Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0315

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ш-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

Нэхэмжлэгч: Л.Ш

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Л.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 138

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0617/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Ш- нь “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Л.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ш-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Л.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Л.Ш-г Аймаг дахь эрүүл мэндийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.1. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан сонсох ажиллагааны явцад сонсголын хуудас дээр хүлээн зөвшөөрөхгүй гэж бичсэн хэдий ч дараа нь Төрийн нарийн бичгийн даргатай биеэр уулзахдаа саналыг хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын газар луу 2021 оны 01 дүгээр сараас шилжин ажиллаж байгаа болно.

3.2. Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/130, А/135 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны албан хаагчдыг чөлөөлж, томилсон байдаг.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нийт албан хаагчдад сонсох ажиллагааг явуулсан бөгөөд тус ажиллагаанд нэхэмжлэгч хамрагдсан болно.

3.4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар луу шилжүүлэн ажиллуулахыг хүлээн зөвшөөрч биеэр очиж ажиллаж байгаа мөртлөө хүлээн зөвшөөрөөгүй мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Л.Ш нь “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Л.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актаар “нэхэмжлэгч Л.Ш-г Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн үндэслэлээ “Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны талаар зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт, төсөл, орон тооны хязгаар батлах тухай” 155 дугаар тогтоол гарсантай холбогдуулаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай А/118 дугаар тушаал гарсантай холбоотойгоор албан тушаалтнуудыг чөлөөлж, томилсон ... А/118 дугаар тушаалын дагуу ажлын байранд тавигдсан шаардлага, ажлын байрны тодорхойлолтыг батлагдаж гарсан чиг үүргийн тодорхойлолтыг хүргүүлсэн. Уг тодорхойлолтод заасан шаардлага хангасан албан тушаалтнуудыг томилсон. Бусад татан буугдсан газар, хэлтэс, албан тушаалтантай холбоотойгоор томилгоог хийхдээ чөлөөлсөн, шилжүүлэх чигийг барьж, албан хаагч нарыг эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх арга хэмжээ авч тухайн асуудлыг шийдвэрлэсэн” гэж тодорхойлжээ.

2.3. Гэтэл Л.Ш-гийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн 155 дугаар тогтоолын дагуу гарсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар Санхүүгийн хэлтсийн “Яамны харьяа байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж, Засгийн газрын 2021 оны 08 дугаар 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолын дагуу батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Санхүү, эдийн засгийн газар, Санхүү даатгалын хэлтэст хэвээр үлдсэн, мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар Санхүү, эдийн засгийн газар, Санхүү даатгалын хэлтэс нэрээр тус тус шинэчлэгдэн нэрлэгдсэн боловч Л.Ш-гийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн байхад “бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн учир татан буугдсан газар, хэлтсийн албан хаагч нарын эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн тулд” гэх үндэслэлээр Л.Ш-г Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

2.3.1. Учир нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал нь дээрх байдлаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу албан тушаалын нэрээрээ хадгалагдан үлдсэн байна.

2.4. Нөгөө талаар маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж заасныг баримталжээ.

2.5. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа гэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2.6. Төрийн жинхэнэ албан хаагчийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж зааснаар өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд төрийн албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах ёстой.

2.7.  Хариуцагч албан тушаалтан дээрх ажиллагааг явуулаагүй, тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэрийг Л.Ш- зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.

2.8. Нөгөөтэйгүүр, захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэрийг гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах тохиолдолд захиргааны акт чиглэгдсэн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах учиртай. Хариуцагч албан тушаалтан энэ ажиллагааг хэрэгжүүлсэн боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбарууд болон бусад баримтуудаар Л.Ш шилжин ажиллахыг зөвшөөрөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь хуульд заасан дээрх зарчимд нийцээгүй байна.

2.9. Хэдийгээр хариуцагч албан тушаалтан буцааж томилогдоогүй хүн бүртэй уулзалт зохион байгуулан бичлэг хийж сонсох ажиллагаа явуулсан гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна.

2.9.1. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” тушаал гаргах бүрэн эрхтэй ч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур төрийн албанаас чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах эрхийг олгоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан сонсох ажиллагааны явцад сонсголын хуудас дээр хүлээн зөвшөөрөхгүй гэж бичсэн хэдий ч дараа нь Төрийн нарийн бичгийн даргатай биеэр уулзахдаа хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар луу 2021 оны 01 дүгээр сараас шилжин ажиллаж байгаа мөртлөө хүлээн зөвшөөрөөгүй мэтээр шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна” гэх гомдол үндэслэлгүй.

2.10. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