Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 294

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Д, Ц.Ц нарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч “О” ХХК-ийн Ерөнхий захирал О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Ц , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн Ерөнхий захирал О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот актаар манай компанид “Ос” ХХК-иас 2011 онд 77,727,272 төгрөгийн хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан гэж үзэж, 7,772,272.2 төгрөгийн нөхөн татвар, 2,331,818.2 төгрөгийн торгууль, 3,886,363.6 төгрөгийн алданги нийт 13,990,909 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон байна. 

Манай компани 2011 онд Сүхбаатар аймгийн 150 хүүхдийн цэцэрлэг, “Б с” ХХК-ийн оффисын барилга, “П И” ХХК-ийн үйлдвэрийн барилгыг тус тус барьж байсан ба үүнтэй холбоотойгоор 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12.6 тн катанг, 158,3 тн цементийг 42.727.272 төгрөгөөр, 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 32.8 тн А-3 арматур 35,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан. 

Худалдагч талаас манайд “Ос” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн******* дугаар болон 2011 оны 09 дүгээр сарын 27-ны 009303653 дугаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хүлээлгэн өгсөн байдаг. Манай компанид 2012 болон 2013 онд тус тус татварын албанаас баримтын шалгалт орж, *******6 тоот болон 352737 тоот актуудыг тавьж байсан боловч тухайн үед “Ос” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай холбоотой аливаа зөрчил илэрч байгаагүй төдийгүй 2012 оны  09 дүгээр сарын 06-ны өдрийн *******6 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар “Ос” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн******* дугаар болон 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 009303653 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хууль ёсны, хүчин төгөлдөр буюу татвараа төлсөн гэдгийг баталгаажуулсан байдаг. 

Гэтэл маргаан бүхий актаар манай компанийг 2011 онд “Ос” ХХК-иас 77.272.272 төгрөгийн хий бичилттэй падаан авч ашиглан 2011 оны 09 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусган татвар төлөх орлогоо бууруулсан гэж үзэж, 7,772,272.2 төгрөгийн нөхөн татвар, 2,331,818.2 төгрөгийн торгууль, 3,886,363.6 төгрөгийн алданги нийт 13,990,909 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон нь илт хууль бус, үндэслэлгүй байна. 

Учир нь манай компанид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу худалдан авалт хийж, уг худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг зохих ёсоор тайландаа тусгаж, баталгаажуулсан тул бид нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглаагүй буюу манай компанид татварын акт тогтоох хууль зүйн үндэслэл бий болоогүй байна.

Татварын улсын байцаагч маргаан бүхий актыг тогтоохдоо Гааль татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03-3/1647 дугаар албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 211 дүгээр тогтоол зэргийг үндэслэсэн байдаг.

Б нь 2011 онд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа “Ос” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан татвар төлөгчийн өмнөөс гарын үсэг зурж, гүйлгээ хийн “Ос” ХХК-ийн 2011 оны татварын тайланд тусгасан нь “Ос” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, яллагдагч Б өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн тул түүнийг өршөөлийн хуульд хамруулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 211 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Өөрөөр хэлбэл “Ос” ХХК нийт 690,218,900 төгрөгийн татварын өртэй байх бөгөөд уг өр нь Б гэм буруугийн улмаас бий болсон гэдгийг Б хүлээн зөвшөөрсөн байх тул уг татварын өрийг Б болон “Ос” ХХК нар хариуцан төлөх ёстой байна.

Гэтэл хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж, тайлангаа гарган татвараа төлсөн манай компаниас Б болон “Ос” ХХК-ийн төлөх ёстой татварыг төлүүлэхээр акт тогтоож байгаа нь илт хууль бус хийгээд шударга ёсонд нийцэхгүй байна.

Түүнчлэн Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд 47 дугаар зүйлд зааснаар татварын алба хяналт шалгалт хийсний үндсэн дээр акт бичих ёстой. 

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан тул татварын улсын байцаагч нь акт бичихээсээ өмнө татвар төлөгчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр хяналт, шалгалт хийх ёстой байна.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нар нь аливаа хяналт, шалгалт хийхгүйгээр акт бичсэн төдийгүй актыг татвар төлөгчид танилцуулж, гардуулах үүргээ биелүүлээгүй. Маргаан бүхий актын талаар татварын улсын байцаагч “О” ХХК-ийн компанийн захирал О-д 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн өглөө утсаар мэдэгдсэн бөгөөд бид маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул актыг хүлээн авч, гарын үсэг зурахаас татгалзсан болно. 

