Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байр, 76 тоотод оршин суух, Зуутраг овогт Гүржавын Батдэлгэр /РД: ЧЗ81021501/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 21 дүгээр байр, 27 тоотод оршин суух, Бэйсийнхэн овогт Гомбын Батхишиг /РД: ЧР82012910/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Батдэлгэр, хариуцагч Г.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Г.Батхишигтэй танилцаж, 2001 онд гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2002 онд хүү Төрболд, 2007 онд хүү Энхболд, 2013 онд Өнөболд нар төрсөн. 2007 оноос хойш нөхөр байнга архи ууж, агсам согтуу тавьж, намайг зоддог болсон. Энэ бүх дарамт, хүчирхийлэлийг 3 хүүхэд бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн ч тэвчихийн аргагүй байдалд хүрч 2016 оны 02 дугаар сард хүүхдүүдээ аваад эгчийндээ 5 сар амьдарч, 2016 оны 7 дугаар сард нөхөртэйгээ буцаж эвлэрсэн боловч 11 дүгээр сараас дахин намайг зодсон тул 3 хүүхдээ аваад аавынд очисон. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Батхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1997 онд танилцаад 2001 онд гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа ах, эгчийнхээ хашаанд гэр бариад аль боломжтой газарт нь амьдарч байсан. 2007 оноос эхэлж өдөр болгон архи ууж, хүчирхийлдэг байсан гэдэг нь худлаа. 2007 онд бид манай аавынд амьдардаг байсан. Эцэг эхийнхээ дэргэд муудалцаж, хүний хүүхдийг зодож, цохих асуудал байгаагүй. Манай эгчийн хашаанд амьдардаг байхад тэр хашаанд 3 айл зэрэгцээд амьдардаг байсан. Тэр жижиг хашаанд юу болж байгаа нь сонсогдоно. Дараа нь 1 жил түрээсийн байранд амьдарсан. Тэр үед ч гэсэн хэрүүл, зодоон хийж байгаагүй. Сүүлд ахынх нь хашаанд 2014 он хүртэл амьдарсан. Тэр хүртэл хугацаанд би энэ хүнээр ер нь ажил хийлгэж байгаагүй. Би өөрөө ажил хийгээд хүүхдүүдээ тэжээдэг байсан. 2014 оноос цэцэрлэгийн багшаар энэ хүн ажилд орсон. Ажил хийж байх хугацаандаа өглөө 8 цагт гараад орой 10, 11 цагт орж ирдэг байсан. Тухайн үед би урагшаа явж бараа авчирдаг байсан. Тэр ажил бүтэлгүйтэж, гэртээ хүүхдээ харж байсан. 2015 оны 7 сард өөр хүнтэй эр эмийн харилцаанд орж надад өвчин халдаасан байсан. 2015 оны 12 сар хүртэл өвчин нь эдгэхгүй байсан учраас би эхнэрээсээ асуусан. Гэтэл надад өөр хүнтэй явсан гэдгээ хэлсэн. Би энэ хүнтэй хамт амьдраад 20 жил болох хугацаанд нэг ч удаа итгэл алдарч үзээгүй. Гэтэл энэ хүн намайг хуурсан байсан. 2015 оны 12 сараас хойш өөр хүнтэй уулзаж эхэлсэнээс нь хойш би үнэхээр бухимдсан. Ажилтай байна гэж хэлчихээд өглөө 8 цагт гараад орой 10, 11 цагт ирдэг байсан. Бухимдсан байдлаасаа болоод гар хүрсэн. Сүүлд эвлэрсэнээсээ хойш зодсон гээд байгаа шалтгаан нь тэр хүн нь манай байрны тэнд эргэлдээд байсан. Би уулзах гээд уулзаж чадаагүй. Намайг хархаараа зугтаагаад явчихдаг. Би уг нь хүүхдүүдээ өөр дээрээ авна гэж бодож байсан. Гэхдээ хүүхдүүдэд минь ээжтэйгээ байсан нь илүү дээр гэж бодож байна. Зодоон гарсан орой эгч нь хүрч ирээд хүүхдүүдийн минь хувцасыг миний хувцастай гаргаад хөөсөн. Хэрвээ 2007 оноос хойш 10 жил дарамтанд байсан бол энэ хүн надтай нэг удаа ярилцаж болох байсан. Гэтэл ярилцаагүй. Үнэхээр тийм зүйл байсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батдэлгэр нь хариуцагч Г.Батхишигт холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Батдэлгэр, хариуцагч Г.Батхишиг нар 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2002 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Төрболд, 2007 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Энхболд, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Өнөболд нар  төрсөн нь хавтаст хэрэгт авагдсан 0018617 Г-2477 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, 0000905627 Г-628 дугаартай, 0028688 Г-450 дугаартай, 0000925956 Г-4535 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заажээ. Хариуцагчаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний эрүүл мэндэд нь хүчирхийлэл үзүүлдэг болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүх  нэхэмжэгчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү Б.Төрболд, хүү Б.Энхболд, хүү Б.Өнөболд нар эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдүүдийн насны онцлог болон өсөж торнисон орчин, мөн санал зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Зуутраг овогт Гүржавын Батдэлгэр, Бэйсийнхэн овогт Гомбын Батхишиг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2002 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Төрболд, 2007 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Энхболд, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Өнөболд нарыг эх Г.Батдэлгэрийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Б.Төрболд, Б.Энхболд, Б.Өнөболд нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.Батхишигээс гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

      

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН