Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 232

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.О, шүүгч Н.Д, иргэдийн төлөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч П.С, Б.Д, Х.Т, нэхэмжлэгч Ц.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгч З.О-ын өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А нарын нэхэмжлэлтэй, Н.З-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А

Хариуцагч: Н.З

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Д, Х.Т, П.С, О.О,  Ц.А, З.О нарын “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э.Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгч З.О-ын “орц гарцыг чөлөөлөх ажиллагаа хийхийг Н.ЗДдаалгах”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, .. байрны урд байрлах орц гарцын замыг “Э.Г” ХХК нь хааж эзэмшилдээ аван тэнд “хог хаягдал” байрлуулж байсныг оршин суугчид эсэргүүцсэнээр тус компани цэцгийн худалдаа хийх зориулалтаар ашиглаж байсан тул оршин суугчдын зүгээс эсэргүүцээгүй билээ. Учир нь тус газрын доор дулаан цахилгааны шугам сүлжээ, халуун ус бохир усны шугам сүлжээ байдаг тул дээр нь хөдөлгөж үл болох барилга байгууламж барих боломжгүй юм. Улмаар дээрхи зам нь нийтийн эзэмшлийн зам талбай ба онцгой нөхцөлд галын орц гарцын ч шаардлага бүхий талбай билээ. 

Ц төвийг бариулсан “Э.Г” ХХК нь “хог хаягдал” байрлуулж оршин суугчдын эрүүл ахуйн эрхийг зөрчиж байсан тул 2008 онд оршин суугчид Хот төлөвлөлтийн газарт хандахад тухайн газрыг нийтийн эзэмшлийн газар гэдгийг бидэнд мэдэгдэж хашаагаа буулгахыг шаардаж байсан юм. Төрийн байгууллагын шаардлагыг “Э.Г” ХХК нь хүлээж аваагүй билээ.

Гэтэл 2016 оны эхээр тус талбайд маш том овор хэмжээ бүхий цахилгаан генератор байрлуулснаар түүнээс гарах утаа дуу чимээ иргэд бидний эрүүл тайван аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж эхэлсэн тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь тухайн газарт ажиллагаа үзлэг шалгалт хийснээр тус газрыг “Э.Г” ХХК нь нийтийн эзэмшлийн газрыг өөрийн мэдэлд 15 жил ашиглахаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн дагуу эзэмшилдээ авч гэрчилгээ авсан болохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02-10/195 дугаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгээр мэдсэн. Ц төвийн өргөтгөлийг “Э.Г” ХХК нь ямар ч зөвшөөрөлгүй барьсан байдаг юм.

Ингээд Н.З-ын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргахад 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Засаг даргын захирамжийг хүчингүй болгоход мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн хариуг өгсөн тул Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт дүгнэлт гаргуулах өргөдлийг 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр өгсөн. Харин Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байцаагч н.Г 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бидний өргөдлийн хариуг дүгнэлт гаргах боломжгүй гэж өгсөн.

Иймд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн Э.Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Иргэд бидний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалж өгнө үү.

Нийслэлийн Засаг даргаас СӨХ болон нийтийн эзэмшилд хамааралтай газрыг бусдад эзэмшүүлэхээр олгосноор байрны оршин суугчдын орц гарцыг хааж улмаар дуу чимээ ихтэй агаарын бохирдлыг үүсгэсэн генератор байрлуулан оршин суугчдын эрх ашгийг хөндөж хохироож байгаа ба Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд “Машингүй гудамж” төсөл хэрэгжүүлэхэд манай байрны оршин суугчид хойд талын замыг хаан энэ “Э.Г” ХХК-д эзэмшүүлээд байгаа орц гарцын замыг ашиглах тул нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 тоот захирамжийн “Э.Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж орц гарцыг нээх нь зайлшгүй шаардлагатай байна. Засаг даргын ажил үүрэгт хамааралтай учир орц гарцыг чөлөөлөх ажиллагааг хийхийг Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Д, Х.Т, П.С, О.О, Ц.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А нарын нэхэмжлэлтэй, Н.ЗД-д холбогдох захиргааны хэрэг тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж байна.

Дээрх захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын зүгээс нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Э.Г” ХХК-ийн 766 м.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн шийдвэрийг илт хууль бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байсан ч хэрэг маргааныг хянан шийдвэрлэгдэх явцад иргэдийн эрх ашиг хохирч байгаад биш зөвхөн акт “илт хууль бус” гэдэгт л дүгнэлт өгч улмаар акт илт хууль бус биш болохыг шүүх тогтоогоод байгаа тул бид анхны нэхэмжлэлийн шаардлагаа дахин гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э.Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү хэмээн өөрчилж байна. 

