Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 151

 

Я.Б, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

                Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Байгалмаа,

            Шүүгдэгч Я.Бгийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 630 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Я.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1711003070102 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Я.Б, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “АНУ явах гээд банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж иргэн С.Бат-Эрдэнийг хуурч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5133057959 тоот дансанд 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Я.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цэнд овогт Ядамсүрэнгийн Я.Б, Халиугчин овогт Бямбацогтын Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бг 8 /найм/ сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Быг 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Бд оногдуулсан 8 сарын хорих ялыг, Б.Бт оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б, Б.Б нараас хохирлын 33.500.000 /гучин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч С.Бд олгох, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Я.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Б давж заалдах гомдолдоо: “...Хэргийн бодит үйл баримтын талаар миний бие шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлээгүй бөгөөд үүний улмаас хохирлын мөнгийг хэрхэн төлөх, үүгээрээ өөрийн эрх зүйн байдлыг хэрхэн дээрдүүлэх боломжтой байсан талаар бодиттой тайлбар гаргаж өгч чадаагүй юм. Дээрх мөнгийг анхнаасаа залилан мэхлэх санаа зорилгоор аваагүй бөгөөд асуудлаа шийдвэрлэх гэж өөрийн ах, дүү нарын эзэмшлийн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг дахь тус бүр 5000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 15, 19-ний өдрүүдэд “газар худалдах, худалдан авах” гэрээ байгуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Дээрх газрыг хохирогч төлбөрт тооцож авна гэсэн тул бусдад тухайн газрыг худалдан борлуулж хохирогчид төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүйгээс миний эрх зүйн байдал дордоод байна. Учир нь хохирогч газрын эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авахаар Иргэний хуульд заасны дагуу гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан нь миний хувьд төлбөрийг барагдуулахгүй хугацаа алдахад хүргэсэн нөхцөл байдалд анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хохирогчоос мөнгө авсан нь болон эргүүлэн төлөх нь үнэн тул анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн гэм буруугийн талаар маргаагүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулах талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн боловч анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, надад хохирол төлөх хугацааг тогтоож, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан бол оногдуулах ялыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжтой. Миний бие нь өөрийн үйлдлийг илчилж, учруулсан хохирлоо арилгахаа илэрхийлсээр байтал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно" гэснийг үндэслэн анхан шатны шүүх учирсан хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан. Үүгээр миний бие нь хохирогчид 16.750.000 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж заасан. Иймд хуулийн хариуцлагын зорилгыг хангах үүргээ миний бие биелүүлж, өөрт ногдох хохирлыг бүрэн барагдуулсан болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гэж, 1.1 дэх хэсэг "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Я.Б миний эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд хэрэглэж болох хуулиудыг хэрэглэж, оногдуулсан ялыг тэнсэж өгөхийг хүсье. Надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ" гэсэн 5 ангилалын дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйл, 6.5 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдийг давж заалдах шатны шүүхээс хэрэглэх хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж байна. Бусдад учруулсан   хохирлоо   хувь   тэнцүүлсэн   хэмжээгээр   өөрт оногдох хэмжээгээр төлж барагдуулсан тул  шүүгдэгч Я.Б миний хувьд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу намайг нийгэмших боломжоор хангаж, надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Хохирогч С.Бат-Эрдэнийн харилцах дансанд 16.750.000 төгрөг шилжүүлсэн баримтыг гомдолд хавсаргасан болно. ...” гэжээ.           

Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлыг бүрэн барагдуулсан баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Я.Б давж заалдах гомдол гаргаж өгөхдөө 16.750.000 төгрөгийг төлсөн гэсэн. Үүнээс хойш хохирогчид төлбөл зохих 40.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Үүнд 6.500.000 төгрөгт нь тээврийн хэрэгсэл өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан байгаа. 23.500.000 төгрөгийг хохирогч С.Бат-Эрдэнийн дансанд бэлнээр шилжүүлсэн. Хохирогчийн өөрийнх нь хүсэлтээр гомдолд дурдагдсан Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг дахь 10.000 м.кв газрыг 10.000.000 төгрөгт үнэлж, хохиролд тооцуулан хохирогчид шилжүүлсэн. Хохирогч үүнийг нотолж “гомдол саналгүй болсон, хохирол барагдсан” гэх хүсэлтээ бичгээр гаргаж, нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарч байгаа, мөн шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлоо бүрэн барагдуулсан учраас мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг тэнсэх хууль зүйн боломжтой байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар нь хохирлоо төлөөгүй байсан. Б.Б нь 5 настай хүүхэдтэй гэх үндэслэлээр хорих ял биечлэн эдлэхийг хойшлуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа Я.Б нь хохирлоо төлж, энэ талаарх баримтаа давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Давж заалдах гомдолдоо “хохирлоо төлж барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Нэгэнт хуульд тэнсэх үндэслэлийг заасан байх тул тэнсэх асуудалд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.     

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Я.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Я.Б, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “АНУ явах гээд банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж иргэн С.Бат-Эрдэнийг хуурч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5133057959 тоот дансанд 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар уг мөнгийг ашиглаж хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Бат-Эрдэнийн “...Би тухайн үед буюу 2017 оны 6 дугаар сард хүний дансанд нь мөнгө байршуулаад банкны баталгаа гаргаж өгдөг ажил хийж үзэхээр хэдэн төгрөг цуглуулаад зар тавьсан байсан юм. Тэгтэл Б.Б гэх эмэгтэй утсаар яриад "манай нөхөр АНУ-д байгаа, тэнд ажилладаг юм, би араас нь явах гэхээр банкинд түр мөнгө байршуулах хэрэгтэй болоод байна" гэж утсаар ярьсан. Өглөө нь утсаар яриад өдөр нь Б.Б нь надтай Баруун 4 зам дээр байх "Баруто" төв дээр ирж уулзсан. Б.Б тухайн үед "түр хугацаанд 1 хоног байршуулъя, маргааш аваад өгье" гээд би маргааш нь мөнгөө авахаар болоод хоногийн 0.8 хувийн хүүтэйгээр мөнгө дансанд нь байршуулсан. Тэр үед хүүний мөнгө гэж Б.Б надад 320.000 төгрөгийг өгсөн. Би тухайн үедээ мөнгөө шилжүүлэх үедээ Г.Мөнхцолмон гэж найзынхаа нэрээр Б.Бын данснаас 1 удаагийн итгэмжлэлээр гүйлгээ хийх итгэмжлэх хийлгэсэн байсан боловч маргааш өглөө нь мөнгөө авах гэтэл Б.Б данснаасаа аль хэдийн мөнгийг шилжүүлээд авсан байсан. Тэгэхээр нь Б.Б руу утсаар яриад асуух гэсэн чинь утсаа авахгүй байсан. Утсаа авахгүй байж “танай мөнгийг удахгүй өгч хохирлыг барагдуулна, хэд хоног хүлээчих” гэсэн утгатай мессеж бичээд байсан. Тэгснээ мөнгө авснаас хойш 3 хоногийн дараа Б.Б ээжтэйгээ ирж уулзахаар нь “миний мөнгийг яасан бэ” гэж асуухаар юу ч дуугарахгүй, нэг бол охиныхоо цалингийн зээлийг дарсан, эсхүл өрөндөө өгчихсөн, эсвэл хужаад газар зарах гээд урьдчилгаанд өгөх гээд өгчихсөн гээд худлаа яриад байсан. “Яахаараа 1 хоног гэж авчихаад ямар учраас аваад үрчихэж байгаа юм бэ" гэхээр нь ээж нь би үрчихсээн гээд байдаг. Тухайн үед би 40.000.000 төгрөгийг 1 хоногийн л хугацаатай хийсэн. Өнөөдөр хийлээ гэхэд маргааш өглөө нь банк онгойгоод барилт тавигдангуут нь өглөө авна гэж бодож өгсөн юм. Тэрнээс хойш хэд хоног хүлээгээч гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ залгахаар утсаа авахаа болиод зугтаагаад байсан. Аргаа бараад гэрийнх нь гадаа 10 гаруй хоног сахиж байж барьж авсан юм. Тэгтэл миний мөнгөний оронд хаа байсан Төв аймгийн Баянчандмань суманд байгаа газрыг авчих гээд сонин сонин юм яриад байхаар нь би мөнгөнийхөө барьцаа болгоод уг газрыг нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм. Би тэр газрыг ядаж барьцтай болъё гэж бодож авсан болохоос биш өгсөн мөнгөнөөсөө хасуулах гэж аваагүй, түр барьцаа болгож авсан юм. ...” /Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнхцолмонгийн “...Намайг Бат-Эрдэнийн ажил дээр байх үед Б.Б гэх эмэгтэй утсаар ярьж байгаад ирсэн. Б.Б орж ирээд С.Бд “би АНУ-ын визэнд орох гэж байгаа юм. Манай нөхөр АНУ-д байдаг. Урилга ирээд би явах гэж байгаа юм. Та банкны баталгаа хийлгэж байгаа юу, би банкны баталгаа хийлгэх гэсэн юм” гэж уулзсан. ...Манай найз С.Б тэр эмэгтэйд мөнгө зээлүүлж дансанд нь мөнгө байршуулахаар болоод холбогдох бичиг баримтыг нь асуухад нөгөө эмэгтэй гадаад пасспорт, иргэний үнэмлэхээ өгөөд байсан. С.Б тэр үед надад “маргааш хөдөө явах ажилтай болохоор чиний бичиг баримт байвал итгэмжлэх хийлгээд авчих, тэгээд өглөө найздаа мөнгө буцаагаад аваад өгчих” гэхээр нь би “тэгье” гэж зөвшөөрөөд тэр хүнтэй итгэмжлэх хийсэн. ...Маргааш нь би 9 цаг гээд банкинд очоод мөнгө авах гэтэл “банкинд чинь мөнгө байхгүй байна ш дээ” гэхээр нь гайхаад асуухад “20.000.000 төгрөгөөр нь хуваагаад 2 данс руу шилжүүлээд авчихсан байна” гэж хэлсэн. ...” /Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэ-Очирын “...Би 2017 оны 6 дугаар сарын 12-ны орой 22-23 цагийн үед Дундговь аймгаас гэртээ ирсэн юм. Маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 6 цагийн үед Баянзүрх дүүргийн автовокзал орчихоод хүнээс юм авчихаад буцаад 7 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгсэн чинь манай эхнэр Б.Б "дансанд чинь хүн мөнгө шилжүүлнэ, би иргэний үнэмлэхээ хаячихсан байгаа, чи аваад өгөөч" гэсэн. Тэгэхээр нь би "тэгье" гээд зөвшөөрсөн. Тэгээд өглөө нь 9 цагийн үед Баянмонгол хорооллын урд байдаг "Хаан" банкинд очоод миний дансанд орсон байсан 20.000.000 төгрөгийг аваад хадам ээж Я.Бд болон эхнэр Б.Б нарт өгөөд "юун мөнгө юм бэ" гэж асуухад "хүнээс зээлсэн юм аа" гэж хэлсэн. ... Ямар учиртай 20.000.000 төгрөг болохыг хэлээгүй, хадам ээж Я.Бг хүнээс зээлж байгаа л гэж байсан. Б.Б хүнээс 40.000.000 төгрөгийг авсан талаараа надад огт хэлээгүй, сүүлд л хэрүүл уруул болж байж мэдсэн юм. ...” /Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

Я.Бгийн гэрчээр өгсөн “... Би “үнэгүй.мн” зарын сайтыг харж байхад АНУ-ын виз гаргахад банкны баталгаа гаргаж өгнө гэсэн зар байхаар нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн охин Б.Быг АНУ руу ажиллах виз гаргуулъя гэж бодоод уг зарын дагуу утсаар нь холбогдож, баруун 4 зам дээр байрлах Баруто төвийн 2 дугаар давхарт байрлах оффис дээр очиж охин Б.Быгаа уулзуулсан. Тухайн үед охиныгоо уулзуулахад 40.000.000 төгрөгийн 8 хувийн хүү 320.000 гаруй төгрөг хэрэгтэй гэхээр нь өгсөн байсан. Түүний дараа тэр орой нь Б.Бтай хамт Баянмонгол хорооллын бэлэн мөнгөний машин дээр очиж Б.Б өөрийн данснаас 20.000.000 төгрөгийг миний данс руу, 20.000.000 төгрөгийг нөхөр Б.Эрдэнэ-Очирын данс руу тус тус шилжүүлж авсан. Түүний дараа уг мөнгийг Баянмонгол хорооллын АТМ-ээс бэлнээр 2 хувааж авсан. Б.Эрдэнэ-Очирыг утсаар нь дуудаж Баянмонгол хорооллын АТМ дээр авч ирээд 20.000.000 төгрөгийг авахуулсан. 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бид нар өөрсдөө ажлынх нь оффис дээр очиж уулзаад “бид нар мөнгө төгрөгийг чинь өрөндөө өгчихсөн, эргүүлээд өгнө, түр хэд хоног хараач ээ” гэж хэлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа 2 айлын газрын бичгийг итгэмжлэхтэй нь оффис дээр нь өгсөн. Тэгсэн “ямар ч байсан мөнгө олж өг” гээд байсан. Тэгэхээр нь “та нар энэ газрын бичгийг түр барьцаалчихаа зээлийн гэрээний дагуу сар бүр мөнгө өгье, тохиръё” гэж хэлэхэд “үгүй” гээд байсан. Тэгээд Төв аймгийн нотариат дээр уг хүмүүстэй цуг очоод худалдан авах гэрээ хийсэн. ...” /Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Б.Бын гэрчээр өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Интернэтээс зар харж байгаад “Дансанд мөнгө байршуулна” гэсэн байхаар нь уг зарын дагуу ярьж байгаад очиж уулзсан. Би тухайн үед АНУ-руу явах гээд визний материал бүрдүүлж байсан юм. Тэгж визний материал бүрдүүлэхэд өөрийн дансандаа тодорхой хэмжээний мөнгө байршуулсан байх ёстой гээд байсан юм. Тийм болохоор би дансандаа мөнгө байршуулахаар тэр зарын дагуу С.Б гэх хүнтэй уулзсан. Би тэр хүнтэй Баруун 4 замын Баруто төвд ажлынх нь оффис дээр үдээс хойш 15-16 цагийн хооронд ирж уулзсан юм. Би С.Б гэх хүнд “Би АНУ руу явах гэж хөөцөлдөж байгаа юм, тэгсэн чинь дансанд мөнгө байршуулах хэрэгтэй гэж байна. Тийм болохоор дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй болоод байна” гэж хэлсэн. Тэгтэл С.Б гэх хүн хоногийн 0,8% хүүтэй гэж байсан. Би С.Бэс дээрх мөнгийг 1 хоногийн хугацаатай авахаар болоод иргэний үнэмлэх, гадаад паспортоо үлдээгээд хүүний мөнгө гэж 320.000 гаруй төгрөгийг тушаагаад тэр өдөртөө миний дансанд мөнгө орно гэж хэлсэн. ...Ээжид мөнгө орсон талаар хэлэхэд “гялс мөнгөө хэрэглэчихээд буцаагаад хийчихье” гэхээр нь мөнгийг бүтнээр нь ээжийн данс руу шилжүүлэх гэхэд болохгүй байхаар нь 20.000.000 төгрөгийг ээжийн данс руу шилжүүлээд үлдсэн 20.000.000 төгрөгийг нөхөр Б.Эрдэнэ-Очирын данс руу шилжүүлсэн. Би тэр үед нөхөртөө нарийн зүйл хэлээгүй. “Зүгээр мөнгө авч байгаа юм. Дансаар чинь авчихъя, тэгэх үү” гэж хэлээд нөхрийнхөө данс руу хийчихсэн юм. Манай нөхөр шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг бэлнээр банкнаас аваад манай ээжид өгсөн. Харин ээж тэр мөнгийг нь хүнд өгчихсөн. ...” /Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Я.Бгийн яллагдагчаар өгсөн “...Миний охин Б.Б Америк улсын визэнд орох гээд виз хөөцөлдөж байсан юм. Тэгээд манай охин дансанд мөнгө байршуулж банкны баталгаа гаргадаг хүмүүстэй уулзаад 2017 оны 6 дугаар сарын 12-нд өөрийнхөө дансанд 40.000.000 төгрөг байршуулаад авчихсан байсан ба 2017 оны 6 дугаар сарын 13-нд надад яаралтай мөнгөний хэрэг гараад би охины данснаас 20.000.000 төгрөгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлсэн ба манай охин Б.Б эхлээд нөхрийнхөө данс руу шилжүүлчихсэн байсан юм. Тэгээд уг 40.000.000 төгрөгийг нь би авчихсан юм. ...Мөнгөө үрчихсэн. Яг юунд зарцуулсан талаараа хэлмээргүй байна. Хохирлоо бүрэн барагдуулна. …Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад зайлшгүй мөнгөний хэрэгцээ гараад байхаар нь би ийм асуудал гаргалаа. ...” /Хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

 

Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би Америк улс руу явах гээд бичиг баримт цуглуулж хөөцөлдөж байсан юм. Тэгээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй гээд банкны баталгаа гаргана гэсэн зарын дагуу 80666655 дугаарын утсаар өөрийн 88977909 дугаараас залгаж яриад “Америк явах гэж байгаа юм. Дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна. Та дансанд мөнгө байршуулж өгдөг юм уу” гэж асуусан чинь “байршуулж өгнө. Байршуулж байгаа мөнгөн дүнгийнхээ 0.8 хувийг урьдчилж авдаг” гэсэн. Тэгээд “ирээд уулзчих” гэж байсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 12-нд баруун дөрвөн замын тэнд байх Барудо төв дотор очиж С.Бтэй уулзаад “40.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй байна” гэсэн чинь “0,8 хувийн хүү авдаг. Хүүгээ эхлээд өгдөг. Одоо өгөх мөнгө чинь бэлэн байна уу” гэхээр нь “мөнгө бэлэн байгаа” гэсэн чинь би 40.000.000 төгрөгийн 0.8 хувь нь 320.000 төгрөг болж байсан болохоор уг мөнгийг тэнд нь тушаагаад нэг анкетыг өөрийн гараар бөглөж өгсөн. Анкетаа бөглөчихөөд С.Бтэй хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нарантуул зочид буудлын хажуу талын Хаан банк руу ороод миний дансанд 40.000.000 төгрөг хийсэн. 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр данснаасаа унааны мөнгө авах гээд үзсэн чинь 40.000.000 төгрөг нь байсан ба ээжтэй хамт явж байсан болохоор ээжид мөнгөний хэрэг болоод байсан учир эндээс нь аваад хэрэглэчихье гэж бодоод ээж Я.Бгийн данс руу 20.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Уг нь ээж рүү 40.000.000 төгрөг шилжүүлэх ёстой байсан чинь 20.000.000 төгрөгөөс дээшээ шилжүүлж болохгүй байхаар нь нөхөр Б.Эрдэнэ-Очирын данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Эрдэнэ-Очирыг дуудаад данснаас нь 20.000.000 төгрөгөө аваад ээжид өгсөн. Манай ээж уг 40.000.000 төгрөгийг яасныг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Б.Эрдэнэ-Очир бол Америкт үсчиний ажил хийдэггүй юм. ...Би визэнд огт ороогүй байсан. ...” /Хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Я.Б, З.Эрдэнэ-Очир, Б.Б нарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /Хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Я.Б нь “үнэгүй.мн” зарын сайтаас АНУ-ын виз гаргахад банкны баталгаа гаргаж өгнө гэсэн зарыг олж, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн охин Б.Быг хохирогч С.Бтэй уулзуулж, улмаар 40.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй авхуулж, Б.Бын дансанд байршуулсны дараа уг мөнгийг авч, хувийн хэрэгцээндээ ашиглажээ.

Я.Б, Б.Б нар нь анхнаасаа, АНУ-ын виз гаргуулахаар дансанд мөнгө байршуулах нэрийдлээр хохирогч С.Бэс 40.000.000 төгрөг авч ашиглах зорилготой байсан байдал тогтоогдсон байна.

Я.Б, Б.Б нарын дээрх үйлдлийг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Я.Б, Б.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Я.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон ял оногдуулж шийдвэрлэсэн байна.           

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд, шүүгдэгч Я.Б, Б.Б нараас 33.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч С.Бд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Я.Бгийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь давж заалдах шатны шүүхэд дээрх хохирлыг төлж барагдуулсан баримт, түүнчлэн хохирогч С.Бат-Эрдэнийн бичгийн хэлбэрээр үйлдсэн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримтыг тус тус гарган өгснийг давж заалдах шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байна.

Иймд Я.Бгийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан тйүүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хүлээн авч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.