Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Дгийн Ц, Б ургийн овогт Чийн Ө нарт холбогдох 2035000000113 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс Баяд, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Дгийн Ц. /Регистрийн дугаар: ОА72042515/

Монгол улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс Баяд, боловсролгүй /уншиж бичиж чадна/, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Чийн Ө. /Регистрийн дугаар: ОО71060476/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед иргэн Ч.Дгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклийг хулгалж 1.922.917 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000000113 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт байдаг бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байхад миний найз охин болох Ц.Ц 80914133 дугаарын утаснаас миний 89332502 дугаар луу 22 цагийн үед залгаж “миний бие өвдөж байна! хурдан ир” гэж дуудсан. Би өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн мотоциклтой сумын төв рүү явсан. Манай гэр сумын төвөөс 20 гаруй км байдаг бөгөөд би 23 цагийн үед сумын төвд орж ирээд мотоциклоо захиргааны зүүн талын авто машины зогсоол дээр тавиад хуучин захиргаанд байх найз охины ажил руу орсон. Найз охины ажлын өрөөнд манай найз охин Ц.Ц, эгч Ц.Д бид 3 хамт хоносон. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 6 цагийн үед гэр лүүгээ явахаар захиргааны зүүн талын зогсоол дээр ирэхэд миний мотоцикл хулгайлагдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

2. Хохирогч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 24-ний орой өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн мотоциклоо сумын захиргааны зүүн талын зогсоол дээр тавьсан. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед зогсоол дээр байхгүй байхаар нь хулгайд алдчихлаа гэж цагдаад хандсан. Манай сумын цагдаагийн албан хаагч нар түргэн шуурхай ажиллаж миний мотоциклийг Ч.Ө, Д.Ц нар авч явсан байсныг олж тогтоон миний мотоциклийг олж өгсөн. Ч.Ө, Д.Ц нар миний мотоциклийг авч явахдаа надад мэдэгдэж надаас зөвшөөрөл аваагүй мотоциклийн кундакторыг салгаж авч явсан байсан. ...Би мотоциклоо 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1.950.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 1.900.000 төгрөгөөр үнэлж байна. Надад ямар нэгэн хохирол учраагүй, миний мотоцикл ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хэвийн байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 33-34-р хуудас/,

3. Гэрч Ж.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр З.Т 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хөдөө яваад гэртээ ирээгүй байхад 2020 оны 6 дугаар сарын 25-ны 06 цагийн үед Ч.Ө, Д.Ц гэх хүмүүс манай гэрт “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн мотоциклтой ирсэн. Ч.Ө, Д.Ц нар манайд цай уугаад гарахдаа “Энэ мотоциклийг эзэн нь ирээд авна” гэж хэлээд явсан. Яг ямар хүн ирж авах талаар надад хэлээгүй. 10 цагийн үед сумын цагдаа, Ч.Ө, Д.Ц нар ирээд мотоциклийг аваад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

4. Гэрч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны үүрээр 05 цагийн үед манай гэрийн гадна мотоциклтой хүмүүс ирж зогсоод удалгүй хаалга цохисон. Би өглөө хар үүрээр хэн явж байдаг байнаа гээд “хэн бэ?” гэхэд “Ч.Ө байнаа. Хаалгаа эгч” гэж хэлсэн. Би хаалга онгойлгож өгөхөд Ч.Ө, Д.Ц нар орж ирсэн. Манай нөхөр З.Г сэрээгүй учир тэд нар юм хэлэлгүй цай уучихаад гарсан. Удалгүй мотоцикл дуугараад тэд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

5. Гэрч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Ардчилсан намын байрнаас 2020 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 2 цагийн үед ажлаа хийж дуусчихаад гарах үед Ч.Ө, Д.Ц нар архи хэрэглэсэн намын байранд ирэхэд тэр хоёрт хандаж “намын байр хааж байна” гэж хэлэхэд “унаанаасаа хоцорчихлоо” гэж надад хэлэхээр нь “тэгвэл манайд очиж хоноод яв” гэж хэлээд хамт явсан. Ч.Ө, Д.Ц нар унаагүй явж байсан. Бид 3 манай гэрт “Хар Чингис” гэх 0.5 литрийн архи задлаад архинаас өгөхөд амсах төдий уучихаад унтаад өгсөн. Өглөө 04 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан. Хаашаа яах гэж явж байгааг мэдээгүй. Түүнээс хойш дахин уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

6. Гэрч О.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед манай нөхөр Б.Ч нь манай сумын Д.Ц, Ч.Ө нарын хамт ирсэн. Манай нөхөр тэр хоёрт задалчихсан байсан 0.5 литрийн архинаас хийж өгөхөд тэр 2 амсах төдий уугаад унтаад өгсөн. Өглөө 04 цагийн үед манайхаас гараад явсан. Хаашаа яах гэж явсныг мэдээгүй. Түүнээс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

7. Гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны 08 цагийн үед Тэс сумын 3-р багийн иргэн Ч.Дгаас “Миний эзэмшлийн Мустанг-5 маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоцикл сумын захиргааны зогсоолоос хулгайлагдсан” гэх гомдол гаргасан. Уг гомдлын дагуу сумын захиргааны зүүн талын зогсоол руу харсан хяналтын камерийг шалгахад камерийн цагаар 05-06 цагийн үед ертөнцийн зүүн хойд зүгээс цагаан өнгийн шляпан малгай, хар хөх өнгийн цамц өмссөн, мөн цагаан шляпан малгай өмссөн, улаан өнгийн цамц өмссөн 2 хүн ирж байгаа дүрс бичигдсэн байсан. Уг 2 хүн мотоциклийг аваад Тэс сумын 6 дугаар баг, 3 дугаар хороо, 2-3 тоот гэх хаягтай цэнхэр өнгийн жижиг хаалгатай, улбар шар өнгийн том хаалгатай дэлгүүртэй айлд очсон байсан. Камерийн бичлэгийн дагуу уг айлд очиход Н.Т байсан. “Өглөө 5 цагийн үед танайд мотоциклтой 2 хүн ирсэн үү” гэж асуухад Н.Т “Ирсэн. 3 дугаар багийн Ө, Ц нар байсан” гэж хариулсан. Ингээд уг мотоциклийг авсан хүмүүсийг тогтоосон. Н.Тийн дэлгүүрээс гараад алхаж явтал Ө, Ц нар архи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай явж байхтай нь таарсан. Би тэр хоёрт хандан “Мотоцикл хаана байна” гэхэд “Айлын хашаанд аваачаад тавьчихсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг дагуулан мотоцикл тавьсан айлын хашаанд очиход хулгайд алдсан гэх мотоцикл мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

8. Гэрч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай мал Тэс сумын 11 дүгээр багт байдаг бөгөөд би малаа хариулах, маллах гэж хөдөө гэртээ байдаг. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр сонгуулиа өгөх гэж 11 дүгээр багт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн 07-37 УВА улсын дугаартай машинаар очиж саналаа өгчихөөд хөдөө гэр лүүгээ буцсан. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төвд байх гэртээ ирэхэд манай эхнэр Одонтуяа надад хандаж “2020 оны 6 дугаар 25-ны өглөө Ө, Ц нар манай гэрт ирээд мотоциклоо танай хашаанд үлдээчихье гэж хэлээд үлдээгээд явсан. Удалгүй цагдаа нар ирж надаас мэдүүлэг авсан” гэж хэлсэн. Тэгэхэд би Ө, Ц нар манай хашаанд мотоцикл үлдээгээд явсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

9. Шүүгдэгч Ч.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт сонгуулиа өгөөд түүний дараа Сонгуулийн дүн хэлэлцэж дуусгаад Ц бид хоёр олон хүмүүстэй 3-4 шил архи уусан. Дараа нь Ж гэгч нь сумын төв ороод намын гишүүдийг цайлуулна гэж хэлсэн. Бид хоёр Жийн машинд суугаад сумын төв рүү орсон. Тэгээд намын байр луу очоод ганц нэг шил архи тойруулсан. Чойсүрэн манай гэрт очъё гээд бид 3 гэрт нь очсон. Гэрт нь очоод 0.5 литрийн архи уусан. Ойролцоогоор 02 цагийн үед унтсан. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө Ц бид 2 үүрээр 05 цагийн үед Чойсүрэнгийн гэрээс гарч яваад Тэс сумын 6 дугаар багт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах замын зогсоолын хажуугаар явж байхад хүрэн өнгийн БНХАУлсад үйлдвэрлэгдсэн мотоцикл байсан. Тэгээд тэр мотоциклийн кундакторийг нь салгаж асаагаад явсан. ...Тэгээд бид хоёр Н гэгчийн гэрт очиход Н сэрүүн байсан бөгөөд Ц бид хоёр 0.5 литрийн жүүз уугаад тэднийхээс гараад Г гэгчийн гэрт очсон. Хаалгыг нь цохиход Т гэгч хаалгаа онгойлгосон. Таас тамхи худалдаж авч гараад Т гэгчийн гэрт очсон. Тгынд 0.75 литрийн “Болор” архи хувааж уугаад Тгын хүүхдээр Мунаа гэдэг айл руу хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76-р хуудас/,

10. Шүүгдэгч Д.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Тэс сумын төв рүү орсон. 6 дугаар сарын 25-ны үүрээр 05 цагийн үед Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах замын зогсоолын хажуугаар өнгөрч байхад хүрэн өнгийн мотоцикл байсан. Тэр мотоциклийн кундакторыг нь салгаж асаасан. ...Нынд очиход унтаж байснаа сэрээд цай ууж хэсэг байж байгаад Г гэгчийн гэрт очсон. Хаалгыг нь цохиход Т гэгч хаалгаа онгойлгосон. Таас тамхи худалдаж авч гараад Т гэгчийн гэрт очсон. Тгынд 0.75 литрийн “Болор” архи хувааж уугаад Тгын хүүхдээр Мунаа гэдэг айл руу хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83-р хуудас/,

11. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас/,

12. Хяналтын камерын системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18-р хуудас/,

13. Шинжээчийн “2020 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн Тэс суманд “Мустанг-5” загварын шинэвтэр мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.922.917 /нэг сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун арван долоо/ төгрөг болохын тодорхойлов” гэх 209 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед иргэн Ч.Дгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Д нь “...Миний мотоцикл бүрэн бүтэн олдсон. Иймд Ч овогтой Ө, Д овогтой Ц нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95, 109-р хуудас/-аар нотлогдож байх бөгөөд мөн бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг нийгмээс тусгаарлан, биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

Бусад хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий СиДи 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Дгийн Ц, Б ургийн овогт Чийн Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий СиДи 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.МӨНХСАЙХАН