Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 00595

 

           “М Г” ХХК, “М И” ХХК-ийн

             нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03110 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М Г” ХХК, “М И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-д холбогдох

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн зарим заалт хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож,  хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 133 462 ам.доллар, нэмэлт хүүнд гарсан зардал 45 894 ам.доллар нийт 179 356 ам.доллар буюу 446 539 046 төгрөг буцаан  гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “М И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгч “М Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М Г” ХХК, “М И” ХХК болон “Х” ХХК-тай нийт 4 удаагийн зээлийн гэрээгээр барилгын санхүүжилтэд хэрэглэх зориулалтаар нийт 14 211 656 ам.долларын зээл аваад, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж байсан. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлийн гэрээнд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт оруулаад, гэрээ хэрэгжсэн. Гэтэл Х нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүүг хууль бусаар тооцон авч байгааг 2010 онд мэдсэн. Тухайлбал, хүүгийн төлбөр төлөх хуваарьт хугацааг хэтрүүлмэгц нэмэгдүүлсэн хүү тооцон авч, нэмэгдүүлсэн хүүг ингэж тооцож авахдаа хуваарьт зээлийн төлбөрийн үүсгээгүй үүргийн үнийн дүнгээс зээлийн эргэн төлөлтийн графикийн дүнгээс биш үлдэгдэл зээлийн дүнгээс тооцон авч байсан нь хууль бус байсан. Зээл, зээлийн хүү 2 өөр ойлголт байдаг. Иргэний хуульд зээлийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тодорхой заасан. Хүүгийн төлөлт хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцож, энэ хүүг тооцохдоо нийт зээлийн үлдэгдэл дүнгээс тооцож байсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлийн хүү төлөх хуваарьт хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан байхад Х хууль бус ажиллагаа явуулсан. Ийнхүү хууль бусаар тооцож авсан нийт зээлийн гэрээ тус бүрээр нь нэмэгдүүлсэн шаардлагадаа дэлгэрэнгүй гаргасан. Үүнд: 07/26-01 тоот зээлийн гэрээний дагуу нийт 69 971,35 ам.доллар, 08/50 тоот зээлийн гэрээгээр 56 544 ам.доллар, ЗГ-10/27 тоот зээлийн гэрээгээр 3 636 ам.доллар, ЗГ10/28 тоот гэрээгээр 3 311 ам.доллар, нийт 133 462 ам.долларыг хууль бусаар данснаас татаж авсан.

“Х” нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар авсныг жишээгээр тайлбарлавал: “М Г” ХХК, “Х” ХХК-ийн хооронд 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 07/26 тоот зээлийн гэрээний дагуу 12 хувийн хүүтэй, 5 194 722 ам.доллар авсан. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу “М Г” ХХК 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлөх байсан 52 748 ам.долларын хүүгийн төлөлтийг 2 хоног хэтрүүлж, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн энэ тохиолдолд хуульд заасны дагуу зээлийн эргэн төлөлт хэтрүүлээгүй учраас нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Гэтэл Х 683 ам.долларыг зээлийн нийт үлдэгдэл буюу 5 194 722 ам.доллараас нэмэгдүүлсэн хүү тооцон суутгасан байна. Тухайн хэтрүүлсэн дүн буюу байсан 52 748 ам.доллараас нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Үүний тооцооллын 21 дэх мөрний 16 дахь баганаас харж болно. Ийнхүү Х хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцолгүй хуулийн дагуу зээлийн эргэн төлөлтөд тооцож суутгаж байсан бол манай байгууллага нийт 45 894 ам.долларын хүүгийн хэмнэлт гаргах байсан. Ийм дүнгээр манайх хохирсон гэж нэхэмжилж, гэрээ тус бүрээр нь задаргаа гаргавал: 07/26/01 дугаартай гэрээний дагуу 69 971,35 ам долларыг хууль бусаар нэмэгдүүлсэн хүүнд суутгасны улмаас 22 495 ам.долларын нэмэлт хүү төлөгдсөн. 08/50 тоот гэрээний дагуу 23 011 ам.долларын нэмэлт хүүний зардал гарсан. ЗГ-10/27 тоот гэрээний дагуу 194 ам.долларын нэмэлт хүүний зардал, 28 дугаар гэрээнээс 194 ам.долларын нэмэлт хүүний зардал тус тус гарсан байна. Х сүүлд 2010 онд нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар тооцож байгаа талаар мэдэгдэж шаардлага тавихад, бид гэрээний заалтыг үндэслээд авч байгаа гэсэн тайлбар хэлдэг. Гэрээний холбогдох заалтууд дээр хууль журмын дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож авна гээд тодорхой байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн холбогдох заалтууд буюу нэмэгдүүлсэн хүү тооцох заалтууд дээр 2 өөр ойлголт үүссэн. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хууль бусаар тооцож авсан энэ нэмэгдүүлсэн хүүг буцааж авах үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хүүг бид нар гэрээний чөлөөт байдал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний заалт хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн учир хуульд нийцсэн гэж үзэж байна. Энэ гэрээний талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Х хүчээр суутгаж авсан юм шиг яриад байна. Гэтэл энэ гэрээн дээр талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээ, нэхэмжлэгч талаас ирж байсан зөвшөөрөл, төлбөрийн даалгавраар харилцагчийн данснаас хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү суутгаж авах зөвшөөрөл, гэрээ байдаг. Нөгөө талаас харилцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн гүйлгээ гэж үзэж байгаа. Х хууль бусаар хийсэн, мэдээгүй байсан, бид нарыг хуураад хийсэн, хохироосон гэж ярьдаг. Энэ компани гэрээний асуудал дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулаагүй. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай гэрээ хэлэлцээр хийсэн. Хэлцэлд оролцож байгаа талууд гэрээний нөхцөлтэй танилцаад, зөвшөөрч байгаа бол хэлцлийг баталгаажуулаад, зээлээ авдаг. Тэгэхээр мэдээгүй байсан, дараа нь мэдсэн гэх асуудал үндэслэлгүй юм.

Хэрвээ эрх нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол зөрчигдсөн үеэсээ гомдлоо гаргах шаардах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхийг 2013 оны 3 дугаар сараас эдэлсэн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх гомдлын хугацааг тооцож эхэлдэг. 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Шүүх үүнийг хууль хэрэглээний хувьд дүгнэх байх. Түүнчлэн хууль бусаар суутгасан талаар бид Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заасан байна. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Үүнийг Улсын Дээд шүүхээс 2016 оны 53 дугаар тогтоолоор тайлбарласан. Тэгэхээр бид нар хуульд нийцүүлж суутгаж авсан. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Актив ангилах журам гэж байдаг. Тэр журмаар муудсан зээл дээр эрсдэлийн сан байгуулдаг. Энэ зээл дээр бид нар сан байгуулсан. Ингэж байгаа тохиолдолд банк өөрийнхөө хөрөнгөөс мөнгө тусгаарлаж байна гэсэн үг. Тэр тусгаарлаж байгаа мөнгө ямар нэгэн арилжааны хүү юм уу, ямар нэгэн байдлаар тооцогддоггүй. Банкны зардал хэлбэрээр байж байдаг, ашиглагддаггүй.

Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа хүүний хугацаа тухайн сард хэтэрсэн, тэр хугацаагаар хэтэрсэн, түүнээс нийт зээл эрсдэлгүй гэж яриад байдаг. Гэтэл Монгол банкны энэ журмаар бол нийт зээлийг эрсдэл болохоос тухайн сард хэтэрсэн төлөх ёстой хүү, 10 000 доллар юм уу 5000 доллар байтал, 5000 доллар эрсдэлээ гээд сан байгуулахгүй. Бидний олгосон 4 зээлийн хэмжээгээр эрсдэлийн сан байгуулдаг. Зээлийн хохирлын хэмжээ гээд бид нар төлөх ёсгүй хүү төлчихлөө гээд байна. Үүнийг анхан шатны шүүхээс бодитой хохирол үүсээгүй, төлөх ёстой байсан зардлаа төлөөгүй гэдэг асуудал ярьж байгаа. Ийм бодитой хохирол байхгүй. Ханшийн эрсдэлийн асуудлыг ярьдаг. Шүүх 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч гомдол гаргаснаас хойш 3 шатны шүүхээр дахиад анхан шатны шүүхээр явж байна. Энэ хугацаанд үүссэн ханшийн эрсдэлийг аль тал нь ч хүлээх ёсгүй. Тийм учраас хохирлыг хариуцагч хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61.1-т заасныг баримтлан Хаан банк, М Г, М И нарын хооронд 2010 оны 5 сарын 26-ны өдөр байгуулагдсан 08/50/1 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний 2.1.3 дахь заалтын "... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс...", 07/26-01/1 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний 2.1.3 дахь заалтын "... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...", 3M0/27 тоот "Зээлийн гэрээ"-ний 2.1.5 дахь заалтын "... хүүгийн төлбөрийг ...", 3.1.6 дахь заалтын "... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...", ЗГ 10/28 тоот "Зээлийн гэрээ"-ний 2.1.5 дахь заалтын "...хүүгийн төлбөрийг...", 3.1.5 дахь заалтын "... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ..." гэснийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Х ХХК-иас 188 575 709 төгрөгийг гаргуулан, 185 920 670 төгрөгийг нэхэмжлэгч М Г ХХК-д, 2 655 039 төгрөгийг нэхэмжлэгч М И ХХК-д тус тус олгож, үлдэх 257 963 337 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 776 746,26 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 315 901 төгрөгийг улсын төсвөөс, мөн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1 100 829 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М И ХХК-д 57 431 төгрөгийг, нэхэмжлэгч М Г ХХК-д 1 043 398 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

1. “М Г” ХХК, “М И” ХХК нартай Х ХХК 4 удаагийн зээлийн гэрээг байгуулж тус бүрт 2-3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцон гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулж ирсэн. 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5,4 сая ам.долларын 07/26-01 тоот зээлийн гэрээнд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 07/26-01/1 тоот гэрээг, 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 тоот 4,1 сая ам.долларын зээлийн гэрээнд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай " 08/50/1 тоот гэрээг байгуулж 2.1.3, 2.1.5 дахь заалтуудыг "Нэмэгдүүлсэн хүү: -Зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг "зээл буцаан төлөх хуваарьт" хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдэлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэж өөрчлөлт оруулсан. Түүнээс өмнөх тохиролцоог хэн аль нь хүчин төгөлдөр бус гэж нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдэд тодорхойлоогүй. Дээрх гэрээнүүдийн 2.1.6, 2.1.5-д "нэмэгдүүлсэн хүү: Үндсэн зээл, зээлийн хуүгийн хугацаандаа төлөөгуй өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрэлт тооцож, нэмэгдуулсэн хүүг хууль болон журамд зааснаар тооцно" гэж тохиролцсон. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07/26-01/1 тоот, 08/50/1 тоот "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-ний 2.1.3 дахь заалтууд хүчин төгөлдөр бус болж Х үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хэлцлийн ур дагавар буюу илүү суутгаж авсан нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн. 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07/26/01, 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 тоот үндсэн зээлийн гэрээний заалтуудыг нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй, гэрээний заалт хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтуудад эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой хамааралтай талаас үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн байна. Зээлийн 07/26/01 тоот гэрээний 48 509 ам.доллар, /2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх гэрээний/ 08/50 тоот гэрээний 46894 /2010 оны 5 дугаар сарын 26-наас өмнөх гэрээний/ нийт 95 403 ам.доллар буюу 137 189 514 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/26-01/2 тоот, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/50/2 тоот зээлийн гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.2-т "2007 оны 5 дугаар сарын 26-ны 07/26-01, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/50/2 тоот гэрээний хавсралт 3-т заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хийгдсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, 2010 оны 5 дугаар сарын 26-ны едрийн зээлийн гэрээний хавсралт 5-д заасан зээл буцаан төлөх хуваарийн 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцогдож төлөгдсөн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцоо маргаангүй болохыг үүргээрээ баталж байна" гэж хүүг буруу тооцож аваагүй, маргаангүй талаар гэрээний талууд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Өмнө нь хийгдсэн гэрээний төлбөрийг маргаангүй гэж үзсэн талуудын дундах хэлцэл, зөвшилцөлийг анхан шатны шүүх хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж үзээгүй. Нэхэмжлэгч тал 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр маргахгүй гэдгээ илэрхийлчихээд өнөөдөр ямар шинэ нөхцөл үүссэн болоод нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон, төлбөр тооцоо буруу хийж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Тиймээс 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүүг хууль ёсны дагуу суутгаж тооцсон гэх үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч 2013 оны 5 дугаар сарын 16-ны нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 1438,98 төгрөгөөр ам.долларын ханшийг тооцон 192 049 149 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний нэхэмжлэл гаргасан. Шүүх өөрийн санаачилгаар ам.долларыг суутгаж авсан өдрийн ханшаар тооцох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэн нэмэгдүүлсэн хүүний төлбөл зохих хэмжээг тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1 547 47 /1 ам.доллар/, 2009 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1 473,17, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 456,44 төгрөгөөр 42 172 ам.долларыг үндэслэлгүйгээр нэхэмжилсэнээс өндөрөөр тооцож бодсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь хууль бус. Нэгэнт үүрэг дуусгавар болсон өөрөө ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах өдрөөр тооцсон. Шүүхийн шийдвэр гарахгүй удсан нь хариуцагчаас шалтгаалаагүй тул ханшийн өөрчлөлт хамааралгүй. Харин үүргээ ам.доллараар гүйцэтгэх байгаад түүнийгээ биелүүлэхгүй тохиолдолд ханшийн өөрчлөлт шууд хамааралтай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар талуудын тэгш эрхийг шүүх хангаагүй, санаачилгаар нэхэмжлэлийг тооцоолол хийсэн.

4. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07/26/01, 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 тоот хүчинтөгөлдөр гэрээний дагуу зээл, хүүгийн хугацаа хэтрүүлсэн хоногт нэмэгдүүлсэн хүүгийн суутгал хийсэн 95 403 ам.доллар буюу 137 189 514 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна

Нэхэмжлэгч “М Г” ХХК, “М И” ХХК-иуд хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн зарим заалт хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 133 462 ам.доллар, нэмэлт хүүнд гарсан зардал 45 894 ам.доллар нийт 179 356 ам.доллар буюу 446 539 045 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Х” ХХК, “М Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07/26-01 дугаартай зээлийн гэрээгээр 5 400 000 ам.долларыг 48 сарын хугацаатай,  жилийн 12 хувийн хүүтэй, зээлдүүлж, 09/23, 09/91, 07/26-01, 07/26-01/2, 07/26-01/3 тоот нэмэлт өөрчлөлтийн  гэрээ,

2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 дугаартай зээлийн гэрээгээр  4 100 000 ам.долларыг 36 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй зээлдүүлж, 09/24, 09/92, 08/50/1, 08/50/2, 08/50/3 тоот нэмэлт өөрчлөлтийн  гэрээ , 

“Х” ХХК, “М Г” ХХК“, ”М И” ХХК-ийн хооронд байгуулагдсан  2010 оны 5 дугаар сарын 26-ны өдийн 10/27 дугаартай зээлийн гэрээгээр 3 000 000 ам.долларыг 24 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлдүүлж, 10/27-1, 10/27-2 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ,

2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10/28 дугаар зээлийн гэрээгээр 1 711 656 ам.долларыг 30 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлдүүлж, 10/28-1, 10/28/-2 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ тус тус байгуулж, 07/26-01, 08/50/1 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу үндсэн гэрээг сунгаж, улмаар зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2012 оны 12 дугаар сард төлж дуусгасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч тал дээрх зээлийн гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 07/26-01/1, 08/50/1 тоот гэрээний 2.1.3, 2.1.5, ЗГ-10/27, ЗГ-10/28 тоот зээлийн гэрээний 2.1.5, 3.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаарх талуудын тохиролцоо хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзжээ.

Дээр дурдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 07/26-01/1, 08/50/1 тоот зээлийн гэрээний 2.1.3, 2.1.5-ийн “зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн заалт нь “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх зөв дүгнэсэн.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн талаархи талуудын тохиролцоо болон хуульд нийцээгүй хэлцлийн зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж, үүнтэй холбоотойгоор хариуцагч Х-ийг нэмэгдүүлсэн хүүгийн талаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотойгоор буцаан шаардах, шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хамаарахгүй тул ерөнхий хөөн хэлэлцэх хугацаанд шаардлагаа гаргасан гэж үзнэ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 07/26, 08/50,  10/27, 10/28 тоот зээлийн гэрээнүүд тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн дагуу илүү төлөгдсөн нэмэгдүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн зардалд нийт 179 356 ам.доллар буюу 446 539 046 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаны /3 дугаар хавтаст хэргийн 183-184, 197/ дагуу анхан шатны шүүх зээлийн гэрээ болон гэрээ тус бүрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийн тооцоолол тус бүрийг харьцуулан дүгнэж, хариуцагч Х-аас нэмэгдүүлсэн хүүнд илүү суутгаж авсан 188 575 709 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М Г” ХХК, “М И” ХХК-иудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141 324 319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Зээлийн төлбөрийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч талаас зээлийн төлбөрийн тооцоог  тухай  бүрт нь ам.долараар төлж байсан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар буюу ам.долларыг суутган авсан өдрийн ханшаар тооцсоныг буруутгахгүй юм.    

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                                         ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА