Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 04

 

 

Ш.Догсомын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай                   

Хэргийн индекс 132/2017/00037/И

           Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

           Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаартай шийдвэртэй,

       Ш.Догсомын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.Догсомын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч Ш.Догсом

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Туяа,  М.Сэржмядаг

            Нарийн бичгийн дарга Г.Ангирмаа нар оролцов.

 

           Нэхэмжлэгч Ш.Догсом шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Догсом миний бие нь Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 2008 оны 6 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байгаад, мөн өдрөөс Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны оператор, архивын ажилтнаар томилогдсон.

      Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болж өөрчлөгдөн, газрын даргаар Н.Батжаргал томилогдсон.

       Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн бүтцээр миний өмнө нь эрхэлж байсан Архив, бичиг хэргийн ажилтны орон тоо өмнө нь даргын туслах гэдэг үг нэмээд, даргын туслах, архив,бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоогоор батлагдсан. Энэ орон тоонд одоогоор хүн томилон ажиллуулаагүй. Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ундрах нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс Өрхийн мэдээллийн сангийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа. Миний ажлын байр байхад намайг чөлөөлж байгаад гомдолтой байна. Би архив, бичиг хэргийн ажилтнаар 9 жил үр бүтээлтэй ажиллаж байсан. Миний ажил сайнаар үнэлэгдэж байсан. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн даргын тушаалаар намайг Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, программистаар томилсон бөгөөд надад архивын ажлыг давхар хариуцуулсан. Ажил хавсран гүйцэтгэсэн гэж цалин авч байгаагүй. Үндсэн ажлын байрныхаа цалингаар цалинжиж байсан.

         Бүтцийн өөрчлөлтөөр миний ажлын байр цомхотголд орсон ч миний гүйцэтгэж байсан архив, бичиг хэргийн ажил хэвээр байгаа тул энэ ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1381560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

        Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан Догсомын гаргасан иргэний хэрэгт доорхи хариу тайлбарыг хүргүүлж байна.

          Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс /хуучнаар/, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-үүдийг нэгтгэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож бүтцийн хувьд өөрчлөгдсөн.

         Засгийн газрын энэхүү тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай" Б/21 тоот тушаалаар шинэчилсэн бүтэц батлагдан ирсэн. Шинэ бүтцээр манай газар нь 41 орон тоотой /хуучин Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь 37, хөдөлмөрийн хэлтэс нь 22 орон тоотой/ -гоор батлагдсан. Энэ хүрээнд бүтцэд зарим нэгэн орон тоо хасагдаж орж ирсэн. Хасагдсан орон тооны нэгэнд Ш.Догсомын ажиллаж байсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор хэмээх орон тоо багтаж байгаа.

     Хуучнаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын "Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай" 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/53 дугаар тушаал нь шинэ бүтэц батлагдсанаар хүчингүй болсон.

        Ш.Догсом нь 2008 оны 6 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн, халамж, үйлчилгээний хэлтсийн даргын /Ш.Оюумаа/ Б/34 дүгээр тушаалаар тус хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор" гэх албан тушаалд томилогдож мөн даргын тушаалаар Архивын ажлыг бичиг хэрэг, дотоод ажлын орон тооноос салгаж хавсарган ажиллуулахаар болсон байдаг. Мөн өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/35 дугаар тушаалаар Ш.Догсомын урьд ажиллаж байсан орон тоо буюу Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтны орон тооны ажилтнаар П.Ундрахыг томилсон байсан.

        Шинээр батлагдан ирсэн бүтцэд Ш.Догсомын хийж байсан ажил болох "Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор" гэх орон тоо цомхотголд орж, мөн түүний урьд нь ажиллаж байсан гэх "Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн"-ий орон тоонд өөр ажилтныг жинхлүүлэн ажиллуулж байсан. Тиймээс Ш.Догсомыг байгууллага дотроо өөр ажилд шилжүүлэн ажиллуулах гэхээр түүний эзэмшсэн мэргэжил тухайн ажлын байрны шаардлага хангаагүй /дээд боловсрол эзэмшээгүй/, төрийн албаны шалгалт өгөөгүй зэрэг шалтгааны улмаас бүтэц орон тооны цомхотголоор Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөртэй нь уулзаж бүтэц орон тооны ийм асуудал гарсан тул хуулийн хүрээнд 45 хоногийн өмнө цомхотголд орж байгаа мэдэгдлийг танд өгч байна гэдгийг тайлбарлан мэдэгдлийг гардуулж өгсөн. Иймд бидний зүгээс хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байгаа. Түүнийхээ дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хуулийн дагуу тэтгэмж олгосон.

       Тухайн үед түүнтэй /Ш.Догсом/ уулзаж ярилцаж байхад 2 оюутан хүүхэдтэй ажилгүй бол хэцүү байна гэснээс гадна би танайд нярав хийнэ эсвэл бичиг хэргийн ажилтан хийнэ надаас цөөн жил ажилласан хүмүүсээ хал гэсэн зохимжгүй шаардлагуудыг удаа дараа тавьж байсан бөгөөд харин байгууллагын удирдлагын зүгээс ажилтай болгочих талаар анхаарч "Булган Мээж" ХХК-д шинээр операторчны ажлын орон тоо гарч байгаа талаар сонсоод энэ талын мэдээллийг түүнд өгч байсан гэжээ.

        Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс /хуучнаар/, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-үүдийг нэгтгэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож бүтцийн хувьд өөрчлөгдсөн. Засгийн газрын энэхүү тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай" Б/21 тоот тушаалаар шинэчилсэн бүтэц батлагдан ирж шинэ бүтцээр манай газар нь 41 орон тоотой болсон.

        Ш.Догсом нь 2008 оны 6 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б/34 дүгээр тушаалаар тус хэлтсийн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор" гэх албан тушаалд томилогдож, мөн өдрийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б/35 дугаар тушаалаар Ш.Догсомын урьд ажиллаж байсан орон тоо буюу бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтны орон тоонд П.Ундрахыг томилсон байсан.

       Шинээр батлагдан ирсэн бүтцэд Ш.Догсомын хийж байсан ажил болох "Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор" гэх орон тоо цомхотголд орж, даргын туслах, архив бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоо батлагдан ирсэн. Ш.Догсомын үндсэн албан тушаалын ажлын байр цомхотголд орсон. Иймд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

         Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаар шийдвэрээр: 

     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Ш.Догсомын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч Ш.Догсом давж заалдах гомдолдоо: “...Ш.Догсом миний бие нь Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2008 оны 06 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байгаад, мөн өдрөөс орон тооны зохион байгуулалтаар Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны оператор гэсэн ажлын байранд байгууллагын даргын санаачлагаар томилогдсон. Ингэж ажиллахдаа өөрийн үндсэн ажил болох архив, бичиг хэргийн ажлынхаа архивын ажлыг хавсран хийж байсан. Харин бичиг хэрэг дотоод ажил хариуцсан ажилтнаар П.Ундрахыг томилон ажлуулсан юм. /П.Ундрах нь 2014 оны 04 дүгээр сард Дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдсон юм./

     Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Засгийн газрын 2016 оны 32 дугаар тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдөн, газрын даргаар Н.Батжаргал томилогдсон. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн бүтцээр миний өмнө нь эрхэлж байсан Архив, бичиг хэргийн ажилтны орон тоо өмнө нь даргын туслах, архив бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоогоор батлагдсан.  Н.Батжаргал дарга удаа дараа надтай уулзан, таны ажлын байр байхгүй болсон, би таньд ажил хайж байна. “Булган Мээж” ХХК-д дуудлагын операторчны орон тоо гарч байгаа.  “Булган Мээж” ХХК-ны дарга Д.Очирбаттай ярьсан, очоод уулзаад ир гэхээр нь очиж уулзахад, манайд орон тоо байхгүй, ийм орон тоо батлагдаагүй гэсэн. Ингээд ажлаа хийж байтал 2016 оны 12 дугаар сарын 19-нд Н.Батжаргал дарга өрөөндөө дуудан, таныг 2016 оны 12 дугаар сарын 28-аас чөлөөлөх болсон, би даргын туслах архив, бичиг хэргийн ажилтнаар өөрийнхөө хүнийг авч ажлуулна гэж хэлсэн. Миний ажлын байр байхад яагаад намайг ажлаас чөлөөлж байгаа юм бэ, би архив, бичиг хэргийн ажилтнаар 9 жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн 2 удаагийн улсын архивын үзлэгт амжилттай дүн үзүүлсэн /аймгийн салбар комисст ажиллаж байсан/ гэдгээ тайлбарлаж, 2 оюутан хүүхэдтэй, цалингийн урт хугацааны өндөр зээлтэй, энэ байгууллагадаа ямар ч хамаагүй ажил хийе гэж хүсэлт гараад байхад, хүлээн аваагүй, хүний амьдрал надад хамаагүй гэдэг байдлаар хандсан.

