Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 25

 

 

Э.Ариунмөрөнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 818 дугаар магадлалтай, 201626020864 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогосын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгазсан, Боржигон овогт Эрдэнэтуяагийн Ариунмөрөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Ариунмөрөнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ариунмөрөнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Л.Амартогос нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцсоны хувьд шүүгдэгч Э.Ариунмөрөнгийн холбогдсон хэрэгтээ хандсан өөрийнх нь байр суурийг дэмжиж оролцож байсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ яллах талыг  барьсан. Тухайлбал хохирогч П.Хишигжаргалын мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь илтэд зөрж байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглээгүй.  Хөндлөнгийн гэрч Ж.Оюунгэрэл нь хэрэг гарахад яллагдагч, хохирогч нарын хажууд байгаагүй хол байсан. Тэр Э.Ариунмөрөн, П.Хишигжаргал хоёрын согтуу байсныг тодорхойлж чадахгүй байсан ба мэдүүлэгтээ “хоорондоо маргалдаж барьцалдаад, ноцолдоод байх шиг байсан. ...далан руу түлхчих шиг болсон” гэсэн гэмт хэргийн зорилго, сэдэлт, яллагдагчийн хохирогчийг санаатай түлхэж унагаасан гэх үйлдлийг бүрэн нотолж чадахгүй байгаа итгэл муутай мэдүүлгийг үндэслэн тухайн хэргийг ялласан улсын яллагчаас өгсөн зүйлчлэл тохирсон гэсэн нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Ариунмөрөнгийн гаргасан гомдлыг хянахдаа “...П.Хишигжаргалын биед хүнд гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна” гэж магадлалдаа олзуурхан тэмдэглээд харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй. Учир нь анхан шатны шүүх Э.Ариунмөрөнд түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулан ял ядлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгчийн дотоод итгэл үнэмшилдээ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон энэрэнгүй ёсны хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг мөрдөөгүй, шүүгдэгчийн ирээдүйг өнгөрсөн цагийн алдаа эндэгдлээр нь харсан явдал болжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд хавтаст хэргийг бүхэлд нь мөн энэхүү гомдолд дурьдсан зүйлүүдийг хянан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Э.Ариунмөрөнд ял оногдуулж өгнө үү...” гэв.   

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э.Ариунмөрөнгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Ариунмөрөн нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ хамтран амьдрагч П.Хишигжаргалтай маргалдан, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далан руу санаатай түлхэн унагаж биед нь баруун сүүж ясны их бие, тогоо, суудал ясны дээд, доод салаа хамарсан аарцагны хугарал, аарцагны зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Ариунмөрөнд холбогдох хэргийг хяналтын журмаар хэлэлцэх үед шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн шаардлага хангагдсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогосын “Э.Ариунмөрөнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан ял оногдуулах тухай” гомдлыг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 818 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Ариунмөрөнг 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР