Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0850/З |
Дугаар | 221/МА2022/0260 |
Огноо | 2022-04-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2022/0260
Ц.О-ыннэхэмжлэлтэй,
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ц.О-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,
Нэхэмжлэлийн шаардлага: “ХУД-ийн ЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ц.О-од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Л.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2021/0850/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.О- нь ХУД-ийн ЗД-д холбогдуулан “ХУД-ийн ЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн ХУД-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “Нийслэлийн ХУД-ийн ЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ц.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Дүүргийн засаг дарга Ж.А сонгуулийн үеэр надад мэдэгдэлгүйгээр миний эзэмшиж байсан өчүүхэн жижиг газрыг эрх мэдлээ буруугаар ашиглаж булаан авсанд үнэхээр их бухимдаж байна. Төрийн нэр барьсан албан тушаалтнууд жирийн иргэнээ хохироож байгаад гомдолтой байна. Газрын тухай хууль болон захиргааны ерөнхий хуульд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд заавал сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулна гэж заасан байна.
3.2. Тухайн үед миний бие Бүгд Найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын Өөртөө засах оронд шигшээ багийн дасгалжуулагчаар удаан хугацаанд ажиллаж амьдарч байсан. Надад сонсох ажиллагаа явуулах нь байтугай мэдэгдээгүй нь нотлох баримтаар нотлогдож, илэрхий байхад Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
3.3. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тэр дундаа эх орондоо ирэх боломжгүй хил гааль хаагдсан хүнд хэцүү үеийг далимдуулж ийм шийдвэр гаргаж байгаа дүүргийн Засаг дарга болон холбогдох мэргэжлийн хүмүүс иргэдийн газрыг дээрэмдэж цааш нь дамлан үнэ хүргэж зарж байгаа гэдэгт иргэний хувьд хардаж байгаа.
3.4. Миний бие 2016 онд газрыг авсны дараа шургааг банз модоор хашаалсан боловч 1 сар болоогүй хулгайд алдагдсан. Тухайн үед танилын хүүхдүүд болох Ч.Мөнхчулуун, А.Эрдэнэбат нарыг хөлсөлж тухайн үеийн ханшаар 1 сая гаруй төгрөгөөр хашаа банз татаж барьсан боловч тог цахилгаан байхгүй /тог цахилгаан татуулах хүсэлт өгч байсан/ тул эзгүй тал газар айл буулгах нөхцөл бүрдээгүй, үүнээс болж харж хандах хүнгүй улмаас дээрх банз хашаа, модыг хулгайлан авч явсан байсан.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хянан хэлэлцэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “Монгол улсын иргэн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж Монгол Улсын иргэн Ц.О-ын эзэмшилд байгаа 0,5 га газрыг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудыг зөрчин Улсын их хурлын сонгуулийн дуулиан шуугиант компанит ажлын үеэр хулгайн журмаар шийдвэр гаргасанд иргэн, бухимдалтай гомдолтой байна.
4.2. Хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх зорилгоор гаргадаг байтал огт мэдэгдээгүй, мэдэгдсэн гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэг талыг барьж ХУД-ийн ЗД Ж.А-н үйлдлийг илт хамгаалж мэдэгдэл сонсох ажиллагааг мэдэгдээгүйгээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.
4.3. Монгол улсад оршин суугаагүй шалтгаанаар мэдээлэлтэй танилцаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж субъектив дүгнэлт хийж хариуцагчийн талд буюу илт нэг талыг баримталсан нь гайхал төрүүлж байна.
4.4. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан томилолтоор удаан хугацаагаар ажилласан, Монголд байгаагүй болох нь нотлогдсон байхад шийдвэрт огт тусгаагүй нь Ц.О- дээрх газрыг авсны дараа шургааг мод цуглуулж хашаа барьж эхэлсэн боловч энэ нь хулгайлагдсан шалтгаанаар дахин хашаажуулаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэлүүлэхгүй байсан нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломж гараагүй.
4.5. Шургааг мод худалдан авч 2 залуу модон хашаа барьсан боловч харах хүнгүй байснаас болж хулгайлагдсан. Өөрөө Монгол улсад байнга оршин суух боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан бодитой байсан байна. Мөн хашаа барих ажлыг гардан хийсэн Ч.Мөнхчулуун, А.Эрдэнэбат нарын гэрчүүд нь одоо ч байгаа юм байна.
