Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0241

 

 

 

О.А ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч АОБТГ,

Нэхэмжлэлийн шаардлага: “НАБТГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар “О.А ийг ажлаас түр чөлөөлөх тухай” тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан НАБТГ-ын Захиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг,

Хэргийн индекс: 128/2021/0845/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.А  нь “НАБТГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар “О.А ийг ажлаас түр чөлөөлөх тухай” тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан НАБТГ-ынзахиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтаар: Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, 46.1.1 дэх заалт, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.3 дахь заалт, 69 дүгээр зүйлийн 69.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27.2 дахь хэсэг, 27.2.1 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.А ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НАБТГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг тус тус хүчингүй хүчингүй болгож, О.А ийг урьд эрхэлж байсан НАБТГ-ынзахиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч НАОБТГ-ын даргад даалгаж, 2 дугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “Ажлаас түр чөлөөлөгдөх өргөдлийг тал бүрээс нь бодитой талаас дугнээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “..Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.А  нь анх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт хандан өргөдөл гаргахдаа “...эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлтэй бөгөөд чөлөө олгохыг хүсч ... байжээ” гэжээ. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.А ийн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт гаргасан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өргөдлийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэж үзэж байна.

3.2. Тус өргөдлийн хоёрдугаар догол мөрөнд “... Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 3 дугаар сарын 15-ны өдрөөс холбогдох хууль, дүрмийн хүрээнд чөлөө олгож өгөхийг хүсч байна” гэжээ. Тус өргөдөл дээр 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр газрын дарга нь Орхонбайгальд 2021 оны 03 дугаар сарын 30-нд гэрээг дуусгавар болгож, түр чөлөөлөх тушаал гарах цохолтыг хийжээ. Нэхэмжлэгч тус тушаалтай танилцсан эсэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэх, тушаал шийдвэртэй танилцсан эсэхийг тодруулаагүй байна.

3.3. НАОБТГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалыг Хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.О 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч О.А д цахимаар танилцуулсан байна. Тус байгууллагын ажилтан нэхэмжлэгч О.А болон Б.О нарын ажлын цахим харилцаанд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тушаалыг танилцуулсан үйл баримт байхад нотлох баримтыг баримтжуулаагүй байна. Тус цахим харилцаанд О.А  нь ажлаасаа гарна гэдгийг илэрхийлж байсан нь тогтоогдож байна.  Тушаалын тушаах хэсгийн 2 дахь заалтад ажил хүлээлцэх комисс байгуулсан зэрэг үйл явдлууд нь ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан чөлөө олголт биш болох нь нотлогдоно.

3.4. Мөн нөгөөтэйгүүр шүүхээс зайлшгүй шалгаж тогтоох 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, дээд шатны байгууллага, эсхүл Төрийн албаны зөвлөлд шийдвэр гарсан өдрөөс хойш холбогдох хууль тогтоомжийн дагуу гомдол гаргасан эсэхийг тогтоогоогүй, хэргийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг мөрдөн шалгах зарчмын дагуу захиргааны хэргийн шүүх өөрөө гүйцэтгэх ёстой байхад хэргийн оролцогчоос хүсэлт гаргаснаар хийгдэх ажиллагаа гэж буруу ойлгож, зөвхөн тэдний гаргасан нотлох баримтаар хязгаарлах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийх тухай хуульд заасан ажиллагааг хийхгүй байх зэргээр алдаа гаргасан байна.

3.5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тус өргөдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан чөлөө олгох хүсэлт гэж үзсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасан сонсох ажиллагааг хийсэн эсэхийг тодруулаагүй, дээрх нөхцөл байдлыг тодорхойлохгүйгээр дүгнэлт хийсэн. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, бусад бодлого дүрэм журмын хүрээнд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах бол Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-д заасан эрүүл мэндийн байгууллага өвчний чөлөөг олгодог эсэхийг шүүх үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан захиргааны чөлөө олгох хүсэл зориг ажил олгогчид байсан эсэх, эрүүл мэндийн шалтгаантай чөлөө нь эмнэлгийн хуудас олгох, хянах журамд хамаарах эсэхийг дүгнээгүй болно. Хэргийн бодит үнэнийг тогтоохдоо захиргааны чөлөө олгосон гэж дүгнэсэн нь захиргааны чөлөө гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын удирдлагын цохолт, ажилтны өргөдөл зэрэг нотлох баримтуудад огт байхгүй болно.

3.6. Хууль буруу хэрэглсэн тухайд: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан бөгөөд энэ хүрээнд захиргааны чөлөө олгохтой холбоотой харилцаа нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн дагуу зохицуулагдана гэж үзнэ” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасан “... хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” буюу эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдөх харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны хуулиар зохицуулсан харилцаа байх атал шүүхээс төрийн албаны тухай хуулиар чөлөө олгох харилцааг зохицуулаагүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

3.7. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт зохицуулсан харилцаа нь төрийн алба тасралтгүй байх, ард түмэнд үйлчлэх нийтлэг зарчмын хүрээнд байх бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөөлөгдсөн ажилтныг Төрийн албаны нөөцөд бүртгэх журмын дагуу нөөцөд бүртгэх харилцааг зохицуулснаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, төрийн албаны харилцаа нь хөдөлмөрийн харилцаанаас ялгагдах шинж нь императив хэв шинжтэй бөгөөд төр нь ажилтныг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлдөг онцлогтой. Иймд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч буй тохиолдолд ажил олгогч ажилд эгүүлэн авах үүрэг хүлээдэггүй, нөөцөд бүртгэдэг онцлогтой. Төрийн жинхэнэ албанд захиргааны чөлөөг урт хугацаагаар олгох зохицуулалт байхгүй атал шүүх төрийн албаны үндсэн зарчимд үл нийцэх зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд НАБТГ-ын даргад урт хугацааны захиргааны чөлөө олгох эрх хэмжээ, мөн шүүхээс сайн дураараа ажилтны захиргааны чөлөөтэй гэж үзэх эрх хэмжээ байхгүй атал Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

3.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь захиргааны чөлөө олгосон тохиолдолд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заалтад эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй” гэжээ. Хэдийгээр дээр дурдсан төрийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулсан харилцаа байсан атал шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн, гомдлоо бичсэн хэдий ч мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар давж заалдах гомдолд дурдах нь зүйтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “... Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, чөлөө олголт нь деспозитив зарчимд тулгуурлахаас гадна ажил олгогч нь чөлөө олгох эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээг (шийдвэр гаргах) хадгалдгаараа онцлогтой.

3.9. Ажил олгогч нь чөлөө олгох хүсэл зоригийг шүүх дахин дахин харгалзан үзээгүй, цохолт бусад нотлох баримтуудыг тулгуурлан үзээгүй болно. Иймд буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхээс захиргааны чөлөө олгосон нь хуульд нийцэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн дугаар 63 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт “...Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.3 дахь заалт, 69 дүгээр зүйлийн 69.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 27.2 дахь хэсэг, 27.2.1 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгг заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсүгэй” гэжээ.

3.10. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар захиргааны чөлөөтэй (хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй) гэж үзсэн атлаа ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцон бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгч нь энэ хугацаанд ажил хийсэн эсэхийг тодруулаагүй нь 69.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний нөхцөлийг тодруулаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь захиргааны хэлтсийн ажилтнуудад өөр ажилд орсон талаараа ярьсан, хөдөлмөр эрхэлж байсан нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тушаал гарахаас өмнө тогтоогдсон болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” шаардлагыг хэзээнээс тооцох талаар үндэслэл бүхий тодорхой дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрт энэ талаар тодруулж тусгасан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

3. НАБТГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:”, 46.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-т заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж заасныг болон бусад хуулийг холбогдох заалтыг үндэслэн О.А ийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, ажлын 11 хоногоор бодож холбогдох тооцоо хийхийг эрх бүхий мэргэжилтэнд даалгаж” шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч “... 3 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас захиргааны чөлөө хүссэн, ... гэтэл хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-т заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэсэн заалтыг баримталж ажлаас түр чөлөөлж, төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор шийдвэр гаргасныг ойлгоогүй, захиргааны чөлөө олгосон гэж ойлгож явсан, уг тушаал захиргааны чөлөө хүссэн байхад төрийн албаны нөөцөд орохоор ажлаас чөлөөлсөн учир хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

4.1. НАБТГ-ындаргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “О.А ийг ажлаас түр чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалаар “... эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэхдээ эмчлүүлсэн тухай албан ёсны акт, лист, эмнэлэгийн магадлагаа холбогдох баримт бичгийг өөрийн биеэр авч ирж тооцоо хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгон төрийн албанаас түр чөлөөлж шийдвэрлэсэн” байх бөгөөд нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч “... 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалд зааснаар 03 дугаар сарын 16-аас 31-ний өдрийг хүртэл чөлөөний хугацаа үргэлжилж байгаа, чөлөөний хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө ажилдаа орох өргөдлөө өгсөн ... чөлөөний хугацааг хэтрүүлээгүй тул энэ талаарх тушаалын хэсэг үндэслэлгүй, ... элэгний өвчтэй хүний хувьд тухайн ковид өвчний тархалт ихтэй үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэхээр байсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй энэ талаар 06 дугаар сарын 27-ны өргөдөлдөө тайлбарласан ... өргөдөл өгсний дараа ковид туссан ... эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй учраас эмнэлгийн хуудас өгөх боломжгүй байсан ... энэ талаараа тайлбарласан 07 дугаар сарын 07-ны өдөр ковидоо эмчлүүлээд листийн хугацаа дууссаны дараа наадмын өдрүүд үргэлжилсэн, ... хариуцагч сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж нэхэмжлэгчийг яагаад 3 сарын хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн, холбогдох баримт байгаа эсэх зэргийг тодруулаагүй ...” гэх зэрэг үндэслэлээр маргасан байна.

