Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж 4/4, Макс тауэр, 12 давхарт оршин байгаа “Макс групп” ХХК /рд:2702509/,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж 4/4, Макс тауэр, 12 давхарт оршин байгаа “Макс импекс” ХХК /рд:2057573/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Сөүлийн гудамж 25, өөрийн байранд оршин байгаа “Хаан банк” ХХК /2693321/-д холбогдох,

 

Хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 192,049,149 төгрөг, нэмэлт хүүгийн зардал 66,040,548 төгрөг, ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой хохирол 188,449,349 төгрөг, нийт 446,539,046 төгрөгийг гаргуулах, талуудын хооронд байгуулсан гэрээний зарим зүйл, заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жүгдэррагчаа, Д.Энхгэрэл, Д.Сэвжидмаа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Хосбаяр, М.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Макс групп” ХХК нь Хаан банктай 2007 оны 7 сарын 24-ний өдөр 07/26-01 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 5,400,000 ам.доллар, 2008 оны 6 сарын 09-ний өдөр 08/50 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 4,100,000 ам.доллар, “Макс импекс” ХХК нь Хаан банктай 2010 оны 5 сарын 26-ны өдрийн ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 3,000,000 ам.доллар, 2010 оны 5 сарын 26-ны ЗГ-10/28 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1,711,656 ам.доллар, нийт 14,211,656 ам.долларын зээлийг барилгын санхүүжилтэнд хэрэглэх зориулалтаар, тодорхой хугацаанд графикийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан ба талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж хамтран ажиллаж байсан. Дээрх зээлийн гэрээнүүдийг хэрэгжүүлэх явцад Хаан банк нь хүүгийн төлбөр төлөх хуваарьт хугацааг хэтрүүлэхэд нэмэгдүүлсэн хүү тооцож авсан, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуваарьт зээлийн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс бус зээлийн нийт үлдэгдэл дүнгээс тооцсон хууль бус үйлдлийг хийсэн. Ийнхүү Хаан банк нийт 133,462 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнд хууль бусаар тооцож манай компанийн данснаас өөрийн санаачилгаар шууд суутгаж авсан ба үүний улмаас манай компаниас дахин 45,894 ам.долларын нэмэлт хүүгийн зардал гарсан. Тухайлбал,

 

Д/д

Гэрээний дугаар

Огноо

Хууль бусаар тооцож авсан нэмэгдүүлсэн хүү

Нэмэлт хүүгийн зардал

1

07/26-01

2007.10.05-2013.01

69,971,35

22,495

2

08/50

2008.11.0-2012.06.29

56,544

23,011

3

ЗГ-10/27

2011.01.05-2012.07.03

3,636

194

4

ЗГ-10/28

2011.01-2013.02.25

3,311

194

Нийт

133,462

45,834

179,356

          Манай компаниас Хаан банкны дээрх хууль бус ажиллагааг эс зөвшөөрч 2010 оны 9 сараас эхлэн тус банкинд гомдлын шаардлага гаргасан боловч Хаан банк хүлээж авахаас татгалзсан. Тухайн үед нэгэнт эхэлсэн барилгын төслийн санхүүжилтийг тасалдуулахгүй, санхүүгийн хомсдолд орохгүйгээр хотын хөгжилд хувь нэмэр болохуйц бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгах үүднээс зээлийн гэрээний харилцааг цаашид хэвээр үргэлжлүүлсэн юм. Хаан банк нэмэгдүүлсэн хүүнд тооцож нийт 133,462 ам.долларыг манай компаниас гаргуулж авсан дээрх үйлдлийг дараах үндэслэлээр бус гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

          Монгол Улсын Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухайн хуулийн 24-ийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан. Хуулийн эдгээр заалтуудын агуулга нь зээлийн хүүгийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд бус, харин зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх тухай зохицуулсан байна. Улсын дээд шүүхийн тайлбараас харахад “зээлээ” хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “төлөгдөөгүй байгаа зээлд ногдох” үндсэн хүүгээс гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байна. Зээл болон зээлийн хүү нь хоёр өөр ойлголт. Хүү нь зээл биш, харин зээл авсны хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Хуульд хүү төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд бус, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тодорхой заасан байна. Түүнчлэн дээрх хуулийн тайлбараар зээлийн хугацаандаа төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцох талаар заасан. Хаан банк “зээл” ба “хүү” гэсэн 2 өөр ойлголтыг ялгаж салгахгүй, хүү төлөх хуваарьт хугацааг цөөхөн хоног хэтрүүлмэгц нэмэгдүүлсэн хүү тооцсон, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо тухайн хуваарьт хугацаанд төлөгдөөгүй байгаа дүнгээс бус нийт зээлийн үлдэгдэл дүнгээс тооцож авсан үйлдэл нь буруу юм. Хаан банк 133,462 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнд хууль бусаар тооцож аваагүй бол дээрх төлбөрийг бид зээлийн төлбөрт суутгуулан хүүний зардлаас манай компани 45,894 ам.доллар хэмнэгдэх байсан. Хэрэв 133,462 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнд бус зээлд тооцож төлсөн бол манай компаниас 45,894 ам.долларын нэмэлт зардал гарахгүй байсан болно. Энэ Хаан банкны хууль бус үйл ажиллагаанаас шууд үүдэн манай компанид учирсан хохирол юм.

