Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 09

 

 

 

                        

                                                   Д.Ц, Ч.Ө нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолтой Д.Ц, Ч.Ө нарт холбогдох, 2035000000113 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр нар оролцов.

Монгол Улсын иргэн, .................. өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ........... боловсролтой ............... мэргэжилтэй, ......, ам бүл ...., ...........  хамт Увс аймгийн ..... сумын .... дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Д-гийн Ц /РД:........./,

Монгол Улсын иргэн, ....... өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ......... мэргэжилтэй, малчин, ам бүл ...., эхнэр, .... хүүхдийн хамт Увс аймгийн ..... сумын ..... дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Ч-гийн Ө /РД:............../,

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь бүлэглэн Увс аймгийн .... сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед иргэн Ч.Дгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклыг хулгайлж 1.922.917 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Д-гийн Ц, Б овогт Ч-гийн Ө нарт Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг тус бүрийг нь 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж хуульчилсан ба хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ..... сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед иргэн Ч.Дгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн субьектив талын үндсэн шинжийг хангасан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь тухайн мотоциклийн кундакторыг салгаад хэн нэгэн этгээдэд мэдэгдэхгүй нууцаар авч байгаа үйлдлээр илэрсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг юм.

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар нь мэдүүлэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусдын мотоциклтэй андуураад авсан гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан гэрч Ж.О, Б.Ч, М.Э, С.Ж нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нарын мэдүүлэг нотлогдож тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын мэдүүлэгт хэт хөтлөгдөж нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хууль сахиулагч нар нь шуурхай ажиллаж, гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлж, гарч болох байсан хохирол хор уршгаас хамгаалсан үйл баримт авагдсан байна. Энэ нь шүүгдэгч Д.Ц, Т.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн байдлыг нотлох баримт болохоос тэдний субьектив зорилгыг тогтоосон үйлдэл биш юм.

Уг хэргийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар бүлэглэн Ч.Д-гийн өмчлөлийн 1.922.917 /нэг сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун арван долоо/ төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” маркийн мотоцикл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон” гэх хууль зүйн дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэх заалтыг анхан шатны шүүхээс зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарт холбогдох, 2035000000113 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг бүлэглэн Увс аймгийн ..... сумын Засаг даргын Тамгын газрын дэргэд байрлах авто машины зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагт Ч.Дгийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, нийт 1.922.917 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1  дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Д.Ц, Ч.Ө  нарт холбогдох хэргийг хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц, Ч.Ө нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан  нотлох баримтуудад  үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан хохирогч Ч.Д-гийн “миний эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикл хулгайлагдсан, надад мэдэгдэлгүй, ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, кундакторыг нь салгаж авч явсанд гомдолтой” /хх 30,32 дугаар тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Ч-гийн “...Ч.Ө, Д.Ц нар унаагүй явж байсан. Бид гурав манай гэрт “Хар Чингис” гэх 0,5 литрийн архи задлаад архинаас тэр хоёрт өгөхөд амсах төдий уучхаад унтаад өгсөн. Өглөө 04 цаг өнгөрч байхад тэд манай гэрээс гараад явсан. Хаашаа яах гэж явж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг, 

гэрч Н.Т-гийн “2020 оны 6 дугаар сарын 25-ны үүрээр 05 цагийн үед манай манай гэрийн гадна мотоциклтэй хүмүүс  ирж зогсоод удалгүй гэрийн хаалга цохихоор нь хэн бэ? гэж асуухад Ч.Ө байна гэхээр нь хаалга онгойлгож өгөхөд Ч.Ө, Ц нар орж ирсэн, манай нөхөр З.Г сэрээгүй учир тэр хоёр юм хэлэлгүй, цай уучхаад гараад явсан, удалгүй мотоцикл дуугараад тэр хоёр  яваад өгсөн” гэх мэдүүлэг,

гэрч Ж.О-гийн “надад мотоциклийг хаанаас авч ирсэн, хэний эзэмшлийн эд хөрөнгө болохыг хэлээгүй, Д.Ц, Ч.Ө нар манай гэрээс гараад алхаад явсан, хаашаа явсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг,