Учир нь гуравдагч этгээд болох “Э.Г” ХХК нь “К” ХХК-иас 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар “Газар эзэмших эрх шилжүүлэн” авснаар 766 м.кв газар эзэмших эрхтэй болсон байна. Гэсэн ч уг 766 м.кв газарт хамааралгүй нийтийн эзэмшлийн талбайгаас газар эзэмших эрхтэй хэмээн гэрчилгээнд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хүсэлтээ нийслэлийн газрын албанд хандан гаргасан байдаг. Хавтаст хэрэгт “Э.Г” ХХК-иас гаргасан дээрх хүсэлтэд нийслэлийн газрын алба хэрхэн яаж хэлэлцсэн, ямар үндэслэлээр 766 м.кв газрыг 883 м.кв, болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн тухай нотлох баримт байхгүй. 

Дээрх нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамж нь “Э.Г” ХХК-д хууль зөрчин дураар газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн гэж үзэж болохоор байгаа. 

Нийслэлийн Засаг даргын 22 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг бүхэлд нь ноцтой зөрчсөн байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Д, Х.Т, П.С, О.О, З.О, Ц.А нарын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийн Э.Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доорх хариуг хүргүүлж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 564 дүгээр захирамжаар “К” ХХК, “Т” ХХК-д худалдаа үйлчилгээ, конторын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 800 м.кв, 100 м.кв газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар дээрх газрыг эрхийг “Э.Г” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ. 

Улмаар “Э.Г” ХХК нь 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 229 тоот албан бичгээрээ кадастрын зургийн алдааг залруулж 883.8 м.кв хэмжээтэй болгон өөрчилж өгнө үү хэмээн хүссэний дагуу нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар талбайн хэмжээг өөрчилсөн байна. 

Энэхүү маргаж буй газар нь “Э.Г” ХХК-ийн эзэмшлийн газар гэдгийг 2008 онд нэхэмжлэгч иргэд мэдсэн байна. Учир нь тухайн газар дээр байрлах хогийн цэгийн асуудлаар “Э.Г” ХХК болон тухайн байрны .. СӨХ, нэхэмжлэл гаргасан иргэн Төгс, Ц.А нар хуралдаж хурлын протокол хөтөлсөн байна. Тус хурлын протоколд энэхүү газар нь “Э.Г” ХХК-ийн эзэмшлийн газар гэдгийг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нар нь одоо мэдэж байгаа гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Э.Г” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... тус маргаж буй акт нь нэхэмжлэгч 6 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо .. байрны иргэд болох бүлэг хүмүүсийн нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн шүүхээс манай компанийг гуравдагч этгээдээр татах шийдвэр гарсан. Манай компани Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Иргэний тухай хуулийн дагуу Ц төвийг шударгаар эзэмшиж байгаа болно. Нэхэмжлэлийг гаргасан .. байрны хэсэг иргэд нь Ц төвийн эзэмшил газраас шунахайран хууль бусаар авах гэсэн санаагаа хууль шүүхийн байгууллагыг ашиглах, худал мэдээлэл гаргах, түгээх замаар хэрэгжүүлэхийг оролдож байгаа билээ. Иймд энэхүү хууль бус асуудлыг илчилсэн дараах тайлбар бодит баримт нотолгоог гарган хүргүүлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэлдээ илт худал мэдээлэл тавьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 заалтыг зөрчсөн тухайд:

Манай компани энэхүү газрыг одоогоос 16 жилийн өмнө Газрын тухай хуулийн дагуу шударгаар эзэмшиж байтал .. байрны иргэд манай эзэмшил газрыг “Нийтийн эзэмшил газар” мэтээр зарим албан тушаалтанд шахалт үзүүлж хууль бус бичиг баримт бүрдүүлсэн байгаа болно. Нэхэмжлэлд дараах худал хуурамч мэдүүлэг байгааг анхааралдаа авна уу. Үүнд:

