Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0118

 

 

 

 

 

2022 02 23 128/ШШ2022/0118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.С

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.А

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гэрч Ш.Э, нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.С нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/758 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Анх Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 375 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 18 дугаар хороо Драгон төвийн хойно орон сууцны зориулалтаар 0.03 га газрын эзэмших эрхийг иргэн П.С олгож, нийслэлийн Засаг даргын 2011 оны 115 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/158 дугаар захирамжаар 2 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2018 оны А/255 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.

3. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/758 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

4. Уг маргаан бүхий актыг нэхэмжлэгч П.С нь эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа нэгж талбарын 1800200026 дугаар бүхий 324 м газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр 2019 оны 11 дүгээр сарын 13-ны бичигдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 3 дугаар сард хүлээн авсан. Би уг газрыг анх дуудлага худалдаагаар үнийг нь төлж авсан бөгөөд уг газар нь Эрхийн улсын бүртгэлийн Э-2201007192 дугаарт бүртгэгдэж миний өмч болсон юм.

Би уг газрын төлбөрийг үргэлж хугацаанд нь төлж байсан бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хүний гоц халдварт /ковид-19/ цар тахал өвчин гарсны улмаас уг газрыг ашиглах ямар ч боломжгүй байв.

Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоороо БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан, мөн оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоороо 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 18 хоногийн хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон, мөн оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоороо бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх хугацааг мөн оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 28 хоногийн хугацаагаар сунгасан, мөн оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоороо бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх хугацааг мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сар буюу 265 хоногийн хугацаагаар сунгасан, мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоороо 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 6 хоногийн хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоороо бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх хугацааг мөн оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар сунгасан.

Мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоороо бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх хугацааг мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар сунгасан, мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоороо нийслэлийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолоороо улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сар буюу 90 хоногоор сунгасан, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр тогтоолоороо хилийн бүх боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зогсоосон, 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр тогтоолоороо нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаагаар сунгасан, мөн оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоороо нийслэлийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 12 хоногийн хугацаагаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, мөн оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоороо улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 сар буюу 30 хоногоор сунгасан.

Мөн оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоороо 2021 оны дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 28 хоногийн хугацаанд улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, мөн оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 115 дугаар тогтоолоороо мөн оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаагаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, мөн оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоолоороо улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 28 хоногоор сунгасан, мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоороо улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сар буюу 60 хоногоор сунгасан, мөн оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоороо улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сар буюу 120 хоногоор сунгасан.

Эндээс үзэхэд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 1 жил 8 сарын хугацаа буюу 605 хоног хөл хориотой буюу хязгаарлалтын дэглэмтэй байсан бөгөөд үүнээс 79 хоног нь хатуу хөл хориотой байсан тооцоо гарч байна. Энэ тооцооноос харахад улс даяараа 2 жил шахмын хугацаанд хөл хориотой, хил, гааль хаалттай, иргэд нь гэрээсээ ч гарах эрхгүй байсан энэ цаг дор 2 жилийн хугацаанд газраа ашигласангүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгааг ойлгоход хэцүү юм. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байгаа газар дээр /жижиг газар болохоор хөрөнгө оруулагч тэр бүр олддоггүй/ арайхийж нэг хөрөнгө оруулагч олоод хөрөнгө оруулалтын гэрээг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хийж баталгаажуулаад байв. Гэтэл нийслэлийн Засаг дарга нь 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/758 дугаар захирамжаараа газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Энэ А/758 дугаар захирамжийг гаргахдаа нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа ердөө явуулаагүй, хоёрдугаарт, надад мэдэгдээгүй, мэдэгдэх хуудсаа шууданд өгсөн өдрөө уг захирамжаа гаргасан бөгөөд энэ нь уг мэдэгдлийн дугтуйн дээр дарагдсан шуудангийн тамганы огноо, захирамжийн огноогоор нотлогдож байгаа. Шуудангаар 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр илгээсэн мэдэгдлийг миний бие 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагт хүлээж аваад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны СХД-ийг хариуцсан мэргэжилтэн Лхагвасүрэнтэй утсаар ярихад та мэдэгдлийнхээ дагуу маргааш 10 дугаар сарын 13-ны дотор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тайлбар саналаа өгөөрэй гэсний дагуу 10 дугаар сарын 13-ны өглөө Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өөрийн тайлбар саналаа хүргэж өгсөн боловч, миний тайлбар, саналаас өмнө захирамжаа гаргачихсан байсан. Гуравдугаарт, тухайн захирамжийг гаргахдаа миний газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 15 жилийн хугацаатай атал хүчингүй болсон гэсэн хуулийн заалтыг, дөрөвдүгээрт, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох аюулт цар тахал өвчний улмаас тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүйг мэдсээр байж 2 жил дараалан газар ашиглаагүй гэсэн хуулийн заалтыг тус тус үндэслэсэн нь хууль бус байна. Иймд "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/758 дугаар захирамжийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй П.Сгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох "Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/758 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 375 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэр 18 дугаар хороо Драгон төвийн хойно орон сууцны зориулалтаар 0.03 га газрын эзэмших эрхийг иргэн П.С олгож, нийслэлийн Засаг даргын 2011 оны 115 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар жилийн хугацаатайгаар баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/158 дугаар захирамжаар 2 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/255 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна. Иргэн П.С нь 2008 оноос хойш маргаан бүхий газрыг орон сууц, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж ирсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, газрын төлбөрийг төлж байсан ... цар тахлын улмаас газраа ашиглах боломжгүй байсан, хөрөнгө оруулалт олох гэж хугацаа алдсан... гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс хийсэн газрын үзлэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/2333 тоот албан бичгээр ирүүлсэн 1800200026 нэгж талбарын дугаар бүхий газрын агаарын болон сансрын зургаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт хашаа баригдсан боловч, газар олгогдсон зориулалтын дагуу ашиглаагүй байна.