гэрч М.Э-ын “камерын бичлэгийн дагуу дэлгүүртэй айлд очиж, Х.Т-аас өглөө 5 цагийн үед танайд мотоциклтэй 2 хүн ирсэн үү  гэж асуухад 3 дугаар багийн Ч.Ө, Д.Ц нар ирсэн гэж хариулахаар нь дэлгүүрээс гараад алхаж явахад Д.Ц, Ч.Ө нар согтуурах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн таарахаар нь “мотоцикл хаана байна” гэж асуухад “айлын хашаанд аваачаад тавьчихсан” гэж хэлсэн тул  тэр хоёрыг дагуулан явж мотоцикл тавьсан айлын хашаанд очиж үзэхэд хулгайд алдагдсан  мотоцикл мөн байсан” /хх 41 дүгээр тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.Ж-гийн “Камерын бичлэгийн дагуу уг айлд очиход Т дэлгүүрт  байсан ба өглөө 05 цагийн үед танайд мотоциклтэй хоёр хүн ирсэн эсэхийг асуухад Ө,Ц нар ирсэн гэж хариулахаар нь дэлгүүрээс гараад явж байхад Ө, Ц нар согтуу таарсан ба хэсгийн цагдаа Э тэр хоёрт хандаж “авч явсан мотоцикл чинь хаана байна” гэж асуухад айлын хашаанд аваачаад тавьчихсан гэхээр нь тэр 2-ыг дагуулж яваад айлын хашаанд очиж үзэхэд хулгайд алдагдсан  мотоцикл мөн байсан”  гэх мэдүүлгүүд болон эд мөрийн баримт хураан авсан тогтоол, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын системд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба эдгээр нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь үнэлж чадаагүй байна.

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар  2020 оны 06 дугаар сарын 24-ны шөнө Б.Ч-д хоноод, өглөө үүрээр  05 цагийн үед  Увс аймгийн ..... сумын 666 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны дэргэд байрлах зогсоол дээрээс иргэн Ч.Д-гийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийн кундакторыг салган асааж, унаж яваад тус сумын төвд байх З.Т-гийн хашаанд аваачиж орхисон, хохирогч Ч.Д нь өглөөний 8 цагийн үед мотоциклоо хулгайд алдсан талаар ..... сум дахь хэсгийн төлөөлөгчид гомдол гаргаж, уг гомдлын дагуу цагдаагийн албан хаагчид хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мотоциклийг айлын хашаанд орхисон байсныг илрүүлэн, хохирогч Ч.Д-д хүлээлгэн өгсөн  үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ “шүүгдэгч нарыг шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх хөл дүүжлэх унаа олох шаардлагаар бусдын өмчлөх эрхэд халдсан” гэх дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилжээ.

Шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүйн зэрэгцээ шүүгдэгч нарт  уг мотоциклийг түр хугацаагаар уналга болгон ашиглах зайлшгүй ямар нөхцөл, шаардлага үүссэн байсан талаар шүүх дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүй, бусдад мэдэгдэхгүйгээр, бүрэн бүтэн байдалд нь халдаж /кундакторыг нь салгаж асаасан/ авч явсан үйлдэл нь зайлшгүй  шаардлага / жишээлбэл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ яаралтай авах, байгаль, цаг уурын болон бусад  хүнд нөхцөлийн улмаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учрахуйц нөхцөл байдал бий болсон гэх мэт../ -ын улмаас яаралтай хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүхийн дүгнэснээр “нэг газраас нөгөө газарт хүрэх хөл дүүжлэх унаа олох”  зайлшгүй шаардлага байсан талаар мэдүүлээгүй байх ба  харин “өөрсдийн танил  А-гийн мотоциклтой андуурч авч явсан, Т-гийн гэрт очиход Т болон эхнэр хүүхдүүд нь байсан, тэднийд архи ууж, түүнтэй ярилцах явцдаа А-гийн мотоцикл биш гэдгийг мэдээд Т-гийн хашаанд орхиж явсан” гэж мэдүүлж байгаа боловч тэдний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах дээрэмдэх  гэмт хэргийн шинжгүй бол” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нар өглөөний 5 цагт өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авто машины зогсоол дээр тавьсан байсан мотоциклийн кундакторыг салган авч явсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөө талаар, цагдаагийн алба хаагчийн хойшлуулшгүй ажиллагааны үр дүнд цаг хугацаа алдахгүйгээр мотоциклийг бүрэн бүтэн олж хохирогчид хүлээлгэн өгсөн байхад гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй, гэмт этгээд өөртөө ашиг, орлого олох зорилгогүй байсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Иймд прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ц, Ч.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ц, Ч.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.Ц,Ч.Ө нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

                                                                                             Д.ЖАМБАЛСҮРЭН