Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0271

 

 

     

П.С-ийннэхэмжлэлтэй,

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч П.С-

Нэхэмжлэлийн шаардлага: “Н-ийн ЗД-ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/758 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.С-,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0886/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.С- нь Н-ийн ЗД-д холбогдуулан “Н-ийн ЗД-ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/758 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан Н-ийн ЗД-ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/758 дугаар захирамжийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж, 3 дахь заалтаар:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэгдүгээрт, шүүх хурал дээр хуулийн дагуу миний ярьсан зүйлийг анхааралдаа авч шинжлэн судлаагүй, уг шүүх хурлын шийдвэрт ч тусгаагаагүй байна. Тухайлбал, Н-ийн ЗД- 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А/758 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно” гэснийг тус тус үндэслэсэн нь хууль бус байна.

3.2. Учир нь Газрын тухай хуулийн 39 дүгээр 39.1.4 дэх заалт нь Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй заалт юм. Тэгээд ч газрын гэрчилгээний хугацаа дуусах болоогүй, гэрчилгээ хүчинтэй хэвээр байсан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд Засаг дарга газар эзэмших эрхийг дуусгавар болгоно гэсэн заалт байхгүй. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Н-ийн ЗД- газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй гэж заасан боловч Газрын тухай хууль тогтоомжид заасан тухайн эзэмшил газрын 2 жилийн хугацаа ч дуусаагүй байсан. Иймээс Н-ийн ЗД-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/758 дугаар захирамж нь агуулгын алдаатай хууль бус байна.

3.3. Өөрөөр хэлбэл, Н-ийн ЗД- нь “газар эзэмших эрхийг дуусгавар болгох” гэсэн хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн нь хууль бус байна. Мөн төрийн байгууллага, төрийн албан тушаалтан хуульд заагаагүй үйлдлийг хийснээрээ хууль бус болдог. Тэгэхээр захирамжийн үндэслэл нь бас хууль бус байна гэж би шүүх хурал дээр хэлсэн боловч шүүгч үүнийг тоож ч үзээгүй, шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт ч бичээгүй байна. Түүнчлэн газрын гэрчилгээг хүчингүй болгох хугацааг тооцоход баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн заалтуудыг хэлсэн боловч мөн л шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

3.4. Хоёрдугаарт, манай эзэмшлийн газар дээр хөрөнгө оруулалт хийж хамтарч барилга барихаар гэрээ хийсэн “Их азар” ХХК-ийн захирал Ц.Алтансүхээс авсан гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, түүнд ач холбогдол өгөөгүй байна.

3.5. Гуравдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, эрх мэдлээ хэтрүүлж гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл өгсөн болохоос биш уг хууль бус актын үйлчлэлийг түдгэлзүүлж өгөөч гэсэн нэхэмжлэл өгөөгүй.

3.6. Дөрөвдүгээрт, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболд болон нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөс “Хадан- Ус” ХХК-ийн эзэмшил газартай холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөлөөлөгч Б.Т, гэрч Ш.Э нарын өгсөн тайлбар, хариуцагчийн бүрэн эрхэд хэт ач холбогдол өгсөн байна. Учир нь “Хадан-Ус” ХХК-тай холбоотойгоор ирүүлсэн албан бичиг болон гэрчийн мэдүүлэг манай газрын маргаан бүхий захиргааны актыг шийдвэрлэхэд хамаатуулж, ач холбогдол өгснийг шүүгчийн ёс зүйн асуудал гэж ойлгогдохоор байна.

3.7. Тавдугаарт, анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дараах зүйлийг тусгах шаардлагатай байсан. Үүнд: 3ахиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн “24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэснийг Н-ийн ЗД- 2021 оны А/758 дугаар захирамжийг гаргахдаа зөрчсөн байна.

3.8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газрын гэрчилгээг Н-ийн ЗД- хүчингүй болгоно гэж заасан бөгөөд харин “газар эзэмших эрхийг дуусгавар болгоно” гэсэн эрх байхгүй байгаагаас үзэхэд маргаан бүхий актын “газар эзэмших эрхийг дуусгавар болгох” гэсэн хэсэг нь хуулиас давсан үйлдэл болсон байна.

3.9. Уг газрыг П.С-д эзэмшүүлэх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2008 онд гаргсан байна. Дүүргийн засаг даргийн шийдвэртэй газар дээр барилга барих зөвшөөрөл олгодоггүй тул 2011 онд уг газрыг дуудлага худалдаагаар иргэн П.С- нь авч түүнд уг газрыг нийслэлийн Засаг даргийн захирамжаар эзэмшүүлсэн байна. 2015, 2018 онуудад тухайн газрыг эзэмших эрхийг захиргааны байгууллага хууль тогтоомжийн дагуу сунгасан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шинчлэн олгож гэрээг хийсэн байна.

3.10. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.5-д “Газар эзэмших гэрээнд газар эзэмшүүлэх хугацааг тусгана”, 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна” гэж тус тус зааснаас үзэхэд газар эзэмших хугацааг газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд бичигдсэн он, сар, өдрөөс эхлэн тоолохоор байна.

3.11. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажпын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.3-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, ... эхлэн тоолно”, 33.4-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна”, 33.5-д “Үүргийг захиргааны байгууллага гүйцэтгэх бол зохих журмаар тогтоосон тухайн байгууллагын ажлын өдөр дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд П.С-ийнгазар эзэмших гэрээнд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байсан нь тодорхой байна.

3.12. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан /хариуцагч тал шүүх хуралдааныг ялихгүй шалтгаанаар 6 удаа хойшлуулсан/ төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтны талд үйлчилсэн шийдвэр байх тул уг шүүхийн шийдвэрийг давж заалдаж байна.

3.13. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ гарсан. Уг гэрчилгээ гарсан огноог харвал шууд утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 33-р зүйлд зааснаар хугацааг тодорхойлбол захирамжийн үндэс болгоод байгаа 2 жил дуусаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан. Уг гэрээнд 2 жил гэдэг тодорхой тусгаж өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас 2 жил дуусаагүй гэдэг нь тодорхой харагдна.

3.14. Сонсох ажиллагааг хийхгүй байх талаар Захиргааны ерөнхий хуулийн 28-р зүйлд зааж өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/758 дугаартай захирамжид дурдсан 28-р зүйлд хамаарагдахгүй. Харин 26.1, 26.2, 27.4, 27.5, 27.6, 27.7-д сонсох ажиллагааг явуулах, оролцогчийг сонсох зохицуулалт байна.

3.15. Хариуцагчийн зүгээс буюу Засаг даргийн хувьд эдгээр хуулийн заалтуудыг зөрчисөн. Учир нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлэх албан тоот гаргасан. Энэ мэдэгдэх хуудсыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны дөр шууданд хийсэн. Энэ шуудангийн тамгаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг /сонсох ажилгаатай холбоотой/ 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн. Харин уг асуудлыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн. Энэ нь бүртгэл хяналтын картаар нотлогдоно.

3.16. Нэхэмжлэгчийн газраа ашиглах гээд “Их азар” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байсныг анхан шатны шүүх огт дүгнээгүй. “Хадан Ус” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, хараа хяналтгүйн улмаас хүмүүс ихээр цугларч архидан согтуурч гэмт хэрэг гарах нөхцөл бий болж байна гэж иргэд үзлээ гэсэн нэхэмжлэгчийн газарт огт хамаагүй, мөн ямарч үндэслэлгүй буюу нотлох баримтгүй зүйлийг анхан шатны шүүх үндэсэлэл болгосон.

