Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0030

 

 

 

                                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:АААААА/,                                           

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нарын хооронд үүссэн цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Д, Гурванзагал сумдын нутаг “Э о т” нэртэй 39942 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 3******* тоот тусгай зөвшөөрлийг иргэн Б.Уд анх олгож, 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “А” ХХК-д шилжүүлсэн.[1]

2.2. “А” ХХК нь уг талбайдаа цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан.

2.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн дээрх хүсэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.[2]

2.4. Уг татгалзсан шийдвэрийн эсрэг “А” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.[3]

2.5. Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 247 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.[4]

2.6. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5405 тоотоор[5] нэхэмжлэгч “А” ХХК руу “Өргөдлийн материал шинэчлэн ирүүлэх тухай” албан бичгийг илгээсэн.

2.7. Дээрх албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсны дараа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/17 тоотоор[6] “... танай мэдэгдэлд дурдсан мэдээллийг шинэчлэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны дотор хүргүүлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ ... хатуу хорио цээрийн дэглэм, ... хууль, эрх зүйн зөрчилтэй асуудлыг нэг мөр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг анхааралдаа авч, өргөдлийн шийдвэрлэлтийг түр хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү” гэх агуулгатай албан бичгийг хариуцагч руу явуулсан.

2.8. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч рүү дээр дурдсан 8/5405 тоот албан бичгийг явуулахаас өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4244 тоот албан бичгээр Цөмийн энергийн комисс руу, мөн өдрийн 8/4245 тоот албан бичгээр Тагнуулын ерөнхий газар руу, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8/4246 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу тус тус Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт зааснаар санал авахаар хандсан.

2.9. Дээр дурдсан “Санал авах тухай” албан тоотуудын хариуд Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/455 тоот албан бичгээр[7] өргөдлийн материалыг буцаасан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/2856 тоот албан бичгээр[8] “... баримт бичгийн бүрдүүлэлт дутуу тул санал өгөх боломжгүй байна ... Цаашид танай байгууллага Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т ... заасны дагуу холбогдох ажиллагааг явуулсны дараагаар санал авахаар ирүүлж байна уу” гэсэн хариу өгсөн, Тагнуулын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1499 тоот албан бичгээр[9] “... Цөмийн энергийн тухай хуульд заасан холбогдох шаардлагуудыг хангасан эсэхийг нягталж хууль, журмын дагуу шийдв*******э үү” гэсэн хариу өгсөн.

2.10. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “А” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.[10]

2.11. Энэхүү татгалзсан шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8/2403 тоот албан бичгээр[11] “А” ХХК-д мэдэгдсэн.

2.12. Уг мэдэгдлийг нэхэмжлэгч “А” ХХК хүлээн аваад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот албан бичгээр[12] Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан.

2.13. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/3195 тоот албан бичгээр[13] дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй тухай хариуг өгсөн.

2.14. “А” ХХК нь дээрх албан бичгийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гардан авч[14], улмаар тус шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу “А” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 3******* тоот "Э*******" хайгуулын талбайд ашигт малтмал олборлох цацраг идэвхт бодис ашиглах зөвшөөрлийг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Өргөдлийг өмнө нь хүлээж авахаас татгалзсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын хуралдаанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг хүчингүй болгосон. Цөмийн энергийн комиссыг хууль бус гэж зарласан. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Цөмийн энергийн хороонд шилжүүлж шийдвэрийг хүчингүй болгосон.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу кадастрын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өргөдөл сунгах тухай албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлэхээр 2015 онд ирүүлсэн өргөдөл болон холбогдох баримт бичгүүдийг шинэчлэн тогтоож, хүсэлтийг сэргээсэн. Цар тахалтай үед хорио цээрийн дэглэм буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хөдөө орон нутагт ажиллах, хээрийн судалгаа хийх боломжгүй байгаа тул шинэчлэх боломжгүй байгааг тайлбарлаж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх зүйн байдал Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчигдөж байгаа тул хууль бус нөхцөл байдал үүстэл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн.

Гэтэл кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, этгээд заавал биелүүлэх бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр, хуулийн этгээд, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, өмнө нь маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн дээд шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн шийдвэр хэрэгжээгүй. Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/455 тоот өргөдлийн материалыг буцаан олгох тухай албан бичигт эдгээр баримт бичгийг шинэчлэх, баталгаажуулах боломж олгоогүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д мөн хуулийн 24 дүгээр зүйлд тухайн захиргааны байгууллагад нөхцөл байдлыг тодорхойлох үүрэг хүлээсэн, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотой бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоох, захиргааны байгууллага нь шаардлагатай арга хэмжээ авах, заасан бодит нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй. Чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тухайн захиргааны байгууллага нарийвчилсан шинжилгээ хийж, тогтоох үүрэгтэй. Захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар, гомдлыг хүлээн авахаас татгалзах ёсгүй.

