Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0269

 

 

 

“АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч АМГТГ-ын КХ-,

Нэхэмжлэлийн шаардлага: “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Туяацэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0751/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “АМ” ХХК нь АМГТГ-ын КХ-ийн даргад холбогдуулан “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, 19.6.2 дахь заалт, 19.7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн гаргасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, АМГТГ-ын КХ-ийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “...хууль бус захиргааны акт байна...” гэх хууль бус дүгнэлтийг хийснээс биш хууль зүйн дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй үүргийг хамааруулан зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан шаардлагад нийцээгүй.

3.2. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр өргөдлийн эрхийг сэргээснээс хойш 1 жил 4 сарын дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг гаргасан байдаг. “АМ” ХХК-иас өргөдөл, түүнд холбоотой баримт материалыг шинэчлэн гаргуулж Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу холбогдох гурван байгууллагаас тус тус санал авахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/2856 тоот, Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1499 тоот, Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/455 тоот албан бичгээр Цөмийн энергийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул санал өгөх боломжгүй, дахин материал ирүүлэхийг мэдэгдэн манай газарт ирүүлсэн.

3.3. Үүний дагуу “АМ” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5405 тоот бичгээр өргөдлийн материалыг дахин шинэчлэн ирүүлэхийг мэдэгдснээс хойш “АМ” ХХК нь өргөдөл, холбогдох материалыг шинэчлэн гаргаж өгөөгүйг шалгаж тогтоох хуульд заасан ажиллагааг анхан шатны шүүх огт хийгээгүй.

3.4. Шүүхийн шийдвэрийн 9 дэх талын 5 дахь хэсэгт “... хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч АМГТГ-ын КХ-ийн дарга маргаж буй 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалтад заасан ажиллагааг бүрэн хийгээгүй атлаа нэхэмжлэгч “АМ” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ...” гэж үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байх бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үүргээ “АМ” ХХК бүрэн биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг, төрийн захиргааны байгууллагыг хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

3.5. Анхан шатны шүүх “АМ” ХХК-ийг Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд энэ талаар огт дурдаагүй бөгөөд зөвхөн Төрийн захиргааны байгууллагыг илтэд буруутгах гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

3.6. Мөн тус шүүх нь Төрийн захиргааны байгууллага Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу холбогдох байгууллагуудад санал авахаар хүргүүлсэн “Адамас майнинг” ХХК-ийн 2015 оны цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл холбогдох материал болон 2020 онд тус компанийн цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл холбогдох материалуудыг харьцуулж нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй.

Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “АМ” ХХК АМГТГ-ын КХ-ийн даргад холбогдуулан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.1. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар сумдын Эрхэт овоот толгой нэртэй талбайд ашигт малтмалын ХВ-003367 дугаартай тусгай зөвшөөрлийг “АМ” ХХК-д нь шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

2.2. Улмаар нэхэмжлэгчээс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар уг өргөдлийг NM-025560 дугаарт бүртгэн авч Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авахад дэмжээгүй санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн, тус компани уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 247 дугаар тогтоолоор Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, өргөдлийн эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

2.3. Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанийн өргөдлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байх ба 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

2.4. Хариуцагчаас нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан маргаан бүхий 165 дугаар шийдвэрт холбогдох байгууллагуудаас санал авахад .. санал өгөх боломжгүй, материал дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй гэх хариу ирүүлсэн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж шийдвэрлэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл эрх бүхий байгуулагууд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн нэгжид Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.7 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн дүүрэн хийхийг хүссэн, түүний дараа санал өгөх боломжтой гэсэн агуулгаар хариу өгсөн нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын   ... Цөмийн энергийн комиссын .... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ... албан бичгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүх хариуцагчаас маргаан бүхий 165 дугаар шийдвэрт “эдгээр байгууллагаас санал өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн гэж татгалзсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

2.5. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өргөдлийг хүлээн аваад дараахь ажиллагааг явуулна”, 19.7-д “Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хувьд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6-д заасан ажиллагаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 26.2-т заасан ажиллагааг явуулна” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь дээр дурдсан Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс, мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал авахаас өмнө нэхэмжлэгчид хандаж, өргөдөл, түүнд холбогдох баримтыг шинэчлэн гаргуулах боломж олгоогүй, дурдсан байгууллагуудаас санал авахаар хандсаны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл материалыг шинэчлэн ирүүлэх талаар албан бичгээр хандсан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн өргөдлийн эрхийг сэргээж шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээ хэлбэрийн төдий гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

2.6. Түүнчлэн нэхэмжлэгч “АМ” ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/17 дугаар албан бичгээр “... мэдэгдэлд дурдсан мэдээллийг шинэчлэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны дотор хүргүүлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ ... хатуу хорио цээрийн дэглэм, ... хууль эрх зүйн зөрчилтэй асуудлыг нэг мөр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг анхааралдаа авч, өргөдлийн шийдвэрлэлтийг түр хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү” гэх албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн байх боловч хариуцагчаас энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

2.7. Ийнхүү хариуцагч нь Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах” гэж заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу цаг хугацааны хувьд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5405 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “АМ” ХХК-д “өргөдлийг шинэчлэн ирүүлэх тухай” албан бичгийг илгээсэн байх боловч уг бичгийг явуулахаасаа өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4244 дүгээр албан бичгээр Цөмийн энергийн комисст, мөн өдрийн 8/4245 дугаар албан бичгээр Тагнуулын ерөнхий газарт, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8/4246 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан санал авахаар хандсан, улмаар уг байгууллагуудаас “... материал дутуу, санал өгөх боломжгүй, ... Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т заасны дагуу холбогдох ажиллагааг явуулсны дараа санал авахаар ирүүлж байна уу ... хуульд заасан холбогдох шаардлагуудыг хангасан эсэхийг нягталж хууль, журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэх зэрэг хариу өгсөн байхад тус газруудаас “санал өгөх боломжгүй, материал дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй гэх хариу ирүүлсэн ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “АМ” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан харуицагчийн шийдвэр үндэслэлгүй, хариуцагчийн тус шийдвэрийг анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасантай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