| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0218/э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | С.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 167
Н.М, Б.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор С.Солонго,
хохирогч Т.М, А.Б нарын өмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч Н.М,
шүүгдэгч Б.Д,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батдэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч А.Б, Т.М нарын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Н.М, Б.Д нарт холбогдох эрүүгийн 201625011109 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж овогт Б.Д, 1975 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,
Б овогт Н.М, 1975 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай,
урьд Баянгол дүүргийн 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, /РД:.../,
Шүүгдэгч Н.М, Б.Д нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “газрын гэрчилгээ гаргаж өгнө, газрын төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэж өгнө” гэж хуурч М.О 3 200 000 төгрөгийг залилан авсан,
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” захын 27 дугаар павилонд худалдаа эрхэлдэг Л.Э хуурч 140 шуудай цагаан будааг “дараа өгнө” гэж залилан авч 6 720 000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Автотээврийн газарт уул уурхайн компанид цалингийн оронд өгнө” гэж хуурч Г.Л түүний эзэмшлийн 51-83 ТӨА улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг 4 500 000 төгрөгөөр, Б.Ц эзэмшлийн 48-55 улсын дугаартай Санта фе маркийн автомашиныг 3 500 000 төгрөгөөр худалдан авахаар нэр дээрээ шилжүүлэн авч залилсан,
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 тонн 280 кг аарц, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” зах дээр 18 тонн аарцыг “аарц авч гадагшаа гаргадаг, хятад компанид нийлүүлнэ” гэж хуурч хохирогч А.Б, Т.М нараас нийт 31 тонн 280 кг аарцыг залилан авч 54 504 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: шүүгдэгч Н.М, Б.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...прокурорын газраас Н.М,Б.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, Б.Д, Н.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Д, Б.М нарыг тус бүр 10 000 /арван мянган/ нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүглэгч Б.Д, Б.Мөнгөнцэцэг нар нь шүүхээс оногдуулсан 10 000 000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д, Б.М нь торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас 23 496 000 төгрөгийг, Б.М 23 496 000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч М.Од 3 200 000 төгрөгийг хохирогч Т.М, А.Б нарт 43 792 000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Хохирогч А.Б, Т.М нарын өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Б, Т.М нарт яллагдагч Н.М, Б.Д нарын залилан мэхлэх гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын үнэлгээгээр 54 504 000 төгрөг байдаг. Анхан шатны шүүх хохирогч нарт учирсан хохирлын үнэлгээг хийсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ямар журмыг зөрчсөн талаарх шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхой заалгүй хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр 43 792 000 төгрөг болгон шийтгэх тогтоол гаргаж, хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Шүүгдэгч Н.М, Б.Д нар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан 2 жил орчмын хугацаанд эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс бусад орлого олох боломжгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулаагүй, удаа дараа бусдын эд хөрөнгийг залилах үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.М, Б.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч нар ял оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Н.М, Б.Д нарт оногдуулсан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч Н.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр учруулсан зарим хохирлоо төлсөн. А.Бд 5 дугаар сард үлдэгдлийг төлье гэхэд зөвшөөрсөн. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 3 600 000 төгрөгийг төлсөн. Бид А.Бтай ярьж тохирсон зүйл байгаа...” гэв.
Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Бд бид хоёр шинэ жилээс өмнө 3 600 000 төгрөгийг төлсөн. 3 дугаар сараас хойш үлдэгдэл мөнгийг өгье гэж тохирсон. Манай ээж нас бараад үлдсэн байр нь надад өвлөгдөн ирж байгаа юм. 3 дугаар сард өв нээгдэнэ.Байраа түрээслэж түрээсийн мөнгийг хохирогчид шилжүүлнэ гэж бодож байгаа ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлогын байдалыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсаныг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч А.Б нарын хохирлыг анх аарц худалдан авсан үнээр шууд хохирол гэж тооцон үнийн дүнг бууруулсан нь зөв гэж үзэж байна.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор С.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Н.М, Б.Д нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “газрын гэрчилгээ гаргаж өгнө, газрын төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэж өгнө” гэж хуурч М.Ооос 3 200 000 төгрөгийг залилан авсан,
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” захын 27 дугаар павилонд худалдаа эрхэлдэг Л.Э хуурч 140 шуудай цагаан будааг “дараа өгнө” гэж залилан авч 6 720 000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Автотээврийн газарт уул уурхайн компанид цалингийн оронд өгнө” гэж хуурч Г.Л түүний эзэмшлийн 51-83 ТӨА улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг 4 500 000 төгрөгөөр, Б.Ц эзэмшлийн 48-55 улсын дугаартай Санта фе маркийн автомашиныг 3 500 000 төгрөгөөр худалдан авна гэж нэр дээрээ шилжүүлэн авч залилсан,
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 тонн 280 кг аарц, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” зах дээр 18 тонн аарцыг “аарц авч гадагшаа гаргадаг, хятад компанид нийлүүлнэ” гэж хуурч хохирогч А.Б, Т.М нараас нийт 31 тонн 280 кг аарцыг залилан авч 54 504 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтанд хохирогч М.Оын: “...Үнэгүй.мн сайтаас үл хөдлөх, газартай холбоотой "гэрчилгээ авах өмчлөлд оруулах зэрэг байдлыг түргэн шуурхай шийдвэрлэж туслана" гэсэн зарын дагуу 2016 оны 2 дугаар сарын эхээр ...дугаарын утсаар Н.Мтэй холбогдоод уулзахад "манай найзын дүү нь газрын албанд ажилладаг юм" Б.Д гэх хүн рүү миний хажууд залгаад "газрын талаар асуухад эхний газрынхаа зургийг өгчих шалгуулъя" гэж хэлэхээр нь Н.Мт өгч явуулсан. Тэгээд хоёр гурав хоногийн дараа Н.М над руу залгаад "...болохоор юм байна аа цугтаа газрын албан дээр очъё" гээд Н.М, Б.Д нартай Сонгинохайрхан дүүргийн газрын албанд очоод газрынхаа кадастрын лавлагааг өгчих гээд Б.Д "би дээшээ гарч уулзаад ирье" гэж хэлээд 2 давхар руу гарсан Н.Мийн хамт хүлээж байтал удалгүй бууж ирээд "за болно гэж байна" газрынх бүх бичиг баримтыг хурдан гаргаад бэлэн болгоход нийт 3.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Би эхний ээлжинд 2.700.000 төгрөг өгнө гэж хэлээд Б.Дын Хаан банкны ... дугаарын данс руу 2.700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 дугаар сарын 20-ны үед хурал болно тэрийг хүлээж бай гэсэн. 3 дугаар сарын 14-нд Б.Д над руу залгаад "үлдэгдэл мөнгөө өгчих" гэхээр нь би "боломжгүй байна" гэсэн. Би хүнээс мөнгө зээлээд Б.Дын данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш ерөөсөө залгахгүй, залгахаар утсаа авахгүй болохоор нь хамгийн анх уулзсан Н.М, Б.Д нарын оффис гэх 10 дугаар хорооллын "Бүрэн" төвийн 3 давхарт очиход хүн байхгүй байсан. Би манаачаас асуухад "наад хүмүүс чинь ирэхгүй байгаа, ер нь цагдаагаас хайгаад байдаг бас мөнгө өгсөн" гэх хүмүүс ирээд асууж сураглаад явдаг гэж хэлсэн..." /1хх-139/,