       Анх орсон ажлаасаа би өөрийн хүсэлтээр өөрчлөгдөөгүй, байгууллагын даргын санаачлагаар өөр ажилд шилжсэн, ингэхдээ хуучин хийж байсан архивын ажлаа хийж байсан.

      Гэтэл 2016 оны 08 дугаар сард манай байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болж, даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоо бий болж, Захиргаа хяналтын хэлтсийн дарга нь дотоод ажлаа хариуцан ажиллахаар орон тоо батлагдсан. П.Ундрах бид 2-ын хариуцаж байсан ажлаас миний архивын ажил, П.Ундрахын бичиг хэргийн ажил нэгдэн, нэг орон тоо болон даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоо батлагдсан байхад, П.Ундрахыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны Б/69 тоот тушаалаар Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч өнөөг хүртэл П.Ундрахыг даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллуулсан байгаа болно.

      Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний Б/75 тоот тушаалын /Ш.Догсомыг ажлаас чөлөөлөх тухай тушаал/ 2-р заалтад “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, программист Ш.Догсомын хавсран гүйцэтгэж байсан байгууллагын архивын ажлыг Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн П.Ундрахад шилжүүлсүгэй” гэсэн заалтаар би архивын ажлаа П.Ундрахад хүлээлгэн өгсөн. П.Ундрахыг даргын туслах, архив, бичиг хэргийн албан тушаалд томилсон тушаал гаргалгүйгээр энэ ажлыг хийлгэж байгаа болно. П.Ундрах нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны Б/69 тоот тушаалаар Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилогдсон боловч энэ ажлаа хийлгүй, даргын туслах, архив, бичиг хэргийн ажлыг тушаалгүйгээр одоог хүртэл хийж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

      Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь Засгийн газрын 2016 оны 32 дугаар тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн, бүх ажилчдаа ажлаас чөлөөлж, 2016 оны 08 дугаар сарын 17-ны Б/58 тоот тушаалаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Батжаргал 2016 оны 09 дүгээр сарын 12-нд томилогдон, намайг ажилд томилоогүй ажлуулж байгаад, 2016 оны 12 дугаар сарын 21-ний Б/75 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

    Намайг үндсэн ажлын орон тоо цомхотгогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан маань адилхан 2 ажилд байсан хүний ажлын байрны тодорхой нэг хэсгүүд нь бүтцээр өөрчлөгдөөд байхад, П.Ундрахыг өөр ажилд томилоод, үндсэн даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтны орон тоо байсаар байхад /одоо ч сул байгаа/ энэ ажлыг 9 жил хийсэн намайг шууд чөлөөлсөнд гомдолтой байна. Уг албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаал тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын тайлбартаа бичээд байгаа төрийн албаны шалгалт үүнд хамааралгүй гэж үзэж байгаа болно.

       Гэтэл миний хийж байсан ажил байсаар байхад ямар ч шалгуур, сонгон шалгаруулалтгүйгээр өөр хүнийг ажлуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж буй тул анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

     Энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдэхдээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын тайлбарт энэ ажилд өөр хүн жинхэлсэн, өөр ажилд шилжүүлж ажиллуулах гэхээр түүний мэргэжил тухайн ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн тайлбарыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хуулийн дагуу өөртэй нь уулзаж мэдэгдэл өгсөн гэсэн тайлбар гаргасан нь 2016 оны 10 дугаар сарын 03-нд Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн 37, Хөдөлмөрийн хэлтсийн 22, нийт 59 ажилтанд мэдэгдэл өгсөн ба энэ өдөр надтай ганцаарчилж уулзаагүй болно.

         Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагт эхэлсэн хуралдааны тэмдэглэлтэй 2017 оны 04 дүгээр сарын 10-нд очиж танилцахад, тухайн өдрийн хуралд “П.Ундрах нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны Б/69 тоот тушаалаар Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилогдсон боловч энэ ажлаа хийхгүй, даргын туслах, архив, бичиг хэргийн ажлыг одоог хүртэл хийж байгаа гээд П.Ундрахын ажилд томилогдсон тушаалыг харуулсан боловч шүүгч Г.Мягмарсүрэн тушаалыг одоо хэрэгт авахгүй” гэж хэлсэн миний тайлбарыг бичээгүй байсан. Мөн хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулж хэрэгт хийгээгүй байсан.

       Миний гаргасан нэхэмжлэл бол өмнө нь 9 жил ажилласан архив, бичиг хэргийн ажилтны ажилдаа /одоо ажлын байр нь сул байгаа/ томилуулах шаардлага байгаа тул үүнийг анхааран үзэж ханган шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

 

                                                                    ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

         Нэхэмжлэгч Ш.Догсом нь Булган аймаг дахь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

    Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ш.Догсом нь Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст 2008 оны 6 дугаар сараас Архив бичиг хэргийн ажилтнаар томилогдон 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын б/34 тоот тушаалаар өрхийн мэдээлэлийн нэгдсэн сангийн оператор, програмистаар томилон түүнд байгууллагын архивын ажлыг хавсран гүйцэтгүүлж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны б/35 тоот тушаалаар П.Ундрахыг дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтэнээр томилон ажиллуулж байжээ. /х.х-ийн 31,32 тал/  

      Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны б/21 тоот  Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар нэхэмжлэгч Ш.Догсомын ажиллаж байсан  өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны оператор, програмист гэсэн орон тоо нь хасагдаж, түүний хавсран гүйцэтгэж байсан байгууллагын архивын ажил нь даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоогоор батлагдан иржээ. /х.х-ийн 7 тал/

         Харин 2016 оны б/21 дугаар тушаалын хавсралтаар / даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтан / гэсэн орон тоо батлагдсан боловч  тухайн орон тоонд хүн авч ажиллуулаагүй, хариуцагч байгууллагын төлөөлөгч уг орон тоонд баклавар буюу түүнээс дээш мэргэжил эзэмшсэн, төрийн албаны шалгалт өгч тэнцсэн хүнийг ажилд авах тухай  тайлбарлаж байгаа боловч хариуцагч тайлбар татгалзлаа холбогдох нотлох баримтаар нотолж чадаагүй байна. /тухайлбал: ...тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдах, ямар болзол шаардлага хангасан хүнийг авч ажиллуулах талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй/

       Ажил олгогч Ш.Догсомын ажиллаж байсан өрхийн нэгдсэн мэдээллийн сангийн судалгааны оператор програмистийн албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/75 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх ба хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

        Хариуцагч байгууллагын бүтэц орон тоог батлах тухай тушаалаар батлагдсан даргын туслах, архив бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоо нь нэхэмжлэгч Ш.Догсомын урьд хавсран эрхэлж байсан архив бичиг хэргийн ажлын байр байх тул /даргын туслах гэсэн нэр томьёо нэмэгдсэн/ уг ажилд эргүүлэн тогтоох боломжтой гэж үзнэ. Энэ талаар нэхэмжлэгч тайлбар гарган мэтгэлцсэн байна. Харин ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хэрэгт цалингийн тодорхойлолт ирээгүй тул тооцох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нөхөн олговроо тооцож жич нэхэмжлэх эрхтэй болно.

         Иймд нэхэмжлэгч Ш.Догсомыг бичиг хэрэг архивын ажилтны ажилд эргүүлэн тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар Ш.Догсомыг Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн архив бичиг хэргийн ажилтны ажилд эргүүлэн тогтоосугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч Ш.Догсом давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН 

 

                                              ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ

                                                             

                                                                                              М.ХҮРЭЛБААТАР