4.2. Хариуцагч НАБТГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1 дэх заалт болон тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг үндэслэсэн, нэхэмжлэгчээс эдгээр хууль зүйн үндэслэлтэй нь холбогдуулан маргасан, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргасан хүрээнд хариуцагчийн шийдвэр гаргахдаа эдгээр хууль журмыг баримталсан нь үндэслэлтэй эсэх, уг шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.3. Төрийн албаны  тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:”, 46.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-т заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлэх сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албанаас нь түр чөлөөлж, төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор байна.

4.5. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч О.А анх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хэдий ч 3 сараас дээш хугацаагаар чөлөө авах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй ... захиргааны чөлөө авах хүсэлтэй байсан болох нь тогтоогдсон ...” гэж хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна.

4.6. Тодруулбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.А ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдөлд 03 дугаар сарын 15-ны өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтэй гэсэн байх бөгөөд хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ээлжийн амралтыг тооцон холбогдох тооцоог хийхээр, 03 дугаар сарын 30-аас эхлэн ажлаас түр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгчээс 2 сар 20 гаруй хоногийн дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “чөлөөний хугацаа дуусах болсон тул эргэж ажилдаа орох хүсэлтэй” гэсэн хүсэлтийг гаргасан үйл баримтууд тогтоогдсон байна.

4.7. Хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч О.А ийн гаргасан ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтэд тодорхой хугацаа заагаагүй байхад 3 сараас дээш хугацаагаар чөлөө авч байгаа эсэхийг тодруулж, түүний хүсэл эрмэлзлэлийг бичгээр авч баталгаажуулаагүй атлаа 3 сараас дээш хугацаагаар чөлөө авсан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.6 дахь хэсгийг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн нь үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль бусаар ажлаас түр чөлөөлөгдөхгүй байх болон төрийн албаны нөөцөд орохгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

4.8. Улмаар хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар “О.А  нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэхдээ эмчлүүлсэн тухай албан ёсны акт /лист/ эмнэлгийн магадлагаа холбогдох баримт бичгийг өөрийн биеэр авч ирж тооцоо хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн тул” гэсэн үндэслэлээр тухайн өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

4.9. Учир нь, хариуцагч нь нэхэмжлэгч О.А ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа эргэн орох талаарх хүсэлтийг 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа зохих журмын дагуу шийдвэрлээгүйгээс гадна 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалд чөлөөний хугацаа заагаагүй байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн гэж хэзээнээс тооцож хэдий хугацаагаар чөлөөний хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байдлаар нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

4.10. Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий дээрх тушаалыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүйгээс гадна шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийн судалж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь өмнө дүгнэсэн үйл баримтуудаар болон 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13, мөн оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалуудыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид гардуулснаар тогтоогдож байна.

4.11. Иймээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий байна.

4.12. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэзээнээс тооцох талаар үндэслэл бүхий тодорхой дүгнэлт хийгээгүй нь буруу байх тул шийдвэрт дор дурдсан агуулгаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

           4.13. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

4.14.Нэхэмжлэгч нь анх 2021 оны 03 дугаар сарын 01-нд захиргааны чөлөө авах талаар хүсэлт гаргасан, /ийнхүү чөлөө авахдаа цалинтай чөлөө авах талаар хүсэлт гаргасан байхад цалинтай чөлөө олгоогүй гэж маргаагүй/ хариуцагч 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлаас нь түр чөлөөлсөн, улмаар 06 дугаар сарын 21-нд буюу 2 сар 20 гаруй хоногийн дараа ажилдаа эргэн орох талаар хүсэлт гаргасан, түүний ажилдаа эргэн орохоор гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж ажилд нь томилоогүй хариуцагчийн үйлдлийг шүүх буруу гэж дүгнэж, шийдвэрлэсэн тул энэ цаг хугацаанаас буюу нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих ёсоор олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

4.15. Харин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд нэгэнт шүүх анх хариуцагч захиргааны чөлөө олгох байсан гэж шийдвэрлэсэн тул анх чөлөө олгосон хугацаанаас тооцож зохих ёсоор бичилт хийхийг даалгах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 792 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, 46.1.1 дэх заалт, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.3 дахь заалт, 69 дүгээр зүйлийн 69.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27.2 дахь хэсэг, 27.2.1 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.А ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НАБТГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг тус тус хүчингүй хүчингүй болгож, О.А ийг урьд эрхэлж байсан НАБТГ-ын захиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцож нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч НАОБТГ-ын даргад даалгасугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