Түүнчлэн Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас санал авахаар ирүүлсэн баримт бичгүүдийг 2015 онд боловсруулж, түүнээс хойш төрийн захиргааны чиг үүрэгт өөрчлөлт орж, цацрагийн аюулгүй байдлын стандартыг шинээр баталж, шинэчлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, баримт бичгийг шинэчлэн боловсруулж, Цөмийн энергийн комиссоор хэлэлцүүлэх шаардлагатай гэж заасан. Нөгөөтээгүүр, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийн дагуу Цөмийн энергийн комисс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, энэ асуудлыг эцэслэн хянан шийдвэрлэж, 06 дугаар тогтоол гаргасан. Цөмийн энергийн тухай хуулийн 19.6, 19.7-д заасан журмыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар Х.Х*******д үүрэг болгосон байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэхийн өмнө хуульд заасан бүх үйл ажиллагаа дууссаны дараа өргөдлийг хэлэлцэнэ гэж хүсэлт гаргагчид өргөдлийн бичиг баримтыг бүрдүүлж, өөрчлөгдсөн хууль тогтоомжийг тусгах боломжийг олгохыг Цөмийн энергийн хорооноос даалгасан.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д “Тусгай зөвшөөрөл олгох байгууллага нь үйл ажиллагааны онцлогийг харгалзан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдв*******э. Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/17 тоот албан бичиг илгээж, дэлхий нийтийг хамарсан тахлын хорио цээрийн дэглэм буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын хэмжээнд хатуу хорио цээрийн дэглэм тогтоосон үетэй давхцаж байна.Гэтэл Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсанаар Цөмийн энергийн комиссын тогтоолоор өгсөн чиглэл, даалгаврыг үл тоон хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд геологи, уул уурхай, түүний дотор 11 дүгээр зүйлийн 11.1.9-д уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх гэж заасан байдаг.  Ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг тухайн захиргааны байгууллагад Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу уул уурхайн асуудал эрхэлсэн нэгж хариуцна гэж үзэж байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны акт, захиргааны гэрээ байгуулах эрх, захиргааны шийдвэр гаргах боломжийг олгоно. Цөмийн энергийн комисс нь Цөмийн энергийн комиссоос хүсэлтийн бичгийн хариуд өгсөн чиглэлийн дагуу өргөдлийг шинэчлэх шаардлагатай байгаа тухай, өргөдөл гаргагчийн хүсэлтээс хойш 20 хоногийн дотор Цөмийн энергийн комисст мэдэгдэх бөгөөд үүнд хорио цээрийн хугацаа харгалзахгүйгээр шууд өргөдөл гаргахаас татгалзсан. Харин Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох саналыг Цөмийн энергийн хороо, Тагнуулын ерөнхий газар,  мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Ашигт малтмалын тухай хуулийн 11.9-д зааснаар кадастрын боловсон хүчин нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус газраас Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуультай холбоотой асуудлаар “Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу хандсан.

Шаардлагатай тохиолдолд Захиргаа ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу компанийн хүсэлтээр хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зүйн байдлыг алдагдуулахгүй байх боломжтой байсан. Тус компани Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэрийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны дээд байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан ч хүлээж аваагүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Цөмийн энергийн тухай хуулийн 19.6 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өргөдлийг хүлээн аваад дараах ажиллагааг явуулна, 19.6.2 дахь хэсэгт өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах гэж заасан хэрвээ ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол энэ хуулийн 19.6 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хянаарай гэж байгаа юм. Мөн хуулийн 29 дүгээр зүйлээс 26.2 дугаар зүйлийг заасан үйл ажиллагаа хянаарай гэж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсэж болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг тодруулаарай гэж байгаа юм. Энэ нь тухайн ашигт малтмалыг олборлох нь экологийн хувьд байгаль орчныг нөхөн сэргээхэд боломжтой юу гэдэг асуудлыг тодруулахын тулд техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчныг үнэлэх байдлын үнэлгээг эцсийн байдлаар боловсруулсны дараа үнэлэлт дүгнэлт гаргах боломж байгаа юм.