Иргэн П.С, Х.Т нарын нэхэмжлэлд нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Ц төвийн эзэмшил газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 онд шалгалт хийлгэсэн боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч н.Г бидний өргөдлийн хариуг дүгнэлт гаргах боломжгүй гэж хариу өгсөн гэж худал бичжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 заалтад “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар баримт үнэнд нийцсэн байх” гэж заасан. Ингэж худал баримт бүрдүүлэн хууль зөрчиж, шүүхийг ашиглаж бусдыг дээрэмдэж болохгүй. Дээрх иргэд Ц төвийн газрыг авах санаагаа хэрэгжүүлэхээр өөрсдөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдлөө өгч улмаар тус байгууллагын дарга Шаравдорж Хяналт шалгалтын удирдамжийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №01/106 тоотоор гаргаж томилсны дагуу байцаагч н.Г хоёр удаа дээрх иргэд болон миний бие хамт байлцаж Ц төв дээр хэмжилт үзлэг хийсэн. Мөн манай талаас энэ шалгалтын дагуу Ц төвийн анхны зөвшөөрөл, улсын комисс, газар үл хөдлөхтэй холбогдолтой 48 хуудас материал, 4 удаагийн албан бичиг өгсөн. Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтын дүн гарч Ц төв, .. байрны хооронд байрлах газар нь “Э.Г” ХХК-ийн эзэмшил бөгөөд тухайн хэсэгт батлагдсан Ерөнхий төлөвлөгөөний зургаас үзэхэд авто замын орц гарц байхаар тусгагдаагүй байна гэсэн дүгнэлт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №1/1099 тоотоор маргалдагч хоёр талд хариу өгсөн юм. Тийм ч учраас дүгнэлт нь .. байрны хэсэг иргэдийн эсрэг буюу үгсэн хуйвалдаж бүлэглэн аж ахуй нэгжийн хууль ёсны эзэмшил газрыг булаан авах гэсэн санааг зогсоосон юм.

Иргэн П.С, Х.Т нарын нэхэмжлэлд дурдахдаа “Ер нь Ц төв анх баригдахдаа ямар ч зөвшөөрөлгүй баригдсан" гэж шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулийн заалтыг зөрчин, санаатайгаар худал мэдүүлэг өгч хууль зөрчжээ. Ц төв нь зөвшөөрөлтэй эсэх  талаар  олон  зүйл  ярилгүйгээр  дараах

нотлох баримтыг энэхүү тайлбарт хүргүүлсэн болно.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2292 тоот шинжээч томилох комиссын дагуу Барилга хот байгуулалтын яамнаас томилогдсон комиссын дүгнэлт гарсан байдаг. Энэхүү дүгнэлт “Э.Г” ХХК /хуучнаар “К” ХХК/ нь Ц худалдааны төвийн барилгын ажлын зургийг /зургийн шифр ГТ 18-11.00/ 2000 онд зураг төслийн “Гоби травел” компаниар гүйцэтгүүлсэн байна. Ерөнхий төлөвлөгөөний зургийг захиалагчийн ажлын албаны ХБИБХ-ийн дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Л.Н баталжээ. Түүнчлэн Нийслэл хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төсөлд тус консолын доорх хэсгийг явган хүний замын зориулалттай төлөвлөж, уг тохижилтын зургийг Нийслэл хот байгуулалт газрын харилцааны газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор М.Ц, Чингэлтэй дүүрэг хариуцсан архитектор С.Т, Замын цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулах албаны дарга О.Б нар Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 282 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм” /БНбД 11,01.98/-ийн дагуу тус тус баталжээ. Ц худалдааны төвийн барилгын ажлын зурагт 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 109 тоог улсын экспертизийн дүгнэлтийг Барилга архитектурын газраас гаргаж, тус барилгыг 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр улсын комисс ашиглалтад хүлээн авсан байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргасан 2013 оны 02 дугаар сарын 27 өдрийн №79 тоот тогтоолд Ц төвийн орц, гарцыг тодорхойлохдоо “Э.Г” ХХК нь Ц төвийн шударга эзэмшигч болохыг харгалзан үзэж шүүхэд өгсөн 103 хуудас нотлох баримтыг үндэслэн “Э.Г” ХХК-ийн талд шийдвэрээ гаргасан болно.

2. Ер нь Ц төвийн .. байр буюу /Яамбатны ягааны/ эзэмшил газрын тухай болон орц гарцын тухайд:

*******ны ягаан буюу .. байр 1968 онд ашиглалтад орсон ба тухайн үеийн төлөвлөгөөний дагуу одоог хүртэл байгаа. 2011 он хүртэл хугацаанд тухайн байрны орц нь хойд тал мөн зүүн талаасаа нэвт ордог байсан. Гэтэл 2011 оноос тухайн оршин суугчид байрныхаа зүүн хэсэгт М компанид, хойд хэсгээ Ж М компанид өгч барилга бариулж тухайн хэсэгт зүүн талаасаа орох замыг хаалгасан. Мөн тус байрны эзэмшил газар дээр тус байрны иргэн З.О ямар ч зөвшөөрөлгүйгээр 12 автомашины граш барьж бусдад худалдсан юм.

3.  Иргэн  П.С,  Х.Т  нарын  нэхэмжлэл   нь   эрүүгийн   хуулийг зөрчиж байгаа тухайд:

“Э.Г” ХХК нь Ц төвийг шударгаар эзэмшигч бөгөөд энэ нь Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №000*******.. тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №79 тоот шийдвэр, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №1/1093 тоот дүгнэлт зэрэг олон зүйлсээр нотлогдож байгаа билээ. Гэтэл бидний хууль ёсны эзэмшил газрыг өөрсдийн бизнесийн санаа, шунахайрал, одоогоор бидэнд мэдэгдээгүй байгаа өөрсдийн эрх ашгаа нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх гэж байгаа хууль бус оролдлого нь Монгол улсын эрүүгийн хуулийн 17.3 Залилах, 17.6 Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, 17.4 Хөрөнгө завших гэх мэт зүйл заалтуудад хамаарч байгаа тул эдгээр хүмүүсийн хүсэл сонирхлыг биелүүлэх нь хууль зөрчсөн явдал болох билээ.

4. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааны тухай заалтыг зөрчиж байгаа тухайд:

Манай компани Ц төвийн барилгыг одоогоос 16 жилийн өмнө буюу 2000 онд хууль журмын дагуу ашиглалтад оруулж одоо байгаа хил хязгаар дотроо газар эзэмшиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар нэг өргөтгөл хийгээгүй болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтын дүгнэлтэд заасан байгаа.

Нэхэмжлэгч тал нь 16 жилийн өмнөөс хөрш залгаа болсон аж ахуй нэгжийн эзэмшил газраас булааж авах гэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр бүлэгт заасан Хөөн хэлэлцэх хугацааны заалтыг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 75 дугаар бүлэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа 36-15 жилийн хугацаатай байхаар заасан байна. Гэтэл манай тал одоо байгаа газраа эзэмшээд 16 жил болсон бөгөөд энэ хугацаанд .. байрны ямар ч гэм хор учруулж байгаагүй мөн барилга нэмж өргөтгөөгүй, тэдний орц гарцыг хаасан ямар ч үйлдэл хийгээгүй тул .. байрны нэхэмжлэл хууль бус юм. 

5. Нэхэмжлэгч тал болон Ц төвийн удирдлагууд газрын тухай ямар нэгэн маргаан байхгүй гэж протокол үйлдэж байсан тухайд:

.. байрны СӨХ-ын удирдлага, иргэд нар 2008 оны 11 дүгээр сарын 29 өдөр 2 талаас уулзаж Ц төвийн хашаан дотор байх хогийн савны тухай хурлын протоколд дараах зүйл байгаа нь одоо маргалдаж буй асуудалд хариулт нотлох баримт болж байна.

“Э.Г”  ХХК-ийн  захирал   Д.Д:  Та  бүхэн  эхлээд  бүх  зүйлээ тодорхой ярь би одоо сонсож байгаад санал бодлоо хэлье. Танай байрны оршин суугчид чинь өөрсдийн эзэмшил бүх газраа М, Ж-м зэрэг албан газруудад зарж хувааж идчихээд бүр сүүлдээ хог хаядаг цэгэн дээрээ хүртэл авто машины граш бариулж, хогийн сав байхгүй учир гадаа ил задгай хогоо хаяж, зөвхөн танай байрны 4-5 тор хогийг ачих гэж Чингэлтэй дүүргээс өдөр болгон хогны машин ирдэг гэж сонссон юм.

Иргэн Төгсөө: Тэр үнээн М хүртэл газрын зөвшөөрөл нь одоо байгаа барилгын хэмжээгээр байдаг мөртлөө манай байрны нийтийн эзэмшил газар луу их түрж биднийг ямар ч зай талбайгүй болгосон.

СӨХ-ны менежер О: Тус хогийн савны асуудлыг амархан шийдэж өгсөн танд их баярлалаа. Ер нь танай Ц төв, манай байрны оршин суугчид нар хоёр талаасаа хамтраад энэ хавийнхаа газрыг сайхан тохижуулж болно шүү дээ. Бидэнд өөр хүсэх зүйл байхгүй. Хогны асуудлыг ингэж шийдэж өгсөнд танд дахин баярлалаа гэж хэлье. Газрын болон маргаантай өөр асуудал байхгүй.

Ингэж одоогоос 6 жилийн өмнө 2 тал газрын маргаан байхгүй гэж байсан.

Тухайн хэсэгт буюу “.. байр болон Ц төвийн хоорондох хэсэгт авто замын орц гарц хийх нь норм дүрэм зөрчинө” гэсэн тодорхойлолтыг авто замын газраас өгч байсан тухайд:

6. Тухайн газар “Н м” ХЭАА гутал засварын газар байсныг “Э.Г” ХХК худалдаж авсан тухайд:

Уг газарт 1984 онд тухайн үеийн Улаанбаатар хотын Нийтийн ахуй үйлчилгээний салбар гутал засварын газар байсан. Үүнийг 1994 онд “Н м” ХЭАА өмч хувьчлалаар өмчилж авсан бөгөөд тухайн гутал засварын барилгыг “Н м” ХЭАА-аас манайх 2008 онд худалдаж авсан билээ. 1996 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №404 тоот газар эзэмших гэрээ, гэрчилгээг хавсаргав. Энэ нь анхнаасаа тухайн газар .. байрны эзэмшил газрын тухай хуулийн дагуу манай талд шилжин ирснийг нотолж байна. 

7. Маргалдаж буй газар дээр болон доор хэний эзэмшил, ямар эд хөрөнгө, орц, хаалга инженерийн шугам сүлжээ байгаа тухайд:

Ц төв болон .. байрны хоорондох эзэмшил газар дээр болон доор манай компанийн болон Улсын өмчийн доорхи эд зүйлс дэд бүтцийн инженерийн байгууламж байгаа болно. Үүнд:

- Харуулын байр-1 ширхэг “Э.Г” ХХК

- Цэцгийн склад-1 ширхэг “Э.Г” ХХК

- Ц төвийн борооны ус зайлуулах шугам сүлжээ

- Галын зориулалттай арын хаалга

- Бараа зөөж оруулах арын хаалга

- Дээврийн шат-1 ширхэг

- Подволын цонх-4 ширхэг

Тухайн газарт дараах инженерийн шугам сүлжээ бүхий эд зүйлс байгаа болно. Үүнд:

- Дулааны 300 диаметртэй магестрал хоолой

- Цэвэр усны 100 диаметртэй магестрал хоолой

- Бохир усны магестрал хоолой-1 ширхэг

- Иймд инженерийн шугам сүлжээ бүхий газар дээр барилга барьж болохгүй хууль журмын дагуу бид тухайн газар дээр ямар нэгэн өргөтгөл хийгээгүй байгаа билээ. Нөгөө талаараа манай эзэмшилд буй тухайн газар нь бусдын эзэмшилд орох учиргүйг шүүх анхааралдаа авна уу.

Мөн манай тал эзэмшил газраа Нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан 1996 оноос хойшхи 4 удаагийн газар эзэмших гэрээ байгуулж байсан байна. Эдгээр гэрээг тайлбарт нотлох баримтаар хавсаргав. 

8. Нийслэлийн авто замын газраас .. барны иргэн П.С-д албан бичгээр өгсөн хариултын тухайд:

Авто замын газрын дарга Д.Б-Э эс 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №1/918 тоотоор хариу өгөхдөө “авто зам барих хүсэлтийн тухайд орон сууц руу орсон авто зам нь барилгаас 5 метрээс бага зайд байж болохгүй гэсэн авто замын төлөвлөлтийн норм дүрмийг зөрчиж байгаа тул .. байрны болон Ц төвийн хооронд замын гарц гаргахыг зөвшөөрөх боломжгүй байна. 

Иймд дээрх манай талын нотлох баримтууд болон тайлбарыг үндэслэн бидний хууль ёсны эзэмшил газрыг авах гэсэн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн үеийн эрх бүхий байгууллага албан тушаалтнуудын гаргасан буруу шийдвэр, кадастр зэрэг буруу хийгдсэн гэх мэт зүйлүүдээс болон “Э.Г” ХХК-д 83 м.кв газрыг  буруу ашигласнаас болж иргэд, оршин суугчдын эрх нь зөрчигдсөн байна гэж үзэж нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх дүгнэлт гаргаж байна” гэв.  

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Улсын Дээд Шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа нэхэмжлэгч Ц.А, Б.Д, О.О, Х.Т, П.С нараас  нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э.Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж өөрчилсөн ба нэхэмжлэгч З.О-ын нэхэмжлэлийн шаардлага “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э.Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, орц гарцыг чөлөөлөх ажиллагаа хийхийг Засаг даргад даалгах” гэснээр хэвээр байгаа бөгөөд шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,  мөн хуулийн 3.1.3. “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.     

Нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар “Э.Г” ХХК-д 117 м.кв газрыг ямар үндэслэлээр нэмж олгосон нь тодорхойгүй, тухайн газар нийтийн эзэмшлийн орц гарц байхад “Э.Г” ХХК өөрийн мэдэлд авсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчдийн болон тухайн орон сууцны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, шаардлагатай тохиолдолд байрныхаа хоёр талаар чөлөөтэй орж, гарах боломжийг хааж байгаа нь тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргасан бол хариуцагч болон гуравдагч этгээдээс нэмж олгосон гэх 117 м.кв газар нь анхнаасаа тус компанийн эзэмшлийн газар байсан гэх хариу тайлбарыг гаргадаг. 

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар анх “К” ХХК-д тус хорооны нутаг дэвсгэрт 0,01 га газрыг цэцгийн дэлгүүрийн зориулалтаар ашиглуулах гэрээ байгуулагдсан бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/62 дугаар захирамжаар  0,034 га газарт барилга барих зөвшөөрлийг олгожээ. Мөн “К” ХХК нь зэргэлдээ байршиж байсан “Н м” ХЭАА-н гутал засварын газрыг худалдан авснаар нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар  0,08 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх үүссэн байна. Үүний дараа “К” ХХК нь нэрээ “Э.Г” ХХК гэж өөрчилснөөр нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352  дугаар захирамжаар “К” ХХК-ийн газар эзэмших эрхийг “Э.Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч “кадастрын зураг алдаатай байсан” гэх үндэслэлээр талбайн хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 229 тоот албан бичгээр   гаргасны дагуу маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар  883 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших болжээ.  

Кадастрын зураг чухам ямар шалтгааны улмаас алдаатай байсан, түүнийг хариуцагчийн зүгээс хэрхэн шалгаж тогтоосон, мөн ямар үндэслэлээр талбайн хэмжээг нэмсэн талаар “Э.Г” ХХК-ийн “кадастрын зургийн алдааг залруулах” гэх хүсэлтээс өөр нотлох баримт байхгүй байна. Энэхүү үйл баримттай холбоотой нотлох баримтыг шүүхээс шаардахад “Э.Г” ХХК-ийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 229 тоот албан бичгээс өөр баримт байгүй учир гаргаж өгөх боломжгүй гэх тайлбарыг хийдэг. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн урьд нь эзэмшиж байсан газрын кадастрын зургийн алдааг залруулж, гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар “Э.Г” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 883 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул дахин нэмж газар эзэмшүүлсэн гэж үзэхгүй тул үүнийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй гэх агуулгатай тайлбарыг хийдэг.   

Маргаан бүхий 2009 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай зориулалт өөрчлөх тухай” 22 дугаар захирамж нь  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байх ба “Э.Г” ХХК-ийн  газрын кадастрын зургийн алдааг залруулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч  захирамжийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар холбогдох дүүргийн Засаг даргын саналыг аваагүй байна. 

Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг гаргахдаа дараах зүйлийг тусгана: 32.3.2 “... газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заасан. Хуулийн энэхүү шаардлагыг “Э.Г” ХХК хангаагүй байхад, өөрөөр хэлбэл, тухайн газрын зааг, байршил, ямар хэмжээгээр алдаа гарсан талаар нэгж талбарыг харуулсан тойм зургийг хүсэлтдээ тусгаагүй байхад хариуцагчаас кадастрын зурагт ямар алдаа гарсныг хэрхэн тогтоож, ямар үндэслэлээр газрыг нэмж олгосон талаар нотлох баримт байхгүйгээс гадна хариуцагч үүнийгээ нотолж чадсангүй.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу маргаан бүхий газарт шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай эсэх талаар шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, өмнө нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хэсгээс нэмж тодруулга авахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ  “Э.Г” ХХК-д нэмж эзэмшүүлсэн  гэх 117 м.кв газар нь анх нийтийн эзэмшлийн орц гарц бүхий газар байсан эсэх, нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар “Э.Г” ХХК-д нэмж 117 м.кв газар олгох болсон үндэслэл, .. орон сууцны урд хэсгийн хананд Тн хэн, хэзээ хашаа барьсан, уг газарт газар ашиглах зөвшөөрөл олгогдож байсан эсэх зэргийг дахин тодруулсан. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/550 дугаар “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгээр  “....2008 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18642310******* дугаар бүхий 766 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 18642310******* дугаар бүхий 201,4 м.кв талбайтайгаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь тодорхойгүй бүртгэсэн газартай 85.3 м.кв талбайтайгаар давхцалтай бүртгэгдсэн, ... “Э.Г” ХХК-д нэмж эзэмшүүлсэн гэх 117 м.кв талбайтай газар буюу “Ц төв”-ийн барилга болон .. орон сууцны хоорондын талбай нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оноос 2009 оны 1 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдоогүй сул чөлөөтэй газраар бүртгэгдсэн байх бөгөөд 2009 оны 3 сарын архивын зурган мэдээлэлд тухайн сул чөлөөтэй газар нь нэгж талбарын 18642310******* дугаар бүхий 883,4 м.кв талбайтайгаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь тодорхойгүйгээр бүртгэгдсэн газарт хамаарагдаж байна. ... Түүнчлэн Улаанбаатар хотын 2005-2007 оны агаарын зурагт Ц төвийн барилга болон .. орон сууцны хооронд газрыг хашаалсан мэт харагдаж байгаа бөгөөд уг хашааг хэн, хэзээ татсаныг тодорхойлох боломжгүй болно” гэжээ. 

Нэгж талбарын хувийн хэргийг холбогдох журамд заасны дагуу үүсгэж, өөрчлөлт шинэчлэлтийг хөтлөн явуулах чиг үүргийг нийслэлийн Газрын алба хэрэгжүүлэх ёстой боловч хариуцагчаас “Э.Г” ХХК-ийн газрын хувийн хэрэг болон байгаа бусад бүх нотлох баримтаа гаргаж өгсөн,  өөр нэмж баримт гаргаж өгөх боломжгүй гэх тайлбар хийснийг дурдах нь зүйтэй байна. 

Иймд нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар “Э.Г” ХХК-д тус газарт нэмж 117 м.кв газар олгох болсон үндэслэл .. орон сууцны хананы урд хэсэгт Тн хэн, хэзээ хашаа барьсан нь тогтоогдохгүй, мөн 2009 оны 1 дүгээр сарын архивын мэдээлэлд тухайн газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдоогүй сул чөлөөтэй газраар бүртгэгдсэн байх тул тухайн газар анхнаасаа “Э.Г” ХХК-ийн эзэмшлийн газар байсан гэх хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.  

Мөн нэхэмжлэгч нараас “...маргаан бүхий газарт баригдсан цахилгаан үүсгүүрийг байрлуулсан тоосгон байрыг хэзээ ч зөөвөрлөхөд бэлэн гэж гуравдагч этгээдээс тайлбарлаж байгаа боловч байнгын ду чимээтэйгээс гадна тухайн газарт дахиад юу ч барьж магадгүй, ... тус  газрыг “Э.Г” ХХК-д 2009 онд үндэслэлгүй нэмж олгосон нь бид нарын эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас шүүхэд хандсан..” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр хийсэн бөгөөд тэдгээрийн захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсаныг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. 

Дээр дурдсан үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийн “Э.Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Гэвч гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2001 оны 564 дүгээр захирамжаар “К” ХХК-д 0,08 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах хууль ёсны эрхтэй байсныг харгалзан үндэслэж нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар “Э.Г” ХХК-д 883 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсний зөрүү 83 м.кв газрын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нарыг шүүхэд маргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэх тухайд. 

.. байрны СӨХ-ын удирдлага, иргэд нар 2008 оны 11 дүгээр сарын 29 өдөр  уулзаж, Ц төвийн хашаан дотор байх хогийн савны тухай хурлын протокол үйлдсэн нь  хэрэгт нотлох баримтаар авагдсан. Протоколд “...СӨХ-ны менежер О: Тус хогийн савны асуудлыг амархан шийдэж өгсөн танд их баярлалаа. ..., бидэнд өөр хүсэх зүйл байхгүй, хогны асуудлыг ингэж шийдэж өгсөнд танд дахин баярлалаа, газрын болон маргаантай өөр асуудал байхгүй..” гэсэн байх боловч уулзалтын протоколын агуулга нь зөвхөн байрны оршин суугчдын хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар СӨХ болон зарим оршин суугчдын /нэхэмжлэгч нараас зөвхөн Х.Т оролцсон / хооронд уулзалт болжээ гэж дүгнэхээр байна. 

Иймд тухайн уулзалтын протоколоор .. орон сууцны оршин суугчид болох нэхэмжлэгч нарын “Э.Г” ХХК-ийн үндэслэлгүйгээр нэмж эзэмшүүлсэн гэх 117 м.кв газартай маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хязгаарлах боломжгүй юм. 

Нэхэмжлэгч З.Оын “орц гарцыг чөлөөлөх ажиллагааг хийхийг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд. 

Нэхэмжлэгчээс тухайн маргаан бүхий газарт орц гарц байх ёстой хэмээн маргаж байгаа боловч тус газар нь нийтийн эзэмшлийн авто зам байхаар төлөвлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн ортофото зурагнууд, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, орон зайн зураг, шинжээчийн зураг, Бага  тойруугийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн төлөвлөлт, “К” ХХК-ийн болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Авто замын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тайлбар, албан бичгүүдээр тогтоогдож байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1093 дугаар албан бичгээр “Ц төв болон орон сууцны .. дүгээр байрны хооронд нийтийн эзэмшлийн замын орц гарц гаргах боломжгүй” гэх хариуг ирүүлжээ. 

Дээрх эрх бүхий байгууллагуудын баримт, дүгнэлтээр тухайн газарт нийтийн эзэмшлийн авто замын орц гарц гаргах боломжгүй байна. Гэвч Ц төв болон орон сууцны .. байрны хооронд бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдоогүй сул чөлөөтэй байсан газарт хэн, хэзээ татсан нь тодорхойгүй хашааг буулгаж нийтийн эзэмшлийн авто замын орц гарцын зориулалтаар бус харин нэхэмжлэгчийн болон тухайн .. дүгээр байрны оршин суугчид болон иргэдийн чөлөөтэй зорчих боломжийг хангах үүднээс явган хүнд зориулсан орц гарцыг гаргах  нь боломжгүй зүйл биш юм. Учир нь хотын бүтээн байгуулалт тэлж, хүн ам өссөнөөр авто замын түгжрэл ихсэж, явган хүний зам, орц гарц хомс болсонтой холбогдуулан  сул  чөлөөтэй  байсан  газарт орц гарц гаргах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. 

Маргаан бүхий газар нь 2009 оны 1 дүгээр сарын архивын мэдээлэлд бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдоогүй сул чөлөөтэй газраар бүртгэгдсэн байсан бөгөөд ямар үндэслэлээр “Э.Г” ХХК-д нэмж эзэмшүүлсэн нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч З.О-оос маргаан бүхий газарт орц гарц гаргах асуудлаар хариуцагчид хандсан болон албан ёсоор хүсэлт гаргаж байгаагүй тул нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчилж, 29.1.3. б/ “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, ...  бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж,  ...  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; г/газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр ... ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах;  д/газрын нэгдмэл сангийн данс бүртгэлийг хөтлөх, тайлан гаргах, нутаг дэвсгэртээ газар зохион байгуулалт хийх тухай шийдвэр гаргаж, ... хэрэгжүүлэх;  ж/газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх;” гэж тус тус заасан. 

Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4. “... эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах,...” гэсэн хуулийн зохицуулалттай боловч тухайн маргааныг шүүхээс нэг мөр шийдвэрлэх үүднээс Ц төв болон .. дүгээр байрны хоорондох газарт орц гарц гаргах боломжтой эсэх асуудлыг сайтар судалж, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхийг Н.ЗД-д даалгах нь зүйтэй гэж үзэв. Энэ нь орц, гарц гаргахыг Н.ЗД шууд даалгаж шийдвэрлэж байгаа хэрэг биш бөгөөд орц, гарц гаргах эрх нь Засаг даргын өөрийнх нь бүрэн эрхэд хамаарах асуудал болно. 

Тус газарт байрлах цахилгаан үүсгүүрийн дуу чимээ ихтэй талаар нэхэмжлэгч нараас гомдол гаргасны дагуу цахилгаан үүсгүүрийн дуу чимээг багасгах зориулалтаар тоосгон байрыг гадна талаар нь барьсан байна. Гуравдагч этгээдээс уг цахилгаан үүсгүүрийг байнгын ажиллагаатай бус зөвхөн цахилгаан тасарсан тохиолдолд ажиллах горимтой гэж тайлбарлах боловч шүүхээс хийсэн газрын үзлэгээр тухайн цахилгаан үүсгүүр нь цахилгаан тасарсан үед ажиллахаас  гадна Ц төвд байрлах “Бургер кинг” түргэн хоолны газрын хөргөгч, хөргүүрийн хэмийг тогтвортой байлгах үүднээс дунджаар 30 минутын зайтай ажиллах сэнсний дуу чимээ сонсогддог болох нь тогтоогдсон. Мөн маргаан бүхий газарт Ц төвийн харуул хамгаалалтын зориулалтаар баригдсан шавран жижиг байгууламж, зүүн хойд хэсэгт хогийн цэг байрлаж байгаа нь .. дүгээр байртай бараг залгаа байрлалтай байгаа нь нэхэмжлэгч нарын шүүхэд хандах үндэслэл болжээ гэж  дүгнэлээ. Хэдийгээр гуравдагч этгээдээс цахилгаан үүсгүүрийн гадна талаар барьсан тоосгон байрыг зөөврийн байгууламж гэж тайлбарлах боловч тэр нь ямар нэгэн байдлаар зөөвөрлөгдөхөөр тоноглогдоогүй, тоосгоор барьсан, хөлдөөгч хөргүүрийн хэмийг хэвийн хэмжээнд ажиллуулахад шаардлагатай сэнс нь байнгын ажиллагаатай байна. Нэхэмжлэгч нар бүгд .. байрны оршин суугчид бөгөөд П.Сгийн гэрийн цонх нь дээрх цахилгаан үүсгүүр, харуулын байр, хогийн цэг байрлаж буй маргаан бүхий газрын харалдаа 2 давхарт байрлалтай байх боловч хөршийн асуудал болон эдгээр объектийг буулган шилжүүлэх зэрэг асуудал нь ердийн харьяаллын шүүхийн маргаан бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.     

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. г, д, ж, Газрын тухай тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.3, 32.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, Б.Д, О.О, Х.Т, П.С, З.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э.Г” ХХК-д нэмж эзэмшүүлсэн газрын  холбогдох 83 м.кв газрыг хүчингүй болгож, орц гарц гаргах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Н.З-д даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д  олгосугай.  

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.Д

                        ШҮҮГЧИД                                          О.О

                                                                                   Н.Д