3.17. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэх нь” гэсний 1 дэх хэсгийг “... дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.С-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэж, “тогтоох нь” гэсний 1 дэх заалтыг “...Н-ийн ЗД-ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон Н-ийн ЗД-ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/758 дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Н-ийн ЗД-ас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/758 дугаар захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н-ийн ЗД-ын 2018 оны А/255 дугаар захирамжаар газар эзэмшигч ... нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч П.С-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... уг газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн ... өнгөрсөн 2 жилийн хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох гоц халварт ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас  буюу газрыг ашиглах боломжгүй байсан ... үүнийг мэдсээр байж 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй, хариуцагч захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй ... мэдэгдээгүй ...газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан 2019 оны 11 дүгээр сараас хойш тооцоход 2 жил хүрээгүй байсан ... ” гэх зэрэг үндэслэлээр маргасан байна.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Н-ийн ЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар хавсралтад заасан нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байх бөгөөд хавсралтын 29-т иргэн П.С-ийн324 м.кв газар багтсан, уг захирамжийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, иргэн П.С-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 000049998 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, хэргийн оролцогчид уг үйл баримтуудтай маргаагүй байна.

3.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

3.3. Хариуцагч маргаан бүхий актаар Н-ийн ЗД-ын “2018 оны А/255 дугаар захирамжаар газар эзэмшигч нь ...” гэж зааснаас үзвэл газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн 2018 оноос тооцож, нэхэмжлэгчийн газар эзэмшсэн хугацааг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн байна.

3.4. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид 000049998 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон, газар эзэмшүүлэх гэрээг мөн өдөр байгуулсан атлаа газар эзэмших гэрчилгээ олгож гэрээ байгуулсан тус хугацаанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад түүний газар эзэмших эрхийг “2 жилийн хугацаанд ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “… нийслэл, ... ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай тус тус нийцээгүй, хууль бус, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдсөн байна.

3.5. Түүнчлэн хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/758 дугаар захирамжийг гаргахаас 4 хоногийн өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/6168 дугаар “... нэгж талбарын 1840/0060 дугаар бүхий 324 м.кв ... газрыг ... зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүйгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдье ... тайлбар, санал ирүүлэх тохиолдолд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандана уу” гэх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг иргэн П.С-д хаяглан гаргасан, уг албан бичгийн доод хэсэгт нэхэмжлэгч 10 дугаар сарын 12-нд хүлээн авсан талаар тэмдэглэгдсэн, үүнтэй хариуцагч маргаагүй байна.

3.6. Хариуцагч нь дээрх албан бичгээр нэхэмжлэгчид түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсон талаар мэдэгдэж, тайлбар, санал ирүүлэх мэдэгдлийг маргаан бүхий акт гарсны дараа гардуулсан, тайлбар санал гаргах хугацааг заасан атлаа уг хугацаанаас 5 хоногийн өмнө маргаан бүхий шийдвэрээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасантай мөн нийцээгүй, хууль бус байна.

3.7. Эдгээр үндэслэлээр нэгэнт хариуцагчийн шийдвэр хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н-ийн ЗД-ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/758 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

3.8. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийх боломжтой байсан байх бөгөөд нэгэнт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгүүлэхээр буюу сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийлгүүлэхээр улмаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг тоглоомын талбай барих, эсхүл нэхэмжлэгчтэй тохиролцон хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай бүхий орон сууц бариулах эсэхийг шийдвэрлүүлэхээр дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн хариуцагч нь 2018 онд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахдаа анх олгосон хугацаанаас тооцож Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгах, энэ талаар шийдвэр гаргах боломжтой байсан ч энэ талаар шийдвэр гаргаагүй, харин ч газар эзэмших эрхийг нь сунгасан атлаа сунгасан хугацаанаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байхад 2 жил ашиглаагүй гэж үзсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг сонсох ажиллагаа хийж тодруулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, хууль бус байх тул шүүх алдаагаа засах боломжийг хариуцагчид олгох шаардлагатай гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.С-гаас Н-ийн ЗД-д холбогдуулан гаргасан  “Н-ийн ЗД-ын  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/758 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

            ШҮҮГЧ                                                                         Д.ОЮУМАА

 

            ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