 

5. Хэдийгээр нэхэмжлэгч энэхүү нөхцөл байдлыг хөрөнгө оруулалт болон цар тахлын үетэй холбон тайлбарлаж, энэ талаар баримт ирүүлсэн боловч бодит байдал дээр 2008 оноос хойш маргаан бүхий акт гарах хүртэл 13 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 11 дүгээр сард байгуулсан тул хуанлийн хугацаагаар тооцоход 2 жил хүрээгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ тодорхойлсон боловч тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/0209 тоот албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар иргэн П.С газар эзэмшүүлэх эрх олгосон байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар олгогдсон эрхийн гэрчилгээг ямар үндэслэл, шалтгааны улмаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр буюу 1 жил гаруй хугацааны дараа гаргасан талаарх тайлбар, холбогдох баримтуудыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардахад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-06/64 тоот албан бичгээр ...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.5 дахь заалтыг тус тус үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаарыг дундын мэдээллийн санд оруулахаар заасан байдаг. Дээрх үндэслэлээр иргэн П.Сгаас газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаар авахаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус албанд хүсэлт ирүүлсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2018 оны А/255 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 000049998 дугаартай гэрчилгээг бичин, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон байна гэх хариуг ирүүлснээс үзэхэд 2019 оны 11 дүгээр сард газрын эрхийн улсын бүртгэлийн дугаартай холбоотойгоор гэрээг шинэчилсэн, харин уг хугацаанаас өмнө нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулж байсан, энэ нь хэрэгт авагдсан байна.

 

7. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 90 тоот албан бичгээр ...Тус хорооны нутаг дэвсгэр Драгон худалдааны төвийн хойно байрлах Хадан-Ус ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулдаггүй, хараа хяналтгүйн улмаас хүмүүс ихээр цугларч архидан согтуурч гэмт хэрэг гарах нөхцөл бий болж иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байна гэх гомдол оршин суугчдаас ирж байгаа тул нийтийн эзэмшлийн талбай хэвээр үлдээх талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд уламжилж өгнө үү гэх хүсэлтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төлөөлөгчид хүргүүлсний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/470 тоот албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд...Тус хорооны иргэдийн хүсэлтийг үндэслэн холбогдох хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгнө үү гэх албан тоотыг хүргүүлжээ.

8. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заажээ.

9. Хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзвэл маргаан бүхий акт нь дээрх хүсэлтийг үндэслэн гарсан байх бөгөөд уг захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа-г хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна.

 

10. Хариуцагчийн зүгээс ....маргаан бүхий акт гарахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн... гэх боловч Монгол шуудан ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09/73 тоот албан бичгээр ...RD160453301MN бүртгэлийн дугаартай албан бичгийг хаягийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагт н.Сэрсмаад гардуулсан гэх хүргэлтийн дэвтрийн хуулбарыг хавсарган ирүүлсэн нь маргаан бүхий акт гарсны дараа нэхэмжлэгчид гардуулсан байна.

 

11. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэсэн, тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул сонсох ажиллагааг заавал хийх шаардлагагүй... гэж маргах боловч хуулийн дээрх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн өргөдөл, хүсэлттэй холбон тайлбарлах нь зүйтэй бөгөөд манай тохиолдолд хамаарахааргүй байх тул хариуцагчийн зүгээс мэдэгдэх, сонсох ажиллагааг заавал хийх үүрэгтэй байна.

 

12. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан тайлбартаа ...Их азар ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай бүхий хотхон барихаар төлөвлөсөн... гэх, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байгаа гэрч Ш.Эын ...уг газарт цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай байх нэн шаардлагатай, хорооны иргэдийн эрх ашигт нийцнэ... гэх агуулга бүхий мэдүүлэг зэргээс дүгнэхэд маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн тохиолдолд үр дүнд хүрэхээр байсан гэж шүүх үзлээ.

 

13. Харин хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсний дараа маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, тоглоомын талбай барих, эсхүл нэхэмжлэгчтэй тохиролцон хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай бүхий орон сууц бариулах эсэхийг шийдвэрлэх нь хариуцагчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заажээ.

15. Иймд хариуцагч хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний үндсэн эрхийг зохих ёсоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Нийслэлийн засаг даргыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/758 дугаар захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/758 дугаар захирамжийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ОДМАА