мөрдөн байцаалтанд хохирогч Л.Э: “...2016 оны 3 дугаар сарын дундуур санагдаж байна. Н.М, Б.Д нар ирээд "будаа авах уу" гээд 5 тонн будаа авчирж өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа дахин 10 тонн будаа авч ирж өгсөн. Тухайн будааг нь би борлуулж өгөөд мөнгийг нь шилжүүлж өгсөн. Түүний дараа "будаанд явлаа" гэсэн. Хэсэг хугацааны дараа над руу залган "би Хэнтий аймагт ирсэн байна" гэж Б.Д нь ярьсан ба "би бүтэхгүй жолоочтой явж байна, би хүнд будаа өгөх ёстой, та наанаасаа 140 шуудай будаа өгчих" гэсэн. Удалгүй Н.М ирээд 140 шуудай будаа аваад явсан. Тэрнээс хойш будаа өгөлгүй, мөнгө өгөлгүй алга болсон. 1 шуудайг 48.000 төгрөгөөр бодож өгсөн. Одоо тэр мөнгөө нэхэмжилж байна нийт 6.702.000 төгрөг болж байгаа. Би гомдолтой байна. Тухайн хүмүүсээс мөнгөө олж авмаар байна..." /1хх-197/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Л өгсөн: "...найз Н.Сүхбаатараар дамжуулж Н.М, Б.Д гэдэг 2 эмэгтэйтэй танилцсан. Тэр 2 хүн миний “Санта фе” машиныг болон Уртнасан гэдэг манай ахын надад өгсөн байсан “Соната-6” маркийн 2 машиныг худалдаж авахаар надтай тохиролцсон. Тухайн үед тэр 2 эмэгтэй надад "миний зарах 2 машиныг алтны компанид цалингийн оронд шахах гэсэн юм" гэсэн. Удалгүй будаа зараад мөнгө орж ирэхээр мөнгийг нь төлчихнө гэж хэлж итгүүлсэн. Тэгэхдээ “Санта Фэ” маркийн автомашиныг нь 4.500.000 төгрөгөнд, “Соната 6” маркийн автомашиныг нь 3.500.000 төгрөгөнд тооцож худалдаж авч нийтдээ 8.000.000 төгрөгийг надад өгөх ёстой болсон. 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр би Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нотариатад “худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад Н.Мт 2 машиныхаа нэрийг шилжүүлээд өгсөн. Гэтэл машиныг минь авч нэр шилжүүлж авснаас хойш хаана байгаа нь тодорхойгүй, утасны цаанаас янз бүрийн шалтаг хэлээд зугтаагаад уулзахаа больсон. “Соната 6” машин нь манай дүү Ц гэдэг залуугийн нэр дээр байсан. Тийм болохоор Ц дуудаж байгаад гэрээг нь хийлгээд Н.Мийн нэр дээр шилжүүлсэн. Би У машиных нь мөнгийг төлж байгаа. “Соната 6” автомашиныг 2016 оны 5 сард буцааж авсан. “Санта фе” машиныг буцааж авмаар байна. Эсвэл 4.500.000 төгрөгөө нэхэмжилж байна..." /1хх-250/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Мын өгсөн: "...2015 оны 11 сарын сүүлээр буюу 29-30-ны үед манай баз хүргэн А.Б над руу утсаар яриад "Дээждүүрэн" гэдэг компаний захирал менежер Н.М, Б.Д гэдэг хүмүүс аарц, төмс, давс, буудай ихээр авч урагш, хойш гаргадаг юм байна наад хавиасаа аарц худалдаж ав гэж хэлсэн. Ингээд би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1 машинтай 9 тонн аарц Улаанбаатар хот руу явуулахад А.