Гэтэл кадастрын албаны дарга өргөдлийн хугацаа дууслаа гээд цуцлаад байгаа юм. Өргөдлийн хугацаа яагаад дууссан гэдэг асуудал яриад байна вэ, гэхээр Цөмийн энергийн комиссын тухай хуульд заасан заалтыг яриад байгаа юм. Үүнд 6-12 сарын дотор шийдв*******э гэсэн заалт байгаа юм. Энэхүү заалт нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл холбогдох бусад баримтыг хянан үзээд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг үйл ажиллагааны онцлогийг нь харгалзаад 6-12 сарын дотор шийдв*******э гэж байгаа. Бүх бичиг баримт бүрдсэний дараа 6-12 сарын дотор шийдвэрлэх эрх нь өөрт нь олгогдож байгаа юм. Гэтэл энэ эрхийг өргөдлийг шийдвэрлэх хугацаа нь 6-12 сар байна гэж ойлгоод байгаа юм. Байгаль орчныг нөхөн сэргээхэд боломжтой эсэхийг харахын тулд техник эдийн засгийн үндэслэлийг харах ёстой, байгаль орчны үнэлгээг хийлгэсний дараа шийдвэрээ гаргах юм байна гэж хуулийн талаас нь харж байна. Энэ хуулийн шаардлагын биелүүлэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдоод байгаа юм.

... Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлье гэдэг санаачилга цөмийн энергийн комисст байна. Хүмүүсийн материалыг явуулахдаа бүрэн явуулбал хэлэлцээд явна, үүнийгээ даалгавар болгоод яваад байгаа юм. Улсын Дээд Шүүхийн шийдвэрийн дагуу өргөдлийг сэргээгээд сэргээсний дагуу энэхүү материалууд нь хуучирсан учраас шинэчлээд явуулаарай гээд албан бичиг мэдэгдлээ өгөөгүй байж шууд нөгөө материал дээрээ дахин санал аваад, буцаагаад цуцалж байгаа нь төрийн байгууллага иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг үл тоомсорлосон байна гэж хараад байгаа юм. 2015 оны материал хуучирсан байна. Энэ хугацаанд хууль тогтоомж нэлээн солигдлоо, үүнийг шинэчил гэсэн бол хийх байсан. Цар тахлын нөхцөл байдал хөл хорио тогтоогоод үйл ажиллагаа явуулахад хэцүү байсан. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үйл ажиллагааг тодорхой хугацаагаар сунгаж тэр нөхцөл байдал арилж боломж олгох боломжтой юм болов уу, гэж харж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26.2 дахь заалт чухал заалт тодруулах зүйл дотор нь байгаа юм. Иймд Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг биелэх боломжийг хангаж өгнө үү, хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ю.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна.” гэжээ.

3.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8/5124 дугаартай шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: “... Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Анх Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар сумдын Эрхт овоот толгой нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр иргэн Бямбажавын Уянгад олгож, мөн даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр “А” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ.

Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал сумдын нутагт орших Эрхэт овоо нэртэй цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл ирүүлснийг өргөдлийн NM-025560 дугаарт бүртгэн авч Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авахад дэмжээгүй санал ирүүлсэн тул Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр цацраг идэвхт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

 "А" ХХК нь дээр дурдсан 324 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0120 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 247 дугаар тогтоолоор Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, өргөдлийн эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлж Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр дээр дурдсан өргөдлийн эрхийг сэргээж Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу холбогдох гурван байгууллагаас тус тус санал авахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/2856 тоот, тагнуулын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1499 тоот, Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/455 тоот албан бичгээр Цөмийн энергийн тухай хуулийн 17, 19 дүгээр өгөх боломжгүй, дахин материал ирүүлэхийг мэдэгдэн манай газарт ирүүлсэн.

Үүний дагуу А ХХК-д Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5405 тоот бичгээр өргөдлийн материалыг дахин шинэчлэн ирүүлэхийг мэдэгдсэн.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д "Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзээд тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан энэ хуулийн 15.1, 15.2.2 , 15.2.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сар, энэ хуулийн 15.2.1, 15.3.1, 15.3.2, 15.3.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1-3 сарын дотор, энэ хуулийн 15.3.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-14 хоногийн дотор шийдв*******э" гэж заасны шийдвэрлэх хугацаа дуусгавар болсон байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл заасан баримт бичиг шаардлага хангаагүй, бүрдүүлбэр дутуу баримт бичгийг дахин ирүүлээгүй тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны 01/2156 дугаартай баримт бичгээр “А” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд өөрийнхөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мэргэжлийн хяналт, цөмийн энергийн бичгээр тогтоогддог. Боловсон хүчний талаар эрх бүхий байгууллагаас материал шинэчилж өгөхгүй байгаатай холбоотой эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт хийсэн. 2015 онд бүрдүүлж өгсөн материалд дурдагдсан боловсон хүчингүүд тухайн аж ахуйн нэгж дээр бүртгэлгүй ажиллаагүй байсан. “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар тогтоогдож байна. “А” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа нь төрийн захиргааны байгууллагын буруу бол биш. “А” ХХК нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд байгаа процесс юм. Хэрвээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авах гэж байгаа бол “А” ХХК нь өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх ёстой. Манай байгууллагаас хангалттай хугацаа гаргаж өгсөн. 2020 оны 12 дугаар сард мэдэгдэл өгөөд түүнээс хойш 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нэг ч үйлдэл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өргөдлийг хүлээн аваад дараахь ажиллагааг явуулна:” гээд мөн зүйлийн 19.6.2 дахь заалтад “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах.” гэж заажээ.

2. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт “Энэ хуулийн ... 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хувьд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6-д заасан ажиллагаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 26.2-т заасан ажиллагааг явуулна.” гэж зохицуулжээ.

3. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “... энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, ... тус тус санал авсан байна.” гэжээ.

4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд хуулийн этгээдийн зүгээс цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн нэгж хүлээн авсны дараа өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Цөмийн энергийн хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах ажиллагааг явуулах, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, тухайн өргөдөл, түүнд хавсаргасан баримт материал нь дээр дурдсан хуулийн шаардлагуудыг хангасан байвал Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт дурдсан гурван байгууллагаас санал авахаар хүргүүлэх учиртай байна.

5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга маргаж буй 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалтад заасан ажиллагааг бүрэн хийгээгүй атлаа нэхэмжлэгч “А” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

6. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “... Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан байгууллагуудаас санал авахад Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал өгөх боломжгүй, материал дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй гэх хариу ирүүлсэн тул “А” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэх боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Тагнуулын ерөнхий газраас санал өгөх боломжгүй гээгүй, харин “... Цөмийн энергийн тухай хуульд заасан холбогдох шаардлагуудыг хангасан эсэхийг нягталж ... шийдв*******э үү”[15] гэсэн, Цөмийн энергийн комиссоос мөн санал өгөх боломжгүй гээгүй, харин Цөмийн энергийн комиссын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар “Чиглэл өгөх тухай” тогтоолыг хэрэгжүүлж, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.7 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэт хийсний дараа холбогдох баримт материалыг Цөмийн энергийн комисст ирүүлэх нь зүйтэй гэдэг агуулгаар өргөдлийн материалыг буцаасан[16], Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мөн дээрхтэй адил агуулгаар буюу “... Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т ... заасны дагуу холбогдох ажиллагааг явуулсны дараагаар санал авахаар ирүүлж байна уу” гэсэн хариу өгсөн[17] болох нь тогтоогдож байна.

7. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан холбогдох эрх бүхий байгууллагууд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн нэгжид Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.7 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн дүүрэн хийхийг хүсч, түүний дараа санал өгөх агуулгаар хандсан байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга маргаж буй 165 дугаартай шийдвэртээ эдгээр байгууллагаас “санал өгөх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн гэсэн нь үндэслэлгүй болжээ.

8. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.7 дахь хэсэгт зааснаар цаг хугацааны хувьд хариуцагч нь дээрх гурван байгууллагаас санал авахаас өмнө нэхэмжлэгч “А” ХХК-д хандан өргөдөл, түүнд холбоотой баримт материалыг шинэчлэн гаргуулах боломж олгох ёстой атал дээрх гурван байгууллагаас санал авахаар хандсаны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл материал шинэчлэн ирүүлэх талаар албан бичиг явуулсан нь хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

9. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн  нэгж нь Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.7 дахь хэсэгт заасан ажиллагааг эхэлж хийсний дараа өргөдөл, түүнд хавсаргасан баримт материалууд шинэчлэгдсэн гэж үзвэл мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт зааснаар холбогдох байгууллагуудаас санал авахаар хандах учиртай байжээ.

10. Энэ талаар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/455 тоот албан бичиг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/2856 тоот албан бичигт тодорхой заасан байгааг дурдах нь зүйтэй.

11. Тиймээс дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгч компани руу өргөдөлд хавсаргасан баримт материалаа шинэчлэх талаар хандсан боловч нэхэмжлэгч өөрөө баримт материалаа шинэчилж өгөхгүй байсан” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.

12. Нэгэнт хариуцагч нь Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалтад заасан чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, мөн зүйлийн 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар маргаж буй 165 дугаартай шийдвэр нь хууль бус захиргааны акт байна гэж шүүх дүгнэлээ.

13. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, 19.6.2 дахь заалт, 19.7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн /цаашид “1Хх” гэх/ 48 дахь тал

[2] 1Хх 54 дэх тал

[3] 1Хх 33-55 дахь тал

[4] 1Хх 56-61 дэх тал

[5] 1Хх 79 дэх тал

[6] 1Хх 136, 2-р хавтаст хэргийн /цаашид “2Хх” гэх/ 129-130 дахь тал

[7] 1Хх 87-88 дахь тал

[8] 1Хх 74-75 дахь тал

[9] 1Хх 82 дахь тал

[10] 1Хх 133 дахь тал

[11] 1Хх 134 дэх тал

[12] 1Хх 18-20 дахь тал

[13] 1Хх 21-22 дахь тал

[14] 1Хх 9-11 дэх тал

[15] 1Хх 82 дахь тал

[16] 1Хх 87-88 дахь тал

[17] 1Хх 74-75 дахь тал