Иймд 2022 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 23 тоот шийдвэрийг хүчингүй болгож, шинээр гэрч хохирогч нарыг оролцуулан хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ХУД-ийн ЗД-ын2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/168 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.О-д “Катхамба” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5000 м.кв /0,5 га/ хэмжээтэй буддын сүм хийд байгуулах зориулалт бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн 000553694 дүгээр гэрчилгээ олгосон байх бөгөөд мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Ц.О-ы ннэгж талбарын 18630299431080 дугаар бүхий 5000 м.кв газар эзэмших эрх багтсан байна. Хариуцагчаас маргаан бүхий актын хавсралтад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийг тодорхой зааж тусгаагүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “иргэн Ц.О-ын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан” гэж тайлбарласан, уг тайлбарын хүрээнд шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.
3.1. Нэхэмжлэгч Ц.О- “ХУД-ийн ЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... урт хугацааны гэрээгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах орны чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2018 оноос ажиллаж байгаа ... сонсох ажиллагаа явуулсан гэх 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ч үүний дараа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, ... мэдэгдэл хүргүүлсэн гэх цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй ... Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 нар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Монгол Улсын хилийг хааснаар Иргэний хуулийн 22.1.2-т заасан “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсч иргэн Ц.О- эрх ашгаа хамгаалуулах, Монгол улсад нэвтрэх ямарч боломжгүй онцгой нөхцөл байдал үүссэн байхад үүнийг анхаараагүй ...” гэж тайлбарлан маргасан байна.
3.2. Газрын тухай хуулийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээнд заасан нөхцөл болзлын хүрээнд зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, харин газар эзэмшигч хуульд заасан хугацаанд газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд эрх бүхий этгээдээс түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.
3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.О нь анх 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 5000 м.кв /0,5 га/ хэмжээтэй газрыг буддын сүм хийд байгуулах зориулалтаар 12 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон байх боловч тус хугацаанаас хойш маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд өөрийн эзэмшил газрын хэвлийг хөндөөгүй, ямар нэгэн барилга байгууламж бариагүй, инженерийн буюу дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй байх тул анхан шатны шүүх “... 5 жил 13 хоногийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2016 онд газрыг авсны дараа шургааг банз модоор хашаалсан боловч 1 сар болоогүй хулгайд алдагдсан ... тог цахилгаан байхгүй тул эзгүй тал газар айл буулгах нөхцөл бүрдээгүй, үүнээс болж харах хүнгүйн улмаас банз хашаа, мод хулгайд алдагдсан ... ” гэх гомдол, тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
3.4. Учир нь, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгохоор, 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж хуульчилсан байх тул өөрийн эзэмшил газраа гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах хуулиар хүлээлгэсэн үүрэг нь зөвхөн газар эзэмшигчид хамаатай байна.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 32 дугаар зүйлийн 32.3-т хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл ... ын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох буюу хариуцагчаас гаргасан захиргааны акт, нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, маргаж буй үндэслэлийг үгүйсгэх, няцаахтай холбоотой хуульд заасан шаардлагыг хангасан баримт, нотолгоог шүүхэд гаргаж өгөх эрх, үүрэгтэйгээс гадна боломжгүй, түүнчлэн мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг шүүхэд зааж мэдүүлэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрх нь нээлттэй.
3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 2 сар орчим хугацаанд нэхэмжлэгч нь нотлох баримт цуглуулах талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн эрхийг шүүх хязгаарлаагүй, нэхэмжлэгчийн “хашаа барьсан боловч хулгайд алдсан энэ талаар гэрчүүд байгаа” гэх гомдол, тайлбарт дурдсан үндэслэл нь дангаараа газрыг 2 жилийн хугацаанд хууль, гэрээнд заасан болзол журмын дагуу зориулалтаар нь ашиглаж байсныг нотлох баримт болох үндэслэлгүйг дурдах зүйтэй байна.
3.7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус заасан.
3.8. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... мэдэгдэл нэхэмжлэгчийн хаягаар ирээгүй, ... Тухайн үед нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах оронд шигшээ багийн дасгалжуулагчаар удаан хугацаанд ажиллаж амьдарч байсан. Надад сонсох ажиллагаа явуулах нь байтугай мэдэгдээгүй ...” гэх гомдол, тайлбарыг гаргажээ.
3.9. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16/3073 тоот албан бичгээр сонсох ажилагааны мэдэгдлийг нэхэмжлэгчийн оршин суух хаягаар хүргүүлсэн гэж тайлбарласан, мөн Өдрийн сонины 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 195 /6296/ дугаарт газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох болсныг нийтэлж мэдээлсэн байх тул хариуцагчийг энэ талаарх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүйн дээр сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх нь дангаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн гарсан хариуцагчийн шийдвэрийг үгүйсгэх буюу нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснийг нотлох үндэслэл болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.О-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
\ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