Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0063

 

 

 

                                               

 

 

 

  2022           02          07                                   128/ШШ2022/0063

                                             

           

                             

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.А /РД:/,                                                                  

Хариуцагч: Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нарын хооронд үүссэн Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын захиргааны хэлтсийн даргад эгүүлэн томилуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч О.А нь Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргад холбогдуулан “Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар “О.Аийг ажлаас түр чөлөөлөх тухай" тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Захиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар нэхэмжлэгч О.Аийг тус газрын Захиргааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.[1]

1.2. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд О.Аийг томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосон.[2]

1.3. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын 2020 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар нэхэмжлэгч О.Аийг тус газрын Захиргааны хэлтсийн даргаар томилсон.[3]

1.4. Нэхэмжлэгч О.А нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдөлд “... эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлттэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул ... чөлөө олгож өгөхийг хүсч байна.” гэжээ.[4]

1.5. Энэхүү өргөдлийн дагуу Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай маргаан бүхий тушаал гарч, О.Аийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн.[5]

1.6. Дээрх тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 46.6 дахь хэсэг байна.

1.7. Нэхэмжлэгч О.А 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдөлд “... эрүүл мэндийн шалтгаанаар 3 сарын хугацаатай түр чөлөө авсан. Энэ хугацаанд дэлхий нийтэд ковид-19 цар тахал гарч, эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх боломжгүй болсон байна. Иймд чөлөөний хугацаа дуусах болсон тул эргэж ажилдаа орох хүсэлттэй байгаа тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.[6]

1.8. Энэ өргөдлийг хариуцагч хүлээн авсан болох нь тус өргөдөл дээрх 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн огноотой цохолтоор нотлогдоно.[7]

1.9. Улмаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай маргаан бүхий тушаал гарч, нэхэмжлэгч О.Аийг “эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэхдээ эмчлүүлсэн тухай албан ёсны акт /лист/, эмнэлгийн магадлагаа холбогдох баримт бичгийг өөрийн биеэр авч ирж тооцоо хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн ...” гэж үзэж, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон төрийн албанаас түр чөлөөлсөн.[8]

1.10. Дээрх тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 46.6 дахь хэсэг, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг байна.

1.11. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар нь нэхэмжлэгч О.Ад маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг мөн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан.[9]

1.12. Нэхэмжлэгч О.А нь дээрх маргаан бүхий тушаалуудын эсрэг Төрийн албаны зөвлөлд хандаж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан.[10]

1.13. Төрийн албаны зөвлөлөөс дээрх гомдолд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1882 тоот албан бичгээр “... гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна ...” гэх хариуг өгсөн.[11]

1.14. Ингээд нэхэмжлэгч О.А нь тус шүүхэд хандан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Очирбат овогтой Алтангэрэл нь Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар хуучнаар Нийслэлийн байгаль хамгаалах газрын малын чанарын алба гэсэн хэлтэс, алба байхаас авхуулаад 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 2021 оны 03 дугаар сарын 20 хэдэн хүртэл тус байгууллагад мэргэжилтнээс эхлээд ахлах мэргэжилтэн захиргааны хэлтсийн даргад тасралтгүй төрийн байгууллагад 14 жил ажилласан. Тэр хугацаанд эмчилгээ болон ямар нэгэн чөлөө мөн зөрчил гаргаж байгаагүй болно.

Миний бие 2018 оноос хойш Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол гарснаас хойш амралт багатай ажилласан. Ингэхдээ элэгний зангилаа буюу хавдар, элэгний С вирус гэх өвчнөөр өвдсөн байгаа. 2021 онд Турк улсад эмчилгээ хийлгэх гээд чөлөө авсан. Тэгээд ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой шалтгаанаар эмчилгээ хийлгэж амжаагүй байхад ковидоор өвдсөн. Ковидын эмчилгээ хийлгэнгээ зарим нэг тариа эмчилгээг хийлгэсэн. Чөлөөний хугацаа дуусахаас өмнө 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн үед байгууллага дээр ажилдаа эргэж оръё гэсэн хүсэлт өгсөн. Тухайн хүсэлт шийдэгдэхгүй явсаар байгаад 7 дугаар сар гарсан. Дараа нь 07 дугаар сарын 20-ны үед ажлаас түр чөлөөлсөн гэсэн тушаал гарсан байсан. Тэгээд эдгээр асуудлуудын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. ...Даргын дэргэдэх зөвлөл хуралдсан гэж байна. Байгууллагын 3 хэлтсийн дарга, дэд дарга, хүний нөөц, нягтлан гэх мэт хүмүүс байдаг. Дарга Н.Балжинням, н.Пүрэвсүрэн, н.Өлзиймаа гээд 3 хүн оролцсон байсан. Энэ нь зөрчилтэй болсон байна гэж хэлмээр байна.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргасан хоёр тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй захиргааны актын үндэслэлтэй байх иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн.

2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай О.Аийг ажлаас түр чөлөөлөх тухай гэсэн тушаал үндэслэлгүй. Нэхэмжлэгч О.А нь захиргааны хэлтсийн даргаар ажиллах байх хугацаандаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас захиргааны чөлөөг хүссэн байдаг.

Үүнийг захиргааны чөлөө гэсэн агуулгаар гаргасан. 3 сараас 1 жилийн хугацаатай өвчтөн өвчнөө эмчлүүлэх тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болдог. Харин захиргааны чөлөө нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа нь захиргааны чөлөөний агуулга явж байгаа. Төрийн албаны зөвлөл төрийн албанаас түр чөлөөлж байгаа тохиолдолд ажилтан өөрөө нөөцөд бүртгэгдэнэ, таныг буцаад ажилдаа орох өргөдлөөр чинь ажилд авах боломжгүй гэж нэхэмжлэгчид өгсөн байдаг.

Талууд энэ тушаалыг захиргааны чөлөө юм, төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл биш юм гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан хариу тайлбар дээр 3 сарын хугацаатай захиргааны чөлөө юм, 3 сарын хугацаа дуусахаас өмнө өргөдлөө өгөөд ажилдаа орох боломжтой гэдгийг тайлбарлаад үүн дээр маргахгүй байна гэж ойлгож байгаа. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаал өөрөө Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг буюу Төрийн албаны тухай хуулийн 46.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэсэн агуулгыг аль аль нь ойлгоогүй хэр нь яагаад энэ үндэслэлээр тушаал гарсан бэ, гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас хүчингүй болох ёстой гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа.

Төрийн албанаас түр чөлөөлсөн үндэслэл байгаа гэж тайлбарласан учраас дараагийн буюу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хянаагүй байдаг. Гол маргаад байгаа захиргааны акт өөрөө өөрөө энэ тушаал байгаад байдаг. Төрийн албаны зөвлөлөөс гол маргаад байгаа тушаалыг хянаагүй байгаа учраас энэ тушаалыг хянуулъя гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг гаргасан байдаг. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаал нэхэмжлэгчийн буюу ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна гэж маргаад байна вэ, гэвэл уг тушаал 2 үндэслэлээр гарсан.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн гэдэг тайлбарыг хэлээд байдаг. Чөлөөний хугацаа хэдий хугацаанд үйлчлэх байсан бэ, гэхээр анх гарсан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалд зааснаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ээлжийн амралтыг эдлэх хугацаа байсан. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөний 3 сарын хугацаа үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ хугацаа хэзээ дуусах вэ, гэхээр чөлөөний хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө өргөдлөө өгсөн гэдэг. Чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэсэн ойлголт байхгүй байна.

Өөрөө хэлбэл хугацаандаа багтаад ажлаа үргэлжлүүлж гүйцэтгэе гэж өргөдлөө өгсөн байгаа юм. Энэ үндэслэлээр ажилтныг чөлөөлж байгаа бол тухайн үндэслэлд хамаарахгүй байна гэж харж байна. Захиргааны хэлтсийн дарга О.А нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас дээш хугацаанд эмчлүүлэхдээ эмчлүүлсэн албан ёсны акт эмнэлгийн магадлагаа холбогдох баримт бичгийг авчирч өгч өөрийн биеэр авчирч тооцоо хийгээгүй гэдэг зүйлийг тайлбарладаг.

Хариуцагч Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журмын 6.4 дэх хэсэгт өвчний улмаар гэрээр болон, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд байгууллагын удирдлагад заавал мэдэгдэх бөгөөд эмчлүүлсэн тухай албан ёсны эмнэлгийн хуудас өвчтөнийг сахиж асарсан тухай эмнэлгийн магадалгаа холбогдох баримт бичгийг өөрийн биеэр авч ирж тооцоо хийнэ гэж байгаа юм. Элэгний өвчтэй хүний хувьд тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэнэ. Суурь өвчтэй үед ковид яаж хүндэрдэг гэдгийг бид бүгд мэдэж байгаа. 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өргөдөлдөө ковид буюу цар тахлын нөхцөл байдлын улмаас гэж тайлбарласан.

Өргөдлөө өгсний дараа ковид туссан гэсэн нь хавтаст хэрэгт байгаа. Энэ зүйл заалтад зааснаар өвчтөн гэрээг эмчлүүлж болно. Хэвтэн эмчлүүлж болно. Энэ тохиолдолд байгууллагын удирдлагуудаа мэдэгдээд албан ёсны эмнэлгийн хуудсаа өгнө гэж байгаа юм. Тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй учраас эмнэлгийн хуудсыг өгөх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Ковидын цар тахал байсан учраас хэвтэн эмчлүүлээгүй гэдгээ тайлбарласан байдаг. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ковид эмчлүүлээд эмнэлгийн листийн хугацаа дууссаны дараа наадмын өдрүүд үргэлжилж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн. Тэгэхээр хариуцагч ажилтныг ямар нэгэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх гээд байгаа тохиолдолд урьдчилаад сонсох ажиллагаа гэдэг зүйлийг хийх ёстой.

Нэхэмжлэгчийн зүгээс өргөдлийг шийдэхгүй байна. Тухайн үед Төрийн албаны тухай хуульд зааснаар ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод 3 сарын хугацаанд өөр хүн ажлыг орлон гүйцэтгэж байгаа. Өргөдөл өгөөд хүсэлтээ шийдвэрлүүлсний дараа ажил хүлээлцэх ажиллагаа хийгдэнэ.

Иймд ажил олгогчийн зүгээс ажилдаа эргүүлж орох талаар шийдвэрийг гаргах ёстой гэж харж байгаа. Гэтэл энэ талаар ямар нэгэн хариу мэдэгдсэн зүйл байдаггүй. Утсаар холбогдсон гээд байгаач энэ нь албан ёсны хүний эрхийн асуудал явж байхад сонсох ажиллагааны мэдэгдэл гэдэг зүйл албан ёсны байх ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг тодорхой тооны этгээдэд 10 буюу түүнээс доош тооны этгээдэд мэдэгдэх тохиолдолд зайлшгүй шуудангаар мэдэгддэг. Тэр мэдэгдэлд юуг тусгах вэ, гэхээр ямар үндэслэлээр шийдвэр гараад байгаа юм, эрх хууль ёсны ашиг сонирхол нь яагаад хөндөгдсөн гэж үзэж байгаа юм, хэзээ, хэдний өдөр, хэдэг цагт сонсох вэ, гэдэг зүйл тодорхой тусгагдсан байж сонсох ажиллагааны мэдэгдлийг өгсөн байна гэж тооцно. Сонсох ажиллагаа хийнэ гэсэн мэдэгдлийг өгөөгүй. Ажлаас чөлөөлөх тухай тушаал гардаг.

Энэ тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухайн хуулийн өмнөх тушаал дээр баримталсан хуулийн зүйл заалт буюу 46.1.1 дэх хэсгийг баримталдаг. Энэ нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш ажил албан үүргээ хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэдэг. Хэргийн үйл баримт захиргааны актыг гаргаж байгаа үндэслэл өөрөө яаж хоорондоо холбогдож байна. Одоо яагаад энэ үндэслэлээр ажилтныг чөлөөлөөд байгаа юм. 3 буюу түүнээс дээш сараар эмчлүүлэх шаардлагатай гэсэн өргөдөл байгаа. Энэ үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд яг баримтыг үндэслээд 46.1.1 дэх хэсгийг баримталсан гэдэг нь тодорхой бус байна.

Ингээд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан 2 актыг хүчингүй болгуулъя гэдэг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр надад мэдэгдэхгүйгээр тухайн актыг гаргачихлаа гээд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс эхний актыг хууль зүйн үндэслэл хийгээд, 2 актыг хянаагүй орхигдуулсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд өвчний оноштой байсан. Энэ хоёр тушаал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх ажил үүрэг гүйцэтгэх, цалин хөлс авах гэсэн Төрийн албаны тухай хуульд заасан эрхүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

... 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаал дээр нэхэмжлэгч, хариуцагч дээр 3 сарын хугацаа хүртэл захиргааны чөлөө хүссэн талаар маргаагүй. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 41.1.1 дэх хэсгийн үйл баримтад тухайн үед тодорхойгүй байсан учраас хууль зүйн үндэслэлийн хувьд буруу гарсан байна гэдэг нь харагдаж байна. 3 сарын хугацаатай чөлөө буюу 3 сар хүртэлх чөлөө нь захиргааны чөлөөндөө тооцогдоно. Ямар үндэслэлээр чөлөө хүсэх нь хууль дээр тодорхой заасан.

Нэхэмжлэгчийн хувьд өвчний онош байгаа учраас би эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа учраас 3 хүртэлх сарын чөлөөг авъя энэ нь 3 сараас дээш урт хугацааны төрийн албанаасаа гарч байгаад тусгайлан эмчлүүлье гэсэн агуулга бол биш. Төрийн албаны тухай хуулийн 47.1.1 дэх хэсэг нь төрийн албанаас чөлөөлөгдөөд нөөцөд орж байгаа. Тэгээд эмчилгээгээ хийлгэнэ гэдэг агуулга юм. Захиргааны чөлөөтэй тохиолдолд түр орлон гүйцэтгэгчийг томилно.

Түр орлон гүйцэтгэгч нь ажил албан тушаалынхаа зэрэгцээ тухайн хүний ажил албыг зэрэгцээд түр орлож гүйцэтгэж харуулна гэж байгаа юм. Тухайн хүн эргээд ажилдаа орсон тохиолдолд түр орлон гүйцэтгэгч нь буцаад өөрийнхөө ажлыг хийнэ гэсэн агуулгатай. Албан ёсоор бүх баримт бичиг тооцоо нийлэх, нөгөөтээгүүр ажилгүйдлийн тэтгэмжийн асуудал яригддаггүй чөлөөний асуудал юм.

Захиргааны чөлөөтэй тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажил албан тушаалыг хэвээр хадгалж зайлшгүй ажилд нь авах үүрэгтэй. Энэ нь захиргааны чөлөө хүссэн ажилтны ажил нийгмийн баталгаа болж өгч байгаа зохицуулалт байдаг. Ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа тохиолдолд тухайн ажилтны өргөдлийг үндэслээд ажлыг нь үргэлжлүүлж гүйцэтгүүлэх ёстой. Гэтэл хариуцагч маань холбогдох баримтыг нь харж байгаад чөлөөний асуудал үндэслэлтэй байсан уу, үгүй юу гэдгийг тогтооно, чөлөөний асуудлыг сунгах эсэх талаар шийдвэрлэнэ гэж байгаа юм.

Нэхэмжлэгч хуулийн дагуу захиргааны чөлөөг хуулийн дагуу хүссэн. Үүнийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар шийдвэрлэсэн. Цалингүй чөлөө олгосон, ээлжийн амралтын эрхээ бол эдэлсэн. Чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сарын цалингаас хасах асуудлыг ярина, энэ тохиолдолд ажлаас нь чөлөөлөх юм уу, бүр мөсөн чөлөөлөх юм уу, гэдэг асуудлыг ярихгүй.

 Гэтэл ажил олгогчийн зүгээс 3 буюу түүнээс дээш сарын хугацаатайгаар эмчилгээ хийлгэх шаардлагын улмаас төрийн албанаас түр чөлөөлөх буюу Төрийн албаны тухайн хуулийн 46.1.1 дэх хэсгийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тушаал дээр барьсан байдаг. Тэгэхээр энэ заалтыг барихын тулд 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс урт хугацааны чөлөө авъя өргөдөл,холбогдох баримтууд байх ёстой. Гэтэл тушаалын үндэслэл нь хэргийн үйл баримттай нийцдэггүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа баримтлах зарчим байгаа. Шийдвэр өөрөө үндэслэлтэй байна.

Захиргааны актыг бичгээр гаргаж байгаа тохиолдолд бичгийн хэлбэрээр гаргаж байгаа захиргааны актад үндэслэлийг тодорхой заана гэсэн зохицуулалтууд алдагдсан байна. Захиргааны актыг гаргахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд оролцоо нь хангаж мэдэгдэнэ гэсэн зарчим байгаа. Үүнийг үндэслээд Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт заагдсан сонсох ажиллагааг зайлшгүй хийнэ холбогдох тайлбарыг нь авна. Яагаад 3 сарын хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм. Холбогдох баримтаа яагаад өгөөгүй гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотой тайлбарыг авах ёстой. О.Ад сонсох ажиллагааны мэдэгдэл хэзээ хаана сонсгоно гэсэн үг өгүүлбэрийг хавтас хэргээс олж хараагүй. 2 сонсох ажиллагааны мэдэгдэл хуулийг зөрчсөн байна вэ, гэвэл холбогдох 2 захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа нь зөрчигдсөн. Яагаад албан ёсоор мэдэгдэнэ гэхээр өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалахын холбогдох байгууллагад хандах хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой. Энэ нь эхнээсээ дуусах хүртэл процессын алдаатай учир хууль зүйн үндэслэлгүй захиргааны актууд гарсан байна.

Нэхэмжлэгчийн хувьд урт хугацаагаар эмчлүүлэх шаардлага байгаагүй гэж тайлбарласан. 3 сардаа багтаж эмчлүүлээд үргэлжлүүлж ажиллах хүсэл сонирхолтой байхад намайг 3 сараас дээш урт хугацаагаар эмчлүүлэх акт гаргаад миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй акт гарсан байна гэж үзэж байна. Холбогдох баримтаа ирүүлээгүй гэдэг дээр 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн акт дээр цар тахлын улмаас хэвтэн эмчлүүлэх боломжгүй байсан өгүүлбэрээр тайлбарласан. Гэтэл хоёр тэмдэглэл дээр энэ талаар ярьсан хэлсэн зүйл хариуцагч талаас байдаггүй. Иймд холбогдох актуудыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг орох үед 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би энэ ажил дээр томилогдсон. Намайг энэ ажилд томилогдоход өмнө нь захиргааны хэлтэст ажиллаж байсан О.А эмнэлгийн 3 сарын чөлөөтэй байсан.

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл нь захиргааны хэлтэс дээр ирсэн. Энэ үед өргөдлийн чинь хугацаа дуусаж байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол эмнэлгийн акт болон бусад холбогдох бичиг баримт, нотлох баримтаа авчирч өгнө үү гээд удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч бичиг баримт өгөөгүй.

Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтсэн, эмчлүүлсэн бичиг баримтууд байгууллага дээр ирээгүй байгаа. Тодорхой хэмжээгээр өөрийг нь байлгаж сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч би удаа дараа залгасан ч аваагүй, холбогдож чадаагүй. Холбогдож чадахгүй болохоор нь гэрийнх нь хаягаар очиход хаалгаа мөн тайлж өгөөгүй. Тухайн үед гэрийнх гадаа очсон гэдэг зургийг авсан. Шүүхэд уг материалын хуулбарыг хүргүүлсэн байгаа. Өргөдлийн хугацаа дуусахаас 2,3 хоногийн өмнө манай мэргэжилтнээр дамжуулж өгсөн. Өөрөө орж ирээгүй, өөрийн биеэр өгөөгүй. Ажил хүлээлцэх гэж өөрийн биеэр ирж ажил хүлээлцсэн. Тэгсэн хэр нь эмнэлгийн акт болон баримтуудыг өөрийн биеэр авчирч өгөөгүй. 2,3 мэргэжилтэн рүү зурвас бичиж байгаад 21-ний өдрөөр өргөдлөө бичлээ гэж бичээд өөрөө 24-ний өдөр авчирч өгч байсан. Тэр өргөдлийг 28-ны өдөр захиргааны хэлтэс рүү цохсон байсан. Ингээд цохогдож ирэхдээ өргөдлийн хугацаа нь 30-ны өдөр гэхэд дуусаж байгаа юм. Судлаад хариу өгье гэхэд боломж байгаагүй, судлах ч баримт байгаагүй.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.6 дахь заалт болон манай байгууллагын дотоод журмын 06 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг тус тус үндэслээд газрын даргын дэргэдэх зөвлөлөөс хуралд нь сонсох ажиллагаа явуулж шийдвэр гаргаж ажлаас түр чөлөөлөх, төрийн албаны нөөцөд бүртгэх шийдвэрийг гаргаж тушаалыг өөрт нь хүргүүлсэн. Тушаал хүргүүлэх гэж очиход гэрт нь хүн байгаагүй учраас тушаалаа өөрөө ирж авсан байсан. О.Ад би өөрт нь эмнэлэгт хэвтсэн нотлох баримтуудаа 3 сарын хугацаанд авчирч өг гэж хэлсэн боловч өгөөгүй.

Тухайн үед утас руу нь хүртэл зурвас бичиж байсан. Утас руу нь залгасан, зурвас бичсэнийг цагтай нь би “Скайтэл” ХХК-иас хуулбарыг нь авч шүүхэд хүргүүлсэн байгаа. Мөн төрийн албаны зөвлөлд О.А нь гомдол гаргасан, түүнийг хянаж шалгаж үзээд шаардлагатай материалуудыг хүргүүл гэсэн үүний дагуу материалуудыг хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гарсан. ...Өргөдлөө гаргахдаа эмчилгээний чөлөө хүссэн байдаг. Энэ Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмаар эмчлүүлэх гэсэн заалтаар явж байгаа юм. Эмчлүүлсэн тохиолдолд холбогдох бичиг баримтаа авчирч өгөх, нотлох баримт бичгээ байгууллагадаа хүргүүлэх гэдгийг аль аль тал нь сайн ойлгож байгаа. Тийм учраас түр чөлөөлөх тушаал гарсан. Сонсох ажиллагаа явагдах журмынхаа дагуу явагдсан. О.А холбогдох бичиг баримтыг авчраагүй учраас өөр шийдвэр гаргах боломж олдоогүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий тушаалуудын хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын /хуучин нэрээр/ даргаас  маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай “О.Аийг ажлаас түр чөлөөлөх тухай” болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалуудыг гаргажээ.

1.2. Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 46.6 дахь хэсгийг, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг гаргахдаа мөн хуулийн дурдсан заалтуудыг болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.

1.3. Эдгээр зохицуулалтууд нь маргаж буй захиргааны актуудын эрх зүйн голлох үндэслэл байна.

1.4. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:” гээд мөн зүйлийн 46.1.1 дэх заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;” гэжээ.

1.5. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно.” гэж зохицуулжээ.

1.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх урьдчилсан нөхцөл нь “биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” байхыг шаардаж байна.

1.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.А нь анх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт хандан өргөдөл гаргахдаа “... эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлттэй ...” бөгөөд “... чөлөө олгож өгөхийг хүсч ...” байжээ.

1.8. Нэхэмжлэгчийн дээрх өргөдөл дэх хүсэл зоригийн илэрхийллийн агуулгыг авч үзвэл, нэгдүгээрт, О.А нь эрүүл мэндийн шалтгаантайгаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлттэй байсан хэдий боловч 3 сараас дээш хугацаагаар чөлөө авахаар хүсэл зоригоо илэрхийлээгүй /өргөдөлдөө ямар нэг хугацаа заагаагүй/, хоёрдугаарт, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтад зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэл зориггүй байсан буюу зөвхөн захиргааны чөлөө авах хүсэлттэй байсан болох нь тогтоогдож байна.

1.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.А нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтын хүрээнд бус, харин 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно.” гэж заасны дагуу захиргааны чөлөө хүссэн байжээ.

1.10. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан бөгөөд энэ хүрээнд захиргааны чөлөө олгохтой холбогдсон харилцаа нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн дагуу зохицуулагдана гэж үзнэ.

1.11. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь захиргааны чөлөө олгосон тохиолдолд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтад “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” бол ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй байна.

1.12. Маргаж буй 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаал нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд гарсан байх тул шүүх энэхүү хуулийг хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.

1.13. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдөл дэх хүсэл зоригийн илэрхийллийг буруу ойлгож, хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 46.6 дахь хэсгийг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

1.14. Мөн маргаж буй 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 46.6 дахь хэсгийг баримталсан нь үндэслэлгүй.

1.15. Учир нь, нэхэмжлэгч О.А нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үүрэгт ажилдаа эргэн орох тухай өргөдлийг хариуцагчид гаргасныг хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд ийнхүү ажилдаа эргэн орох хүсэлт гаргасныг зохих журмын дагуу шийдвэрлэх ёстой атал төрийн албанаас түр чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

1.16. Мөн уг тушаалын 1 дэх заалтад “... эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэхдээ эмчлүүлсэн тухай албан ёсны акт /лист/, эмнэлгийн магадлагаа холбогдох баримт бичгийг өөрийн биеэр авч ирж тооцоо хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн ...” гэсэн нь үндэслэлгүй.

1.17. Тодруулбал, хариуцагч нь анх гаргасан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаалдаа чөлөөний хугацаа заагаагүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь ойлгомжгүй.

1.18. Түүнчлэн нэхэмжлэгч нь 3 сараас дээш хугацаагаар гэж чөлөө авах хүсэл зориггүй байсан нь түүний бичсэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн, мөн оны 06 дугаар сарын 21-ний өдрийн өргөдлүүдээс үзэхэд тус тус тогтоогддог ба 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс чөлөө олгосноос хойш 3 сар дотроо буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ илэрхийлсэн үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлээгүй байхад эмчлүүлсэн тухай албан ёсны акт /лист/, эмнэлгийн магадлагаа холбогдох баримт бичгийг өөрийн биеэр авч ирж тооцоо хийгээгүй гэж буруутгасан нь хуульд нийцэхгүй.

1.19. Тиймээс энэ хүрээнд хариуцагч нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

1.20. Мөн хариуцагч нь маргаж буй тушаалуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ” хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, 27.2.1 дэх заалтад зааснаар маргаж буй тушаалуудыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй, түүнчлэн, тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар маргаж буй захиргааны актуудыг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг мөн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан нь хууль бус болжээ.

1.21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын /хуучин нэрээр/ даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Урьд эрхэлж байсан Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын захиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2.1. Шүүх маргаан бүхий Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын /хуучин нэрээр/ даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг тус тус хууль бус гэж үзэж, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

2.2. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заажээ.

2.3. Үүний дагуу нэхэмжлэгч О.Аийн гаргасан “Урьд эрхэлж байсан Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын захиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, 46.1.1 дэх заалт, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.3 дахь заалт, 69 дүгээр зүйлийн 69.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27.2 дахь хэсэг, 27.2.1 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг тус тус хүчингүй хүчингүй болгож, О.Аийг урьд эрхэлж байсан Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын захиргааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 170 дахь тал

[2] Хх 15 дахь тал

[3] Хх 44, 173 дахь тал

[4] Хх 17 дахь тал

[5] Хх 14 дэх тал

[6] Хх 154 дэх тал

[7] Мөн тэнд

[8] Хх 153 дахь тал

[9] Хх 188 дахь тал

[10] Хх 149-150 дахь тал

[11] Хх 12 дахь тал