Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00053

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Булган аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух Чонос овогт Баатарнямын Батжаргал /РД:ГЖ82083117/-д холбогдох эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнэ 394141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батжаргал нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сард ажлаас халагдсан. Тэрээр байгууллагад эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасаа хүлээлгэж өгөөгүй байх тул дүрэм хувцасны үнэ 394141 төгрөгийг Б.Батжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн 900012038 тоот дансанд мөнгийг тушаасан болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Цагдаагийн газар нь Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух Б.Батжаргалд холбогдох эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнэ 394141 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлсөн тухай тайлбарыг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т зааснаар Булган аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух Чонос овогт Баатарнямын Батжаргалд холбогдох эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнэ 394141 /гурван зуун ерэн дөрөв мянга нэг зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батжаргалаас 6237 /зургаан мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3. Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН