Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 610

 

 

 

 

 

 

   2019 оны 03 сарын 11 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00610

        Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г И  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б Х З Х Т Б А А ,

Хариуцагч: Ш Ш Г Е Г нарт холбогдох,

Гэм хорын хохирол 723.852.996 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Н.Шижирээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мэндбаяр, хариуцагч Б Х З Х Т Б А А ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбаяр, С.Бямбарагчаа, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Иргэн М.Цэцэгмаа нь 2004 онд Г И  ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 100%-ийн хувьцааг нь өнөө хэр эзэмшдэг. Байгуулсан цагаасаа эхлэн тус компанийхаа захирлаар ажиллаж байгаад 2006 онд нөхөр Ж.Мэндбаярын хамт Глоб Кредит ХЗХ-ны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө, мөнгийг залилан мэхэлж авсан, өөрийн компаний үнэт цаасыг хууль бусаар гаргасан гэх үйлдэлд сэжиглэгдэн шалгагдсан ба улмаар Сонгинохайрхан дүүргийн шүүх 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолдоо “...М.Цэцэгмаагийн Ж.Мэндбаяртай бүлэглэн Глоб Кредит ХЗХ-ны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл холбогдлыг нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлогдоогүй байна гэж үзэн... хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв” гэж надад халдаасан ХЗХ-ны үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн давж заалдах шатны болон Улсын Дээд Шүүх үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн юм. Харин анхан шатны шүүхээс намайг компанийхаа бондыг гаргасан үйлдэлд 7 жилийн хорих ялаар шийтгэж, 700.762.930 төгрөгийн хохирол төлөх үүрэг оноосон боловч Нийслэлийн Давж заалдах шатны шүүх ялыг 21.000.000 төгрөгийн торгуулиар сольж, “Сээт Инвест... картын төлбөрт бэлнээр тушаасан 25 хүний хохирол 195.979.324 төгрөгийн тал хувь буюу 97.989.662 төгрөгийг М.Цэцэгмаагаар төлүүлж...” гэж дурьдан төлбөрийг 97.989.662 төгрөг болгон бууруулсан бөгөөд харин 10.718.480 төгрөгийг надаас гаргуулан иргэн Ж.Зүмбэрэл нарт олгуулах анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Түүнчлэн 2006 онд Г И  ХХК-иас 330.780.000 төгрөг гаргуулан иргэн Л.Цандэлэгт олгуулах 896/А тоот шүүхийн шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх гаргасан.

Надад оноосон торгуулийн ялын 21.000.000 төгрөг, Ж.Зүмбэрэл нарт төлөх 10.718.840 төгрөгийг нөхрийн маань дүү Ж.Энхбаяр миний өмнөөс төлсөн. Харин нийт 2970м2 талбайтай Глоб Центр цогцолборыг дагалдах эд хөрөнгийн хамт 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж нийтэд нь 1.570.000.000 төгрөгөөр буюу 1м2 талбайг нь 529.966 төгрөгөөр худалдсан байх ба үүнээс Г И  ХХК-ийн өмчлөлийн В, С блокын нийт 1990м2 талбайд 1.056.632.996 төгрөгийн борлуулалтын орлого оногдож байна. Уг орлогоос Л.Цандэлэгт манай компанийн төлөх 330.780.000 төгрөг болон миний зүгээс “Сээт Инвест карт”-ын хохиролд төлөх 97.989.662 төгрөгийг төлүүлсэн байдаг боловч Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай тогтоолыг 8 жилийн дараа сая 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үйлдэн ирүүлсэн байх ба харин дуудлага худалдааны орлогоос үлдсэн мөнгийг нь Г И  ХХК-нд өнөө хэр нь буцаан өгөөгүй байна.