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд манай компанийн гомдлыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэж, 056 тоот тогтоолоор маргаан бүхий актын торгууль, алданги ногдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож нөхөн татварыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

Ийнхүү шийдвэрлэхдээ маргаан бүхий актыг хууль ёсны гэж үзсэн бөгөөд зөвхөн актаар ногдуулсан торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл манай компани маргаан бүхий актаар татвар болон алданги, торгууль ногдуулах эрх зүйн үндэслэл бий болоогүй байсан тул маргаан бүхий актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор гомдол гаргасан байдаг. 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 056 тоот тогтоол нь бүхэлдээ эрх зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа юм. Тиймээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 056 тоот тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нарын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот акт нь 2011 оны худалдан авалттай холбоотой байгаа. Өөрөөр хэлбэл 5 жилийн дараа үйлдсэн акт болно. Гэтэл 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *******6 тоот 2010, 2011 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, 2012, 2013 онд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2010, 2011, 2012 оны санхүүгийн баримтын шалгалт хийсэн *******6, 352737 тоот актуудад “О” ХХК-тай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын падааны татвараа төлсөн гэж дүгнэсэн байдаг. 

Харин “Ос” ХХК-ийн баримтыг хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн дарга Б-д ашиглан залилан хийсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заажээ. Гэтэл татварын байцаагч нар 2011-2016 оны хооронд буюу 5 жилийн хугацаанд 3 удаагийн шалгалтаар тус падааныг хүчинтэй баримт гэж үзчихээд 5 жилийн дараа хуурамч падаан гэж үзэж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. Үүний шалтгааныг бид дараах байдлаар дүгнэж байна.

Б-д нь дээрх 5 жилийн хугацаанд Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан ба цагдаагийн байгууллагаас манай компанид хуурамч баримт байгаа талаар нэг ч удаа мэдэгдэж асууж тайлбар авч байгаагүй. Ингээд Б-д нь 2016 оны 2 дугаар сард Өршөөлийн хуулиар хэрэг нь хэрэгсэхгүй болсон байдаг. 

2011 оны 9 дүгээр сарын баримтын хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 9 дүгээр сард дуусна. Иймээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нар нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яаравчлан ямар ч шалгалт хийхгүй, татварын хуулийг зөрчиж акт үйлдсэн. Хэрвээ тус 2 нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч юм бол Б-г шалгагдаж байх хугацаанд манай компанид нөхөн татвар ногдуулсан акт үйлдэж болох байсан. 

Гэтэл Б-г өршөөлд хамрагдсаны дараа нь акт үйлдэж байгаа нь өөрөө Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. Учир нь: нэг байгууллагад хамт ажилладаг байсан Б нь олон компанийг залилан мэхэлж улсад их хэмжээний хохирол учруулсан байхад тэр хүний төлөх ёстой татварыг жирийн нэг компаниар төлүүлэхээр төрийн нэрийг ашиглаж дарамт үзүүлж байгаа үйлдэл нь Ц.Ц , Б.Д  нарыг ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна гэж бид үзэж байна. Ц.Ц , Б.Д  нарыг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот акт нь ямар ч хуулийн үндэслэлгүй зөвхөн ашиг сонирхлын үүднээс үйлдэгдсэн болох нь харагдаж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нарын 2016 оны 05 сарын 02-ны өдрийн ******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Манай компани энэхүү нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 2017 оны 12 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай 7647 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах 14 хоногийн хугацаа тогтоосон байдаг. 

Уг захирамжийг шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар илгээснийг бид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан юм. Тиймээс захирамжид заасан хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шүүхээс тогтоосон хугацаанд хангаж чадаагүй бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаарр зүйлийн 53.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг буцаах тухай 8022 тоот захирамжийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байдаг.

Манай компанийн зүгээс шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 7647 дугаартай захирамжид заасан асуудлуудыг энэхүү нэхэмжлэлдээ тодруулж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... О ХХК-ийн 2011-2015 оныг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03-3/1647 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 211 тоот “Ос” ХХК-тай холбоотой прокурорын тогтоол, хяналт шалгалтын тасгийн даргын 35160400172 тоот “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг хийж нийт 77,727,272.0 төгрөгийн зөрчилд 94,362,463.40 төгрөгийн 13,990,909.00 төлбөр ногдуулсныг тус компани зөвшөөрөөгүй тул 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 056 тоот Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус үндэслэн нийт 6,218,181.80 төгрөгийн торгууль, алдангийг өршөөлд хамруулж 7,772,727.20 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

1. “О” ХХК нь 2061295 тоот регистрийн дугаартай “Ос” ХХК-иас 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр******* тоот падаанаар 12,6 тн катинг, 158,3 тн цементийг 42,727,272.0 төгрөгийн, 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 009303653 тоот падаанаар 32,8 тн А-3 арматурыг 35,000,000.0 төгрөгийн, нийт 77,727,272.0 төгрөгийн худалдан авсан хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу тухайн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн учир илт хууль бусд тооцох шинжийг агуулж байна гэж тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн дагуу захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрхийн хүрээнд маргаан бүхий акт үйлдэгдсэн эсэхийг хянах бөгөөд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нар нэхэмжлэгч компанид хэсэгчлэн татварын хяналт шалгалтыг явуулах эрхтэй эсэх, 

Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03-3/1647 тоот албан бичгээр “...“Ос” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч хий бичилттэй падаан худалдан авч, төлөх татвараа бууруулсан байж болзошгүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, үр дүнг холбогдох материалын хамт яаралтай ирүүлэхийг мэдэгдье. Хэрэв тус компани нь татварын хяналт шалгалтад хамрагдсан бол хэсэгчлэн, хамрагдаагүй бол иж бүрэн шалгалт хийх нь зүйтэй. Хавсралтын 6-д “О” ХХК” гэх мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ирүүлсэн байна.

Энэ нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 211А дугаар тогтоолд “..Яллагдагч Б нь ...ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй “Ос” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудад хий бичилт буюу бусад аж ахуйн нэгжүүдэд бараа ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр хуурамч бичилт хийж өгсөн, тухайн компанийн өмнөөс тайланг хуурамчаар тайлагнасан, ...харин ”Ос” ХХК-ийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг авч, татвар тайлагнан улсад төлөх татвараа бууруулсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд Гааль, татварын ерөнхий газрын томилолтоор хяналт шалгалтууд хийгдэж, Татварын улсын байцаагчийн акт тавигдаж, 2011 онд төлөхөөс зайлсхийсэн татварыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авагдаж байгаа ...цаашид нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй” гэснээр “Ос” ХХК нь ажил үйлчилгээ явуулаагүй, тус компанийн нэр дээрх бүртгэлтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ үндэслэлээр Татварын албанаас хяналт шалгалт явуулах эрхийн хүрээнд хариуцагч Татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 35160400172 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолт олгогджээ. 

Тус татварын хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, Татварын ерөнхий хуулийн 29 дугаар зүйлийн  29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2-д “Татварын хяналт шалгалтыг татварын алба хийж гүйцэтгэнэ”, 47.4-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй” гэж зааснаас гадна Татварын ерөнхий газрын даргын 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудын хүрээнд олгогдсон бүрэн эрх, Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу хийгдсэн хууль ёсны үйлдэл болжээ. 

Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх ...” гэсний дагуу дээрх татварын хяналт шалгалтыг 2011.01.01-2015.12.31-ний хоорондох хугацаанд хамаарагдах татварын тайланд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн нь хуульд заасан хугацаа зөрчсөн зүйлгүй болно. 

2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот актын хууль зүйн үндэслэлийн тухайд: 

Татварын улсын байцаагчийн маргаан бүхий акт нь “О” ХХК дээр хийгдэх хяналт шалгалтын томилолтод дурдагдсан хугацааны татварын тайланд хэсэгчлэн шалгалт хийсний үр дүнд үйлдэгдсэн бөгөөд тухайн актаар нэхэмжлэгч компанийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасныг үндэслэн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.3-д заасныг тус тус зөрчсөн учир 2011 онд “Ос” ХХК-ийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан 77,727,272.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан зөрчилд 7,772,727,0 төгрөгийн нөхөн татвар, 2,331,818.20 төгрөгийн торгууль, 3,886,363.60 төгрөгийн алданги, нийт 13,990,909.0 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “О” ХХК-ийн нягтлан бодогч Д-тай ярилцлага хийж, холбогдох баримтуудыг шалгаж үзсэн ба бараа материал нийлүүлэх тухай гэрээ байхгүй болохыг ярилцлагын тэмдэглэлд дурдсан байна. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* тоот актыг үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, ...бичих бөгөөд акт нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 34.2-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэсний дагуу татварын улсын байцаагч нар болон Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Мөнхзул гарын үсэг зурж, тэмдэг дарж хүчин төгөлдөр болжээ. 

Уг актын хуулбарыг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “О” ХХК-ийн захирал О-д гардуулж, тэмдэглэл үйлдсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах” заасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус Маргаан таслан зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 056 дугаар тогтоолоор хянуулснаар уг актыг холбогдогч этгээдэд мэдэгдэх, гомдол гаргах эрх хангагдсан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “О” ХХК-ийн маргаан бүхий актыг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Нэгэнт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 211А дугаар тогтоолоор “Ос” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хий бичилттэй, хууль бус болох нь тогтоогдсон учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д тодорхойлсон “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримт”-ын шинжийг алдсан гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн ... албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох хууль зүйн бүрдээгүй тул дээрх татварын улсын байцаагчийн актаар татварын дутуу төлөлтийг нөхөн төлөх учиртай. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дугаар зүйлийн  29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2, 47.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц , Б.Д  нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ОЮУМАА