Б тосч аваад Улаанбаатар хотоос нэмж аарц аваад нийт 13 тонн 280 кг аарцыг 1 кг-ыг нь 1800 төгрөгөөр бодоод 29.904.000 төгрөгөөр худалдаж аваад цааш нь Н.М, Б.Д нарт өгсөн. Тэгтэл А.Б дахиж яриад энэ хүмүүс нийт 40 тонн аарц авна дахиад нэмж аарц ав гэхээр нь дахиж аарц аваад 2015 оны 12 сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас 3 машинтай 18 тонн аарц авч ирээд "Нарантуул" захын урд "Нато шоп" гэдэг нэртэй худалдаа үйлчилгээ явуулдаг нутгийн айлын хашаанд 2 хонуулаад 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг хашаанаас Н.М, Б.Д нарт өгсөн ба энэ үед би хотод А.Бтай хамт байсан. Н.М, Б.Д нар сүүлийн авсан аарцаа Хятадын хөрөнгө оруулалттай "Эмбил" гэдэг компанид өгч байгаа гэсэн. Тухайн үедээ ачиж дуусаад шууд мөнгөө өгнө гэсэн боловч өгөөгүй. А.Б бид хоёроос аарцыг Н.М, Б.Д нар авсан. Ингээд нийт 31 тонн 280 кг аарц буюу 54.504.000 төгрөгний хохирол учирсан юм. Би сүүлийн аарцанд өөрийн 20.000.000 төгрөгөө оролцуулж авсан ба бусад зардал хохирол болох 34.504.000 төгрөг нь А.Бгийнх байгаа юм." /1хх-16/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Бгийн өгсөн: "...Би 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Үнэгүй.мн вэб сайтад "аарц их хэмжээгээр зарна" гэж аарц зарах тухай зар байршуулсан. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр .... дугаарын утаснаас иргэн Б.Д гэдэг хүн "зарын дагуу ярьж байна аарц авъя, манайх “Дээж дүүрэн” ХХК гэдэг компани байна, манай компани дээр уулзъя" гэсэн. Ингээд тус компаний хаягийг заалган 3 дугаар эмнэлгийн зүүн талд "Бүрэн" төвийн 3 дугаар давхарт очиж Б.Д, Н.М нартай уулзахад "манай компанид аарц нийлүүлдэг хүн маань гадаад явчихаад, аарц олдохгүй байна, чи бидэнд аарц нийлүүлж байгаач, бид байнга аарц авдаг гадагш нь гаргадаг найдвартай, бидэнд 30-40 тонн аарц хэрэгтэй байна кг-ийн 1800 төгрөгөөр авна, чи бид хоёрт 30 тонныг нийлүүл, эхлээд байгаа аарцаа авч ирээд ачуулчих, төлбөр мөнгөний асуудал дээр санаа зоволтгүй бэлэн өгнө аваад ир, манайх Хятад руу аарц их хэмжээгээр нийлүүлдэг, хэрвээ аарц чинь бэлэн байвал шууд авъя гэсэн. 2015 оны 12 сарын 2-ны өдөр "Дээждүүрэн" компаний оффист очиж хамтран ажиллах гэрээ байгуулсан ба тухайн үед компанийн тамгаа дараад болчихлоо гэсэн. Би "нотариат орох уу" гэсэн чинь "хэрэггүй ээ манай компаний тамга дарчихсан асуудалгүй найдвартай" гэж хэлсэн. Манай компани найдвартай бид самар, овъёос, давс, улаан буудай, төмс, цагаан будаа, түүхий эд худалдаж авч цааш нь Хятад руу гаргадаг гэж итгүүлсэн. Бараа хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдээд, гэрээний нэмэлт заалтанд "13 тонн 280 кг аарцыг 1 кг нь 1800 төгрөгөөр тооцож нийт төлбөр болох 23.904.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн дотор төлж барагдуулна" данс руу шилжүүлнэ гэж тохирсон. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Д, Н.М нартай уулзсан. Энэ байгаа аарцыг чинь авмаар байна. Одоо аарц өгөх компани маань Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэнтэй "Эмбил" ХХК гэж санаа зоволтгүй бэлэн мөнгөөр шууд авмаар байна" байгаа аарцыг чинь үзүүлчихье гэж итгүүлсэн. 2015 оны 12 сарын 23-ны өдөр төлбөр болох 23.904.000 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээ хийж, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүрэн барагдуулах, дараагийн 18 тонн аарцыг 1700 төгрөгийг тооцож 30.600.000 төгрөгийг мөн 2015 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл төлбөр барагдуулахаар худалдах худалдан авах гэрээг байгуулан одоог хүртэл төлбөр мөнгөө авч чадаагүй явж байна. Байнга л худал хэлж төлнө, тэгнэ, ингэнэ гэж хууран мэхэлсээр бүр сүүлдээ утсаа ч авахгүй өдийг хүрсэн..." /1хх-18-20/,
мөрдөн байцаалтанд гэрч Д.Т өгсөн: "...2016 оны 3 сарын дундуур байсан байх он сарыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэр өдөр би чингэлэг дээрээ ганцаараа зогсож байхад Н.М гэх эмэгтэй ирээд "танай эхнэртэй ярьсан байгаа, 140 шуудай будаа авна" гээд ирэхээр нь би эхнэртэйгээ ярьсан чинь "чи ачуулчих маргааш Дорнодоос будаа ирэхээр нь авчих юм" гэж хэлээд ачаад явуулсан. Манай будааг хааш нь ачиж хэнд зарах гэж байгаа талаар надад бол хэлээгүй. Харин эхнэрт бол Эрдэнэт рүү байнга авдаг хүн рүүгээ явуулна гэж хэлсэн байсан." /2хх-39/,
мөрдөн байцаалтад гэрч П.А өгсөн: "...3 тонн будаа 120-140 шуудай орчим болсон байх. "Хархорин" зах дээрээс ачаад "Цайз"-н баруун талын хүнсний зах дээр очоод зарах гээд чадаагүй. Мөн Улиастайн зах дээр очоод чадаагүй болохоор шууд "Нарантуул" зах ороод хүнсний ченжүүдэд зарсан..." /2хх-34/,
мөрдөн байцаалтад гэрч Н.С өгсөн: "...2015 оны 11 сарын үед би найз Г.Л Б.Д, Н.М нарт танилцуулж байсан. 2016 оны 3 сарын үед байх Г.Л "2 машинаа зарна" гэж байсан. Тэгээд ярьж байгаад Н.М, Б.Д нар зарах гэж байгааг мэдээд "бид хоёрт зарчих, 7 хоногийн дараа будаа ирэхээр мөнгий нь өгчихье" гэж хэлээд Н.Мийн нэр дээр Баянгол дүүрэгт байдаг нотариатын газар орж машиныг шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараанаас мөнгөө нэхсэн боловч хойшлуулсаар байгаад сар гаран болсон. Тэр хоёр машинаа алтны уурхайн цалингийн оронд өгөх гэж байгаа гэсэн..." /2хх-31/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Э өгсөн: "...Би 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 48-55 УНС улсын дугаартай Соната-6 маркийн цагаан өнгийн автомашиныг Л гэдэг залуугаас 3.200.000 төгрөгөөр худалдаж авахаар болж гэрээг нь 2.500.000 төгрөгөөр хийсэн. Гэрээ хийхэд Н овогтой М нэр дээр байсан юм. Тэгээд би уг машины торгууль төлбөрийг нь төлөөд нэр даарээ шилжүүлэх гэтэл уг машин битүүмжлэгдсэн байна гээд шилжүүлж чадаагүи. Н.М гэдэг хүнд залилуулсан гэсэн. Миний хувьд энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй. Хурдан машиныг битүүмжлэлээс гаргаж авмаар байна..." /2хх-90/,
мөрдөн байцаалтад гэрч Х.Б өгсөн: "...Б.Д, Н.М нар надаас цагаан будаа худалдаж авч танилцаж байсан. 50 сая төгрөгийн цагаан будаа аваад 25 сая төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдэл 25 сая төгрөгийг дараа өгнө гээд авсан. Тэгээд уг будааны мөнгийг бага багаар өгсөөр байгаад одоо 3 сая төгрөг үлдсэн байх.Тэр мөнгөндөө газар өгнө гэж тохирсон юм. Б.Д, Н.М нараас 2015 оны өвөл байх 2 тоннн аарц авсан шиг санаж байна. Би эхлээд "Нарантуул" захын ойролцоо очиж үзсэн шиг санаж байна..." /2хх-105/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Г өгсөн: "...2015 оны 12 дугаар сарын эхээр байх би өөрийн 12-91 УБА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашинтайгаа "Жанжин" клубын урд халтуур хийх гээд зогсож байхад 11 цагийн орчим Б.Д ирээд "аарц ачуулах гэсэн юм хэдэн төгрөгөөр явах вэ" гэхээр нь би "30.000 төгрөгөөр явна" гэхэд зөвшөөрч Амгаланд айлын хашаанаас 20 гаруй шуудай хөлдүү аарц айлын хашаанаас ачаад "Хархорин" зах дээр буулгасан. Тэндээс би мөнгөө аваад буцсан. Н.М нь "Хархорин" зах дээр байсан. Тэд үлдэгдэл аарцаа нөгөө айлын хашаанаас 6-7 шуудай аарц ачаад Хархорин захад хүргүүлсэн..." /2хх-106/,
мөрдөн байцаалтад гэрч Х.Г өгсөн: "...... гэсэн дугаар нь манай нөхөр Х.М нэр дээр байдаг. 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Н.М гэсэн хүн зээлийн гэрээгээр худалдаж авсан боловч 2 сар орчим ашиглаж байгаад зээлийн хүү болон мөнгөө төлөхгүй байхаар нь буцааж аваад өөр хүнд зээлээр өгсөн боловч уг хүн "дугаар чинь болохгүй байна" гээд буцаагаад өгсөн..." /2хх-238/,
мөрдөн байцаалтад Н.Мийн яллагдагчаар өгсөн: "...Б.Д бид 2 их хэмжээний өрөнд орсон үедээ хялбар мөнгө болж хурдан зарагдах зүйл хайж байгаад интернэтээс зар хайж “аарц зарна” гэсэн зарын дагуу А.Б гэх хүнтэй холбогдож аарцыг 1 кг-ыг 1800 төгрөгөөр бодож “худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Тэгээд аарцаа хүлээж авчихаад захуудаар явж жижиглэнгээр бөөний үнээр 1 кг аарцыг 1800 юм уу 1900 төгрөгөөр бодож зарим үед нь 1600 төгрөгөөр бодож худалдсан. Бид анхнаасаа энэ аарцнуудыг авчихаад эргэн төлөх боломж байгаагүй. Бид хоёр их хэмжээний өрөнд орчихоод түүнийгээ төлөх гэж ийм зүйл хийсэн. Дараа нь тэр хүмүүст эргүүлээд өөр байдлаар төлбөр хийе гэж бодож байсан юм. М.Ооос авсан 3.200.000 төгрөгийг бид хоёр хувьдаа хэрэглээд дуусгасан. Бид хоёрт тийм танил хүмүүс байгаагүй худлаа хэлсэн. Өөрсдөө хөөцөлдөж байгаад хурдан шуурхай гаргаад өгчихье гэж бодоод авсан. Энэ асуудал болохоос өмнө Б.Д бид хоёр Заамраас будаа оруулж ирдэг Оюунаа гэдэг хүнээс 140 шуудай будаа авсан байсан бөгөөд тэр хүн цагдаад өглөө гээд байхаар нь айсандаа Л.Э гэдэг хүнтэй уулзаад 140 шуудай будаа өгчих удахгүй өгнө гэж хэлээд аваад О гэдэг хүнд өгчихсөн. Л.Э будааг аваад шууд эргүүлж төлөх боломж бид хоёрт анх байгаагүй. Сүүлд цувуулж байгаад төлье гэж бодож байсан. Энэ мөнгөнөөс 700.000 төгрөгийг төлсөн. Одоо 6.020.000 төгрөгийн өртэй байгаа. Бид хоёр "Хамтын хэлхээс" ХХК-аас 6.800.000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд тэр өрөө төлөх гээд Г.Л “машин зарна” гэхээр нь тэр машинуудыг нь алтны уурхайд шахаад мөнгө унагаад хэн хэндээ ашигтай юм байна гэж хэлээд хоёр машиныг аваад явсан. Тэгээд тэр хоёр машиныг өрөндөө өгөх гэтэл нэг машиныг нь голоод аваагүй. Нөгөө машиныг 5.000.000 төгрөгөөр бодож аваад үлдсэн 1.800.000 төгрөгийг бид хоёр бэлнээр төлж өрөө барагдуулсан. Б.Д бид хоёр анхнаасаа уг хоёр машинаар өр барагдуулах бодолтой байсан. Харин Г.Л таньдаг болохоор ярьж байгаад мөнгийг нь бага багаар өгчихнө гэж бодож байсан. Алтны уурхайд цалингийн оронд шахаад мөнгө унагана гэсэн бол худлаа байсан." /2хх-70-72/,
мөрдөн байцаалтад Б.Дын яллагдагчаар өгсөн: "...авсан аарцаа “Нарантуул" зах дээр наймаачдад зарсан. Тэрнээс өөр компанид цааш нь зарсан гэдэг бол худлаа байсан. Б.М бид хоёр Хятад компанитай холбоотой аарц гаргадаг гэдэг бол худлаа. Тэр аарцыг зараад хэдэн төгрөг болсныг санахгүй байна. 20 гаран сая төгрөг болсон байх байх. Тэр мөнгөө өрөндөө өгсөн. Бид 2 өрнөөсөө гаръя гэж бодоод тийм зар тавьсан. Бид хоёрт Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргүүдэд ямар нэгэн таньдаг хүн байгаагүй. Гэрчилгээ шууд гаргаж өгөх боломж байхгүй байсан. Өөрсдөө энгийн журмаар хөөцөлдөөд авч өгөх гэж байсан юм. Будааг бид 2 Заамар руу өгч явуулах гэж байгаа, түрдээ зээлээр авъя гэж хэлээд өмнө өртэй байсан Оюунаа гэдэг хүнд өгсөн. Цагдаад өгнө гээд байхаар нь Л.Э худлаа хэлээд авчихсан. Машинуудыг анх Г.Л алтны уурхайд ажилчдын цалингийн оронд шахаж өгөөд голоос нь мөнгө унагаая гэж хэлээд Н.Мийн нэр дээр шилжүүлж аваад “худалдах, худалдан авах гэрээ” хийсэн. Тэр 2 машиныг Б гэдэг хүнд 6.800.000 төгрөгний өрөндөө 5 сая төгрөгөөр бодож өгөөд үлдсэн 1.8 сая төгрөгийг бэлнээр өгөөд өрөө дарсан. Би дээрх 4 үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг Н.Мтэй хамтран үйлдсэнээ ойлгож хүлээн зөвшөөрч байна. Дээрх хэргүүдийг их хэмжээний өрөнд орчихоод өрөө төлөх гэж хэрэг хийсэн..." /2хх-73-74/,
мөрдөн байцаалтад гэрч Б.А өгсөн: "...Манай нөхөр А.Б интернэтэд зар тавиад 2 хүн "аарц авъя их хэмжээгээр авмаар байна" гэж яриад А.Б Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын айлуудаас цуглуулж худалдаж авсан Улаанбаатар хотод 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр "хүмүүст зарчихлаа" гээд дахиад "Эмбил" гэдэг компани авъя гэж байна гээд хүргэн Т.Мт хэлж цуглуулж дахин аарц худалдаж авсан. Ингээд 2015 оны 12 сарын сүүлээр Улаанбаатар ирээд "Нарантуул" зах дээр гражид хийсэн байсан аарцыг үзсэн. Тэгэхэд А.Б "та нар өмнө авсан аарцны мөнгийг өгөөгүй байж дандаа яахаар шөнө орой ачдаг юм бэ" гэхэд "машины боломж болсонгүй, одоо "Эмбил" компани дээр очоод хужаа нь байгаа тэрнээс мөнгийг чинь гаргуулаад өгье" гэж хэлсэн..." /1хх-22/ гэх мэдүүлгүүд болон Монголын худалдааны төв сайт "Үнэгүй зар" зараа байрлуулсан байдал /1хх-120/, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар /1хх-123/, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хэлцлийн хуулбар /1хх-124/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-182/, Зарлагын баримтын хуулбар /1хх-183/, Хамтран ажиллах гэрээ /1хх-49/, Эд зүйлийн үнэлгээ /Зхх-128/, Фидуцын гэрээний хуулбар /2хх-244/, Монголын худалдааны төв сайт "Үнэгүй зар" интэрнетэд байрлуулсан /1хх-75/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 830 дугаартай дүгнэлт /2хх-63/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 841 дугаартай дүгнэлт /2хх-66/, Шүүгдэгч Б.Д, Н.М нарын ял шалгах хуудас /1хх-31,150/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Д, Н.М нарт холбогдох хэргийг прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэж зүйлчлэлийг нэгтгэн өөрчилсөн нь зөв байна.
Хавтас хэрэгт авагдсан “Эд зүйлийн үнэлгээ”- гээр хохирогч Т.М, А.Б нараас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар авсан аарцны үнийн дүнг 54 504 000 төгрөг гэж үнэлжээ. /3хх-132/,
Шүүгдэгч Н.М, Б.Д болон хохирогч А.Б, Т.М нарт уг үнэлгээг хуульд зааснаар танилцуулсан, шүүгдэгч нар дээрх эд зүйлийн үнэлгээнд гомдол гаргаагүй, хуулийн дагуу гаргасан хүчин төгөлдөр үнэлгээ байна.
2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Дээж дүүрэн” ХХК-ийн менежер гэх Н.М хохирогч А.Б нарын хооронд байгуулсан №52/17 дугаартай “нийт 13 тонн 280 кг аарцыг 1 кг-1800₮=23 904 000 төгрөгийг 2015 оны 12 сарын 7-ны өдөр төлж барагдуулна” гэх хамтран ажиллах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Т.М, А.Б, Б.Д, Н.М нарын хооронд байгуулсан “18 тонн аарцыг 1 кг-1700₮=30 600 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлж барагдуулна” гэсэн худалдах, худалдан авах гэрээгээр хохирогч А.Бгийн “13 тонн 280 кг аарцыг кг бүрийг 1800 төгрөгөөр, 18 тонн аарцыг 1700 төгрөгөөр тооцон өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-20/, хохирогч Т.Мын “ 13 тонн 280 кг аарцыг кг бүрийг 1800 төгрөгөөр бодоод, нийт 31 тонн 280 кг аарц буюу 54 504 000 төгрөгний аарц хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16/, шүүгдэгч Н.Мийн яллагдагчаар өгсөн “13 тонн 280 кг аарцыг кг бүрийг 1800 төгрөгөөр, 18 тонн аарцыг кг бүрийг 1700 төгрөгөөр бодож гэрээ хийсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 70-72/, шүүгдэгч Б.Дын яллагдагчаар өгсөн “13 тонн 280 кг аарц болон 18 тонн аарцыг гэрээ хийж авсан” гэх /2хх-ийн 73-75/ мэдүүлгүүдээр хохирлын хэмжээг 54 504 000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /3хх-132/ үндэслэлтэй болох нь нотлогдож байна.
Иймээс анхан шатны шүүх хохирогч А.Б, Т.М нарыг аарцыг бусдаас 1400 төгрөгөөр худалдан авсан гэж хохирлын үнийн дүнг 43 792 000 төгрөг болгон бууруулсаныг хохирогч нарын эрх ашгийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнээд хохирогч А.Б, Т.М нарын өмгөөлөгч С.Б “хохирлын хэмжээг зөвтгүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М, Б.Д нарын амьдрал, хувийн байдал, хохирогч Л.Э, Г.Л, Б.Ц нарын хохирлыг мөнгөн болон биет байдлаар төлсөн, цаашид А.Б, Т.М, М.О нарын хохирлыг төлөх байдлыг харгалзан торгох ял оногдуулсаныг хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 4-ний өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн
1. “6” дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас 23 496 000 төгрөгийг, Б.Мөнгөнцэцэг 23 496 000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч М.Од 3 200 000 төгрөгийг, хохирогч Т.М, А.Б нарт 43 792 000 төгрөгийг тус тус олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас 28 852 000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.М,А.Б нарт 27 252 000 төгрөгийг, хохирогч М.Од 1 600 000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгээс 28 852 000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.М А.Б нарт 27 252 000 төгрөгийг, хохирогч М.Од 1 600 000 төгрөгийг тус тус олгосугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