          Хаан банк хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцож авсан дээрх үйлдлээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хийсэн үйлдэл гэж тайлбарладаг. Талуудын хооронд 2010 оны 5 сарын 26-ны өдөр байгуулсан дугаар 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, 2010 оны 5 сарын 26-ны өдөр тус тус байгуулсан дугаар 08/50/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, ЗГ10/28 тоот болон ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалт, мөн гэрээнүүдийн 3.1.5 ба 3.1.6 дахь заалтын “...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцлийг Хаан банк өөрт ашигтайгаар хэрэгжүүлж, нэмэгдүүлсэн хүүг дээр дурдсан хуулийг зөрчиж хууль бусаар тооцож авч байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Манай компанийн хувьд анхнаасаа хууль зөрчиж нэмэгдүүлсэн хүүг тооцно гэдгийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаагүй юм. Зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар заасан нөхцөлд дурдагдсан “...төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно...” гэдгийг хуваарьт төлбөрийн дагуу төлөх зээл буюу хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дүн гэж бид ойлгож байгаа. Харин Хаан банк гэрээний энэхүү заалтыг буруугаар хэрэглэж нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар тооцож авсан ба үүнийгээ гэрээний уг заалтын дагуу тооцсон гэж тайлбарлаж байна. Хэрэв Хаан банк анхнаасаа ийнхүү хууль бусаар тооцох гэж гэрээний ийм нөхцлийг зээлийн гэрээндээ зааж гэрээг байгуулсан бол энэ нь Иргэний хуулийн 56.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус нөхцөл юм. Манай компани гэрээний дээрх нөхцлийг Хаан банкны тайлбарлаж байгаагаар ойлгоогүй ба гэрээний дээрх заалтыг ашиглаж хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцно гэж анхнаасаа Хаан банктай тохиролцож гэрээ байгуулаагүй болно. Иймд “Макс групп” ХХК болон “Макс импекс” ХХК болон Хаан банкны хооронд байгуулсан дараах зээлийн гэрээнүүдийн доор дурдсан заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд “Макс групп” ХХК болон Хаан банкны хооронд 2010 оны 5 сарын 26-ны өдөр байгуулсан дугаар 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, “Макс групп” ХХК болон Хаан банкны хооронд 2010 оны 5 сарын 26-ны өдөр байгуулсан дугаар 08/50/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, “Макс групп” ХХК, “Макс импекс” ХХК болон Хаан банкны хооронд 2010 оны 5 сарын 26-ны өдөр байгуулсан дугаар ЗГ10/28 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.5 дахь заалтын “...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцөл, “Макс групп” ХХК, “Макс импекс” ХХК болон Хаан банкны хооронд 2010 оны 5 сарын 26-ны өдөр байгуулсан дугаар ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.6 дахь заалтын “...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцөл. Иймд хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцож авсан нийт 258,089,696.88 төгрөгийг Хаан банкнаас гаргуулж, тус банктай байгуулсан дараах зээлийн гэрээний холбогдох нөхцлүүдийг хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөлд тооцож өгнө үү.

 

          Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хаан банк нь “Макс групп” ХХК-тай 2007 оны 5 сарын 24-ний өдөр 07/26-01 тоот зээлийн гэрээ байгуулан 5,400,000 ам.долларын, 2008 оны 6 сарын 09-ний өдөр 08/50 тоот зээлийн гэрээг байгуулж 4,100,000 ам.долларын, 2010 оны 5 сарын 26-ны өдөр ЗГ10/27 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 ам.долларын зээлийг, “Макс импекс” ХХК-тай 2010 оны 5 сарын 26-ны өдөр ЗГ10/28 тоот зээлийн гэрээг байгуулан 1,711,565 ам.долларын зээлийг тус тус олгосон. Улмаар зээлдэгч нарын тухай бүрт гаргасан хүсэлтийн дагуу “Макс групп” ХХК, “Макс импекс” ХХК-ийн бизнесийн байдал, санхүүгийн чадавхийг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдэд нийт 14 удаа нэмэлт өөрчлөлт оруулан “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулж зээлийн гэрээний хугацаа, хүү, зээл буцаан төлөх хуваарь зэргийг өөрчилсөн. Дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан ба банкны зүгээс гэрээгээр тохирсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон авч байсан. Зээлдэгч нь гэрээний эрх, үүрэг зөрчигдөн өөрийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх нь нээлттэй байсан гэдгийг дурдах нь зүйтэй. “Макс групп” ХХК-тай байгуулсан 07/26-01 тоот зээлийн гэрээний 2.1.5, 08/50 тоот зээлийн гэрээний 2.1.6, ЗГ1028 тоот зээлийн гэрээний 2.1.5-д “Нэмэгдүүлсэн хүү – зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж тус тус заасан. Энэхүү заалтаар болон гэрээний чөлөөт байдлын зарчим ёсоор зээл буцаан төлөх хуваарьт хугацааг зөрчсөний хугацаа хэтрүүлсэнд тооцох, мөн төлөгдөөгүй байгаа нийт зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцохыг талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн холбогдох зүйл, заалт, тэдгээрийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд бүрэн нийцсэн болно. Иргэний хуулийн 452.1-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, мөн хуулийн 453.1-д “Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ. Хаан банк нь хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу нэмэгдүүлсэн хүү тооцон авч байсан тул хууль бусаар илүү төлүүлсэн гэх нэмэгдүүлсэн хүү, түүнтэй холбоотойгоор гарсан гэх нэмэлт зардлыг хариуцан төлөх үндэслэлгүй юм. “Макс групп” ХХК, “Макс импекс” ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж дуусгаснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон билээ. Нэгэнт дуусгавар болсон гэрээний зүйл заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус болсонтой холбогдуулан банк хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд “Макс групп” ХХК, “Макс импекс” ХХК-ийн Хаан банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Макс импекс” ХХК, “Макс групп” ХХК нар хариуцагч “Хаан банк” ХХК-д холбогдуулан, хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 192,049,149 төгрөг, нэмэлт хүүгийн зардал 66,040,548 төгрөг, ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой хохирол 188,449,349.12 төгрөг, нийт 446,539,046 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 сарын 26-ны өдрийн 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, 08/50-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.6 дахь заалтын “...Зээл, хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцөл, ЗГ10/28 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.5 дахь заалтын “...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцно” гэсэн нөхцлийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

          Зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу зээлдэгч “Макс групп” ХХК, “Макс импекс” ХХК нар зээлдүүлэгч “Хаан банк” ХХК-иас нийт 14,211,656 ам.доллар зээлж авсан, зээлийг төлж барагдуулсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

 

          Харин зохигч талууд нэмэгдүүлсэн хүүг хуульд заасны дагуу тооцсон эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн зөрүүнээс нэхэмжлэгч нар хохирсон эсэх талаар мэтгэлцэн маргаж байна.

 

          Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

          Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмнө авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээх ба зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь тус тусдаа ойлголт болох нь харагдаж байна.

 

          Зээл гэдэг нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, хүү гэдэг нь зээл ашигласны төлбөр, нэмэгдүүлсэн хүү нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмж төлөх хүү юм.

 

          Иргэний хуулийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заажээ.

 

          Хуулийн дээрх заалт нь нэмэгдүүлсэн хүүг авсан зээлээ төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг гэрээнд тусгаж болно гэсэн агуулгатай байна.

 

          Ийнхүү хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн хуваарийн дагуу төлбөл зохих цаг хугацаанд хамаарах төлөгдөөгүй байгаа зээлийн дүнгээс тооцох нь хуульд нийцэхээр байна.   

 

          Иймд, нэхэмжлэгч нарын гаргасан “Хаан банк нь нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуваарьт зээлийн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс бус зээлийн нийт үлдэгдэл дүнгээс тооцсон нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

          Жишээлбэл: Талуудын хооронд 2007 оны 5 сарын 24-ний өдөр байгуулагдсан 07/26-01 тоот зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Хаан банк” нь зээлдэгч “Макс групп” ХХК-ийг 2008 оны 9 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлсөн байх боловч хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр 2007 оны 10 сарын 05-ны өдөр нэмэгдүүлсэн хүү тооцож авсан нь хуульд нийцээгүй байна. Мөн талууд тодорхой хугацааны туршид, сар бүрийн 05-ны өдөр зээл, зээлийн хүү төлөх хуваарийг харилцан тохиролцсон байтал дараа саруудын буюу зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг үүсээгүй байгаа саруудын зээлийн үлдэгдэл дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцээгүй байна. 