Миний бие өмнө нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг хариуцагчаар татан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд нэхэмжлэл гаргаж Глоб Центрийг худалдан борлуулсан орлогыг нэхэмжилсэн боловч тус шүүх 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 78 тоот шийдвэртээ “М.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлага нь...“Г И  ХХК-ийн өмч байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ байна. Өөрөөр хэлбэл компанийн хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулахаар иргэн М.Цэцэгмаа нэхэмжлэл гаргажээ”, “Г И  ХХК нь татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна...”, “Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь Г И  ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компаний гүйцэтгэх удирдлага байна...”, “М.Цэцэгмаа нь Г И  ХХК-ний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа хэдий боловч М.Цэцэгмаа нь хуулийн этгээд болж чадахгүй тул тус компаний эд хөрөнгөтэй холбоо бүхий нэхэмжлэлийг иргэн М.Цэцэгмаа гаргах эрх зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн дурьдаад миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Үүгээрээ шүүх Глоб Центрийн В, С блок нь Г И  ХХК-ийн хууль ёсны өмч гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүх М.Цэцэгмаа нь хуулийн этгээд болж чадахгүй учраас компаний эд хөрөнгийг нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Нэгэнт М.Цэцэгмаа хуулийн этгээд болж чадахгүйтэй нэгэн адил хуулийн этгээд нь М.Цэцэгмаа болж чадахгүй учраас Г И  ХХК-ийн эд хөрөнгөөр иргэн М.Цэцэгмаагийн төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74.5-д “Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангасны дараа үлдсэн орлогыг төлбөр төлөгчид олгоно” гэж Иргэний хуулийн 179.1-д “...эрх бүхий этгээд зардлыг тооцсоны дараа үлдсэн орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч нарт зохих дараалал, журмын дагуу хуваарилж, үлдэгдлийг эд хөрөнгө нь дуудлага худалдаанд орсон өмчлөгчид шилжүүлнэ” гэж заасны дагуу Г И  ХХК-ийн эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос зөвхөн иргэн Л.Цандэлэгт төлбөр төлөх тус компаний үүргийг хангуулаад үлдсэн мөнгийг манай компанид буцаан олгох ёстой.

Иймд, Г И  ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 95/2, Глоб центр цогцолборын В, С блокийг худалдан борлуулсан орлого болох 1.054.632.996 төгрөгөөс тус компаниас гаргуулан иргэн Цандэлэгт олгуулах 330.780.000 төгрөгийг төлүүлээд цаана нь үлдэж байгаа 723.852.996 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан манай компанид олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа:

“Г И ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяраас 11.729.818.476 төгрөг, М.Цэцэгмаа-гаас 97.989.662 төгрөгийг тус тус гаргуулж 1233 хохирогчдод олгохоор, Шийтгэх тогтоолын хавсралт 3-т дурьдагдсан битүүмжилдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хохирол барагдуулахаар тогтоосны дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шийтгэх тогтоолын 3 дугаар хавсралтын 308-д заасан “Г И ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах эрхийн улсын Ү-2201011178 дугаарт бүртгэлтэй 1990м2 талбайтай 1.327.120.000 төгрөгийн үнэлгээтэй В, С блокийн барилгыг худалдан борлуулж хохиролд тооцсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явуулж албадан дуудлага худалдааны орлогыг шийтгэх тогтоолд заасны дагуу хохирогчдын хохиролд тооцсон.

“Г И ” ХХК нь хэдийгээр шийтгэх тогтоолын 3 дугаар хавсралтад заагдсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах барилгын В, С блокийн өмчлөгчөөр бүртгэлтэй хэдий ч уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон 3 шатны шүүхийн тогтоол, тэр дундаа Улсын Дээд шүүхийн 250 дугаар тогтоолын хянавал хэсгийн 1-т “Ялтан Ж.Мэндбаяр нь ....хоршооны үйл ажиллагаа явуулах үндсэн зарчмыг ноцтойгоор зөрчин, зээлийн хороо, хяналтын зөвлөл ажиллуулахгүйгээр иргэдийн хадгалуулсан мөнгийг дур мэдэн өөрийн үүсгэн байгуулсан Глоб интернэшнл групп, Глоб констракшн, Глоб интертрейд, Г И  зэрэг компаниудынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулах, хоршооны гишүүн бус иргэдэд зээлийн гэрээтэй, гэрээгүй болон барьцаатай, барьцаагүйгээр зээл олгон итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан...” гэж дүгнэсэн.

Үүнээс үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь зөвхөн М.Цэцэгмаагийн 97.9 сая төгрөгийн төлбөрийг барагдуулах зориулалтаар бус Глоб Кредит хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хадгалуулсан мөнгөөр бий болсон хөрөнгө, өөрөө хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж дүгнэн, уг эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтын дагуу Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохиролд тооцохоор мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн, шийтгэх тогтоолд нэрлэн заасан хөрөнгө тул “Г И ” ХХК энэ хөрөнгөтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

Иймд Г И  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ш Ш Г Е Г болон түүний харьяа Б Х З Х Т Б А А нд холбогдуулж “Г И ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Ж.Мэндбаяраас 11.7 тэрбум төгрөг, М.Цэцэгмаагаас 97.9 сая төгрөг гаргуулан “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод олгохоор, мөн шийтгэх тогтоолын хавсралт 3-т заасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, хохирол барагдуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэний /шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр/-ийн дагуу Б Х З Х Т Б А А  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шийтгэх тогтоолын 3 дугаар хавсралтад заагдсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах барилгын В, С блокийг худалдан борлуулж, “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохиролд тооцсон байна.

Дээрх дуудлага худалдааны орлогыг шүүхийн шийдвэрийн дагуу “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод олгосон бөгөөд Ш Ш Г Е Г болон Б Х З Х Т Б А А  нь захиран зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн нэмэлт тайлбар зэргээр тогтоогдож байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах В, С блокийг худалдан борлуулсан орлогыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансанд төвлөрүүлээгүй, захиран зарцуулаагүй тул “Г И ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч нар төлбөр төлөх үндэслэл байхгүй, гэм буруугүй байна гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г И  ХХК нь хариуцагч Б Х З Х Т Б А А , Ш Ш Г Е Г нарт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас худалдан борлуулсан хөрөнгийн орлогоос үлдсэн 723 852 996 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

           Хариуцагч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, шийтгэх тогтоолын 3 дугаар хавсралтад заагдсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах барилгын В, С блокийг худалдан борлуулж, “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохиролд тооцсон тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

          Шүүх бүрэлдэхүүн тухайн хэргийг хянан хэлэлцээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

          Маргаан бүхий хэргийн материалд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 896 А дугаар шийдвэрээр Г И  ХХК-аас 330 780 000 төгрөгийг гаргуулан иргэн Л.Цандэлэгт олгохоор шийдвэрлэсэн болон мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Э.Мэндбаяр, М.Цэцэгмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр хоёр тусдаа шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол зэрэгт хоёр тусд нь шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу эдгээр 2 гүйцэтгэх баримт бичигт Б Х З Х Т Б А А  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус явуулжээ.

          Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээр ...Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 896 А дугаар шийдвэрээр Г И  ХХК-аас 330 780 000 төгрөгийг гаргуулан иргэн Л.Цандэлэгт олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба уг төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол Энхтайваны өргөн чөлөө 95/2 байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201011178 дугаарт бүртгэлтэй 1990 м.кв талбайтай, В, С блокийн барилгыг албадан дуудлага худалдаанд оруулж, 1 054 632 996 төгрөгөөр худалдан борлуулсан орлогоос 330 780 000 төгрөгийг төлүүлснийг хасаад, үлдсэн 723 852 996 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид олгох байтал олголгүй гэм хорын хохирол учруулсан гэж шаардсан.

