх боломжгүй гэж үзсэний үндсэн дээр бараа бүтээгдэхүүнээр орлуулан  нийт 11,737,800 төгрөгтэй тэнцэх бүтээгдэхүүн өгсөн. П ХХК нь гэрээний дагуу 2016-06-21-ний өдөр судалгааны ажлын хэрэглэгдэхүүнийг танилцуулж санал авсан. Дээрх нөхцөл байдлыг манай байгууллагаас 2017-03-07-ны өдөр буюу даруй 1 жил гаруй өмнө албан бичгээр мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, П ХХК нь М ХХК-иас урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж судалгааны ажлыг актаар хүлээн авахыг жилийн өмнөөс шаардаж байсан.  Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00795 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-ийн П ХХК-д холбогдох 11,737,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1365 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар П ХХК-иас 11,737,800 төгрөг гаргуулан  М ХХК-д олгосугай.” гэж өөрчиж, улсын тэмдэгтийн хураамж 202,755 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн нөхцөлийг буруу тайлбарлан нэхэмжлэгч талын ажлын хөлсийг хугацаандаа шилжүүлээгүй, өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй үйлдлийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн дүгнэлт хийлээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гэрээний үүргээ зөрчин гэрээнд заасан ажлын хөлсийг шилжүүлээгүйг давж заалдах шатны шүүхээс ажлын үр дүнг хүлээн авсны дараа төлөх ёстой мэтээр дүгнэжээ. Нэгдүгээрт гэрээний 3.2.1-д захиалагч гэрээг баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногт урьдчилгаа 3,225,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 2.7-д заасан гэрээт ажлын эхний хугацаа хэтэрсэн. Мөн гэрээнд зааснаар судалгааны ажлын талаарх захиалагчийн саналыг батлуулсны дараа ээлжит төлбөрийг төлөх ёстой байсан ч 6 сар хүртэл хугацаа хоцруулан хуваарьт төлбөрийг дутуу төлсөн байна. Дээрх төлбөрийн үлдэгдэл 2,238,000 төгрөгийг захиалагч талаас нэхэмжилсэн боловч шилжүүлээгүй төдийгүй ажлын үр дүнг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс буруу дүгнэлээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 351.1.1, 351.1.2-т заасан үүргээ зөрчсөн байна. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан бусад баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж, мөн хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        М ХХК нь 2018-02-06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас 11,737,800 төгрөг шаардсан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...П ХХК  гэрээний  дагуу  захиалагчид судалгааны хэрэглэгдэхүүн зэргийг хүргүүлж гэрээний 2.4-ын 2, 6.2-д заасан үүргээ биелүүлсэн байна...” гэсэн үндэслэл заажээ. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа “... ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэж, үр дүнг актаар хүлээлгэж өгсөн өдрөөс хойш хөлс төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй... ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна...” гэжээ.

       Хариуцагч магадлалыг эс зөвшөөрөхдөө “...ажлын үр дүнг хүлээн авсны дараа ажлын хөлс төлөх ёстой мэт дүгнэлт хийсэн нь буруу... гэрээний 3.2.1-д захиалагч гэрээг баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногт 3,225,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул 2.7-д заасан хугацаа хэтэрсэн...судалгааны ажлын талаарх захиалагчийн саналыг батлуулсны дараа төлбөр төлөх ёстой ч хугацаа хэтрүүлснээс гадна дутуу төлсөн... үлдэгдэл 2,238,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шилжүүлээгүй төдийгүй ажлын үр дүнг хүлээж аваагүй...гэтэл шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу...” гэжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

      Хэрэгт, а/. судалгааны ажил гүйцэтгэх тухай 2016-02-26-ны өдрийн 009-2316 дугаартай /хх 6-13/ гэрээ, б/. нэхэмжлэгчид хандсан хариуцагчийн 2016-05-10, 2017-03-07-ны өдрийн албан /хх14, 16-17/ бичиг, в/. МАК ХХК-ийн 2017-02-21-ний өдрийн 02/244 тоот /хх 15/, бараа нийлүүлсэн баримт /хх 18-22/, г/. 2016-08-05-ны өдрөөр огноолсон Монголын дүүргэгч блокны зах зээл, хэрэглэгчийн судалгааны ажлын тайлан /хх 59-104/, д/. шүүх үзлэг хийсэн 2018-04-09-ний өдрийн тэмдэглэл /хх 107-110/ цахим хэлбэрээр явуулсан /хх 111-128/ гэх судалгаа авагдсан, уг баримтын хэмжээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн тул  энэ хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэлт хийнэ.

        П ХХК нь М ХХК-ийн захиалгаар “Монголын дүүргэгч блокны зах, зээл хэрэглэгчийн судалгааны санаа бодол” сэдэвт судалгааны ажил хийхээр тохиролцон, талууд 2016-02-26-ны өдөр 009-2316 дугаартай гэрээ байгуулжээ.  

       Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээг  хүчин төгөлдөр байх тул  гэрээний үүргийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

       Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 35 хоногт гүйцэтгэх, үр дүнг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөх үүргийг    хүлээсэн байна. Талууд ажлын хөлс төлөх журмыг гэрээний 3 дахь заалтад тохирч, ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэж, үр дүнг актаар хүлээлгэж өгсөн өдрөөс хойш хөлс төлөхөөр тохиролцсон нь нотлогдсон бөгөөд энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. 

       Ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д ажил гүйцэтгэгч үүргээ зөрчсөн, хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцлах нөхцөлийг заасан, уг нөхцөл байдал бий болсон  учир гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 02/244 тоотоор хариуцагчид мэдэгдсэн нь буруу биш байна.

       Хариуцагч ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.          

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343, 346, 351 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1365 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 202,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                               ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