Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01466

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01129 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1198 дугаар магадлалтай,

Д.М-ын нэхэмжлэлтэй

Б К ХХК-д холбогдох,  

Гэрээний үүрэгт 30 м.кв талбай бүхий сууц гаргуулан өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ий хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Бусана ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр дан байрны оршин суугчтай байгуулсан орон сууцаар хангах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Бусана ХХК нь Д.М-од шинээр баригдах барилгаас 30 м.кв бүхий орон сууцыг Улсын комисс хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч Бусана ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б К ХХК-тай орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэх эрх шилжүүлэх гэрээг байгуулан, хуучин Мах комбинатын ажилчдын орон сууцны суурин дээр барих 167 айлын орон сууцны төслийг Б К ХХК-д шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.3-д ...Орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах... гэсний дагуу, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Б К ХХК, 1 дүгээр дангийн Төслийн удирдагч нарын хооронд гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийн байдлаар тус барилгыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон байна. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй, түүнчлэн биелүүлэхээс татгалзаж байна. Иймд Б К ХХК-аас Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1 дүгээр дан гэх хуучин Мах комбинатын ажилчдын орон сууцны суурин дээр баригдсан 167 айлын орон сууцнаас 30 м.кв бүхий орон сууцыг гаргуулж иргэн Д.М-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б К ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.М- нь 2011 оны 11 дүгээр сарны 28-ны өдөр Бусана ХХК-тай гэрээ байгуулж, Д.М-ын өмчилж буй талбайтай ижил хэмжээний орон сууцыг шилжүүлэхээр тохирсон байна. Гэтэл Бусана ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас Бусана ХХК-тай байгуулсан 27 айл өрхийг орон сууцаар хангах төсөл, гэрээг цуцалсан. Ингээд манай Б К ХХК-тай төслийг хэрэгүүлэх зорилгоор гэрээг шинэчлэн байгуулахаар болсон. Б К ХХК, СХД-ийн ЗДТГ, 1-р дангийн төслийн удирдагч нарын хооронд 2012 оны 01 сарын 29-ний өдөр дан байрыг шинэ орон сууц болгох төслийн гэрээ байгуулагдаж үйл ажиллагаандаа орсон юм. Энэ үед Д.М-ын талаар уг орон сууцанд амьдарч байсан болон өмчилж байсан талаарх мэдээлэл огт байгаагүй. Б К ХХК болон Д.М-ын хооронд ямар нэг гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01129 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Орон сууцны тухай хуулийн151 зүйлийн 151.4, 151.5, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 30 мкв талбай бүхий орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч Д.М-ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б К ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-од буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1198 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Орон сууцны тухай хуулийн151 зүйлийн 151.4, 151.5, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б К компанийн захиалгаар бариулсан 273 айлын орон сууцны барилгаас 30 м.кв талбай бүхий орон сууцыг Д.М-ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б К ХХК-д даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Д.М-ын нэхэмжлэлтэй Б К ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэн Д.М- болон Б К ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үүрэг, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Д.М- тус ХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулах аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Б К ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар , 1 дүгээр Дангийн оршин суугчдыг төлөөлөн төслийн удирдагч Батбаатар нартай гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд тус ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд Бусана ХХК-тай хийсэн гэрээг цуцалж, 3 дагч этгээд буюу Б К ХХК-тай 1 дүгээр Дан байрны оршин суугч 27 айл өрхийг шинэ орон сууцаар хангах зорилгоор гэрээг шинэчлэн хийх тухай албан тоотыг Бусана ХХК-д явуулсан байдаг. Дээрх үйл баримт нь Б К ХХК-ийн зүгээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл байхгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.М-, Б К ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 30 м.кв талбай бүхий сууц гаргуулан өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3-т “ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана, 151.4-т “ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна” гэж заажээ.

Д.М- Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр дан байрны 3 тоот 30 м.кв талбай бүхий байрыг өмнөх өмчлөгчөөс худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч, тус байшингийн газарт шинээр барих 167 айлын орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгч Бусана ХХК-тай орон сууцаар хангах гэрээ байгуулжээ.

Шинээр барих барилгын төсөл хэрэгжүүлэгч Бусана ХХК-ийн эрх үүргийг хариуцагч Б К ХХК 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авч, 28 айлын гэрээ хэлцэл, бичиг баримтыг хүлээн авсан байна. Тэдгээрийн дотор нэхэмжлэгч Д.М- 30 м.кв сууц хүлээн авах эрхтэй байх бөгөөд хариуцагч барилгыг барьсан атлаа түүнд хууль болон гэрээнд зааснаар өмнө эзэмшиж байсан хэмжээ бүхий орон сууцыг өгөөгүй, өгөхөөс татгалзжээ.

Хариуцагч Б К ХХК нь Д.М-той гэрээ байгуулаагүй учир  иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Тус компани Бусана ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлэн авч гэрээ байгуулсан нь тогтоогдсон бөгөөд эрх шилжүүлэгч өмнө нь Д.М-той гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн байсан тул эрх шилжүүлэн авагч нь Д.М-ын өмнө үүрэг хүлээсэн гэж үзнэ.  

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Орон сууцны тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1198 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагч Б К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 308.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