          1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 896 А дугаар шийдвэр /хх-II-41-42/-ээр Г И  ХХК-аас 330 780 000 төгрөгийг гаргуулан иргэн Л.Цандэлэгт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 521 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-II-81/-аар /330 780 000+1 759 900/ нийт 332 539 900 төгрөгийг төлбөр төлөгч Г И  ХХК-аас гаргуулан төлбөр авагч Л.Цандэлэгт олгуулахаар заажээ.

           Хариуцагч Б Х З Х Т Б А А  нь энэхүү шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Л.Цандэлэгийн 332 539 900 төгрөгийн төлбөрийг Г И  ХХК-иар бүрэн төлүүлж, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 14 дүгээр тогтоол /хх-I-229/ үйлдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

           2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Э.Мэндбаяр, М.Цэцэгмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд тус тогтоолыг хохирогч, ялтан нар эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 170 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан ба уг магадлалыг эс зөвшөөрч ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргаснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 250 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна./хх-I-69-106/

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт “эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоолын торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан болон эд хөрөнгө, зардал гаргуулах, хохирол төлүүлэх заалт, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас” шийдвэр гүйцэтгэх баримт бичиг байхаар тус тус заажээ.

          Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлал, хяналтын шатны тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 116, 113 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-I-236-267/-ууд бичигдсэнийг үндэслэн Б Х З Х Т Б А А  нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шийтгэх тогтоолын 3-р хавсралтад заасан Г И  ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол Энхтайваны өргөн чөлөө 95/2 байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201011178 дугаарт бүртгэлтэй, 1990 м.кв талбайтай 1 327 120 000 төгрөгийн үнэлгээтэй В, С блокийн барилгыг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулж, орлогыг шийтгэх тогтоолд заасны дагуу 1233 хохирогч нарын хохиролд тооцсон үйл баримтыг талууд тайлбарлаж байх бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/49 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол /хх-I-11/-ыг үйлдэж, төлбөр төлөгч М.Цэцэгмаад холбогдох 200726000084 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн дуусгавар болсонд тооцжээ.

       Харин Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, 170 дугаар магадлал, 250 дугаар тогтоолоор мөн хорих ял шийтгүүлж, 11 729 818 476 төгрөгийг /магадлалын хавсралт 1-д заасны дагуу хохирогч нарт/ төлүүлэхээр шийдвэрлэсэн Б.Мэндбаярт холбогдох төлбөрийг барагдуулах ажиллагааг хариуцагч Б Х З Х Т Б А А  нь хуульд заасны дагуу явуулж байгаа бөгөөд тухайн төлбөрийг Б.Мэндбаяр төлж дуусаагүй болох нь талуудын тайлбар, мэтгэлцээнээр нотлогдож байна.

       2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаар магадлалын тогтоох хэсгийн 7-д “..шийтгэх тогтоолын хавсралт 3-т дурьдагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хохирол барагдуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт мэдэгдсүгэй...” гэжээ.

       Хариуцагч Б Х З Х Т Б А А  нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 250 дугаартай тогтоолуудад заасан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болох нь тогтоогдож байна.

       Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 29 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан ба эдгээрт заасан үндэслэл бий болсон тохиолдолд л шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор хуульчилсан.

       Иймээс, нэхэмжлэгчийн хариуцагч нараас гаргуулахаар шаардаж буй гэм хорын хохирол гэх 723 852 996 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөө заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол  уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

      Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 896 А дугаар шийдвэрээр Г И  ХХК-аас 330 780 000 төгрөгийг гаргуулан иргэн Л.Цандэлэгт олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч Г И  ХХК-аас 330 780 000 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Л.Цандэлэгт олгуулаад, үлдсэн гэх 723 852 996 төгрөгийн гэм хорыг хариуцагч нарыг учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

          Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 777 215 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд нийцнэ.

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан, гэм хор учруулсны хохирол 723 852 996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г И  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 777 215 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                     Ч.ИЧИНХОРЛОО

 

                                                                                               С.ХИШИГБАТ