Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01441

 

М.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00169 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2018/00050 дугаар магадлалтай,

М.А-гийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдох,  

Бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэл М.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчээр 4 жил ажиллаж байгаад Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг үндэслэсэн ба урьд нь ажиллаж байсан ажилтан шүүхээр эгүүлэн тогтоогдсон гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Би уг тушаалыг эс зөвшөөрч гурван шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдол маань хангагдаагүй. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор хэвээр үлдээсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эрхээ эдлэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу М.А- намайг Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчид бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: М.А- нь Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар тус сумын 2 дугаар баг хариуцсан хүний бага эмчээр томилогдсон. Урьд тус орон тоонд А.Нуржан ажиллаж байгаад тэрээр урьд эрхэлж байсан Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд томилуулахаар шүүхэд хандаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 620 тоот шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн. М.А- нь тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн. Одоо шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус эмнэлэг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 42 орон тоотой ажиллаж байгаа. Одоогоор уг 42 орон тоонд 46 ажилтан хууль ёсоор ажиллаж байна. Тус сум 9 багтай, баг бүрд хүний бага эмч ажиллаж байна. Иймд М.А-г бололцооны дагуу өөр ажилд томилох ямар ч боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00169 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-д бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн санхүүгээс 70.200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2018/00050 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-д заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр томилогдон ажиллаж байгаад урьд тус багт хүний бага эмчээр ажиллаж байсан А.Нуржаныг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 620 дугаар захирамжаар маргаан бүхий ажилд эгүүлэн томилсоноор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм. М.А- нь тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-д заасан бололцооны дагуу ажил олгогч ажилтанд өөр ажил олж өгөх үүрэгтэй гэсэн нь тухайн байгууллагын орон тоо, бүтцэд сул орон тоо гарсан нөхцөлд бодитой хэрэгжих ёстой заалт юм. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлэг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 42 орон тоотой ажиллаж байгаа ба уг 42 орон тоонд 46 ажилтан, албан хаагчид хууль ёсоор ажиллаж байна. Иймд ажил олгогчоос М.А-г бололцооны дагуу өөр ажилд томилох хууль зүйн болон санхүүгийн боломжгүй байгаа нөхцөл байдлуудыг анхан болон шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтуудыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтыг зөрчиж байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.А- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын, сум дундын эмнэлэгт холбогдуулж бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

М.А- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын, сум дундын эмнэлэгт 2 дугаар багийн бага эмчээр ажиллаж байсан А.Нуржан ажлаас халагдаж, сул орон тоо гарсан үед ажилд томилогдсон, “зохигчийн эвлэрлийг баталсан тухай” шүүгчийн захирамжийг үндэслэн тус сумын сум дундын эмнэлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот тушаалаар А.Нуржаныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосны улмаас ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Хоёр шатны шүүх, нэхэмжлэлийг хангахдаа дараах байдлыг анхаараагүй байна.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заажээ.

Үүрэг болгосон хэм хэмжээ эрх зүйн харилцаанд оролцогч субьектээс тодорхой үйлдэл заавал хийхийг шаардсан шинжтэй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зохицуулалт нь ажил олгогчид шууд үүрэгжүүлсэн хуулийн хэм хэмжээ биш бөгөөд бололцооны ажил байгаа тохиолдолд ажилтны эрх ашгийг хамгаалах зорилготой зохицуулалт юм.

Ажил олгогч, М.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнд бололцооны өөр ажил санал болгож, ажилтан зөвшөөрвөл тухайн ажилд томилох боловч энэ нь тухайн байгууллагын бүтцэд ажилтанд санал болгох мэргэжил, мэргэшил, ажлын ур чадварын хувьд тохирох ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой.

Нөгөө талаар ажилтны хувьд ажлаас чөлөөлөгдөх үедээ тухайн байгууллагад ажиллаж байсны хувьд өөрт нь санал болгох бололцооны ажлын байр байгаа эсэхийг мэдэж, байгаа бол энэ талаар байгууллагад хүсэлт гаргах эрхтэй.

М.А-г ажлаас чөлөөлөгдөхөд ажил олгогч зүгээс  бололцооны өөр ажил  санал болгоогүй, ажилтан хүсэлт гаргаагүй нь тогтоогджээ. Түүнчлэн тухайн байгууллагад өөр санал болгох бололцооны ажил байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Харин М.А- нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч тухайн ажиллаж байсан 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д шүүхээр хянан шийдвэрлэх маргааны харъяаллыг журамласан ба үүнд “бололцооны өөр ажил олж өгөх” талаарх маргаан хамаарахгүй байна.

Шүүхээр шууд хянан шийдвэрлэхээс бусад маргаан нь анх тутам хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэхийг мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1-д заасан ба тухайн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй бол шууд шүүхэд хандах боломжтой. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан нь нарийвчилсан хуулиар тусгайлсан хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “129.2-т зааснаар буюу ажил олгогчийн санаачилгаар буруу халагдсан, шилжүүлсэн тухай маргаанас бусад нь эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” байна.

Нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна.

М.А- өмнө нь ажлаас буруу халагдсан тухай гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх хуульд заасан үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00169 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2018/00050 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын, сум дундын эмнэлэгт холбогдуулан гаргасан бололцооны ажилд томилохыг даалгах М.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