 

          Хариуцагч “Хаан банк” нь талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийн дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцон авсан гэж тайлбарладаг.

 

          Иймд, талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 сарын 26-ны өдрийн 08/50/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалтын “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” , 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалтын “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” , ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “... хүүгийн төлбөрийг ...” , 3.1.6 дахь заалтын “... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...”, ЗГ 10/28 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөрийг...” , 3.1.5 дахь заалтын “... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...” гэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцэхгүй буюу хууль зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг дурдах нь зүйтэй.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар томилогдсон Монгол банк болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

 

          Монгол банкны нэмэгдүүлсэн хүүг тооцсон аргачлал нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй буюу хуульд заасны дагуу бус дээр дурдсан хүчин төгөлдөр бус байх гэрээний зүйл, заалтыг үндэслэн тооцсон аргачлал байх тул Монгол банкны шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

          Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан зохицуулалтыг зөв хэрэглэж, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул түүнийг үндэслэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр “Хаан банк” нь 2007 оны 5 сарын 24-ний өдрийн 07/26-01 тоот, 2008 оны 6 сарын 09-ний өдрийн 08/50 тоот, 2010 оны 5 сарын 26-ны өдрийн ЗГ-10/27 тоот, 2010 оны 5 сарын 26-ны өдрийн ЗГ-10/28 тоот зээлийн гэрээний дагуу нийт 127,513.64 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнд илүү тооцож авсан болох нь тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нар нь нийт 133,462 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнд илүү тооцож авсан талаархи тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн боловч мэтгэлцээний явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн гаргасан 127,513.64 ам. долларыг нэмэгдүүлсэн хүүнд илүү тооцож авсан гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

          Иймд, нэмэгдүүлсэн хүүнд илүү тооцон авсан 127,513.64 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 1,438.98 төгрөгөөр үржүүлэн нийт 183,489,578 төгрөгийг “Хаан банк” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Макс импекс” ХХК, “Макс групп” ХХК-д олгон шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэгч нар нь ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн зөрүү нийт 188,449,349.12 төгрөгийг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

 

          Учир нь, нэхэмжлэгч нар 2013 оны 5 сарын 16-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхээр хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөнд хариуцагч “Хаан банк” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй юм.

 

          Нэмэлт хүүгийн зардал 66,040,548 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

          Учир нь, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн гэх 66,040,548 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүүнд суутгуулах байсан гэж одоо үзэх боломжгүй ба шүүх аливаа таамаглалд үндэслэн шийдвэр гаргах боломжгүй юм. 

 

          Хөөн хэлэлцэх хугацааны тухайд,

 

          Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь гурван жил байна.

 

          Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлэх хадгаламж, зээлийн үйлчилгээ нь итгэлцлийн үндсэн дээр явагддаг, мөн уг харилцааны нэг тал нь тусгай зөвшөөрөл бүхий дагнасан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг Банк, эрх бүхий хуулийн этгээд байдаг тул нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүүг буруу суутган авсан даруйд мэдэх, эсхүл мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлж, гэрээг дуусгавар болгосны дараа компанийн эдийн засагч зээлийн гэрээг дүгнэн тооцож үзээд, нэмэгдүүлсэн хүүг мэдсэн даруйдаа “Хаан банк” ХХК-д хандаж, улмаар шүүхэд хандсан гэсэн нэхэмжлэгч нарын тайлбарыг үнэн зөв гэж үзэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу 2010 оны 9 сараас буюу эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс хөөн хугацааг тоолох нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан “Хаан банк”, “Макс групп”, “Макс импекс” нарын хооронд 2010 оны 5 сарын 26-ны өдөр байгуулагдсан  08/50/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалтын “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” , 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалтын “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” , ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “... хүүгийн төлбөрийг ...” , 3.1.6 дахь заалтын “... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...”, ЗГ 10/28 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөрийг...” , 3.1.5 дахь заалтын “... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...” гэснийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч “Хаан банк” ХХК-иас 183,489,578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс импекс” ХХК нарт олгож, үлдэх 263,049,468 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,776,746.26 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 315,901 төгрөгийг улсын төсвөөс, мөн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,075,398 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож, шинжээчийн ажлын хөлсөнд 896,150 төгрөгийг нэхэмжлэгч нараас, 1,284,715 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Монгол банкинд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.НЯМБАЗАР